Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

                          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Батбаяр,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Г.Ням-Очир, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Ням-Очирт холбогдох эрүүгийн 201625032348 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ган Шагдаржав овгийн Ганболдын Ням-Очир, Төв аймаг, Алтанбулаг суманд, 1995 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Баянчандмань сум, Замт Илт 14 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НА95092418.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Г.Ням-Очир нь давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 3 давхрын 307 тоотод Dream Shop дэлгүүрт түлхүүр тааруулан нэвтрэн орж, эрэгтэй залуучуудын загварын хувцаснууд, гоёл чимэглэлийн зүйлс, цүнх, нүдний шил, бугуйн цаг, хэтэвч зэрэг эд зүйл хулгайлан авч иргэн В.Эрдэнэмөнхөд нийт 13.955.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ням-Очир мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дахин ийм хэрэг хийхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч В.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Реасе towег худалдааны төвийн 3 давхарт 307 дугаартай павилоныг 2015 оноос эхлэн бэлэн хувцас худалдаалах чиглэлээр түрээсэлж байгаа юм. Тухайн дэлгүүр дээр миний төрсөн дүү Энх-Эрдэнэ болон би өөрөө ээлжилж суудаг юм. 2016 оны 6 дугаар сараас эхэлж зарах гээд ил лангуун дээр өлгөсөн байсан бараануудаас мөн ард хураасан складны бараан дундаас бараа дутаж илт мэдэгдэж эхэлсэн. Тэр үеэс эхлээд Реасе Tower төвийн хяналтын камерыг өдрийн цагаар нь шүүж үзэхээр ямар нэгэн хүн хулгай хийж байгаа дүрс байхгүй байсан. Тэгээд нэг хэсэг ажиглая гэж бодоод 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хонконг руу бараандаа явсан. Маргааш нөгөөдрөөс нь эхнэр Ариунтуяа надруу интернэтээр холбогдож дэлгүүрт хулгай орж маш их хэмжээний бараа алдагдсан байна гэж хэлсэн. Би шууд маргааш нь Монголд дэлгүүр дээрээ ирээд Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгүүлсэн боловч гэмт хэрэг үйлдсэн хүн нь олдоогүй. 2016 оны 10 дугаар сард дахиад дэлгүүрээс 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй пүүз, гинж зэрэг эд зүйлийг алдсан. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дэлгүүр дээрээ ирэхэд хаалганы лац нь байхгүй болчихсон, дэлгүүрээс маш их хэмжээний бараа алдагдсан байсан. Тэгээд би шууд хяналтын камерыг шүүж үзэхэд манай дүү Энх-Эрдэнэ дээр ирээд байдаг байсан Ням-Очир гэдэг залуу шөнө түлхүүр тааруулж ороод дэлгүүрээс цүнх, хувцас, малгай, куртик, цаг зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлсан цүнхэн дотроо хийгээд гарч байсан. Тэгээд дахин цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Манай дэлгүүрийн хувьд бусад дэлгүүрт байдаг шиг өдөр нь гаргасан бараагаа орой нь тулгаж тоолдоггүй, касс гэж байхгүй, сард хоёр удаа гадаад улсаас бараа орж ирэх үед үлдэгдэл бараагаа тоолж, шинэ бараагаа бас тусад нь тоолдог. Үлдэгдэл барааны хувьд дэлгүүрийн ард складанд хадгалчихдаг юм. Манай дэлгүүр 3 салбар дэлгүүртэй учраас бараагаа тэр болгон өдөр бүр нарийн тооллого хийгээд байдаггүй. Өдөрт зарагдсан барааг бүртгэдэг дэвтэр байдаг боловч тэр дэвтрийг Ням-Очир хулгайлсан. Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй байна. Гадаадаас орж ирсэн бүх бараа каргогоор дамжигдан жинлэгдэж орж ирдэг учир хэдэн ширхэг бараа орж ирснийг мэдэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас бид нарт хүлээлгэн өгсөн барааны баримтыг тулгуурлан хохирлын тооцоог гаргах болно...” гэжээ /1-р хх 41-42/,

Гэрч В.Энх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би 2016 оны эхээр Реасе Тower төвийн 3 давхрын 307 дугаарын лангуун дээр манай ах Эрдэнэмөнхийн Dream shop нэртэй бэлэн хувцас болон үнэт эдлэл, цаг зэрэг зүйлс худалдаалдаг дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байх үедээ Ням-Очир гэгчтэй анх танилцсан. Ням-Очир нь дэлгүүр дээр орж ирж пүүз, оригинал чихэвч зэрэг зүйлс зардаг байсан. Манай дэлгүүрт хааяа өөрөө хүн дуудаагүй байхад сайн дураараа ирж цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд яахав андаа гээд надад хоол унд авчирч өгөөд яваад байдаг байсан. 2016 оны зунаас эхлээд манай дэлгүүрт худалдаалахаар тавьсан байсан бараанууд дундаас нэг их хэмжээгээр биш ганц хоёроор бараанууд алдагдаад байгаа нь илт мэдэгдэж эхэлсэн. Өдрийн цагаар камер шүүхээр хулгай хийж байгаа хүн харагддаггүй байсан. 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэж санаж байна. Тэр өдөр би яагаад бараа алдагдаад байгаа шалтгааныг нь мэдэх гээд дэлгүүрээс гарахдаа дэлгүүрийн бараануудаа нүдээр бүртгээд, утсан дээрээ зургийг нь аваад гарсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө ирэхэд дэлгүүрийн хаалга түгжээтэй байсан мөртлөө өмнөх өдөр нь байсан хувцаснуудаас зарим хувцас нь алдагдсан байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч тухайн үед хулгайч нь олдоогүй. Дараа нь 2016 оны 10 дугаар сард би хүнд пүүз зарах гээд өглөө эрт дэлгүүр дээрээ ирээд хойд складанд хадгалсан байсан хайрцагтай пүүзнээс нэгийг нь татаж үзэхэд хоосон хайрцаг татагдсан. Тэгэхээр нь бүх пүүзнүүдийг шалгаж үзэхэд өрж тавьсан байсан хайрцагтай пүүзнүүд дундаас 12 ширхэг пүүз, дэлгүүрийн лангуун дээр зарахаар тавьсан байсан нилээн хэдэн ширхэг гинж алга болсон бөгөөд дэлгүүр дотроо хяналтын камер байрлуулаад хаалгандаа лац хийгээд цоожны голоо солиод явсан. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө ирэхэд хаалганы лац хөдөлсөн, дэлгүүрээс маш их хэмжээний бэлэн хувцас, цүнх, куртика, зүүлт, пүүз, гутал алдагдсан байсан. Хяналтын камерын хард дискийг салгаж хулгайлсан байсан. Реасе Тоwer төвийн 3 давхрын манай дэлгүүрийн үүдний хэсэг рүү харсан хяналтын камерыг шүүхэд Г.Ням-Очир нь нүүрээ халхалж малгайтай цамц өмсөөд дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулж орон дэлгүүрийн бараануудыг зарж байсан цүнхэн дотор хийгээд боож баглаад аваад гарч байгаа бичлэг байсан. Г.Ням-Очир нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, мөн 2016 оны 10 дугаар сард миний түлхүүрийг авахдаа “гар утасны конопыг дарж асаах гэсэн юм” гэж хэлж аваад утсаа асаах шиг л болдог, тэгээд буцаагаад түлхүүрийг өгдөг байсан. Тэгтэл дэлгүүрийн түлхүүрийг ямар нэгэн хэв авдаг тусгай зүйл ашиглан хэвийг аваад буцааж түлхүүрийг өгөөд дэлгүүрийн түлхүүрийг хувьлуулаад орой нь буюу шөнийн цагаар дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулж орж хулгайн гэмт хэргээ үйлддэг байсан байна лээ. Харин сүүлийн тохиолдолд буюу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр дэлгүүрийн хаалганы голыг сольж хяналтын камер байрлуулсан талаар Ням-Очир мэдчихсэн юм. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэж санаж байна. Ням-Очир надтай хамт Эрдэнэмөнхийн машин дотор суугаад 19 дүгээр хороолол хүргүүлэх замдаа гар утсаа асаах гэсэн юм гэж худал хэлээд миний олон түлхүүрийг аваад дэлгүүрийн түлхүүрийг сугалж аваад шөнө нь хулгай хийгээд маргааш өглөө нь Dream Shop дэлгүүрийн салбар төв дээр бараа буухад хэн ч дуудаагүй байхад надруу залгаад миний хаана байгааг мэдчихсэн хүрээд ирсэн юм. Тэр үед дахиад утсаа асаах гэсэн юм гэж хэлээд миний түлхүүрийг аваад дэлгүүрийн түлхүүрийг буцааж хийгээд өгсөн байсан. Ням-Очир бид хоёрын хувьд бол тийм ч дотно харилцаатай хүн гэж хэлэхэд хэцүү тэгэхдээ бид хоёрын итгэлийг олчихсон найдвартай хүн гэж бодогдуулсан байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдээд яваад байгаа гэдгийг мэдээгүй…” гэжээ /1-р хх 44-45/.

Гэрч Х.Батчулуун мэдүүлэхдээ: “...Би тус худалдааны төвд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Нийт 3 ээлжийн жижүүртэй, ээлжиндээ ганцаараа гардаг. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг өмнөх ээлжийн жижүүр Ганзоригоос ээлж хүлээж авсны дараа 11 цагийн үед 2 цагдаа ирээд 307 тоот лангуунаас өнгөрсөн шөнө эд зүйл алдагдсан байна гээд камер шүүж үзээд 307 тоот лангуун дээр очиж шалган хурууны хээ бэхжүүлж аваад явсан. 307 тоот лангуу нь миний мэдэхээр хамтран эзэмшигч, түрээслэгч гэх 5-6 хүн байгаа. Би энэ асуудал дээр дотроосоо болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр дэлгүүр онгойхоос өмнө хаасны дараа түрээслэгч гэх янз янзын хүмүүс өрөөнөөс юм аваадахъя гэх зэргээр орж гардаг. Миний байхад хүртэл 20 орчим насны тус лангууны түрээслэгч гэх залуу 2 удаа орж ирээд цүнхтэй эд зүйл бариад гарч байсан. Тухайн үед тэр залуугаас танай дэлгүүрийг хичнээн хүн ажиллуулдаг юм бэ хэдэн түлхүүртэй юм бэ зөндөө хүн орж гарах юмаа гэж асуухад манайх 3 түлхүүртэй гэж хэлж байсан. Нилээн хэд хоногийн дараа тэр залуу бас орой дэлгүүр хаасны дараа буюу 21 цаг өнгөрч байхад ирээд цүнхтэй юм аваад гарч байсан...” гэжээ /1-р хх 104-105/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-59/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-60/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-16-22/,

43-24 УНО улсын дугаартай автомашинд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх 23-27/,

43-24 УНО улсын дугаартай автомашины гражид үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх 28-32/,

Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл /1-р хх33-34/.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 35-36/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 58/,

2016 оны 6 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 27-ыг хүртэл хугацаанд алдагдсан эд зүйлийн тооцоо /2-р хх 105-109/,

Худалдаж авсан барааны баримтууд, орчуулгын хамт /1-р хх 150-250, 2-р хх 1-95/,

Хохирогч В.Мөнх-Эрдэнэ, Э.Ариунтуяа нарын “...Хулгайд алдагдсан эд зүйлийн хохирлыг бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй. Хэргийн талаар маргах зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу...” гэх хүсэлт /2-р хх 112/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Ням-Очир нь давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 3 давхрын 307 тоотод Dream Shop дэлгүүрт түлхүүр тааруулан нэвтрэн орж, эрэгтэй залуучуудын загварын хувцаснууд, гоёл чимэглэлийн зүйлс, цүнх, нүдний шил, бугуйн цаг, хэтэвч зэрэг эд зүйл хулгайлан авч иргэн В.Эрдэнэмөнхөд нийт 13.955.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, буцаан олгосон тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ням-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Г.Ням-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ням-Очир нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Мөн шүүгдэгч Г.Ням-Очир нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ган Шагдаржав овгийн Ганболдын Ням-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ням-Очирт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ням-Очирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ням-Очирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг оршин суугаа газрын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН