| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/359 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Очгэрэл,
Шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э д холбогдох эрүүгийн 2301000030174 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Э.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 01 дүгээр сарын тайлант хугацаанд “...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 499,999,997 төгрөгийг, “...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 137,272,727.27 төгрөгийн, “...” ХХК-иас 8 ширхэг падаанаар 247,717,269 төгрөгийн үнэ бүхий нийт 19 ширхэг падаанаар 884,989,992 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 88,498,992.27 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Э.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 01 дүгээр сарын тайлант хугацаанд “...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 499,999,997 төгрөгийг, “...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 137,272,727.27 төгрөгийн, “...” ХХК-иас 8 ширхэг падаанаар 247,717,269 төгрөгийн үнэ бүхий нийт 19 ширхэг падаанаар 884,989,992 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 88,498,992.27 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч “Татварын ерөнхий газар”-ын хууль ёсны төлөөлөгч В.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“...” ХХК нь 2022-2023 оны хооронд “...” ХХК-иас 7 ширхэг 499,999,997 төгрөгийн падаан, “...” ХХК-иас 4 ширхэг 137,272,726 төгрөгийн падаан 10 ширхэг падаан, “...” ХХК-иас 8 ширхэг падаанаар 247,717,269 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж, нийт 19 ширхэг падаанаар 884,989,992 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсын төсөвт төлөх татвараа 88,498,999 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учруулсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 дүгээр тал/,
Гэрч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр болон Э.Э нь ... регистрийн дугаартай “...” ХХК-ийг 2019 онд үүсгэн байгуулсан. Манай нөхөр компанидаа НӨАТ худалдан аваад төлбөр болох 1,200,000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20 дугаар тал/,
Гэрч Э.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “...” ХХК, “...т” ХХК гэх мэт хэд хэдэн хуулийн этгээдэд нягтлан хийдэг. Зарим хуулийн этгээдийнхээ нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд өнгөрсөн 2022 онд фейсбүүкээс НӨАТ-ын илүүдэл зарна гэсэн зарын дагуу ... гэх дугаартай холбогдож худалдаж авсан. Сүүлд 2023 оны 01 дүгээр сард худалдан авсан НӨАТ-ын баримт нь “...” гэх хуулийн этгээдийн нэр дээрээс шивэгдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “...” гэх аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний бараа материал худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж нийт үнийн дүнгийн 1-1,5 хувийг авдаг байсан. ...Би “...” аж ахуйн нэгжээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад НӨАТ-ын баримт шивэх боломжтой юм байна гэж бодоод цахим орчинд идэвхтэй байдаг группүүд дээр “НӨАТ-ын баримт зарна” гэсэн утга бүхий зарыг 2022 оны 10 дугаар сараас эхэлж байршуулсан бөгөөд өөрийн гэр болох ... тоотод байхдаа НӨАТ-ын баримт шивж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29 дүгээр тал/,
Гэрч Н.Я гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....“...” ХХК-ийг надаас Болортуяа гэх хүн авахаар болсон бөгөөд тэр хүнтэй уулзаж чадахгүй хойшлогдож байгаад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж нотариат орж компани шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ хийж Д.Б дугаартай хүнд шилжүүлсэн. Тухайн хүн нялх хүүхэдтэй, Дархан хот явлаа, 14 хоногийн дотор Дархан хотын Улсын бүртгэл рүү ороод шилжүүлнэ гэж хэлээд явсан. Тэрнээс хойш би тухайн компанийн нэрээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Гэрээнүүд нь бүгд надад байгаа. Би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн компанийн ашигладаг холбогдох хаяг, тоон гарын үсэг, кодуудыг өөрийн мэйл хаягаар тухайн хүнд явуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 дүгээр тал/,
Гэрч М.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус аж ахуйн нэгжүүд нь манай “...” гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. “...” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар тал/,
Эргийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07230009 дугаартай мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 56-111 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 038 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 116-147 дугаар тал/,
Эргийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 152-177 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 182-208 дугаар тал/,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07230023 дугаартай мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 214-227 дугаар тал/,
Санхүүгийн шинжээч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх зөрүүнүүд нь баталгаажаагүй буцаалтаас үүссэн бөгөөд бусад ... ” ХХК, ... , “...” ХХК-ийн худалдан авалтын үнийн дүнд өөрчлөлт ороогүй тул мөрдөгчийн магадлагаан дээрх үнийн дүн үндэслэлтэй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213 дугаар тал/,
Хаан банк дахь Б.Ж ын эзэмшлийн ... дугаартай дансны хуулга /2хх-ийн 129-146 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Манай “...” ХХК 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл
ажиллагаагаа явуулаад удаагүй байтал Ковид-19 өвчний улмаас үйл ажиллагаа
зогсонги байдалд орсон. Тухайн үед би БНХАУ-аас барилгын угаалтуур, суултуур, гэх зэрэг сантехникийн бараа материал оруулж ирж худалдан борлуулаад
компанийн дансаар бараа материал борлуулсан мөнгөө оруулж байсан. Гэтэл
удалгүй компани дээр НӨАТ-ын асуудал үүсээд эхлэхээр нь фейсбүүкээр хайгаад
үзэхэд НӨАТ зарна, авна гэсэн зарууд нэлээд олон байсан. Тэгээд уг зарын дагуу
“... ” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож НӨАТ худалдан авахаар
тохиролцсон. Тухайн үед “... ” гэх хүн шивсэн НӨАТ-ынхаа 1,5-2 хувиар
тооцож төлбөрөө авна гэсэн бөгөөд “...”, “...”, “...” гэх аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-н баримтуудаа шивнэ гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд компанийнхаа регистрийн дугаарыг өгөөд НӨАТ шивүүлэх үнийн дүнгээ фейсбүүк чатаар явуулдаг байсан ба компанийн нэр дээр НӨАТ шивэгдээд орж
ирэхээр нь тухайн хүний өгсөн Хаан банкны данс руу төлбөр тооцоогоо шилжүүлэн
өгдөг байсан. Тухайн үед яг ямар дансаар төлбөр тооцоогоо шилжүүлж байснаа одоо санахгүй байна. Өмнө өгсөн мэдүүлгүүд дээр мөн тодорхой ярьсан байгаа. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ээс: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Э.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 01 дүгээр сарын тайлант хугацаанд “...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 499,999,997 төгрөгийг, “...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 137,272,727.27 төгрөгийн, “...” ХХК-иас 8 ширхэг падаанаар 247,717,269 төгрөгийн үнэ бүхий нийт 19 ширхэг падаанаар 884,989,992 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 88,498,992.27 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Э ийн гэмт үйлдлийн улмаас төрд 88,498,992.27 төгрөгийн хохирол учирсан тул дээрх үнийн дүнгээр төрд төлөх төлбөртэй болохыг дурдаж, улсад шилжүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
“...” ХХК /РД:.../ нь барилгын засвар, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр ... тоотод үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татвараа тайлагнадаг бөгөөд шүүгдэгч Э.Э нь захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 01 дүгээр сарын тайлант хугацаанд “...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 499,999,997 төгрөгийг, “...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 137,272,727.27 төгрөгийн, “...” ХХК-иас 8 ширхэг падаанаар 247,717,269 төгрөгийн үнэ бүхий нийт 19 ширхэг падаанаар 884,989,992 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 88,498,992.27 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Татвар төлөхөөс зайлсхийх нь Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Э.Э ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Татварын ерөнхий газарт 88,498,992.27 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Э.Э ээс 88,498,992.27 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э нь энэ хэргээс нийт 88,498,992.27 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн хувьд уг шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч ямар дансанд яаж төлж барагдуулах зэрэг тодорхой зүйл байхгүй. Өвлийн улирал эхэлсэн барилгын ажил зогсонги учир өнөөдрийн байдлаар төлж барагдуулах боломж бага байна. Барилгын ажлын сезон 3 сараас эхлэх учир уг өр төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, шүүхийн шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгжид өргүй бөгөөд өөрийнх нь компани хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Орлого олдог гэдэг талаар шинээр нотлох баримт гарган өгсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн санал болгосон торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 125 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 123 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 126 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /2хх-ийн 128 дугаар тал/, түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 129-146 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Э.Э эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Э эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э ийг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ийг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э эд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ээс 88,498,992.27 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.