| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2022/0637/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0730 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2022/0730
2022 10 04 128/ШШ2022/0730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Э*** /РД:***/
Нэхэмжлэгч: М.М*** /РД:***/
Нэхэмжлэгч: Л.Ц*** /РД:***/
Нэхэмжлэгч: Ц.Б*** /РД:***/
Нэхэмжлэгч: Л.Н*** /РД:***/
Нэхэмжлэгч: Т.Н*** /РД:***/
Нэхэмжлэгч: Ч.Б*** /РД:***/
Нэхэмжлэгч Ч.Б***ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л***ийн Б*** /РД:***/
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*** нарын хоорондын гарааш албадан буулгасантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э***, Л.Н***, Ц.Б***, нэхэмжлэгч Ч.Б***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л**** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э*** нарын 7 иргэнээс анх 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийг хүчингүй болгож, гараашийг буулгасан тохиолдолд Баянгол дүүргийн Засаг даргаас нөхөн төлбөр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлж, маргаж байна.
2. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 18 ширхэг тоосгон гараашийг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн ашиглаж буй гараашийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэснийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэнийн гараашны хаалга дээр мэдэгдэх хуудас наах байдлаар мэдэгдэн 07 дугаар сарын 07-ний өдөр албадан буулгажээ.
3. Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэн дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар
зохион байгуулалтын албаны дээрх шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч Ц.Э**** нарын 7 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч бид Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төмөр замын ***, Замчдын *** байруудын урд байрлах СӨХ-ийн зөвшөөрөлтэй кадастрын зурагтай автомашины тоосгон гараашийг эзэмшдэг. Тухайн гараашны байрлал нь машины замаас хол, явган хүний орц гарцыг хаагаагүй, ногоон байгууламж барих талбайд байрлаагүй, ойр орчмын оршин суугчдад саад болохгүй зөвшөөрөл бүхий гарааш. Мөн тус дүүргийн газрын албаар хянан баталгаа хийлгүүлсэн ба 2009 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Э*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гараашаа нураах мэдэгдэл наасан байсан ба Газар зохион байгуулалтын алба дээр Л.Б*** ах бид хоёр очиж уулзсан байдаг. Гарааш нураах болсон шалтгаан, газар дээр юу хийх гэж байгааг, манай байрлалыг зөв заасан эсэх талаар асуухад хэн ч мэдэхгүй байсан. Мэдэгдэл наасан хүн нь ч олдоогүй. Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж дээр манай байрлал заагдаагүй байхаар нь энэ жилдээ нураахгүй нь гэж бодоод баярлаж байсан. Газрын албаны хүн нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тоот захирамжийг үзүүлсэн боловч манай байрлал заагдаагүй байсан. Энэ талаар асуухад “та миний компьютер дээр гарааш байгаа газраа заагаад өгчих” гэх тайлбар өгөөд нураах гэж байгаа гараашны байрлалаа ч мэдэхгүй байсан. Мөн нураах гэж буй үндэслэлээ үзүүл гэхээр өөр захирамжийн үндэслэл үзүүлдэг. Нураах үед шүүхэд хандсан байсан ба шүүхийн шийдвэр гараагүй тул нураахгүй гэж бодтол 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нураасан ба шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад нурааж байгааг тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний 269 дүгээр захирамжийг үзүүлсэн. Уг захирамж дээр Баянгол дүүргийн 18 ширхэг гараашийг нураана гэсэн бөгөөд ямар ч байрлал заагдаагүй байсан. Манай кадастрын зургаар 12 айлын гарааш байдаг. Газар зохион байгуулалтын албаны ажилтан н.Х*** гэх залуу ирж уулзаад “зөвшөөрөл нь удахгүй гарна” гэж хэлээд дулаан, цахилгаанд холбогдсон гараашийг 6.750.000 төгрөгөөр буюу тухайн үеийн нэг өрөө байрны үнээр худалдаж авч байсан. Би 20 жил группт хэвтэж байгаад саяхан босож ирсэн. Надад тэр мөнгө бол их мөнгө. Харин нурааж байгаа хүмүүст бага мөнгө байж магадгүй. Бид нартай уулзаж тохиролцоод улсаас тодорхой хэмжээний мөнгийг өгч болно. Миний өмчийг нурааж хормын дотор үгүй болгосон. Нэг ширхэг тоосго ч байсан миний өмч, улс газраа авч байгаа бол бид дээр нь байгаа өөрийн хөрөнгөө авна. Би үнэхээр их гомдолтой байна” гэв.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Газрын албаны ажилчид Нийслэлийн Засаг даргын нэрээ бизнес хийдэг. Манай 77 дугаар байрны хажууд баригдсан хоёр өндөр барилгын хүмүүс гараашийг авъя гэсэн. Гэтэл Газрын албаны хүмүүс дундуур нь ороод нөгөө хүмүүстэй тохирч буулгасан гэж хардаж байна. Худлаа захирамж гаргаад ажилдаа явсан хойгуур гарааш буулгасан байдаг. Бид алга дарам газрынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ, амь насаа зориулна. Шүүх биднийг хамгаалах ганц газар гэж бодож байна” гэв.
Нэхэмжлэгч Л.Н**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гарааш нураалтын үеэр тендер зарласан ба 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө тендерт шалгарсан компанийн 10-аад ажилчид ирж нураасан байдаг. Тухайн хүмүүсээс газрын албанд ажилдаг хүн байна уу? хэрэв байгаа байгаа ажлын ажлын үнэмлэхээ үзүүл гэхээр ажил дээрээ орхисон гэж хариулдаг. Тендерт ялсан компани нэг гарааш нураахад улсаас 1.500.000 төгрөг төлдөг. Зураг төслөөрөө 12 ширхэг гарааш баригдсан. Гэтэл 18 ширхэг гарааш нураана гэх тайлбарыг өгсөн. Наадмаас өмнө санхүүжилтээ авахаар улайран дайрсан. Доторх эд зүйлээ авч амжаагүй нураалгасан. Нэг өдрийн дотор л нураагаад тэгшилсэн. Уг газар дээр та нар юу барих вэ? зураг төсөл байна уу?, хүүхдийн тоглоомын талбай барих гэж байгаа бол бид зөвшөөрнө, харин барилга барина гэвэл бид зөвшөөрөхгүй. Гараашныхаа төлбөрөөс 50 хувийг нь ч гэсэн олж авах бодолтой шүүхээр явж байна” гэв.
Нэхэмжлэгч Ц.Б*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ***-*** тоотод оршин суудаг, *** номерын гараашны эзэмшигч. Төр захиргааны байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой. 2009 онд Баянгол дүүргийн Газрын албанд итгээд уг гараашийг 6.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүмүүсийн буруу үйлдлээс болж бид хохирох ёсгүй. Засаг даргын захирамжид 77 дугаар байрны өмнө байрлах 12 айлын гараашийг буулгахаар заагаагүй буюу тусгаагүй байдаг. Гараашийг буулгахдаа иргэдтэйгээ уулзаж тохиролцох ёстой гэв.
5. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн ба 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасан арга хэмжээг авч ажилласан. Дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор гаргасан дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжийн хүрээнд газар чөлөөлсөн” гэжээ.
6. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээ эзэмшдэггүй тул тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар гараашийг албадан буулгаж, нийтийн эзэмшил зам талбайг чөлөөлсөн.
Нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажилласан.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх зарчим байдаг. Төрийн шийдвэр үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэж захиргааны байгууллага үзэж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.2 дахь заалтад “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-т “газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчдийн тухайд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *** болон *** дугаар байрны дунд байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашийг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй эзэмшдэг тул Газар зохион байгуулалтын албанаас “газар чөлөөлөх тухай” мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Заасан хугацаанд газар чөлөөлөөгүй учир Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан үндэслэл журмын дагуу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албадан буулгасан. Тухайн захирамжийн үндсэн зорилго бол нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тухайн байршил, захирамж гарах болсон төлөвлөлт үндэслэл нь Газрын тухай хууль болон дахин төлөвлөлтийн барилгын нөлөөлөлд орсон. Газрын тухай хуулийн 54 дугаар зүйлийн 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдлийг өгсөн. Сонсох ажиллагаа гэдэг нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тухайн захиргааны үйл ажиллагаатай холбогдуулаад тайлбар гаргах боломжийг олгож байгаа үйл ажиллагаа юм. Мэдэгдлийг өгсөн, сонсох ажиллагааны мэдэгдэлд заасны дагуу иргэж ирж уулзсан байсан. Тийм учраас захирамж 7 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байгаа. Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч Ц.Э*** нараас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэр, үйл ажиллагааг хууль бус хэмээн маргасан. Үүнд:
1. Баянгол дүүргийн Засаг даргаас гарааш буулгах шийдвэрийг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, тухайлан хаана байрлах, хэний эзэмшиж, ашиглаж байгаа 18 гараашийг буулгаж буй нь тодорхой бус, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй,
2. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хаана, ямар байршилд байх гараашийг буулгах нь тодорхойгүй Засаг даргын шийдвэрийг үндэслэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлсээр байхад бидний гараашийг буулгасан нь хууль бус байсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Анх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн 7 гараашны хаалганд газар чөлөөлөх тухай “мэдэгдэх хуудас”-ыг наасан. Мэдэгдэх хуудасны дагуу нэхэмжлэгч нараас дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан тодруулахад Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн дагуу газар чөлөөлөх ажиллагаа хийж байгаа болохыг мэдэгдэж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарт хуулбарлан өгсөн. Улмаар нэхэмжлэгч нараас дээрх захирамжтай холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийг хүчингүй болгож, гараашийг буулгасан тохиолдолд Баянгол дүүргийн Засаг даргаас нөхөн төлбөр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөр тогтоох тухай актууд, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр авто гарааш зориулалтаар ашиглах, эзэмших эдэлбэр газрын экспликаци зурган мэдээллүүд, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудаснууд болон холбогдох бусад баримтаар,
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5447 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсний дараа хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нарын гараашны хаалганд “гарааш... 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг наан, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулан ирүүлсэнтэй холбогдуулан шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5857 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдөр хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарын гараашийг албадан буулгасан.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа дахин “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчлөн, тодруулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий мэдэгдэх хуудас болон холбогдох бусад баримтаар,
Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас анх нэхэмжлэгч нарт хуулбарлан өгсөн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/207 дугаар захирамжийн хавсралтад дурдсан байршилд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашны газар дурдагдаагүй, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн, маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжид “... дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 18 ширхэг тоосгон гараашны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх” хэмээн дурдан, захирамжийн 5 дугаар заалтад “...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэй” хэмээн дурдсан байх боловч тухайн маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй, маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын 2022 оны А/269 захирамжийн хувийн хэрэгт “2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн огноо” бүхий “Төслийн дугаар А/318” гэсэн бичилт бүхий “Баянгол дүүргийн Засаг даргын Захирамжийн төсөлд санал авах хяналтын дагалдах хуудас”, төслөөс өөр баримт байхгүй, нэхэмжлэгч нарт тухайн маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан гомдол гаргах боломжит хугацааг олгоогүй, болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”,
24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”,
26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно",
29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” хэмээн хуульчилсан
5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/207 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байсан болохыг,
эрх бүхий этгээдээс газар албадан чөлөөлөх захирамжийг гаргаагүй байхад буюу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашны хаалганд газар чөлөөлөх мэдэгдлийг наасан хийгээд Баянгол дүүргийн Засаг даргын хуульд заасан журмыг зөрчин гаргасан захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нарын гараашны хаалганд хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас наасан газар чөлөөлөх мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн, шүүх маргаан бүхий үйл баримтын цаг хугацаа тулсан байдлыг харгалзан, шүүхээс үзүүлэх эрх зүйн хамгаалалт үр нөлөөтэй байх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Э***, М.М***,
Л.Ц***, Ц.Б***, Т.Н***, Ч.Б*** нараас Баянгол дүүргийн Засаг
дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/207 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн газар албадан чөлөөлөх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА