| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/556 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа
Улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/
Шүүгдэгч М.О*********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********-ын ***********-д холбогдох эрүүгийн 2411014440898 дугаар хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, 3* настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо *********** тоотод оршин суудаг, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201* оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 10.450.000 төгрөгөөр торгох ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202* оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 7 сар 02 хоногийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202* оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202* оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,
*********** овогт***********-ын *********** /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч байсан ***********-ийг “2 өдөр гэртээ хоноогүй байна. Чи хэнтэй хоносон юм бэ?” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ***********-ийг нүүр рүү нь гараараа цохиж, уртасгагчийн залгуураар ороолгож, зүүн өгзөг, гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн дал, зүүн гарын бугалга, зүүн тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хохирогч *********** мэдүүлэг /хх-ийн 7-13 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33 дугаар тал/, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6745 дугаар дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр “Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 56 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар, гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Н-22/59 дүгээр албан тоот /хх-ийн 179-180 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч байсан *********** “2 өдөр гэртээ хоноогүй байна. Чи хэнтэй хоносон юм бэ?” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, *********** нүүр рүү нь гараараа цохиж, уртасгагчийн залгуураар ороолгож, зүүн өгзөг, гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн дал, зүүн гарын бугалга, зүүн тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********** өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн *********** тоотод унтах гээд байж байтал гэрийн хаалгыг миний хамтран амьдрагч байсан *********** нь тогшиж нүдээд байхаар нь хаалгаа тайлаагүй юм. Гэтэл цонхны доор ирээд цонх нүдээд байхаар нь хартал доогуураа шорттой, дээгүүрээ хүрэн бор өнгийн бүтээлэг нөмөрсөн байсан. “Би өргөө кино театр дээр машинтайгаа явж байгаад осол хийчихлээ, хамт очоод ирье” гээд байхаар нь “бас өмд гаргаад өгөөч” гэж хэлээд би өөрийнхөө өмдийг авч гартал байрны баруун талд хар хөх өнгийн *********** улсын дугаартай жижиг тэргээ асаалттай байрлуулсан байхаар нь жолоочийн эсрэг талд буюу баруун урд талд нь суугаад хорооллын өргөө рүү хөдөлж эхэлсэн. Өргөө дээр очиход зам дээр юу ч байгаагүй болохоор *********** “зурагтад очиж машинаа солих хэрэгтэй байна” гээд зурагтын ойролцоо үндэсний телевизийн баруун эргээд *********** дугаар цэцэрлэг өнгөрөөд, цагаан худаг өнгөрөөд *********** тоот ногоон өнгийн хашааны хаалгатай жижиг хаалга нь саарал өнгөтэй хашаа руу 23 цагийн үед очоод хашаа руугаа оруулаад л намайг нүүрний баруун, нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, миний хоолойноос боогоод байсан тул би эсэргүүцээд машиных нь салхины шилийг хөлөөрөө жийгээд хагалсан юм. Машинаасаа буулгаад өөрийнхөө нөмөрч байсан бүтээлгээрээ хоолой боож байгаад 1 давхар модон байшин руугаа чирч оруулаад хаалгаа түгжиж байгаад “намайг гэрээсээ өөр газар 2 хоносон байна. Чи хэнтэй хоносноо хэлэх юм бол зодохгүй” гэж хэлээд над руу орилж дайраад уурлаад уртасгагчийн утсаар миний зүүн талын хөл гар руу маш олон удаа ороолгож цохиж зодсон. *********** нь намайг үүрийн 4 цаг хүртэл зодсон. Мөн хашаандаа байдаг хяналтын камераар утсаараа бүгдийг хардаг тул камераа янзлаад байсан. Ингэсээр байтал өглөөний 10 цаг хүртэл байсан. Намайг *********** нь оройны 19 цагт машинтайгаа ирж гэрийн гадаа буулгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-13 дугаар тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33 дугаар тал/,
Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********** өгсөн: “Мөн найзуудтай нь явж байхад хутга тулгаад авч яваад буудалд 1 сар хорьж, зодож байсан. *********** нь гэрийн гадаа ямар ч хамаагүй машинтай ирээд ажиглаж байгаад нөхөр бид хоёрыг ажилд явсны дараа цонх нүдээд орилж хашхираад гарч ир гээд байдаг *********** 7 сартай жирэмсэн байхад нь зодож үүний улмаас 2 ихэр хүүхэд нь дутуу төрж байсан. 2024 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 12 цаг өнгөрч байхад манай охин Солонго гэртээ байж байхад *********** тагтны цонх нүдээд гарч ир гэж орилж хашхираад, гарч ирэхгүй бол ална шүү гэж заналхийлээд байхаар нь манай охин гэрээс гарахад машиндаа суулгаад өөрөөсөө холдуулахгүй телевизэд нэг хашаа байшинд оруулаад шөнөжин уртасгагчийн залгуураар бүх биеийг нь ороолгож зодож хөл, гар, нүүрийн хөх няц, болтол зодож хоолойг нь боож 24 цаг зодчихоод цагдаад хэлэх юм бол ална шүү гээд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагт охин гэртээ ирсэн байсан. Тэгээд намайг ажил дээр байхад охин *********** залгаад *********** намайг шөнөжин зодлоо ээжээ би арай гэж амьд гарч ирлээ гэж уйлсан. Гэртээ ирээд биеийг нь хартал хүн харахын эцэсгүй, гар хөл нь бүхэлдээ улаан эрээн, хөхөрч хавдсан, хөл дээрээ зогсож чадахгүй, хүзүү нүүр нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ үйлдэл нь нэг удаагийнх биш удаа дараагийнх болж байгаа тул цаашид *********** манай охиноос хол байлгуулж, дахин бие махбодод халдаж, заналхийлэхгүй болгож өгнө үү. Өмнө нь Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газруудад охин *********** зодсон асуудлаар удаа дараа цагдаад хандаж байсан боловч нэг ч удаа шүүхээр шийдвэрлүүлж байгаагүй. Одоо он саруудыг нь сайн санахгүй байна. Миний зүгээс ганц охиныг маань зодож ална гэж заналхийлж, цаашлаад амь насанд нь хүрэх вий гэж айж байна. Иймд маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-13 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6745 дугаар:
1. *********** биед зүүн өвдөг, гуя зүүн шилбэ, зүүн өвдөг, зүүн дал, зүүн гарын бугалга, зүүн тохой, шуу, сарвуунд цус хуралт баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/,
2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр “Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 56 дугаар тал/,
Цагдаагийн ерөнхий газар, гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Н-22/59 дүгээр албан тоот /хх-ийн 179-180 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир нь “*********** биед зүүн өвдөг, гуя зүүн шилбэ, зүүн өвдөг, зүүн дал, зүүн гарын бугалга, зүүн тохой, шуу, сарвуунд цус хуралт баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т “... гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг.”
3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс харвал тэд албан ёсны гэр бүл биш ч тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээн хамтран амьдардаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Харгис хэрцгий хандах гэдэг нь гэм буруутай этгээдээс: “... хохирогчтой байнга өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр хандахыг” ойлгох бөгөөд энэ нь хэр хэмжээний хувьд өргөн ойлголт, үнэлэмжийг өөртөө багтаана. Өөрөөр хэлбэл хохирогчид сэтгэл зүйн болон биеийн хүнд дарамт учруулсан байхыг ойлгох бөгөөд үүн дотроо зодох, тарчлаах, доромжлох, хоол, хүнс, ус, унд болон амьжиргаа, эмнэлгийн тусламжаар нь салгах, хүнд хөдөлмөрөөр дарамтлах, орон байрнаас нь хөөх, мөрдөн мөшгөх зэрэг шууд чиглэсэн гэм буруутай санаатай үйлдлүүд хамаарна.
Шүүгдэгч *********** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *********** нүүр рүү нь гараараа цохиж, уртасгагчийн залгуураар ороолгож, зүүн өгзөг, гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн дал, зүүн гарын бугалга, зүүн тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч *********** үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,
513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч *********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *********** нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч *********** нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч *********** ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /450.000-28*15.000=30.0000/ түүний эдлэх ялыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр тогтов.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон 28 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч *********** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********-ын ***********-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч ***********-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********-ы цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /450.000-28*15.000=30.0000/ түүний эдлэх ялыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 /гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *********** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Э.ЧИНГИС