2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/271

 

  

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,

Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,   

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б т холбогдох эрүүгийн 2409000001249 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Б  нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Б ын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81,000 төгрөгийн эд зүйлийг, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч С.Б  нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Б ын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81,000 төгрөгийн эд зүйлийг, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр ажлаа тараад 16 цаг 59 минутад эхнэр лүү яриад “очиж байна” гэж хэлээд ойролцоогоор 20 минутын дараа гэртээ ирэхэд хүүхдүүд (6 настай) ирээд гэрт танихгүй хар хувцастай хүн байна гэхээр нь би гэрт орж ирэхэд эхнэр унтаж байсан. Тэгээд өрөөнүүдээ үзэхэд хүн байгаагүй ба гараад хайхад байшингийн зүүн хойд буланд нуугдсан, хар өнгийн бэлтгэлийн хос хувцастай хүн байсан. ...манай эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр байсан. Тэгээд би барьж аваад цагдаа дуудсан. Миний урдаас сарвалзаж зодно гэхэд нь би дараад авсан чинь надаас айгаад дахиж хөдлөөгүй. Хэвлий хэсэгтээ гуурс хийсэн байсан. Мөн надаас зугтаж байхдаа миний хүүхдийн гар утсыг гэрээс авч гараад газар өвсөн дээр унагаасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

-дахин өгсөн: “...Би гэр лүүгээ орж ирээд машинаас буусан чинь гэрээс нэг хар хувцастай юм гараад байшингийн хойшоо явахаар нь би гайхаад гэр лүү гүйтэл урдаас хүүхдүүд гарч ирсэн. Би яг гэрээс гараад явж байхыг нь харсан. ...Хэвлий хэсэгтээ гуурстай, өөр гэмтэл шарх байгаагүй. 170 см орчим өндөртэй туранхай залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

Гэрч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн өмнөх өдөр нь үүрийн 06 цаг хүртэл ажлынхантайгаа гадуур гараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гэртээ ирээд унтаад өдөр нь босож хүүхдүүддээ хоол хийж өгчхөөд буцаад бие арзайгаад шартаад хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгтэл шкафын хаалга онгойгоод байх шиг болохоор нь сэрсэн чинь танихгүй хүн орж ирээд хувцасны шкаф, гал тогооны шкафын хаалга онгойлгоод хаагаад байсан. Тэр үед хүүхдүүд гадаа байсан. Тэгээд би хүүе юу вэ, чи зайлаач гэсэн чинь над руу хараад хэсэг зогсож байснаа гэрээс гарчихсан чинь гадаа нөхөр хүүе хаая, юу болоод байна гээд бариад авсан. Би сэргээд ухаан ороод хүүхдүүдээ дуудсан чинь нэг ах хаалгаар орж ирээд над руу чимээгүй гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад тоглож байсан чинь аав гаднаас ирэхээр нь аавд хэлсэн гэж байсан. ...Нөхөр цамцыг нь онгойлгосон чинь миний гадуур өмсдөг даавуун өмд, хүүхдийн тэшүүр 1 ширхэг, саравчтай малгай авчихсан өвөртэй хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

 

2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн: “...Уг хэрэг гарсан гэх газар нь ... гэх тодорхой хаяггүй байх тул Iphone X загварын гар утсаар байршлыг тогтооход ... гэх солбилцлыг зааж байв. Уг хаяг нь зүүн хойд зүгт харсан хаалгатай 4 талт модон хашаатай, гүйдэг төмөр хаалгатай, хашаан дотор ертөнцийн зүгээр урагш харсан 1 давхар байшин, байшингийн урд зүгт баруун зүг рүү харсан 2 хүлэмж байна. ...Үзлэгийг байшинд дуусгаж гадна үргэлжлүүлэхэд байшингийн баруун урд буланд хохирогчийн хүүхдийн гар утас газар өвсөн дээр байсныг 1 гэж дугаар тавин гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №СБ2-24-695 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар тал/,

 

Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би уг нь буруугаа мэдэж байна. Тухайн үед ухаангүй согтуу байсан болохоор тухайн айлд яаж орсноо, юу авснаа санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтэй харамсаж байна. Гэхдээ би тэр айлаас 81,000 төгрөгийн эд зүйл аваагүй гэж бодож байгаа. Тухайн айлын залуу намайг зодоход би ухаан орсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Б  нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд ... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Б ын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81,000 төгрөгийг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд тогтоогддог. Шүүгдэгч С.Б  нь үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байх бөгөөд тухайн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ын зуслангийн байшинд түүний зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч С.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд төгссөн гэмт хэрэг байна. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй ба хамтран оролцсон этгээд байхгүй. Шүүгдэгч С.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Б т гэмт хэргийн улмаас 81,000 төгрөгийн хохирол учирсан, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал баримтаар нэхэмжлээгүй. Хохирогч Б.Б  нь хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгч С.Б  нь бусдад төлөх төлбөргүй... ” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдоос: “...Өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө байр сууриа хэлэхдээ зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай орно гэдгээ хэлсэн. Үйлчлүүлэгч С.Б ийн холбогдсон хэргийн хувьд мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж миний зүгээс үзэж байна. Яагаад тэгж үзэж байна вэ гэхээр хулгайлагдсан гээд байгаа эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох ажиллагааг зайлшгүй хийх ёстой, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилсан. Тухайн эд зүйлсийг заавал эд мөрийн баримтаар тооцож, шинжилгээний байгууллагад өгч дүгнүүлээд үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийх ёстой байдаг. Хэргийн газрын тэмдэглэл, илтгэх хуудас зэрэгт бичигдээгүй байгаа. Энэ нь шүүхийн шийдвэр гаргах эх сурвалжийг заавал бий болгох ёстой. Хоёрдугаарт, улсын яллагчийн зүгээс бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд байгаа боловч тухайн зуслангийн байшин хохирогч Б ын эзэмшлийн байшин мөн үү, үгүй юу гэдгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байсан. Зүйлчлэл өөрчлүүлэхдээ ямар үндэслэлээр шалгах ёстой байсан бэ, ямар зүйлчлэлээр шүүхэд шилжүүлэх байсан юм бэ гэхээр нэгдүгээрт, хулгайлах гэмт хэргийг орон байранд орж үйлдээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх ёстой байсан юм болов уу гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Улсын дээд шүүхийн 2019 оны 511 дугаартай тогтоолд орон байранд нэвтэрхийг тайлбарласан байгаа. Бусдын орон байранд түлхүүр тааруулж орох, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг нь эвдэх, цуургыг нь сугалах байдлаар орсон бол хууль бусаар нэвтэрсэн байна гэж үзнэ гэж Улсын дээд шүүхийн 511 дугаартай тогтоол дээр тодорхой тайлбарлаж бичигдсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт С.Б  мэдүүлсэн, гэрчээр өгсөн Х , Б  нарын мэдүүлэг байгаа. Энд бол хууль бусаар нэвтэрч байгаа үйлдэл хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй байна. Хэрвээ хууль бусаар нэвтрэх үйлдэл хийсэн юм байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн бол хулгайд алдагдсан эд зүйлсийг тогтоогдох ажиллагаа маань өөрөө хийгдээгүй болохоор зөвхөн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэдгийг хангах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах боломжтой байсан гэж миний бие үзэж байгаа. Яагаад гэвэл хулгайлсан эд зүйлсийг заавал эд мөрийн баримтаар тооцож хэргийн материалтай хамт шүүх рүү шилжүүлэх эсхүл үүнийг заавал баримтжуулах ажиллагаа хийж байж энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёстой. Тэгэхгүй бол зөвхөн хохирогч Б , гэрч Х  хоёрын өмд, малгай тэшүүр байсан гэж мэдүүлснийх нь дагуу тийм зүйл алдагдсан байна гэж үзэх нь нэг талаасаа өрөөсгөл асуудал байна. Тийм болохоор шүүхээс гэм бурууг тооцохдоо С.Б ийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх эсхүл мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аль ашигтай байхаар нь зүйлчилж гэм буруутайд тооцох нь дээр юм болов уу гэсэн саналыг тавьж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

            Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

            Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.Б  нь ... тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшинд өмчлөгч Б.Б ын зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эхнэрийн өмд, малгай, хүүхдийн тэшүүр зэрэг 81,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б ийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.Б ийг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдоос: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. Орон байранд нэвтэрсэн зүйл байхгүй...” гэх агуулгаар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт гаргаж мэтгэлцэж оролцсон.

Монгол Улсын Үндсэн хуулиар “...иргэний орон байр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй...” гэж заасан бөгөөд гэр, орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтрэх нь хууль бус. 

Шүүгдэгчийн нэвтэрч орсон гэх ... тоотод байрлах хүн амьдрах зориулалттай зуслангийн байшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд...” хамаарч байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б т 81,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч С.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 05 хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэм хэрэгт холбогдон шалгагдсан. Мөн хохирогч Б  нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Гэм буруугийн дүгнэлт дээр хохирол төлбөр байхгүй гэж шүүгч дүгнэж хэллээ. Үйлчлүүлэгч маань хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр хийж байсан. Энэ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байгаа. Улсын яллагчаас санал болгож байгаа ялын санал бол энэ хэргийн нөхцөл байдалд арай тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 05 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б ийг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б ийг 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.