Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2018/02052

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2018/02052

Улаанбаатар хот

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Чимэддоржийн *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК,

 

Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Мөнх Оюу Сувд Транс ХХК нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар 280,778,975 төгрөгийг ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Ч.*******, Д.Мөнхбат нар нь тус компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчид бөгөөд компани өөрийн хөрөнгөөрөө 77 сая төгрөгийн төлбөр төлөлтийг хийж, өнөөдрийн байдлаар 203,968,975 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тайлбар хийсэн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч талд илэрхийлж, 4 ширхэг 200,000,000 төгрөгний үнэлгээтэй машин механизм санал болгосон байдаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.*******, Д.Мөнхбат нарын арилжааны банкин дахь бүх харилцах данснуудыг 203,968,975 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, хаасан хууль зөрчсөн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргаж, гомдлын хариу албан ёсоор ирээгүй байхад буюу өмнөх хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь гаргасан гомдол хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад дур мэдэн Ч.*******ы Хаан банкин дахь харилцах данснаас 2018 оны 4 дүгээр сары 16-ны өдөр 97,410,000 төгрөгийн татан авалтыг хууль бусаар хийж туүнд их хэмжээний хохирлыг учруулсан.

Шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа тайлбарлахдаа данснаас татан авалт хийхгүй, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө компанийн хөрөнгөтэй холилдсон эсэхийг тогтоохын тулд түр дансанд барилт хийсэн гэж тайлбарласан атлаа хэргийн материал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт татагдсан ямар ч материалгүй байхад ямар ажиллагаа хийж, хуульд заасны дагуу хөрөнгийг холилдсон эсэхийг яаж тогтоож, данснаас хасалт хийсэн нь ойлгомжгүй байгаа болно.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, Ч.*******д учруулсан хохирол болох 97,410,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00347 дугаар захирамжаар Мөнх Оюу Сувд Транс ХХК /РД:5474655/-иас 280,778,975 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй тул Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах хэсэгт заасны дагуу Д.Мөнхбат 50 хувь буюу 140,389,487 төгрөг, Ч.******* 50 хувь буюу 140,389,487 төгрөгийн хэмжээгээр тус тус өөрийн хөрөнгөөр хариуцахаар байх тул төлбөрийн үлдэгдэл 203,968,975 төгрөгийг төлж барагдуулахыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Мөн өдөр Д.Мөнхбат, Ч.******* нарт Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 2018 оноос хойших татварын тайлан, санхүүгийн тайлан, дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтыг тус тус ирүүлэхийг мэдэгдсэн боловч холбогдох баримтуудыг ирүүлээгүй байна.

Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17290698/178 дугаар банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж төлбөр гаргуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болнож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн компаний 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.*******, Д.Мөнхбат нарын арилжааны банк дахь бүх харилцах дансуудыг 203,968,975 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, хаасан хууль зөрчсөн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргаж, гомдлын хариу албан ёсоор ирээгүй байхад буюу өмнөх хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь гаргасан гомдолд нь хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 97,410,000 төгрөгийг дур мэдэн татан авсан гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг дурьдсан байх ба уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл эдгээр заалтад байхгүй ба мөн хуулийн 27.2-т энэ хуулийн 27.1, 27.2-т зааснаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан байна.

Шүүхийн шийдвэр байгууллага нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгчийн хувьцаа эзэмшигчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан дагуу хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө нь хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдсан эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул тодорхой баримтуудыг ирүүлэхийг хугацаа тогтоон мэдэгдсэн. Гэтэл иргэн Ч.*******, Д.Мөнхбат нараас шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэднийг компанийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө зааглаагүй гэж үзэж данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон юм.

Хэрэв эдгээр иргэд төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс хувийн эд хөрөнгөө заагласан байсан бол эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагаас татгалзах шаардлага байхгүй, бүх бичиг баримтаа гаргаж өгөөд шалгуулах боломжтой байсан.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгч данснаас татан авалт хийхгүй, хөрөнгө холилдсон эсэхийг тогтоох зорилгоор түр дансанд барилт хийсэн гэж тайлбарласан атлаа хөрөнгө холилдсон эсэхийг яаж тогтоож данснаас хасалт хийсэн нь ойлгомжгүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар данснаас татан авалт хийхгүй, хөрөнгө холилдсон эсэхийг тогтоох зорилгоор түр дансанд барилт хийсэн гэж шийдвэр гүйцэтгэгч тайлбарласан болохыг нотлох баримт байхгүй, харин эсрэгээрээ шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй бол хувийн хөрөнгөнд халдах тухай мэдэгдсэн баримт хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан мөн хөрөнгө холилдсон эсэхийг тогтоохын тулд дансанд барилт хийх ямар ч шаардлагагүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Хариуцагч нь 2018 оны 3 сарын 20-ны өдрийн мэдэгдэлдээ тогтоосон хугацаанд баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөнд халдах болохыг маш ойлгомжтой тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн ойлгомжгүй байна гэх тайлбар нь үндэслэлгүй, худал тайлбар байна.

Хариуцагчийн хийсэн ажиллагаанууд нь Монгол улсын хуулийн хүрээнд хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй, худал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах хэсэгт заасны дагуу тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Д.Мөнхбат 140,389,487 төгрөг, 50 хувийн хувьцааг эзэмшигч Ч.******* 140,389,487 төгрөгийн хэмжээгээр тус тус өөрийн хөрөнгөөр хариуцах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК дэмжсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШШ2017/00347 дугаар шийдвэрээр Мөнх Оюу Сувд Транс ХХК 280,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/5026 дугаар мэдэгдэлээр 50 хувийн хувьцааг эзэмшигч Д.Мөнхбат, 50 хувийн хувьцааг эзэмшигч Ч.******* нарт мэдэгдэлийн хугацаа дуусмагц хувь хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг, мөн тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 зааасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийг эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тотоох шаардлагатай гэж холбогдох бичиг баримтыг ирүүлэхийг шаардан тус тус мэдэгдсэн. Мөнх Оюу Сувд Транс ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр холбогдох бичиг баримтыг ирүүлэх мэдэгдэл хууль зөрчсөн гэх тайлбарыг өгч, мэдэгдэлд заагдсан бичиг баримтыг ирүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 17290698/178 дугаар төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Ч.*******ы Хаан банкин дахь харилцах данснаас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 97,410,000 төгрөгийн татан авалт хийж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 54,55,56,57 дахь тал/

 

Талууд тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй болно.

 

Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 50 хувийн хувьцааг Д.Мөнхбат, 50 хувийн хувьцааг Ч.******* нар тус тус эзэмшдэг байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх Оюу Сувд Транс ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Ч.*******ы Хаан банкин дахь харилцах данснаас татан авалт хийх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Нэг. Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

Хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө, эсхүл санхүүгийн сонирхлоор худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр л хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хөрөнгө оруулагч төлөхгүй, харин хуулийн этгээд үүнийг бүрэн хариуцах ёстой юм.

 

Энэ ч үүднээсээ хуульд хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу гарсан шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах нөхөх хариуцлага хүлээх ёсгүйг тов тодорхой заасан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан байдаг.

 

Харин гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарлаж өгсөн.

 

Энд заасан өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхээс биш эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш.

 

Энэ хэргийн тухайд Ч.*******ы оруулсан хөрөнгө нь Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн блансад тусгагдаж, тухайн компанийн нэр дээр бүртгэгдсэнээр компанийн өмч болох бөгөөд Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн бүхий л өмч, хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хувьцаа эзэмшигч Ч.*******ыг өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа гэж үзнэ.

 

Ийнхүү хувьцаа эзэмшигч Ч.*******ы хуулиар хүлээх хариуцлага нь Мөнх Оюу Сувд Транс ХХК-нд оруулсан хөрөнгөөр хязгаарлагдаж, эзэмшиж буй хувьцаанд ногдох хөрөнгөөр тодорхойлогдож байгаа тул Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоогүй өөрийн компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэлгүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.*******ы эд хөрөнгө нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу заагласан болон зааглагдаагүй талаар тогтоогоогүй байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Мөнх Оюу Сувд Транс ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Ч.*******ы  Хаан банкин дахь харилцах данснаас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 97,410,000 төгрөгийн татан авалт хийж, энэ талаар мэдэгдэлд заагдсан бичиг баримтыг ирүүлээгүй мэдэгдэлд үр дагаварыг зааж бичиг баримтыг ирүүлээгүй тохиолдолд данснаас таталт хийнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэсэн тайлбар гаргаж байгааг хуулиар өөрт олгоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Мөнх Оюу Сувд Транс ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Ч.*******ы Хаан банкин дахь харилцах данснаас 97,410,000 төгрөгийн татан авалт хийсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй... гэж заасанд нийцээгүй гэж үзнэ.

 

Нэгэнт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болох нь тогтоогдсон  тул уг тогтоолоор Ч.*******ы Хаан банкин дахь харилцах данснаас 97,410,000 төгрөгийн татан авалт хийсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас буцааж Ч.*******д олгох үндэстэй.

 

Иймээс төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоож, учирсан хохиролд 97,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан Мөнх Оюу Сувд Транс ХХК-аас төлбөр гаргуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч төлбөрт төлөх ямар ч эд хөрөнгөгүй нь тогтоогдсон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг энд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 17290698/178 дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 97,410,000 төгрөгийг гаргуулан Ч.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,200 /70,200+645,000/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 715,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 





ДАРГАЛАГЧ                             Т.НАРАНЦОГТ