Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 125/2016/0037/з |
Дугаар | 221/MA2017/0299 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/MA2017/0299
2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2017/0299 | Улаанбаатар хот |
“Алтайн зам” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Батболд нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Алтайн зам” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Эрдэнэбаяр, Д.Баярзаяа, Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин, Ц.Баттөр нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Алтайн зам” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Эрдэнэбаяр, Д.Баярзаяа, Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин, Ц.Баттөр нарт холбогдох “Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хянаж үзээд “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийдвэрлэж 02 тоот шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Бид Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт гарах үндэслэл буюу тухайн хяналт шалгалтыг явуулах удирдамж нь 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх дүрэм”-нд үндэслэгдэн гарсан байдаг.
Гэтэл уг дүрэм нь хяналт шалгалт явуулж байх хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тушаалаар хүчингүй болж, журам болгон өөрчлөгдөн баталсан байна. Хүчингүй болсон дүрэм, шинээр батлагдсан журамд зааснаар тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын байцаагч нь өөрчлөлт оруулах, арга хэмжээ авах бүрэн эрхтэй байх ба уг өөрчлөлттэй холбогдуулан ирээдүйд гарах эрсдэлийг Ховд аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар тооцоолж болох байсан боловч хүчингүй болгосон дүрмийг үндэслэлээ болгон хяналт шалгалтаа хийсээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 160010934 тоот актыг Ховд аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар гаргасан байна.
Дээрх нөхцөл байдлаар маргаан бүхий актыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаж байна, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр акт илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байхад анхан шатны шүүх энэ тал дээр огт тайлбар хийгээгүй, Ховд аймгийн Татварын хэлтсийн “Алтайн зам” ХК-д хийсэн татварын хяналт шалгалт нь хүчин төгөлдөр хууль ёсны удирдамжид суурилан, зохих журмынхаа дагуу явагдсан эсэхэд огт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн дан ганц актаар тогтоосон төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэхийг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн ...160010934 тоот актаар тогтоогдсон зөрчлийг өршөөлд хамруулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба .... Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх ...актаар ногдуулсан ...торгууль, ...алдангийг өршөөн хэтрүүлэх шийдвэр гаргахыг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ гэх үндэслэлээр хэргийг дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрх шүүхийн үндэслэлтэй огт хамааралгүй бөгөөд Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлснээр мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...маргаан бүхий акт гарах үндэслэл буюу тухайн хяналт шалгалтыг явуулах удирдамж нь 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх дүрэм”-д үндэслэгдэн гарсан байдаг. Гэтэл уг дүрэм нь хяналт шалгалт явуулж байх хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хүчингүй болж, журам болгон өөрчлөгдөн баталсан байна. Хүчингүй болсон дүрэм, шинээр батлагдсан журамд зааснаар тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын байцаагч нь өөрчлөлт оруулах, арга хэмжээ авах бүрэн эрхтэй байх ба уг өөрчлөлттэй холбогдуулан ирээдүйд гарах эрсдэлийг Ховд аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар тооцоолж болох байсан боловч хүчингүй болгосон дүрмийг үндэслэлээ болгон хяналт шалгалтаа хийсээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 160010934 тоот актыг Ховд аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар гаргасан байна” гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хяналт шалгалтыг 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх дүрэм” үйлчилж байх хугацаанд явуулж эхэлсэн нь хууль зөрчөөгүй байна. Тухайн хяналт шалгалтыг явагдаж байх хугацаанд дүрэм нь журам болж өөрчлөгдсөнөөс болж уг хяналт шалгалтыг явуулахгүй байх, зогсоох үр дагавар үүсэхээргүй байжээ. Түүнчлэн давж заалдах гомдолд дурдсан “ирээдүйд гарах эрсдэл” гэж чухам юуг хэлж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчид эрсдэл учирсан гэж дүгнэхээр нөхцөл байдал үүсээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэхээр заагаагүй бөгөөд зарчмын хувьд акт үйлчилж эхэлснээс хойш гарч байгаа аливаа захиргааны актад дээрх хуульд заасан хязгаарлалт, шалгуур үйлчлэх ёстой.
Давж заалдах гомдолд “маргаан бүхий актыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаж байна, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр акт илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байхад ... актаар тогтоосон төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэхийг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын улсын байцаагчийн ...160010934 тоот актаар тогтоогдсон зөрчлийг өршөөлд хамруулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан... гэдгээр үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой” гэжээ.
Тухайн захаиргааны актыг гаргаж байх үед буюу 2014 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуульд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл зэрэг нь тусгагдсан байсан. Нөгөө талаас нь авч үзэхэд уг акт хууль ёсны болохыг тогтоож, улмаар торгууль, алдангийг нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна. Хэдийгээр энэ шат шатны шүүхийн шийдвэрээр дан ганц өршөөлд хамруулах асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа боловч шийдвэр, магадлал, тогтоолын агуулга нь нөхөн татварыг төлөх үүрэгтэй, харин торгууль алдангийг өршөөлд хамруулъя гэсэн агуулга байгаа болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Алтайн зам” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР