Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/02541

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын09 өдөр

181/ШШ2019/02541

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ХХК /Р/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Д.Т ХХК //-д холбогдох

76,353,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д ХХК нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд М.Д.Т ХХК-тай Бүтээгдэхүүн нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4Т83-16 кодтой 2 ширхэг, 4F-0138 кодтой 30 ширхэг, 2J-3506 кодтой 30 ширхэг, 209-70-54210 кодтой 5 ширхэг ир шүд нийт дүн 4,771,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Doosan-700 маркийн 230111-00094 кодтой 12 ширхэг шүд, түгжээ нийт дүн 4,356,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4Т83-16 кодтой 2 ширхэг, 4F-0138/2J3506 кодтой 30 ширхэг, 209-70-54210 кодтой 5 ширхэг, 230111-00094 кодтой 12 ширхэг ир шүд нийт дүн 8,820,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Doosan-700 маркийн 230111-00094 кодтой 36 ширхэг, бусад 77 ширхэг ир,шүд нийт дүн 18,953,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 8Е-4539 кодтой 1 ширхэг, 8Е-4540 кодтой 1 ширхэг, 9W-7043 кодтой 1 ширхэг, 112-2471 кодтой 2 ширхэг, 4J-9058 кодтой 36 ширхэг, 2J-3507 кодтой 36 ширхэг, 6Ү1204 кодтой 1 ширхэг, 6Ү1202 кодтой 1 ширхэг, 4Т-5502 кодтой 1 ширхэг, 4Т-8316 кодтой 2 ширхэг, 4F-0138 кодтой 30 ширхэг, 2J-3506 кодтой 30 ширхэг, 209-70-54210 кодтой 5 ширхэг ир шүд нийт дүн 11,260,010 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 323-9544 кодтой 5 ширхэг, 230111-00094 кодтой 12 ширхэг шүд нийт дүн 11,797,750 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 323-9544 кодтой 5 ширхэг шүд нийт дүн 8,197,750 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 323-9544 кодтой 5 ширхэг шүд нийт дүн 8,197,750 төгрөгийн тоног төхөөрөмж тус тус нийлүүлж, нийт 76,353,260 төгрөгийн тоног төхөөрөмжийг М.Д.Т ХХК-д нийлүүлсэн. Гэтэл М.Д.Т ХХК нь нийлүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөрийг төлж барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй Д ХХК-д өнөөдрийг хүртэл хохирол учруулж байна. Иймд Бүтээгдэхүүн нийлүүлэх ерөнхий гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нийлүүлсэн тоног төхөөрөмжийн нийт өртөг 76,353,260 төгрөгийг М.Д.Т ХХК-аас гаргаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хийж бараа авсан нь үнэн. Манай баримтаар 68,155,508 төгрөгийн бараа авсан байх тул нэхэмжлэлийг 68,155,508 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М.Д.Т ХХК-д холбогдуулан 76,353,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 68,155,508 төгрөгийн бараа авсан тул нэхэмжлэлийг 68,155,508 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Д ХХК болон М.Д.Т ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх ерөнхий гэрээ нэртэй гэрээ /хх-12,13 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Д ХХК нь М.Д.Т ХХК-ийн захиалгаар бараа нийлүүлэх, М.Д.Т ХХК нь худалдан авсан барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн нийлүүлэлтээр 76,353,260 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид нийлүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зарлагын баримтууд /хх-27-33 тал/, талуудын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-34 тал/-аар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 7 удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн 68,155,510 төгрөгийн барааг худалдан авсан бөгөөд үнийг нь төлөөгүй байгаа гэдгээ зөвшөөрч байх боловч 8 дахь удаагийн нийлүүлэлт буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8,197,750 төгрөгийн барааг нэхэмжлэгч нийлүүлээгүй гэж маргаж, татгалзлаа нотлох үүднээс хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий Тооцооны дэлгэрэнгүй нэртэй баримтыг шүүхэд гаргаж өгсөн, уг баримтад 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8,197,750 төгрөгийн бараа нийлүүлэлт тусгагдаагүй байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн огноо бүхий 8,197,750 төгрөгийг барааг хүлээлгэн өгсөн Зарлагын баримт /хх-33 тал/-ын хүлээн авсан гэсэн хэсэгт М.Д.Т ХХК-ийг төлөөлж Р.Идэрбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэл нь 76,353,260 төгрөг болохыг харилцан баталгаажуулж байсан зэрэг баримтуудаар хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8,197,750 төгрөгийн барааг нэхэмжлэгч нийлүүлээгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч М.Д.Т ХХК-аас 76,353,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Д.Т ХХК-аас 76,353,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д.Т ХХК-аас 539,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР