Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/56

 

 

 

 

 

 

     2021            1            12                                        2020/ДШМ/56

    

 

Г.Сд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогч Ц.Д, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1897 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Д, шүүгдэгч Г.С нарын тус тус гаргасан гомдлоор шүүгдэгч Г.Сд холбогдох эрүүгийн 2006001922284 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.С,

Г.С нь хохирогч Ц.Дын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар 20 айлын орон сууцны захиалгын урьдчилгаа, түрээсийн орлого болох 33.683.409 төгрөгийг өөрийн ХААН банкны 5050159918 тоот дансанд байсныг мэдсээр байж 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр авсан буюу хохирогч Ц.Дын итгэмжлэн хариуцуулсан 33.683.409 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Найман овгийн Гэрэлтогтохын Солонгыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт тус тус үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сос 33.683.409 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.Сд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Г.Сд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг шүүгдэгчид сануулж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Солонгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шийтгэх тогтоолын 9 дүгээр нүүрт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэсэн атлаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлалгүйгээр хийсвэрээр шийтгэх тогтоолын 10 дугаар нүүрт тодорхойлох хэсэгт ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийжээ. Шүүгдэгч Г.С өөрийн гэм буруугаа хүлээгээгүй, хохирол огт төлөөгүй байдлыг дүгнэлгүйгээр ял, шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан талаараа тогтоолдоо дүгнээгүй орхисонд туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хуульд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан, өөрийн бурууг ухамсарласан бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна. Гэтэл хохирогчид учруулсан 33.683.409 төгрөгийн хохирлоос огт төлөөгүй байхад шүүхээс шүүгдэгчид боломж олгож 2020/ШЦТ/1897 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаарт шүүгдэгч Г.Сд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг 2 жилээр хойшлуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Сд холбогдох завших гэмт хэргийг бүтэн 10 сарын хугацаанд цагдаа болон прокуророос шалгахдаа хохирол төлүүлэх талаар өчүүхэн ч арга хэмжээ аваагүй, нэг ч төгрөгийн хохирол төлүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад бодит үнэнд үл нийцсэн, шүүгдэгчид оноосон ялыг хойшлуулсан нь хохирогчийг хохирсон дээр нь хохироосон тогтоол гэж үзэж байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Сд Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг анхан шатны шүүхээс хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, хүрэх үр дүнд үл нийцнэ гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын биелэлтийг 2 жилээр хойшлуулсан нь хохирол болох 33.683.409 төгрөгийг шүүгдэгчээс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шаардах боломжгүй байдал үүсч байгаад гомдолтой байна.

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаан дээр “...Хотод түрээсийн байранд амьдарч байгаа, Максимус Дистрибьюшн ХХК-д маркетингийн мэргэжилтэнгээр ажилладаг, хөдөө хойд эцгийндээ охиноо үлдээсэн, надад энэнээс өөр арга байхгүй, миний хөхөнд сүү ороогүй учраас хүүхдээ хөхөөрөө хооллодоггүй, би ажил хийхгүй бол хэцүү байна. ... гэж мэдүүлээд байхад шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг буруу дүгнэж хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч Г.С болон түүний өмгөөлөгч Н.Болормаа нар нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр ...хохирогчид 8 сая төгрөгийг буцаан өгөхөд бэлэн байна. ... гэж хэлсэн нь шүүгчийн шүүн таслах сэтгэл зүйд нөлөөлж, итгэл олж, хууран мэхлэх арга байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 8 сая төгрөгөө өгөөгүй. Иймд хохирогч миний гаргасан давж заалдахы гомдлыг хянан үзэж 1897 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү....” гэв.

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол хэмээн үзсэн 33.683.409 төгрөг нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн цаг хугацаанд орж ирсэн мөнгө биш бөгөөд хадмууд болон би, нөхөр Мөнх-Эрдэнийн хамт 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дундаа захиран зарцуулж ирсэн болох нь миний “Хаан” банкны 5050159918 дугаарын дансны хуулгаар тодорхой харагдана. /хх 127-132/ Гэрч Жаргалсайхан “2019 оны 12 дугаар сарын 17-нд 10.000.000 төгрөг, дараа нь 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн /хх 21-22/, дансны хуулга /хх132/, гэрч Мөнхмандахын мэдүүлэг “20.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /хх 22-23/, дансны хуулга /хх132/,  гэрч Доржхандын мэдүүлэг “сар болгоны 15 болон 30-нд 2 хувааж хийдэг. /хх 105-106/, гэрч Хонгорзулын “сар болгоны 10-ны өдөр түрээсийн 1.600.000 төгрөг хийдэг байсан. /хх 107-108/, гэрч Батпүрэвийн сар болгоны эхэнд 1.000.000 төгрөг хийдэг байсан /хх142-143/, гэрч Отгонбаяр мэдүүлэгтээ “урьдчилгаа мөнгө болох 25.000.000 төгрөгийг дээрхи дансанд хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 10-нд мөнгө шилжүүлсэн.” /хх 42/, дансны хуулга /хх 133/.

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хадам ээж Ц.Дын шилжүүл гэсэн данс руу 20.000.000 төгрөгийг шийлжүүлсэн боловч эргээд 2 хоногийн дараа нөхөр Мөнх-Эрдэнийн данснаас орлого хэмээн буцаж орж ирсэн нь миний “Хаан” банкны дансны хуулгаар нотлогдоно. Яагаад гүйлгээ хийгдээгүй шалтгааныг мэдэхгүй.

Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охиноо төрүүлсэн ба 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “нөхрийгөө гэртээ ирсэнгүй, намайг нялх биетэй байхад архи дарс уугаад халамжилсангүй” гэх шалтгаанаар муудалцсан. Энэ үед хадам ээж Ц.Д нь ирж улам маргаж, улмаар тэднийхээс нялх хүүхдээ тэврээд хүчирхийлүүлж өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гарсан. Энэ үйл явдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх133/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч Рэгзэнгомбо, Тэргэл нарын өгсөн мэдүүлгийн хуулбар /хх 67-69/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх 59-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана. Харин хохирогчийн мэдүүлээд байгаа шиг дансан дахь мөнгийг авахаар эхнээсээ төлөвлөсөн зүйл огт байхгүй болно.

Тухайн үед би нялх хүүхэдтэйгээ очих газаргүй, ажил хийх боломжгүй байсан учраас, түүнчлэн өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа захиран зарцуулж байсан учраас байр түрээслэх, хүүхдэд хэрэгцээтэй эд зүйлс, хоол хүнс, эм тариа худалдан авах зэргээр дансанд байсан мөнгөнөөс зарцуулсан. Холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл би гэр бүлийн таарамжгүй харьцаа маргаан, хүчирхийллээс болж, хүүхдээ асран хамгаалах гарцаагүй нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүлийн хөрөнгө зарцуулах эрхтэй гэж ойлгож байсан учраас мөнгийг зарцуулсан юм.

Түүнчлэн цагдаагийн байгууллага хэргийг шалгахдаа зөвхөн нэг талыг барьж, яллах талын нотлох баримтыг цуглуулж, цагаатгах талын буюу миний хувийн байдал, тухайн үед хамт байж, бүхнийг харсан гэрч ээжийг минь, найзыг минь ч огт гэрчээр асуугаагүйд гомдолтой байна.

Шүүх хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягтлалгүйгээр, шалтгаант холбоог тогтоолгүйгээр зөвхөн мөнгийг зарцуулсан байна хэмээн өрөөсгөл дүгнэлт хийж, намайг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй хэмээн үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.С нь анхан шатны шүүх хуралдаанд “гараад 8.000.000 төгрөг өгнө” гэж гэм буруугаа ухамсарлаж байгаа юм мэтээр шүүхэд итгэл үнэмшил төрүүлчихээд дараа нь огт сураггүй алга болсон. Мөн шүүхээс та хүүхдээ асран хамгаалж байгаа тул хорих ял эдлэхийг хойшлуулна гэсэн. Гэтэл Г.С нь үр хүүхдээ асран хамгаалаагүй, хойд эцэг, эх дээрээ аваачаад орхисон. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г.С нь гэрээс гарах үед гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Хэрэв Г.С нь тухайн мөнгийг дундын хэрэгцээний мөнгө гэж үзэж байсан бол зөвхөн түрээсийн мөнгийг аваад, үлдсэн мөнгийг өгөх боломж байсан. Хавтас хэргийн материалаас харахад Г.С нь нүцгэн хөөгдөөд гарсан зүйл байдаггүй. Мөн Г.С нь найз Тэргэлдээ “би эндээс нүүх гэж байна. Чи том машин авч ирээрэй” гэж хэлж байна гэдэг нь хүчирхийлэл үйлдэж хөөгдөж гарч байгаа биш, зохион байгуулалттайгаар мөнгийг аваад зугтсан болох нь харагдаж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэсэн боловч шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, хүүхдийг гэр бүл гэж тодорхойлсон. Г.С нь Ц.Д нар нь хадам ээж, бэрийн харилцаатай байдаг боловч Ц.Д хүүхдийг нь тэжээн тэтгэх, орон байраар хангах, Г.Солонгыг тэжээн тэтгэх үүрэг хүлээгээгүй. Гэтэл бусдын мөнгийг хууль бусаар авч, зарцуулсныгаа үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Г.Сд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч тухайн үед юу болсон, яагаад гэрээсээ явах болсон талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримт дээр үндэслэж давж заалдах гомдол гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ээж, найзыгаа гэрчээр асуулгах ямар шаардлагатай юм бэ гэж байна. Гэтэл эдгээр хүмүүс хэрэг, маргаан гарах үеийн нөхцөл байдлыг харсан учраас тэр асуудлаар мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзсэн. Төрөөд 17 хонож байсан хүн хүүхдээ аваад хөөгдөөд гарсан. Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүүхдийн асран халамжлагчаар эцгийг нь тогтоож, Г.Сд хорих ялыг нь биечлэн эдлүүлье гэж байна. Гэтэл эцэг Мөнх-Эрдэнэ нь хүүхдээ асарч халамжлаад нэг удаа эргэж ирсэн зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл Г.С нь өөрөө хүүхдээ асран халамжилж, тэжээн тэтгэж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г.С нь хохирогч Ц.Д руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэтэл эргээд данс руу нь орж ирсэн болох нь хавтас хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаас харагдаж байгаа. Мөн Г.С нь 4 удаагийн үйлдлээр гэж буруутгаж байгаа нь 4 хүнээс орж ирсэн мөнгийг хэлээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Г.Солонгын хүүхэд нь өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа. Ц.Дын хэлж байгаа шиг хөдөө, орон нутагт орхисон зүйл байхгүй. Хүүхдийг Г.Солонгын ээж хамт асран халамжилж, Г.С хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд ажил хийж байгаа. ...” гэв.  

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С нь 4 удаагийн үйлдлээр хохирогч Ц.Дын 33.683.409 төгрөгийг завшсан болох нь Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Хохирогчийн зүгээс гомдол мэдээлэл гаргах үед Г.Сд хохирлыг төлөх санаачлага байгаагүй. Анхан шатны шүүхээс Г.Сд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.С нь хохирогч Ц.Дын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар 20 айлын орон сууцны захиалгын урьдчилгаа, түрээсийн орлого болох 33.683.409 төгрөгийг өөрийн ХААН банкны 5050159918 тоот дансанд байсныг мэдсээр байж 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр авсан буюу хохирогч Ц.Дын итгэмжлэн хариуцуулсан 33.683.409 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Дын “...Г.Солонгын ХААН банкны 5050159918 дугаарын дансруу байрны борлуулалтын орлогыг хийлгэж, зарлага гаргадаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс манай барьсан байр ашиглалтанд орж, эхний борлуулалтын мөнгөний урьдчилгаа Г.Солонгын ХААН банкны дансруу оруулсан байсан. ...” /1хх 149/,

гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Тэр мөнгийг Г.С бид хоёрыг ашигла гэж хийсэн мөнгө биш байсан учир Г.Сд захиран зарцуулах эрх байгаагүй. Аав ээж хоёр интернет банк ашиглаж чадахгүй учир Г.Сог гэрт байдаг учир дансаар мөнгө төгрөг оруулж гаргаж байвал сүүлд нь гадагшаа гарахад дансны хуулга авах нь хэрэг болох байх гэсэн бодолтой мөнгөө хийдэг байсан. ...” /1хх 14/,

гэрч Н.Чинбатын “...өөрийн барьж ашиглалтанд оруулсан барилгад захиалга өгсөн Д.Жаргалсайхан, С.Мөнхмандах, Б.Отгонбаатар нартай захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж байрны урьдчилгаа мөнгийг Г.Солонгын ХААН банкны 5050159918 дугаарын дансаар мөнгийг нь авсан байгаа. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ц.Д бид хоёр өртэй байсан учир Мөнх-Эрдэнийн эхнэр болоод дагуулж ирсэн, дээрээс нь хүүхдийг нь гаргачихсан болохоор нь итгээд ярилцаж байгаад түүний дансанд нь мөнгөө байршуулаад картыг нь бид 2 ашиглаад явж байсан юм. ...” /1хх 18/,

гэрч Д.Жаргалсайханы “...байранд орохоор захиалга өгч урьдчилгаа мөнгө болох 25.000.000 төгрөгийг хоёр хувааж өгөхөөр болж Чинбат гэгчтэй гэрээ хийж урьдчилгаа мөнгөө 2 хувааж 5050159918 дугаарын дансанд хийж байсан. ...” /1хх 22/,

гэрч С.Мөнхмандахын “...би Чинбат гэх хүнтэй гэрээ хийсэн. Чинбат нь Г.С гэх хүний дансыг өгөөд тэр данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Гэрээн дээрх данс нь 5050159918 гэсэн данс байгаа. ...” /1хх 24/,

гэрч Б.Отгонбаярын “...5050159918 дугаарын дансанд байрны урьдчилгаа мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Отгонбаяраас байрны урьдчилгаа гэж бичиж шилжүүлсэн. ...” /1хх 42/,

гэрч Г.Доржхандын “...Би Г.С гэх хүнийг танихгүй, би түрээсийн мөнгөө ХААН банкны 5050159918 гэсэн дансруу сар болгоны 15, 30-ны өдрүүдэд 2 хувааж хийдэг. ...” /1хх 106/,

гэрч Х.Хонгорзулын “...би Г.С гэх хүнийг танихгүй, би түрээсийн мөнгөө 5 жилийн өмнөөс Ц.Д эгчийн Худалдаа хөгжлийн банк руу хийдэг байсан. Сүүлд яг хэзээнээс гэдгийг нь санахгүй байна, Г.С гэгчийн ХААН банкны 5050159918 гэсэн дансруу сар болгоны 10-ны өдөр түрээсийн 1.600.000 төгрөг хийдэг байсан. ...” /1хх 108/,

 гэрч А.Батпүрэвийн “...Би Г.С гэх хүнийг танихгүй, би түрээсийн мөнгөө дансаар шилжүүлдэг. ...2019 оны намраас хойш Г.С гэгчийн ХААН банкны 5050159918 гэсэн дугаарын данс руу сар болгоны эхэнд түрээсийн 1.000.000 төгрөг хийдэг байсан. ...” /1хх 143/,

шүүгдэгч Г.Солонгын “...манай нөхрийн аав, ээж нь өөрсдийн дансыг ашиглахгүй, миний дансаар гэр бүлийн хэрэглээний мөнгөө оруулж гаргадаг байсан. 2019 оны 6 дугаар сараас хойш миний дансанд мөнгө оруулж гаргадаг болсон байгаа. Би гэрээсээ хөөгдөж гарахад миний дансанд 33.865.000 орчим төгрөг үлдсэн байсан. ...би өөрийн дансанд байсан 32.800.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвөөс авсан. ...” /1хх 12, 144/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 8/, Г.Солонгын ХААН банкны 5050159918 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 127-132/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Г.Солонгыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгчид прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл, шүүгдэгч Г.Солонгын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байхаас гадна Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Хохирогч Ц.Дын “...шийтгэх тогтоолын биелэлтийг 2 жилээр хойшлуулсан нь хохирол болох 33.683.409 төгрөгийг шүүгдэгчээс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шаардах боломжгүй байдал үүсч байгаад, ...шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг буруу дүгнэж, хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсанд гомдолтой байна. ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртлэх насны хүүхэдтэй эх ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

 

            Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл”, мөн хуулийн 28.1.3 дахь заалтад “зүйлийн доторх хэсэг”, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт “Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно” гэж тус тус зааснаас үзвэл аливаа хуулийн зүйл, хэсэг хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий бие даасан утга санааг илэрхийлэхгүй, хуулийн зүйл нь үндсэн ойлголтыг бүрдүүлэх бөгөөд хэсэг, заалт нь түүнийг тодотгосон байхаас гадна нарийвчлсан байхаар зохицуулан заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон ...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэсэн ангилалд хамаарна.

Хэрэгт хохирогч Ц.Дын “...Г.С миний хүүтэй хамтран амьдраад 5 жил болж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амаржсан. ...” /1хх 10/, гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Бид хоёрын дундаас 2019 оны 12 дугаар сарын 17-нд Гийгүүлэн гэх охин маань мэндэлсэн байгаа. ...” /1хх 13/ гэрч Н.Чинбатын “...Д.Мөнх-Эрдэнийн эхнэр болоод дагуулж ирсэн, дээрээс нь хүүхдийг нь гаргачихсан болохоор итгэсэн. ...” /1хх 18/, шүүгдэгч Г.Солонгын “... Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амаржсан. ...” /1хх 11/ гэх мэдүүлгүүд, М.Гийгүүлэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрснийг бүртгэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 211/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нь гурав хүртлэх насны хүүхэдтэй болох тогтоогдож байна.

Гурав хүртлэх насны хүүхэд гэж төрснөөс хойш 36 сар хүрээгүй байгаа бага насны хүүхдийг ойлгох бөгөөд түүний эх эсхүл ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болдог.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх гэдэг нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүйг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан ял шалгах хуудсанд Г.С “...ял шийтгэгдэж байгаагүй...” гэсэн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж буй явдал нь нэг талаас эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, нөгөө талаас эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын илрэл бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.  

Үүнээс гадна шүүгдэгч Г.Сд зөвхөн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлийн улмаас учирсан хохирол болох 33.683.409 төгрөгийг түүнээс гаргуулах шийдвэрт нөлөөлөхгүй.

Шүүгдэгч Г.Солонгын “...хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй хэмээн үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон, захиран зарцуулсан зэрэг аргаар завшдаг юм.

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болох, тэр нь гэм буруугийн бусад хэлбэрээс хэрхэн, яаж ялгагдаж байгааг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримт мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцдог. Энэ баталгааг гэрч, хохирогч, яллагдагчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үздэг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал байр суурь болдог учиртай.

Хохирогч Ц.Дын “...би хувиараа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны 34 дүгээр байрыг барьсан юм. Тэгээд захиалагч нарын урьдчилгаа мөнгийг хүү Мөнхөөгийн эхнэр болох Г.Солонгын ХААН банкны 5050159018 дугаартай дансанд шийлжүүлсэн. ...Түүний дансанд нь мөнгийг түр байршуулах ёстой байсан болохоос биш захиран зарцуулах эрх байгаагүй. ...” /1хх 10/, гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...манай аав, ээж хоёр 2 интернет банк ашиглаж чадахгүй, сүүлийн үед хүмүүс ажил хийлгээд мөнгөө дансанд хийдэг учир Солонгын дансанд хийлгэж байсан. Солонгын дансанд орсон мөнгөнд би огт хамааралгүй, манай аав, ээж хоёрын мөнгө учир өгчих гэж би Г.Сд хэлсэн. ...тэр мөнгийг Г.С бид хоёрыг ашигла гэж хийсэн мөнгө биш байсан учир Г.Сд захиран зарцуулах эрх байгаагүй. ...” /1хх 14/, гэрч Н.Чинбатын “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.С нь Ц.Д бид хоёрт ХААН банкны картаа өгөхдөө дансаа хоослоод өгч байсан. ...уг өдрөөс бид хоёр картыг ашиглаад мөнгө авдаг, Г.Сор нэр бүхий хүмүүс рүү интернет банк ашиглан мобайлдуулж байсан. ...Г.Солонгын дансанд орсон мөнгөнд Г.С ямар нэг хамаарал болон захиран зарцуулах эрх байхгүй мөн Солонгын нөхөр Мөнх-Эрдэнэд ч хамаарал байхгүй. ...” /1хх 18/, гэрч Д.Жаргалсайханы “...Чинбат гэгчтэй гэрээ хийж, урьдчилгаа мөнгөө 2 хувааж 5050159918 дугаарын дансанд хийж байсан. ...” /1хх 22/, гэрч С.Мөнхмандахын “...би Чинбат гэх хүнтэй гэрээ хийсэн, Чинбат нь Г.С гэх хүний дансыг өгөөд, тэр данс руу нь мөнгөө шилжүүлсэн. ...” /1хх 24/, гэрч Б.Отгонбаярын “...Чинбат гэгчтэй гэрээ хийж байрны урьдчилгаа мөнгө болох 25.000.000 төгрөгийг 5050159918 дансанд хийсэн. ...” /1хх 42/, гэрч Х.Хонгорзулын “...Миний түрээслэн ажиллуулдаг дэлгүүр Ц.Д, Чинбат нарын нэр дээр байдаг. ...Г.С гэгчийн ХААН банкны 5050159918 гэсэн данс руу сар болгоны 10-ны өдөр түрээсийн 1.600.000 төгрөг хийдэг байсан. ...” /1хх 108/, гэрч А.Батпүрэвийн “...Ц.Д гэх хүнийг танина, би гражийг нь түрээслэж ажлуулдаг юм. ...2019 оны намраас хойш Г.Со гэгчийн ХААН банкны 5050159918 гэсэн дугаарын дансруу сар болгоны эхэнд түрээсийн 1.000.000 төгрөг хийдэг байсан. ...” /1хх 143/, шүүгдэгч Г.Солонгын “...2019 оны 6 дугаар сараас хойш миний дансанд мөнгө оруулж гаргадаг болсон. ...Ерөнхийдөө бизнесийн мөнгө гэж орж ирдэг байсан, гэр бүлийн бизнес хийдэг хүмүүс байгаа юм. ...би данснаасаа 32.800.000 төгрөг бол авсан. ...тухайн үед надад орлогын ямар нэг эх үүсвэр байгаагүй. ...” /1хх 144-145/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл хохирогч Ц.Д өөрийн бизнесийн үйл ажиллагаа явуулсны улмаас олсон орлогыг шүүгдэгч Г.Солонгыг эзэмшлийн ХААН банкны 5050159918 тоот дансанд байршуулдаг байсан үйл баримт бүрэн тогтоогдож байна.  

 Тодорхой баялаг 2 ба түүнээс дээш этгээдийн туйлын эрхэд эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхүүдийн нийлбэр байж, тэдгээр этгээдийн тухай баялгийн хувьд эдлэх туйлын эрхийг аливаа бусад этгээд хүлээн зөвшөөрч, зөрчихгүй байх үүрэгтэй нийгмийн харилцааг дундын өмч гэх бөгөөд гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг мөн гэр бүлийн эд хөрөнгө гэдэг.

Түүнчлэн, хохирогч Ц.Д “...Манай хүү Д.Мөнх-Эрдэнэ, Г.С нар нь албан ёсны гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа.” /1хх 149/, гэрч Д.Мөнх-Эрдэнэ “...аав, ээж хоёр тусдаа амьдралтай, тусдаа бизнестэй хүмүүс. Би аав, ээж хоёроосоо 2012 оноос хойш тусдаа биеэ дааж амьдардаг болсон. ...” /1хх 14/, гэрч Н.Чинбат “...3 давхар хаус аваад амьдруулж байхад цэвэрлэж чадахгүй гэхээр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд 2 давхар пинтхауст амьдар гээд байрыг суллаж өгч байсан. ...” /1хх 18/, шүүгдэгч Г.С “...Мөнх-Эрдэнэ бид хоёр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 25-3 тоотод амьдардаг, аав ээж нь тусдаа амьдардаг байсан. ....” /1хх 11/ гэж тус тус мэдүүлжээ.  

Дээрх мэдүүлгээдээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл  Д.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Г.С нар төрийн эрх бүхий байгууллагад гэр бүлийн байдлаа бүртгүүлээгүй хэдий ч тэд харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрээс гадна эцэг, эх болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;”, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Гэрлэгчид нь ...хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй”, мөн зүйлийн 10.3 дахь хэсэгт “Гэрлэгчид нь ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, ...үүргийг адил хүлээнэ.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тус тус зааснаас дүгнэвэл шүүгдэгч Г.Солонгыг хохирогч Ц.Дын эд хөрөнгийг өмчлөх, хөрөнгийн хувь хэмжээнээс эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад адил тэгш эрхтэй гэж үзэхгүй.

Үүнээс гадна Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулиудаас гадна Хүүхдийн эрхийн тухай Олон улсын конвенцид “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж заасан бөгөөд хүүхдийг түүний эцэг, эх тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулан хуульчилсныг дурьдаж байна.     

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, хохирогч Ц.Д нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүгдэгч Г.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “хохирогч Ж.Ц.Д, өмгөөлөгч Н.Болормаа”, шийтгэх тогтоолд “Ц.Д, П.Болормаа”,  гэж тэдний овгийг үсгийг тус тус зөрүүтэй бичигдсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1897 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, хохирогч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                                                                

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ