Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0001

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        01             08                                               01

 

 

 

                                                                                

                         ЖДҮийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЖДҮ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК-нд холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,810,000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ЖДҮхарьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь И ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ТЭ2011/06 дугаар зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу И ХХК-нд нийт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 72 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээлээр олгосон. Гэвч зээлдэгч И ХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, 2. Алданги 41,790,000 төгрөг, 3. Нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, 4. Нийт 125,810,000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөгийг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг үндэслэн барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь 2011 оны 8 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаатай, хүүгүй, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулах үйл ажиллагаанд зориулахаар авсан байдаг бөгөөд үүнээс 16,420,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 83,580,000 төгрөгийн төлбөрийг хийгээгүй байдаг. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд 1,526 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Алдангийг зээлийн үлдэгдэл 83,580,000 төгрөгийн 50 хувиар тооцож 41,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт дүн 125,390,000 төгрөг байхад 125,810,000 төгрөг гэж зөрүүтэй бодож, алдаа гарган илүү нэхэмжилсэн 420,000 төгрөгийг хасч тооцно. Мөн төлбөрөө бэлнээр өгөхгүй тохиолдолд ямар барьцаа хөрөнгөөс гаргуулах талаар тодорхой заагаагүй байх тул зөвхөн зээлийн үлдэгдэл 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,390,000 /нэг зуун хорин таван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг И ХХК-иас гаргуулж авна гэжээ.

Хариуцагч И ХХК-ийн захирал Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК нь Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хүүгүй зээл авсан. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд Монгол Улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл бусад аймгуудад ч Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа байгуулах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд И ХХК-ийн буруу байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь бусад аймгуудад тухайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Хөдөө аж ахуйн биржүүд цаг хугацаандаа байгуулагдсан бол И ХХК ч ийм алдагдал хүлээхгүй байсан.

Иймд И ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 83,580,000 төгрөг төлнө. Харин алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 41,810,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Идэр чандмань хязгаарлагдмал хариуцлагатай компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 83,580,000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөг, алданги 41,790,000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг, нийт 125,370,000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулан ЖДҮхаръяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Идэр чандмань хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 784,800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас алдангийн төлбөр 41,790,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас олгосон төслийн зээлийн хөтөлбөрт үйл ажиллагаанд И ХХК нь оролцож 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөгийн төслийн зээл авсан бөгөөд компанийн зүгээс Хөвсгөл аймагт малын түүхий эд боловсруулах, чанарын шаардлага хангасан агуулах /склад/ байр барих үйл ажиллагааг цаг хугацаанд нь эхлүүлсэн. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл нийслэлд болон бусад аймгуудад баригдах ёстой Хөдөө аж ахуйн бирж буюу төвүүд байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани ч Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа барьж дуусгах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд манай компанийн буруу байхгүй юм. Хөдөө аж ахуйн төв бирж нийслэлд, бусад аймгуудад байгуулагдах ёстой цаг хугацаандаа байгуулагдаж, төв биржийн удирдлага дор бусад аймгууд харилцан уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдсан бол тухайн төслийн зээлийг төлөхөд саад бэрхшээл байхгүй байх байсан.

ЖДҮхарьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн төслийн хэрэгжилтэд цаг тухайд нь хяналт тавьж, шаардлага хүргүүлж зохих арга хэмжээг авсан бол И ХХК нь ийм алдагдалд хүлээхгүй, алдангийн өр төлбөрт орохгүй байх байсан. Энэ байдалд ЖДҮхарьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэрээгээр хүлээсэн хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг хянан үзэж хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ЖДҮ харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь И ХХК-иас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч И ХХК “...үндсэн зээл 83,580,000 төгрөг төлнө. Харин алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 41,810,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Зохигч нь 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, 6 жилийн хугацаатай зээлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлдүүлэгч ЖДҮхарьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал М.Баярмагнай, зээлдэгч И ХХК-ийн захирал Ч.Ц нар гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” тус тус хүлээдэг.

Хариуцагч  мөнгө зээлснээ болон алданги тооцохыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, гэрээний үүргийг гэрээний хугацаанд гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр бичгээр тохирсон байх тул хариуцагч зээлийн гэрээнээс үүссэн үүргийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй.

Хариуцагч нь “...нийслэлд болон бусад аймгуудад баригдах ёстой Хөдөө аж ахуйн бирж буюу төвүүд байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани ч Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа барьж дуусгах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон...” гэх  тайлбар гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Хариуцагч  татгалзлаа баримтаар нотлоогүй, хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн” тоолохоор заасан. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар “...гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх” тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  илүү төлсөн 28,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан  олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагч И ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа илүү төлсөн 28,790 /хорин найман мянга долоон зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Хариуцагч И ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,690 /гурван зуун ерэн таван мянга зургаан зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                                      Т.ГАНБАТ