| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2019/01103/И |
| Дугаар | 151/ШШ2019/01176 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2019/01176
| 2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2019/01176 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Төв аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох
Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.”““, түүний өмгөөлөгч Д.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Тамгын газарт 2008 онд тооцооны нягтлан бодогчоор анх ажиллаж эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Ерөнхий нягтлан бодогчийн орон тоонд томилогдон ажилласан. Тухайн үед Авилгатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн дагуу мэдүүлж томилогдсон. Авилгатай тэмцэх газраас 2019 онд хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн гэж дуудсан учраас дахин өөрийн биеэр очиж хаана юу дутуу мэдүүлсэн бэ гэдгээ мэдсэн. Үүний дараа намайг ажлаас халсан. Би байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр би тухайн албан тушаалд томилогдоод тухайн эд хөрөнгийг би болгоогүй нөхөр надтай өмнө суухаас өмнө нь нөхрийн нэр дээр байсан эд хөрөнгө юм. Би гэр бүлийн хүний хэлснээр л бүртгүүлсэн. Ер нь би нөхрөөсөө асууж нөхрийн үгээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөсөн. Надад нөхрийн хаана ямар хөрөнгө байгааг мэдэх боломж байгаагүй. Би санаатай худал мэдүүлээгүй. Одоо миний нэхэмжлэлийн шаардлага Төв аймгийн Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулж, Ерөнхий нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэрэг шаардлагуудаасаа татгалзаж байна. Би анх ажлаас халагдаад ажил олдохгүй болов уу гэж бодож байсан. Ажлаас халагдаад жирэмсэн хүний оронд ажиллаж байгаа юм. Тийм учраас намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгохоос бусад шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч: Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.”““ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Авилгатай тэмцэх газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 05/6151 тоот албан бичгээр аймгийн засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Э.”““ нь 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлж Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг зөрчсөн тул Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д зааснаар хариуцлага тооцож, хариу ирүүлэх талаар дурдсан. Энэ албан бичгийн дагуу аймгийн засаг даргын тамгын 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн б/47 тоот тушаал гаргаж, Э.”““д албан тушаалын нэг сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Гэтэл Авилгатай тэмцэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/7345 албан бичгээр Э.”““д Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д заасны дагуу хариуцлага тооцож хариу ирүүлэх талаар шаардсан тул аймгийн засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/54 тоот тушаалаар Э.”““д өмнө нь сахилгын хариуцлага тооцсон 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн б/47 тоот тушаалаа хүчингүй болгосон. Мөн аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/55 тоот тушаалаар Э.”““д Авилгын эсрэг хуулийн 13.8.4-т заасны дагуу хариуцлага тооцож, үүрэгт ажлаас халсан болно. Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15-д зааснаар хууль зөрчсөн нь тогтоогдсон бол холбогдох арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрх үүрэг нь зөвхөн Авилгатай тэмцэх газарт байдаг. Авилгатай тэмцэх хяналт шалгалтын явцад хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд хуулийн хариуцлага тооцуулах тухай удаа дараагийн албан бичгийн дагуу Э.”““ыг үүрэгт ажлаас халах тухай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/55 тоот тушаалыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан болно. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/55 тоот тушаалын тэмдэглэх хэсэгт Авилгатай тэмцэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/7345 тоот албан бичигт дурдсан дүгнэлт хэсгийг дурдсан бөгөөд тушаалыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Авилгын эсрэг хуулийн 10.2, 13.8.4-д заалтуудыг үндэслэн гаргасан болно. Иймд Э.”““ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын нэр дээр Авилгатай тэмцэх газраас 2 удаа албан бичиг ирсэн. Эхнийх нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/6151 дугаартай албан бичиг байсан. Дараагийн албан бичиг 9 сард ирсэн. Эхний албан бичиг ирсний дагуу Төв аймгийн Тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар ерөнхий нягтлан Э.”““ыг Авилгын эсрэг хуульд зааснаар 2018 он, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг дутуу мэдүүлсэн гэж Авилгын эсрэг хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зөрсөн гэж тушаал гаргаж нэг сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Энэ хариуцлага тооцсон талаар Авилгатай тэмцэх газарт хариу хүргүүлэхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 057345 гэх албан бичгээр ажилтны зөрчилд тохироогүй хуулийн заалт хэрэглэж буруу арга хэмжээ авсан байна их хэмжээний хөрөнгө орлого мэдүүлээгүй байх тул гаргасан зөрчилд Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т зааснаар арга хэмжээ ав гэсэн бичиг ирсэн. Уг бичгийн дагуу өмнөх сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож хариуцлага тооцсон. Уг хариуцлага тооцсон тушаалын хууль эрх зүйн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу эрх бүхий байгууллагаас шаардсан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн заалтыг барьж халах шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлд зааснаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-т заасныг үндэслэсэн байна гэж тайлбарласан байдаг. Энэ нь Авилгатай тэмцэх газрын албан бичигт энэ талаар дурдсан байсан учраас авч хэрэглэсэн заалт юм байна лээ. Энэ ажлаас халах тушаалыг манай хүний нөөц даргатай ярилцаж байж гаргасан тушаал юм байна лээ. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т барьсан талаар мөн үндэслэл дурдсан байсан. Надад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж бичсэн байсан. Э.”““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хайгаад олоогүй. Энэ талаар тодруулахад тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй учраас тодруулж чадаагүй хувийн хэрэгт байгаагүй. Хаа байгаа нь тодорхойгүй байна. Ер нь бол хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан. Авилгатай тэмцэх газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг 2017 он, 2018 онд 2 жил дараалан хөрөнгө орлогоо мэдүүлээгүй учраас зөрчлийг давтан гаргасан байна гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлага бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т Засаг дарга нь томилж чөлөөлөх гэсэн заал байна халах гэж заагаагүй байна гэсэн байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд бусад хуульд зааснаар зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан. Авилгатай тэмцэх газраас буюу Эрх бүхий байгууллагаас шаардсан учраас хуулийн хүрээнд арга хэмжээ ногдуулсан тийм учраас Төв аймгийн Засаг даргын ажлаас халах тухай тушаал үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.”““ Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан байна. /хх1-2/
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч Э.”““ нь тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгохоос бусад шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгч Э.”““ын Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан дээр дурдсан нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.”““ нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын А000213760 дугаар дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх 1-2, 5-7/,
Ажил олгогч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь ажилтан Э.”““ыг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/55 дугаар Э.”““ыг ажлаас халах тухай тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 13 дугаар зүйлийн 13.8.4-д заасныг үндэслэн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө , орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн хүний нэр дээрх мэдүүлээгүй хөрөнгийн дүн нь түүний жилийн цалингийн дүн 13.3 сая төгрөгөөс илт их байгаа зөрчил нь Авилгатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар нотлогдож байх тул гэж үндэслэлээ зааж аймгийн засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлжээ. /хх 9/
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ...нягтлан бодогч Э.”““ нь 2017, 2018 ону хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлж Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг зөрчсөн тул Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д зааснаар хариуцлага тооцож, хариу ирүүлэх талаар дурдсан. Энэ албан бичгийн дагуу аймгийн засаг даргын тамгын 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн б/47 тоот тушаал гаргаж, Э.”““д албан тушаалын нэг сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Гэтэл Авилгатай тэмцэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/7345 албан бичгээр Э.”““д Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д заасны дагуу хариуцлага тооцож хариу ирүүлэх талаар шаардсан тул аймгийн засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/54 тоот тушаалаар Э.”““д өмнө нь сахилгын хариуцлага тооцсон 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн б/47 тоот тушаалаа хүчингүй болгосон. Мөн аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн б/55 тоот тушаалаар Э.”““д Авилгын эсрэг хуулийн 13.8.4-т заасны дагуу хариуцлага тооцож, үүрэгт ажлаас халсан болно гэж тайлбарлаж байна.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Э.”““ыг нягтлан бодогчоор томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохоо тайлбарлаж, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч талаас Авилгатай тэмцэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05/73445 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичиг, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, тайлбар гаргуулан авсан тухай тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 05/6151 дугаар Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичиг, Э.”““ын ХАСХОМ-ийн харьцуулалт, хяналтын бүртгэл, Хадгаламж, карт, харилцах данснуудын товчоо, Иргэний лавлагаа мэдээлэл, Хуулийн этгээдийн лавлагаа мэдээлэл, Тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл, Эд хөрөнгийн лавлагаа мэдээлэл, 2016, 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Аймгийн засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Э.”““д сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн б/47 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаал зэргийг хуулбарлан гаргаж өгсөн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хэлбэрийн шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадсангүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаараа цуцлахдаа мөн зүйлд нэрлэн заасан үндэслэлүүдийг бий болгохыг шаардах бөгөөд Э.”““ыг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэхдээ мөн хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заасан ба Авилгын эсрэг хууль зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэл хуульчлагдаагүй байна.
Иймд хуульд нийцэхгүй ажил олгогчийн шийдвэр нь хууль бус байх тул нэхэмжлэгч Э.”““ыг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Э.”““ыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас гаргаж Э.”““д буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ