Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03815 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 27 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Эд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Зээлдэгч Б.Э нь 2016 оны эхээр 27 000 000 төгрөгийг цувуулан төлсөн бөгөөд үүнээс хойш 1 жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Гэрээний 2.7-д "...0.5 хувийн алданги тооцно" гэж тохиролцсон тул төлөгдөөгүй 18 000 000 төгрөг болон алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээ нь үнэн хэрэгтээ дүр үзүүлж хийсэн хэлцэл. Учир нь Д.Ц анх “Улаанбаатар Паласе" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 460.6 м.кв талбайг шөнийн клубын зориулалтаар ажиллуулдаг байсан. Тухайн үед би Д.Цын түрээслэж байсан шөнийн клубт ажиллаж байсан. Д.Ц ажиллуулж чадахгүй болоод 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн би түүнээс түрээслэн ажиллуулж эхэлсэн. Д.Ц уг бааранд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг өөрийнх нь гэсэн. Бид тохиролцож нийт 45 000 000 төгрөгөөр зарахаар болж, нотариат ороод зээлийн гэрээ хийсэн. Бодит байдалд 45 000 000 төгрөг зээлж хүлээн авсан өгсөн асуудал огт болоогүй. Харин Д.Ц ахад ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжийг нь өгөхөөр болж 45 000 000 төгрөгөөс хасаад 33 000 000 төгрөгөөр тохиролцсоны дагуу 27 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар тэдгээр тоног төхөөрөмжийг “Улаанбаатар Паласе” ХХК, мөн иргэн н.Баярхүү миний тоног төхөөрөмж авна гэж маргаж байна гэв.

Хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Женерал теч” ХХК болон “Хаус Макс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ц нь Макс клубыг ажиллуулж байсан ба тэрээр Б.Этай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Макс клубын талбайг түрээслэх гэрээг байгуулсан уг өдрөөс клубыг би ажиллуулж эхэлсэн. Гэтэл Макс клубын талбай нь “Улаанбаатар Палас” ХХК-ийн өмч болох нь тогтоогдож, “Женерал теч” ХХК болон “Хаус Макс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ц нь тус кампанийн өмчийг надад давхар түрээслэсэн болох нь илэрсэн. Иймээс би 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Улаанбаатар Палас” ХХК-ийн ерөнхий захирал н.Согоосүрэнтэй Макс клубын талбайг түрээслэх гэрээ байгуулсан. Би энэ клубт зориулж авч засаж тохижуулсан учраас өөр газарт ашиглах боломжгүй, чи шинэчлэх шаардлагагүй хуучин төхөөрөмжөө засаж янзлаад явахад болох тул тодорхой үнийн дүн тохироод худалдаад авчих гэсэн саналыг хүлээн зөвшөөрч Д.Цтай худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нотариатын газар очсон. Гэвч нотариатчийн тоног төхөөрөмжийн техникийн паспорт, тоног төхөөрөмжиин баталгааны хуудас болон жагсаалтыг үндэслэж худалдах-худалдан авах гэрээ хийх боломжтой гэх шаардлагыг Д.Ц биелүүлэх боломжгүйн улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулах боломжгүй болсон. Гэтэл тэрээр төхөөрөмжииг чи эзэмшилдээ ашиглаж байгаа болон тохирсон 45 000 000 төгрөгийг надад төлөх нь үнэн учраас уг үнийн дүнд зээлийн гэрээ хийе гэсэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 45 000 000 төгрөгийн үнийн дүнд зээлийн гэрээ байгуулсан. Харин дээрх гэрээ байгуулснаас хойш ихэнх тоног төхөөрөмж нь ашиглагдахгүй зарим нь бүр засуулаад ч ажиллахгүй байсан тул Д.Цад үзүүлээд тоног төхөөрөмжийн үнийг 33 000 000 төгрөг болгон багасгасан. Удалгүй Б.Э миний тоног төхөөрөмж шинэчлэх зээл хүссэн өргөдлийн дагуу “Хас Банк” ХХК-аас зээл батлагдаж, мөнгө орж ирсэн тул Д.Цад тоног төхөөрмжийн үнэд 20 000 000 төгрөгийг төлсөн. Мөн 7 000 000 төгрөгийг цувуулж өгсөн. Ийнхүү Б.Э би тоног төхөөрөмжийн төлбөрт 6 000 000 төгрөгийг Д.Цад төлөх дутуу байтал Макс клубын тоног төхөөрөмж нь “Улаанбаатар Палас” ХХК болон иргэн н.Баярхүү нарын өмч гэх маргаан дэгдсэн. Уг асуудлаар Д.Цтай уулзаж 33 000 000 төгрөгт ямар тоног төхөөрөмж надад зарсан болохоо ялгаж, салгаад хүлээлгэж өгчихөөд үлдэгдэл 6 0000 000 төгрөгөө ав гэж хэлсэн. Гэвч Д.Ц өнөөдрийг хүртэл Б.Э надад яг ямар ямар тоног төхөөрөмж зарсан болохоо тодорхойлж тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй атлаа тоног төхөөрөмжийн үнэнд 45 000 000 төгрөг авах үйлдлээ баталгуужуулах зорилгоор хийсэн зээлийн гэрээ гэх баримтаа ашиглан надаас 27 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү дээрх байдлаас үзвэл Д.Ц бусдын хөрөнгийг надад зарж миний 27 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс 27 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл дээр дурьдсан нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тоног төхөөрөмж худалдан борлуулсан зүйл огт байхгүй. Зохиомол зүйл гаргаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхийг төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Эаас 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цаас 27 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Эд олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 292 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 292 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Д.Цаас 292 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Ц өөрийн ажиллуулж байсан шөнийн клубыг эд хогшил, тоног төхөөрөмжийн хамт тухайн үеийн зах зээлийн үнээс ихэд доогуур үнэлэн 45 000 000 төгрөгөөр иргэн Б.Эд зарсан бөгөөд 27 000 000 төгрөгийн төлбөрийг авсан байдаг. Үүний дараа Б.Э нь зарим техникийг "Улаанбаатар паласе" ХХК авсан тул үнийг 33 000 000 төгрөг болгоё гэж гуйсныг Д.Ц хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөгийг өгөхгүй байсаар 4 жил өнгөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс энэхүү 6 000 000 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байгааг анхаарахыг хүсье. Гэтэл Б.Э нь 27 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх ёсгүй байсан, энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үнийн дүнд шөнийн клубын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 180 гаруй нэр төрлийн тавилга, эд хогшил, техникийг хүлээж авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Д.Цаас 27 000 000 төгрөгийн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн, 27 000 000 төгрөгөөр тооцож худалдан авсан эд хөрөнгийг доголдолтой байсан учир үнийг дутуу төлсөн гэх үндэслэл заан нэхэмжлэгчид шилжүүлсэн 27 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тодруулаагүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийн өгсөн тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж бичсэн боловч шүүхэд гаргаж буй тайлбар нь “Б.Э, Д.Цад тоног төхөөрөмж худалдан авсны үнэд 27 000 000 төгрөг шилжүүлсэн, уг хөрөнгийн зарим нь доголдолтой байснаас талууд гэрээний үнийг багасгасан, нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн тоног төхөөрөмж өөр этгээдийн хөрөнгө байсан учир шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна” гэх агуулгатай байна. Хэрвээ талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн, тухайн эд хөрөнгө нь эрхийн доголдолтой гэж үзвэл бол уг эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт нь гэрээний бус үүргийн үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг зохицуулалтаас өөр юм. Мөн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

Гэтэл шүүх гэрээний бус үүргийн зохицуулалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь талуудын тайлбарт нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, гэрээний шинж, үүргийн зөрчлийн талаар дүгнэлт хийж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                            Ч.ЦЭНД