Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарсүрэнгийн Баттулгад холбогдох эрүүгийн 201725030171 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржин овгийн Баатарсүрэнгийн Баттулга, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 55 тоотод оршин суух хаягтай гэх,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар УХ90101633.

Үйлдсэн хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар цэцэрлэгийн ойролцоо иргэн П.Энхтүвшинг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч П.Энхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай охин Энхзаяа нь Ерөнхий боловсролын 37-р сургуулийн 1-р ангид сурдаг бөгөөд тухайн өдөр охины шинэ жилийн баяр сургууль дээр болсон юм. Тэгээд эцэг эхчүүдийн зөвлөлийн зүгээс багшийг нь баярлуулъя гэж бодоод цөөхөн хэдэн хүн уулзаад караокед орсон юм. Тэндээ 3 цаг гаран дуу дуулж байгаад гэр рүүгээ харихаар явж байхад манай эгч Энхжаргал надруу залгаад манайд ирээд хоно гэж хэлэхээр нь би 7 буудлаас буцаад эгчийнхээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн ойролцоо гэр рүү нь такси барьж ирээд автобусны буудал дээр буугаад яаж айлд хоосон орох уу гэж бодоод 2 хүүхэд нь хаан банкны АТМ-ээс 20.000 төгрөг авах үед миний хойно нэг залуу ирээд карт уншуулаад мөнгө аваад өгөөч гэхээр нь би түүнийг аваад мөнгийг нь авч өгөх гэж байсан боловч пин код нь буруу байна гээд гарахгүй байсан юм. Тэгээд би картыг нь өгөөд урагшаа эргээд баруун тийш явах нарийн гудамжаар явж байхад миний хойно эрэгтэй хүний чимээ гарах шиг болоод эргээд харахад намайг үл таних бараан хувцастай залуу, миний зүүн гар талаас чирээд 56 дугаар цэцэрлэгийн хойно байрлах хашааны дэргэд намайг аваачих үед би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэсэн боловч миний гар утсыг булааж авсан. Тэгээд миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, түүний дараагаар хоолой боох үед би гарыг нь тавиулчхаад би буцаад эргээд зугтсан, тэр үедээ хүн байна уу гэж орилоод туслаарай гэсэн бөгөөд миний араас хөөж ирээд ар талаас татаж унагасан. Тэр үед миний барьж явсан цүнх газар унасан. Тэгээд миний дээр гарч суучхаад чамайг алсан ч яадгийн эндээс чамайг хэн ч олохгүй гэсэн. Тухайн үед би туслаарай гэж орилсон боловч хэн ч сонсоогүй. Тэгээд уг залуу миний хормойг дээшлүүлээд тирко тайлаад өөрийнхөө хувцсыг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад миний дээрээс бэлэг эрхтэн рүү хийх гэж байхад миний эсэргүүцлийг дарах үед би туслаарай хүн байна уу гэж удаа дараа орилоход дуугүй бай алчихна шүү гэж хэлэхэд үл таних залуу хүрч ирээд юу болоод байгаа юм бэ гэж тэр залууд хэлэхэд би хүчиндэх гээгүй байна гэж мэлзээд байхад тэр залуу цагдаа дээр очъё гэж хэлээд хамт бид цагдаагийн газарт ирээд болсон зүйлийн талаар хэлсэн юм... Би 17 дугаар сургуулийн автобусны буудлын тэнд байх бааранд ерөөсөө ороогүй. Тэр залуу надаар картаас мөнгө авахуулах гэж байсан залуу мөн шиг байсан... Би эхэндээ намайг хүчиндлээ гэж бодсон юм. Тэгээд тусламж эрээд орилсон чинь үл таних залуу ирээд уг залуугийн үйлдлийг таслан зогсоосон. Тэр залуу ирээгүй бол намайг хүчиндэх байсан юм. Тэр залуу бэлэг эрхтэнээ гаргаж надруу дайрах үедээ бэлгэвч хэрэглээгүй байсан... Миний зүүн талын нүд хөхөрсөн, 2 гарын бугуй хөхрөлт үүссэн. Учир нь миний гарыг барьчихаад тавихгүй байсан юм... Би тэр өдрийн өглөө намайг хүч хэрэглэсэн байж магадгүй гээд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол мөрдөн байцаагчаас авсан. Тэгээд тэр өдрөө би хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт шинжилгээ хийлгэх үед надад ямар нэгэн өвчин эмгэг илрээгүй, мөн үүнээс гадна ажил явдал хөдөө Төв аймгийн Лүн сум руу яваад ирсэн. Тэр үедээ ар гэрийнхэндээ энэ талаар санаа зовоод хэлээгүй болсон үйл явдлын талаар би өөрийн төрсөн эгчдээ л хэлсэн юм. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй юм... Би бага зэргийн согтолттой байсан. Миний цүнхэн дотор Самсунг эс 2, Эл жи Х-2 гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, хаан банкны карт, монетон бөгж, гар цүнх, эмэгтэй хүний цүнх зэрэг эд зүйл алдагдсан юм... Би тухайн залуугаас анх зугтаасан, тэр үед араас ирээд тусламж дуудах гэхэд миний гар утсыг булааж авсан. Тэгээд намайг дараад хүчиндэх үйлдэл үзүүлэх үед би тэр залуугийн цээж рүү гараараа түлхсэн, надад үнэхээр дийлдэхгүй байсан. Би хүн байна уу туслаарай, авраарай гэж өчнөөн орилох үед гудамжнаас нэг залуу гарч ирээд надад тусалсан... Хэргийн холбогдогч залуу намайг хүч хэрэглэхдээ авсан байх гэж бодож байна. Тийм болохоор уг залуугаас алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ. Эл жи загварын Х2 гар утсыг 180.000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сард охиндоо Самсунг эс 2 загварын гар утсыг 2016 оны 9 дүгээр сард 180.000 төгрөгөөр, иргэний үнэмлэх, хаан банкны карт, монетон бөгж 2.5 граммтай бөгжийг 250.000 төгрөгөөр, гар цүнхээ 40.000 төгрөг зэргээр үнэлж байна... Би алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг үнэлгээгээр тогтоосон үнээр болон шинжилгээ хийлгэхэд гаргуулсан мөнгөө авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Манай нөхөр тухайн үед ээлжийн ажилтай байсан ба нөхрөөсөө энэ үйл явдлыг мэдээд гэр бүлийн маргаан гарах вий гэж бодоод одоог хүртэл би хэлээгүй байгаа. Би өөрийн нөхөртэйгөө гэр бүл болоод дундаасаа 6, 4 насны 2 хүүхэдтэй болсон юм...” гэжээ /хх-16-17/.

Гэрч П.Энхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 00 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 4 дүгээр гудамжны 73 тоотод оршин суух нийтийн байранд гэртээ байж байхад манай дүү охин Энхтүвшин над руу залгаад би Заяагийн сургуулийн эцэг эхчүүдтэй гадуур явж байгаад одоо гэр рүүгээ харих гэж байна гэсэн юм. Тэгэхээр нь би санаа зовоод чи харанхуй шөнө харьж яах гэсэн юм. Манай гэр рүү хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгэхээр нь би харьчихсан юм байх гэж бодоод унтаад өглөө сэрэхэд над руу аавын утсаар залгаад “өчигдөр орой танай гэр рүү явж байгаад замдаа хүнд эд зүйлээ булаалгачихлаа” танд ирэхээр нь учрыг хэлье гэхээр би Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ирэхэд манай дүү охин Энхтүвшингийн нүүр нь хөхөрсөн, баруун гуяын гадна талаар нь халцарсан, толгой өвдөж байна гэж хэлээд урьд шөнө танайх руу явж байгаад үл таних залууд нарийн гудамжинд үл таних 2 залуу миний хойно байсан бөгөөд нэг залуу нь намайг боож унагаад дарж аваад хүчиндсэн гэж хэлж байсан юм. Тэгээд би дүүтэйгээ уулзаад гэр рүүгээ харьсан юм... Манай дүү 88867089 гэсэн дугаарын утаснаас нэг удаа залгаж ярьсан, түүнээс хойш дахин ярьсан зүйл байхгүй... надтай ярихад гайгүй байх шиг байсан. Гэхдээ тэр өдөр хүүхдийн шинэ жил болсон болоод эцэг эхчүүдтэй нь уулзаж суусан болохоор уусан байх гэж бодож байна...” гэжээ /хх-23/.

Гэрч Б.Хоролмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү Б.Баттулга 1990 оны 10 дугаар сарны 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын 5 хүүхдийн хамгийн бага хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж байгаад 1998 онд Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг бүрэн бус дунд боловсролоор төгссөн юм. Түүнээс хойш хувиараа барилгын ажил төрөл хийж яваад хариуцан ажиллаж байсан дарга нь гагнуурчин мэргэжлийг эзэмшүүлсэн юм. Тэгж байгаад 2009-2010 оны хооронд цэргийн албанд явж ирээд өнөөдрийг хүртэл барилгын ажил төрөл хийсээр өдийг хүрсэн юм. Миний дүү даруу төлөв зан ааштай, гэр орны ажилд сайн тусалдаг, эгч нарынхаа үгнээс гараад байдаггүй, хамт олны дунд нэр хүнд сайтай, тамхи татдаггүй байж байгаад цэрэгт очоод тамхи татдаг болсон юм. Архи уусан гэж надад мэдэгдээд байдаггүй, хааяа нэг найз нөхдийн хүрээнд ууж иддэг байхаа гэж бодож байна... 2008 онд шиг санаж байна найзынхаа гэрээс утас хулгайлсан хэргээр шалгагдаж байгаад шүүхээр торгуулийн ял шийтгэл авч байсан юм. Түүнээс хойш ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй юм. Ямар нэгэн гаж муу зуршил байхгүй... Би 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн газраас манай дүүг гэмт хэрэгт холбогдсон байна ирээд батлан даалтанд ав гэхээр нь би өөрийн эгчийн хамт ирж уулзаад хүсэлт гаргаад батлан даалтад авсан юм...” гэжээ /хх-24/.

Гэрч П.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед ажлаа тараад 17 дугаар сургуулийн хажууд байдаг гэр рүүгээ орж явтал цэцэрлэгийн ар харанхуй газар амь авраач намайг хүчиндэж байна гэх мэтээр эмэгтэй хүн хашгираад байсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь хүүхнийх нь өмд хагас шувтарсан, эрэгтэй нь өмдөө татаад байж байсан. Очоод дээр нь байсан залууг нь татаж босгоод, шууд цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа ирэхгүй болохоор нь хүүхэн, залуу хоёрыг дагуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс орсон. Тэр хоёрыг цагдаа нар хариуцаад аваад үлдсэн надаас нэг цагдаа мэдүүлэг авсан. Тэгээд би гэртээ харьсан... Хэрэг гарсан гэх газар нэг танихгүй залуу байж байсан. Намайг хэргийн газар очсоноос хойш байхгүй болсон. Залуу хүүхэн хоёроос өөр хүн байхгүй байсан... Чингэлтэй дүүргийн 56-р цэцэрлэгийн арын харанхуйд хүүхэн нь доороо залуу нь дээрээ байдалтай байсан. Харих замд амь авраарай, намайг хүчиндээд байна, туслаарай гэж хашгираад байсан... Ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Хохирогч намайг очиход цүнхээ бариад босоод ирсэн. Ойр орчимд өөр эд зүйл байгаагүй... Надад ярихдаа бааранд танилцсан гэж ярьж байсан. Залуугаас архи үнэртэж байсан. Харин хүүхнээс гайгүй байсан. Аль аль нь архи уусан юм шиг байна...” гэжээ /хх-27/.

Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1919 дугаартай акт:

“1. Б.Баттулга нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

 2. Б.Баттулга нь хурьцал үйлдэх чадвартай байна.

         3. Б.Баттулгын гадна бэлэг эрхтэнд ямар нэг гадны нөлөөт өөрчлөлтгүй байна” гэжээ /хх-36/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49-50/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар цэцэрлэгийн ойролцоо иргэн П.Энхтүвшинг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баттулгыг бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч П.Энхтүвшин нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хавтас хэргийн материал танилцаад шүүгдэгч Б.Баттулгад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзэв.

Мөн шүүгдэгч Э.Ганболд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Б.Баттулгад ял оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Боржин овгийн Баатарсүрэнгийн Баттулгыг бусдад хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай. 

6. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН