Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/65

 

 

 

 

 

 

  2021             1              12                                          2021/ДШМ/65

 

 

М.Г, Ш.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

хохирогч, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

            хохирогч, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Ш.Гийн гаргасан давж заалдах гомдлоор гомдлоор М.Г, Ш.Г нарт холбогдох 1908031990996 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн М-ын Г, 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник, гагнуурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД:/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

2. Б овгийн Ш-ийн Г, 1972 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх барих, бага эмчийн мэргэжилтэй, хувиараа үсчин, гоо сайхны газар ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод иргэн Ш.Гтэй “...манай найзыг хаяад гадуур хонож буудлаар явлаа...” гэх шалтгаанаар түүний хоолойг гараараа боож, нүүр, толгойн тус газруудад нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод иргэн М.Гтай “...чи хогийн цэг дээр архи уудаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний цээж, гэдэс, гар тус газруудад нь хумсаараа маажиж, гараараа цохиж, зодон, эрүүл мэндэд нь “...цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Г, Ш.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бөхтө овгийн Мөнхбаатарын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Шархүүгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд, М.Гад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.Г нь хохирогч М.Гад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 80.505 төгрөг гаргуулж хохирогч Ш.Гт олгож, хохирогч М.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                           

Хохирогч, шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарахад М.Г миний гарыг өчин боож унагаан тархи руу цохиж шүд хугалан уруулын дотор талыг гэмтээсэн бөгөөд ухаан муужрах мөчид амь тэмцэлдэн дороос нь эсэргүүцэн гарч ирсэн. М.Г нь “цээж маажлаа” хэмээн дахин миний гарыг өчин боож унагахдаа мөрийг минь мулталж эхнэр Пүрэвцэцэг нь салгаж, би зугтаан гарч цагдаад хандсан. Энэхүү байдлаас өөрийгөө дахин гэмтэхээс сэргийлж тэмцэлдэж дороос нь гарсныг аргагүй хамгаалалт гэж тооцоогүйд гомдолтой байна. Мөн миний эмчлүүлсэн зардлыг нэхэмжилсэн баримтууд болох 1.130.465 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд маш их их гомдолтой байна. Энэхүү гомдлыг хангаж өгнө үү” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Н.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь, хэргийн материалаас үзэхэд Ш.Г нь анхнаасаа гэм буруугүй болох нь харагддаг. Энэ хэргийн улмаас Ш.Г хохирч гэмтсэн. Учирсан хохирлын зардлыг нэхэмжилж байгаа талаар хэргийн 105-111 дэх талд авагдсан. Тухайн үед Ш.Г маргаан үүсгээгүй, М.Г гарыг нь мушгиснаас болж үүссэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хэргийг зүйлчлэх боломжтой байсан гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ш.Гийн нэхэмжилж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Г “түүнийг дороос нь маажсан” гэж байгаа боловч би дээрээс нь дарчихсан байхад Ш.Г эргэж хараад маажна гэж байхгүй” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. М.Гын эмчилгээний зардлыг Ш.Гээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. М.Г 1.100.000 төгрөгийн торгох ял шийтгүүлснийг багасгаж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, 7582 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Гын биед олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Гэрч Пүрэвцэцэг, Базархүү нарын мэдүүлгээр М.Гын цээж рүү хумсаараа маажих гээд байхаар нь гарыг нь өчсөн гэдэг тул Ш.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжгүй. Ш.Г өөрөө хүнийг маажих гэж довтолсон байдаг болохоос М.Гын довтолгооныг няцаасан үйл баримт тогтоогддоггүй. Мөн хохирогч, шүүгдэгч  Ш.Г хохирлын мөнгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, 1.330.000 төгрөгийг авах саналтай байна гэж байна. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Ш.Гийн гомдлоор дахин шинжээч томилж 7582, 7216 дугаартай шинжээчийн дүгнэлт тус тус гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайн үед Ш.Гийн мөр мултарч, шүд унасан гэх асуудал тогтоогдоогүй байна гэхэд Ш.Г уг дүгнэлттэй танилцаад санал нийлж, гомдол, саналгүйгээ илэрхийлж шүүхэд шилжсэн. Улмаар шүүх Ш.Гийн мөр мултарч, шүд унасан гэх асуудал тогтоогдоогүй учир түүний гаргаж өгсөн хохирлын баримт нь үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгайд зуслангийн байшинд байхдаа иргэн Ш.Гтэй “...манай найзыг хаяад гадуур хонож буудлаар явлаа...” гэх шалтгаанаар түүний хоолойг гараараа боож, нүүр, толгойн тус газруудад нь цохиж зодон, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Гийн “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам дахь лагерын байшинд очсон. ...Гыг “гэртээ хоноогүй” гээд Пүрэвцэцэг тэр хоёрыг маргалдаад байхаар нь би Гыг өмөөрөөд “наадах чинь эрэгтэй найзындаа очиж хоносон байсан, би өөрөө очиж авсан” гээд худлаа хэлсэн. Удалгүй Базарпүрэв санаа нь зовсондоо “чи өөрөө намайг орхиод буудлаар явдаг биз дээ" гэж хэлсэн чинь Г босож ирээд “чи муу миний найзыг хаяж явдаг хэн бэ” гэж хэлээд миний зүүн гарыг мушгиж нурууны ард өчиж дараад, нөгөө гараараа миний ам, толгой хэсэгт цохихоор нь би “болиоч” гэсэн чинь Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. ...” /1хх 25-27/,

гэрч Б.Базарпүрэвийн “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвцэцэг, Г нартай ярилцаад салхинд гарахаар болсон. ...Г явлаа гээд босох үед байшингийн буланд Г явуулахгүй гэж барьцалдаад авах шиг болсон. Би Гийг согтоод орилоод байхаар нь Г явуулахгүй гээд газар дараад байж байгаа юм байх, хэсэг хугацааны дараа тайвшрах байлгүй гэж бодоод сууж байгаад босох гэхэд Пүрэвцэцэг надад хандан “чи наанаа сууж бай, Ганбаа зохицуулчих байх” гэхээр нь би хараад сууж байсан. Г, Г хоёрын ноцолдож байсан газар лааны сүүдэр тусаад, яг юу болоод байгаа нь харагдахгүй байсан. Тэгэхэд Г Гийн дээрээс нь дарсан харагдаж байсан. ...” /1хх 147-148/,

гэрч Г.Сугарсүрэнгийн “...шөнө 03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад гар утас олон дахин дугарахаар нь би сэрсэн. Тухайн дуудлагыг авахад ээж Г уйлчихсан, ээж нь зодуулчихлаа гэсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад Цэцэгээ эгчийнх нь нөхөрт зодуулчихлаа гэж хэлсэн. ...” /1хх 154-155/,

гэрч С.Бямбаагийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг 24 цагаар гүйцэтгэх хугацаанд шөнө 03 цагийн үед “найзын нөхөр намайг зодоод, шүд, гар хугалчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам руу очиж шалгасан. Тухайн үед дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй Г намайг зодчихлоо гэж хэлсэн. ...” /1хх 161-162/,

Шинжээч эмч О.Болорын “...Ш.Гийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1хх 221-220/ гэх мэдүүлгүүд,

“...Ш.Гийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7216 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 30/,

“Ш.Гийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогджээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 867 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 241-243/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 229-230/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгайд зуслангийн байшинд байхдаа иргэн М.Гтай “...чи хогийн цэг дээр архи уудаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний цээж, гэдэс, гар тус газруудад нь хумсаараа маажиж, цохиж, зодон, эрүүл мэндэд нь “...цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Гын “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 1-4 тоот өөрийн гэртээ эхнэр Пүрэвцэцэгийн хамт байж байхад гэр бүлийн найзууд болох Базарпүрэв залгаад “хөдөө зуслангийн байшин руу явах гэж байгаа, хамт салхинд гаръя” гээд 17 цагийн үед Базарпүрэв эхнэр Гийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд бид тус тусын машинаар явсан. ...Г над руу дайраад “чи өөрөө хогийн цэг дээр архи уудаг биз дээ, би чамайг очиж авч байсан” гээд хэрүүл улам даамжирсан. Г босож ирээд “чамаас болж Базарпүрэв намайг зодлоо” гээд дайрч, фудволк ураад, цээж, хүзүү маажсан. ...” /1хх 16-18/,

гэрч Я.Пүрэвцэцэгийн “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Базарпүрэв эхнэр Гийн хамт манайд ирсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах зуслангийн байшинд очсон. ...Г босч ирээд Г руу дайраад цээжийг нь хумсаараа маажиж, нүүр рүү нь маажих гэж дайраад байхаар нь Г гарыг нь ард нь өчөөд доош дарсан. Г “чи энэ найзыгаа хараач, миний хамаг биеийг маажчихлаа, зүгээр зогсож байгаад нүүрээ маажуулах юм уу” гэсэн. ...” /1хх 46-50/,

шүүгдэгч Ш.Гийн яллагдагчаар өгсөн “...Г босч ирээд чи муу яахаараа миний найзыг хаяж буудалд хонодог юм гээд миний зуүн гарыг мушгиад нурууны ард өчиж дараад, нөгөө гараараа миний ам руу цохиод, мөн толгой хэсэгт цохиж авахаар нь би болиоч гэсэн чинь Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. Би Гын гарыг салгах гээд баруун гараараа Гын цээжнээс самардан, хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан чинь Г миний цээжийг мааждаг хэн юм бэ гээд миний зүүн гарыг дахин мушгиад миний зүүн мөрийг мулталчихсан. Г миний гарыг дээш нь өргөөд зүүн мөрийг буцааж оруулсан. ...Шинжээчийн дүгнэлтээр М.Гын биед учирсан цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт бүхий гэмтлийг би гараараа маажиж учруулсан. ...Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй. ...” /1хх 204-205/,

“...М.Гын биед цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй ,баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7582 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 35/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 7-10/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Г, Ш.Г нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч М.Г, Ш.Г нар 2020 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцааны явцад хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас бие биедээ буюу Ш.Гийн эрүүл мэндэд  “...тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, М.Гын эрүүл мэндэд  “...цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

Хохирогч, шүүгдэгч Ш.Гийн “..өөрийгөө гэмтэхээс сэргийлж тэмцэлдэж дороос нь гарсныг аргагүй хамгаалалт гэж тооцоогүйд гомдолтой байна. Мөн миний эмчлүүлсэн зардлыг нэхэмжилсэн баримтууд болох 1.130.465 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд маш их их гомдолтой байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ш.Гийн үйлдлийн улмаас хохирогч М.Гын биед цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт бүхий гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 867, 7216 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч О.Болорын “...үзлэгийн үед Ш.Гийн биед шүд зовиурласан болон өвдөж байгаа талаар хэлээгүй байна. Шүд хөдөлж байсан бол үзэж үзлэгийн хэсэгт тэмдэглэх байсан. Дүгнэлтэд энэ талаар тусгагдсан зүйлгүй байна. ...” /1хх 221-220/ гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ш.Гийн биед энэ гэмт хэргийн улмаас шүдний гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сувилалд хэвтэн эмчлүүлсэн болон шүдний эмчилгээнд нэхэмжилсэн 1.130.465 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Ш.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Ш.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

 

                    ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ