| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01515/И |
| Дугаар | 142/ШШ2020/00042 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2020/00042
| 2020 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2020/00042 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХБ
Хариуцагч: Ц.Э
Хариуцагч: Т.Д
12 482 637.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З, хариуцагч Ц. Э, Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Т Д , Ц Э нар нь Хас банктай 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ байгуулан 14 000 000 /Арван дөрвөн сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлдэгч Т.Д ын Хас банк дахь №№ дансанд 14 000 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2 248 092.48 төгрөг, зээлийн хүүд 1 842 756.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 765.20 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан № дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Зээлдэгч зээлийн төлөх төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон хамтран зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон № дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 11 751 907.52 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 726 242.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 487.00 нийт 12 482 637.01 төгрөгийг Т.Д , Ц. Э нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж зээлийн гэрээнд заасан графикаар төлөлтөө хийх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Баян-Өндөр тооцооны төв нь хариуцагч Т.Д , Ц. Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 12 482 637.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч цалингаа авахаар хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж зээлийн гэрээнд заасан графикаар төлөлтөө үргэлжлүүлэх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зээлдэгч Т.Д , хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. Э нар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хас банк ХХК-ний Баян-Өндөр тооцооны төвтэй № дугаартай зээлийн гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд тогтмол цалингийн орлогоо барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх 7-10/
Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд банкнаас мөнгө авсан талаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн графикаар зээлийн төлбөр төлөөгүй талаар болон нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй. Харин хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөөд зээлийн хуваарь ёсоор төлбөрөө үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй гэж хариуцагч нар тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд хэтэрсэн хугацааны зээлийн төлбөрөө төлөөд гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр зээлийг төлөх тухай хариуцагч нарын хүсэлтийг зөвшөөрч байх тул хариуцагч Т.Д , Ц. Э нараас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төлөх төлбөр нийт 2 449 802.40 /408 300.40*6 сар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Баян-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 032 834.61 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар зохих ажиллагааг хийх эрхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 214 672 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 54 147 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Д , Ц. Э нараас 2 449 802.40 /хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга найман зуун хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Баян-Өндөр тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 032 834.61 /арван сая гучин хоёр мянга найман зуун гучин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу зохих ажиллагааг хийх эрхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214 672 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д , Ц. Э нараас 54 147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Баян-Өндөр тооцооны төвд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ