| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0280/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/395 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л д холбогдох эрүүгийн 2306030032434 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Э ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинд байсан бэлэн 3,700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Л нь 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Э ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинд байсан бэлэн 3,700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Иргэн Д.Э аас 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Юбикаб ХХК-иас дуудлагын жолооч Б.М гэгчийг дуудаж үйлчлүүлээд машин дотор байсан 3,700,000 төгрөгөө алдсан...” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол /хх-ийн 4 дүгээр тал/,
Хохирогч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Сөүл ресторанаас Юбикабын дуудлагын жолооч дуудсан. Дуудлага өгсний дагуу Б ын М гэдэг хүн ирсэн ба миний машиныг бариад Хүүхдийн 100 ороод машинаасаа буугаагүй буцаж Хороолол орох замдаа би унтчихсан байна лээ. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод мебелийн эсрэг талын зогсоолд сэрсэн. Сэрээд халаасанд байсан мөнгөө үзээд дуудлагын жолоочийн төлбөрөө төлсөн болов уу гээд шалгатал миний халаасанд байсан 100,000 төгрөг байсан. Гар утсаараа интернэт банкаа шалгатал дуудлагын жолоочийн төлбөрийг шилжүүлээгүй байсан болохоор машины арын суудалд байсан цүнхээ шалгатал цүнхэн дотор байсан 3,700,000 төгрөг алга болсон болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2023 оны 5 дугаар сарын 24-ний өглөө машин дотроо байсан цүнхтэй мөнгөө үзэхэд байж байсан. Тухайн өдөр шууд ажил руугаа яваад хичээл орчхоод орой нь шууд өөрийнхөө машинаа бариад Сөүл ресторан руу явсан. Би гар утаснаасаа Ub cab апплекэйшнаар дуудлагын жолооч дуудсан. Тухайн дуудлага авсан дуудлагын жолооч над руу өөрийн ... дугаараасаа залгасан. Нэр нь Б.М гэж байсан. М гэгч над руу өөрийн ... дугаараасаа залгаад “та дуудлагаа цуцалчихаа, би ирчихсэн байна” гээд Приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд миний машиныг бариад явсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ерөнхий царайг нь санаж байна. Би хяналтын камераа шүүсэн, зүс царай нь харагдаж байгаа. Намайг тасарсан үед миний машиныг очих газраасаа өөр газар ирээд байршуулаад сэрээлгүй орхиод, төлбөр мөнгөө авалгүй явсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-6 дүгээр тал/,
Гэрч Э.Х н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э ын теннисний клубт хичээллэдэг, зүс танина, бид 2 найзууд байгаа юм. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өглөөний 05:00 цагийн үед Э тай уулзсан ба Э цүнхтэй мөнгө гаргаж ирж үзүүлээд 4 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Тухайн мөнгөнөөсөө 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ресторанд үйлчлүүлээд 240,000 төгрөг төлсөн гэж байсан ба тухайн өдөр дуудлагын жолооч дуудчихсан байсан. Би Э т цүнхтэй бэлэн мөнгө байсныг нь харсан, биедээ авч явж байсан. Биеийн тамирын цүнх шиг хэмжээтэй, бор өнгийн арьсан богино бариултай цүнх байсан. ...2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Э аас “чи мөнгөө дансандаа хийсэн үү” гэж асуухад хийгээгүй гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 26-ны шөнийн 03:00 цагийн үед “Юбикаб” ХХК-д дуудлагын жолоочоор ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сөүл ресторанд дуудлага ирсний дагуу Лхагва гэх найзын хамт очиход хар өнгийн Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн согтуу байсан ба тухайн тээврийн хэрэгслийг Лхагва жолоочоор жолоодоод явсан. Би өөрийнхөө машинаараа таксинд явж байгаад тухайн өдрийн үүрээр 05:00-06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Топ мебелийн хажуу талд Л г очиж аваад Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд байрлах гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Би жолооны эрхгүй байгаа болохоор тухайн хүний тээврийн хэрэгслийг жолоодохгүй Л г явуулсан. Л жолооны эрхтэй, надаас гуйгаад мөнгөгүй байна, дуудлагаар яваад хэдэн төгрөг олмоор байна гээд байхаар нь би зөвшөөрсөн юм. Би 2020 оны 8 дугаар сараас хойш таньдаг болсон. Би Л гийн машины обудыг нь худалдаж авахдаа танилцаад тэрнээс хойш зүс мэдэж, мэндийн зөрүүтэй байдаг. Намайг цагдаагаас дуудаад, юу болсон талаар сонсоод Л гаас асуухад “миний дугаар, гэрийн хаягийг цагдаад битгий зааж өгөөрэй, чамд гай болохгүй, маргааш мөнгийг нь өөрөө аваачаад өгнө” гэж байгаад одоог хүртэл уулзахгүй алга болсон. Би гэрээр нь зөндөө очсон ч гэртээ байхгүй байгаа. Лхагва 2023 оны 5 дугаар сард шоронгоос суллагдсан. Одоо хаана юу хийж явааг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Гэрч Г.И ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б овогтой М нь “Юбикаб” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, тус компанийн замын унаа, морин жолооч гэх үйлчилгээ үзүүлж байсан. 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цаг 55 минутын орчимд ... гэсэн дугаартай Д ын Э гэгч хэрэглэгчээс дуудлагын жолоочийн захиалга ирсэн. М нь манай системд байгаа мэдээллээр тухайн дуудлагын захиалгыг цуцалсан байна. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тухайн дуудлага өгсөн хэрэглэгчээс манай компанид гомдол гаргасан. Мөн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу компаниа төлөөлж цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байна. Одоогоор дуудлага хүлээн авах эрхийг нь хаасан байгаа, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гэрээ цуцлахаар гэрээ нь байгуулагдсан байгаа. Гэрээний дагуу тухайн жолооч нь манай гар утасны аппликейшнаар дамжуулан хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх байдлаар хийгддэг. Энэ гэрээ нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ биш бөгөөд бид тухайн жолоочид цалин, хөлс, төлбөр төлдөггүй, харин жолооч нь манайд орлогоосоо шимтгэл төлдөг ийм төрлийн гэрээ байгаа. Үйлчилгээ үзүүлэх явцдаа учруулсан хохирлыг гэрээний 5.3 дугаар зүйлд заасны дагуу жолооч бүрэн хариуцахаар гэрээ байгуулдаг. Тухайн жолоочийг анх гэрээ байгуулахад нь жолооны эрхтэй эсэх, үгүйг нь шалгаж гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулах үед жолооны эрх нь хүчинтэй байсан. Гэрээ байгуулснаас хойш жолооны эрх хүчинтэй, хүчингүй болсон эсэхийг нь тогтоох боломжгүй. Манай байгууллага 2023 оны 8 дугаар сараас эхэлж цахим хөгжил, харилцаа холбооны яамны ХУР, ДАН гэх системээс жолооны эрхтэй үгүйг нь лавлагаа авч шалгах боломжтой болж байгаа. Тухайн өдөр жолооч аяллаа цуцалсан учир манай байгууллагад орлогоос ямар нэгэн шимтгэл аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 22 цагаас эхлэн найз М гийн хамт Ubсар-д дуудлагын жолоочоор М гийн эрхээр ажиллаж байсан. Ингээд 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талаас дуудлага орж ирсэн. Үүний дагуу дуудлага өгсөн газар очиход хар өнгийн Crown загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хүн байсан ба тухайн хүн Хүүхдийн 100 орно гээд Хүүхдийн 100 ороход Хороолол орохоор болж Хороололд очсоныхоо дараа дахиж тэндээсээ КТМС ороход тухайн дуудлага өгсөн хүн машиндаа унтаад өгсөн байсан. Би сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан учир яахаа мэдэхгүй машинаа хөдөлгөж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо РЦНК-н урд талын зогсоол дээр тээврийн хэрэгслийг нь аваачиж зогсоогоод буугаад арын хаалгыг онгойлгоход арын суудал дээр том цүнх байсан. Би цүнхийг нь онгойлгож харахад боодолтой их хэмжээний 10,000 төгрөгүүд байхаар нь мөнгийг аваад яваад өгсөн. Тухайн авч явсан мөнгийг би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж наргиж дуусгасан. Миний авч явсан мөнгө 3,380,000 төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л ээс: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Э ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинд байсан бэлэн 3,700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй тул шүүгдэгчээс хохирогч Д.Э т учирсан хохиролд 3,700,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Л нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Э ын автомашинд нь байсан 3,700,000 төгрөгийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э т 3,700,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Л нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Л ээс 3,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э т олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Л эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Л ээс “...прокурорын санал болгосон ялыг багасгаж өгнө үү...” гэх саналыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Л ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-68 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Л эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Л эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эргийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л ээс 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э т олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Л эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.