2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар  2025/ШЦТ/253  

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч П.*********, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2403002300409 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, удирдлагын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *********, 1726 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ийн ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.********* нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Янгир дэлгүүрийн замд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 43 минутад Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9-д уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд чигээрээ явж байсан мотоциклтой мөргөлдөж, жолооч Т.*********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч П.*********: “...Тухайн хэрэг гарсан өдөр би эхнэрээ автобусны буудал хүргэж өгөх гээд явж байхдаа автобусны буудлын наагуур эргэхдээ өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг зүүн гар тийшээ эргэхдээ хараагүй, эсрэг замаас мотоцикл гэнэт гарч ирсний улмаас мөргөсөн үйлдэл болсон. Би тухайн үед иргэний үүргээ биелүүлж, эмнэлэгт хүргэж өгч, цагдаад дуудлага өгсөн. Энэ нь миний өөрийн болгоомжгүй үйлдлээс болсон. Би хохирогчид өөрт байгаа бүх боломжоороо тусалж эмчилгээний зардал, эмнэлэгт үзүүлэх, эмнэлэг хүргэж өгөх, авах зэрэгт нь тусалж байсан. Хохирогч надаас утасны төлбөр, баяр болж байна гэх зэргээр олон удаагийн давтамжтайгаар мөнгө асууж би түүнийг нь чадахаараа төлж байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Т.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед өөрийн мотоциклоо унаад нисэхийн эцсээс замаар урагшаа яваад 7 дугаар сургуулийн баруун талын засмал зам дээр явж байтал гэнэт өөдөөс ирж байсан цагаан өнгийн машин урдуур дараад зогссон, тэгээд би шууд тормос гишгээд очоод мөргөсөн. Би машин дээгүүр даваад хөлөөрөө засмал зам дээр унасан. Машинаасаа нэг эмэгтэй бууж ирээд миний бие байдлыг асуугаад түргэн дуудсан, удалгүй түргэн ирээд намайг аваад гэмтэл ороод би гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтсэн, эмнэлгээс гараад гэртээ байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан, би машин дотор хэдэн хүн сууж явсан талаар мэдэхгүй байна. Ослын улмаас миний биед хөлийн баруун дунд чөмөгний толгой хугарсан, мөн зүүн гар бугуйгаараа мултарсан ба хугарсан, өөр надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Тухайн мотоциклыг манай ах шинээр худалдаж аваад хөдөө гэр бүлийн хэрэгцээнд унадаг байсан, тэгээд би хөдөөнөөс авчраад унаж байгаа, бичиг баримт болон улсын дугааргүй. Хөдөө ямар нэгэн бичиг баримт болон улсын дугааргүй унаж байсан миний мотоцикл. Надад эмчилгээ хийлгэх мөнгө 750,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Би мотоциклын үнэлгээ хийлгээд үнэлгээгээр гарсан мөнгө болон ажилгүй байсан хугацааны мөнгө өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,

 

Гэрч И.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ нөхрөөр машинтай нь автобусны буудал хүргүүлэх гээд суугаад хамт явж байсан, тэгээд тухайн осол болсон газрын баруун талд манай гэр байдаг, 7 дугаар сургуулийн баруун талын замаар яваад автобусны буудал орох гээд зүүн гар тийшээ манай нөхөр эргэх гэтэл таг гэсэн чимээ гарсан, тэгээд би тухайн үед замын хашлага мөргөсөн гэж бодсон чинь манай нөхөр мотоциклтой хүн машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад зам дээр унасан хүүгээс зүгээр үү гэж асуугаад гэр бүлийн хүний дугаар байгаа юу гэж асуусан, надад тэр хүн ээжийнхээ дугаарыг өгсөн, тэгээд би 103 дуудсан, манай нөхөр намайг ажлаа бод, яв гэж хэлсэн, би тэндээсээ ...такси бариад гэр лүүгээ хүүхдүүд дээрээ очсон. ...Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Тухайн үед нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тухайн мотоциклтой хүнийг хараагүй. Манай нэр дээр байдаг нөхрийн машин нэг жилийн өмнө хувь хүнээс авч байсан. Би тухайн мөргөлдсөн жолоочид эмчилгээний зардал 770,000 төгрөг өгсөн...” /хавтас хэргийн 38 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Т.********* нь 2,012,841 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан байх тул ...П.*********ээс гаргуулж өгнө үү...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч П.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...08 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай автомашиныг жолоодоод Нисэхийн замд урдаас хойш чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд эсрэг урсгалд явж байсан мотоциклтой хүн миний жолоодож явсан машины баруун урд хэсэг рүү мөргөөд жолооч нь миний машин дээгүүр даваад машины зүүн талд унасан. Би машинаас буух гэхэд хаалга онгойхгүй байсан, эхнэр урд зорчигчийн суудал дээр сууж явсан болохоор түрүүлж буусан, би хаалгаа хүчтэй түлхээд буусан. Тэр хүний биеийн байдал хамраас цус гараад босож чадахгүй байсан...” /хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №5231 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.*********ын биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал, зүүн шуу, доод хэсгээр зөрүүтэй, богтос ясны гадна сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

 

- Мөн газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №2070 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд “1_07_R_202404160925364 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн title цагаар 2024-04-16 09:25:56 секундээс  2024-04-16 09:26:04 секундийн хоорондох дүрслэгдсэн мотоцикл нь “1”-“2” гэсэн цэгийн хоорондох метр зайг ойролцоогоор /69.5-74.4/ км/цаг хурдтайгаар туулсан гэж тооцоологдож байна. Жич: Шинжээчийн 2070 дугаартай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, “Осол” гэсэн бичигтэй цагаан өнгийн дугтуйд хугарсан сиди диск 1 ширхэг, нэмэлтээр ирүүлсэн ямар нэг бичиглэлгүй, сиди дискийн цэнхэр өнгийн зориулалтын уутанд сиди 1 ширхгийг хүргүүлэв...” /хавтас хэргийн 133-137 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 890 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт 1. Жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Жолооч Т.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна...” /хавтас хэргийн 88 дахь тал/ гэсэн,

 

Техникийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/57 дугаартай дүгнэлтэд: “...Хариулт 1. Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалт буюу Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт 2. Мотоциклийн жолооч Т.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а болон в-р заалт буюу жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй. ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” 12.4-р заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хариулт 3.  Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалт мотоциклийн жолооч Т.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 12.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” /хавтас хэргийн 174-175 дахь тал/ гэсэн  дүгнэлтүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-12 дахь тал/, 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1140286771 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 24-28 дахь тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтас хэргийн 35 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 56 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 68-70 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын №1919 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 117-118 дахь тал/,

- Шүүгдэгч П.*********ийн хувийн байдалтай холбоотой гэрч Ж.*********, П.Отгонгэрэл нарын мэдүүлэг /хавтас хэргийн 110, 113 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 47 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 48 дахь тал/,  оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 40 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 91-94 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч П.********* нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Янгир дэлгүүрийн замд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 43 минутад Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн, мөн дүрмийн 10.9-д уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд чигээрээ явж байсан мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Т.*********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.*********ын: “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед өөрийн мотоциклтой гарсан, нисэхийн эцсээс замаар урагшаа яваад 7 дугаар сургуулийн баруун талын засмал зам дээр явж байтал гэнэт өөдөөс ирж байсан цагаан өнгийн машин урдуур дараад зогссон, би шууд тормос гишгэсэн боловч очиж мөргөсөн. Би машин дээгүүр давж хөлөөрөө засмал зам дээр унасан. Машинаасаа нэг эмэгтэй бууж ирээд миний бие байдлыг асуугаад түргэн дуудсан, удалгүй түргэн ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг орж, би тэнд 6 хоног хэвтээд эмнэлгээс гараад гэртээ байсан. ...Ослын улмаас миний биед баруун хөлийн дунд чөмөгний толгой хугарсан, зүүн гар бугуйгаараа мултарсан ба хугарсан. Тухайн мотоциклыг би хөдөөнөөс авчраад унаж байсан, бичиг баримт болон улсын дугааргүй, миний мотоцикл. Надад эмчилгээ хийлгэх мөнгө 750,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Би цаашид мотоциклын үнэлгээгээр тогтоосон төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалинг надад өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн, гэрч И.*********ийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ нөхрөөр машинтай нь автобусны буудал хүргүүлэх гээд суугаад хамт явж байсан, тухайн осол болсон газрын баруун талд манай гэр байдаг, 7 дугаар сургуулийн баруун талын замаар яваад автобусны буудал орох гээд зүүн гар тийш эргэх гэтэл таг гэсэн чимээ гарсан, би замын хашлага мөргөсөн гэж бодсон чинь манай нөхөр мотоциклтой хүн машин мөргөчихлөө гэсэн. ...Тухайн үед нөхөр бид хоёр явж байсан, өөр хүн байгаагүй. Тухайн мөргөлдсөн жолоочид би эмчилгээний зардал 770,000 төгрөг өгсөн...” /хавтас хэргийн 38 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч П.*********ийн: “...Өглөө 08 цагийн үед өөрийн эзэмшлийн тээврийн  хэрэгслийг жолоодоод Нисэхийн замд урдаас хойш чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд эсрэг урсгалд явж байсан мотоциклтой хүн миний жолоодож явсан машины баруун урд хэсэг рүү мөргөөд жолооч нь машин дээгүүр даваад машины зүүн талд унасан. Тэр хүний биеийн байдал хамраас цус гараад босож чадахгүй байсан...” /хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №5231 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Т.*********ын биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал, зүүн шуу, доод хэсгээр зөрүүтэй, богтос ясны гадна сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

- Мөн газрын 2024 оны №2070 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд “1_07_R_202404160925364 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн title цагаар 2024-04-16 09:25:56 секундээс  2024-04-16 09:26:04 секундийн хоорондох дүрслэгдсэн мотоцикл нь “1”-“2” гэсэн цэгийн хоорондох метр зайг ойролцоогоор /69.5-74.4/ км/цаг хурдтайгаар туулсан гэж тооцоологдож байна. Жич: Шинжээчийн 2070 дугаартай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, “Осол” гэсэн бичигтэй цагаан өнгийн дугтуйд хугарсан сиди диск 1 ширхэг, нэмэлтээр ирүүлсэн ямар нэг бичиглэлгүй, сиди дискийн цэнхэр өнгийн зориулалтын уутанд сиди 1 ширхгийг хүргүүлэв...” /хавтас хэргийн 133-137 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 890 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт 1. Жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Жолооч Т.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна...” /хавтас хэргийн 88 дахь тал/ гэсэн,

Техникийн шинжээчийн 2024 оны 08/57 дугаартай дүгнэлтэд: “...Хариулт 1. Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалт буюу уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт 2. Мотоциклийн жолооч Т.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а болон в-р заалт буюу жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй. ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” 12.4-р заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хариулт 3.  Тоёота Марк Х Зио маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалт, мотоциклийн жолооч Т.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 12.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” /хавтас хэргийн 174-175 дахь тал/ гэсэн  дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-12 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1140286771 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 24-28 дахь тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтас хэргийн 35 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 56 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 68-70 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2. Шүүгдэгч П.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.*********ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал, зүүн шуу, доод хэсгээр зөрүүтэй, богтос ясны гадна сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, мотоциклийн үнэлгээг нэхэмжилнэ гэж шүүхэд мэдэгдсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 2,012,841 төгрөгийн төлсөн байна.

 

Эрүүгийн 2403002300409  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.********* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч П.*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.********* нь хохирогч Т.*********т 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2,012,841 /хоёр сая арван хоёр мянга найман зуун дөчин нэг/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.********* нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.*********ээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

 

5. Эрүүгийн 2403002300409  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.********* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР