| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0047/э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Ж.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Амгалан овогт ******* *******, Тайж овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2421006070034 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Амгалан овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* ******* нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газраас 9 км зайд байрлах “ ” ХХК-ийн ойролцоо хөдөө хээр тухайн тээврийн компанид оор ажилладаг үл ялих зүйлээс болж маргалдан барьцалдсан үйлдлийг таслан зогсоож байсан иргэн ******* зүүн гарын хурууг хазаж, ******* биед зүүн сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хумсны толионд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* ******* нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газраас 9 км зайд байрлах “ ” ХХК-ийн ойролцоо хөдөө хээр тухайн тээврийн компанид оор ажилладаг иргэн Д.*******ыг хуруу хазлаа гэх шалтгаанаар зодож, хохирогч ******* биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дух, баруун хацар, эрүү, цээж, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Тайж овогт ******* *******, Амгалан овогт ******* ******* нар нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас 9 км зайд байрлах “ ” ХХК-ийн ойролцоо хөдөө хээр согтуугаар үл ялих зүйлээс болж маргалдаж, Д.******* нь ******* зүүн гарын хурууг хазаж, биед нь зүүн сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хумсны толионд цус хуралт гэмтэл,
Ж.******* нь Д.*******ыг зодож, биед нь зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дух, баруун хацар, эрүү, цээж, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ******* “...буцаж явж байгаад бид хоёр хоорондоо согтуугаас болж маргалдан машинаас буугаад заамдалцаад зогсож байхад ******* дундуур орж салгах гэж байгаад бид гурав газарт унасан. Ингээд дээрээс ******* цохих гэж байгаад миний аманд гар нь орж ирэхээр нь би хазахад ******* миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
шүүгдэгч ******* “...буцаад явж байтал ******* нь д хандаж “чи дарга нарт дольдогонож гүйж байгаад шинэ машин аваа биз дээ, би сайн ” гэхэд хариуд нь “дарга нар надад шинэ машин өгсөн болохоор нь би жолоодоод явж байгаа, сайн дураараа авсан зүйл байхгүй” гэж хэлэхэд “машинаа зогсоо” гээд машин зогсоход *******, нар машинаас буусан. Ингээд хоорондоо заамдалцаад байж байхаар нь би дундуур нь ороод салгах гэж байгаад гурвуулаа газарт унасан. Энэ үед ******* миний гарыг хазахаар нь би “тавь” гэсэн чинь тавихгүй байхаар нь гараа аваад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд нэг удаа цохисон. Ингээд ******* бид хоёр салаад машинд суугаад замдаа бие биенээсээ уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
гэрч Г.ын “...Д.*******ыг унасны дараа Ж.******* толгой руу цохиж байгаа харагдсан. Машинаас гарч ирэхэд нь би хамт тэр хоёрыг салгасан. ******* ******* руу хандаж “чи яагаад зодож байгаа юм бэ” гэхэд нь Ж.******* “чи миний хурууг хазаад тавихгүй байсан биз дээ” гэхэд Д.******* “тэгвэл намайг уучлаарай” гэсэн. ******* ч гэсэн хариу уучлалт гуйгаад тухайн газраас бид 4 хөдлөөд кэмп дээрээ ирээд тэр шөнөдөө унтацгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд ажлын байр болох тээврийн ангийн кэмпийн гэрт манай тээврийн нар болох Д., Ж.*******, Д.******* нарын хамт 2 шил архи хувааж уугаад Д., Д.*******, Ж.******* нарын хамт хоолон гэрийн хажууд байдаг айлаас ус ундаа авах гээд хоолон гэр рүү бид 4 цуг яваад тухайн газарт очиход хоолон гэр дээр архи байхгүй байсан тул буцаад манай кэмп рүү явж байтал ******* руу хандан “чи дарга нарт пялдага зан гаргаж байгаад шинэ машин авч унаа биз дээ” гэхэд гэгч нь “би тийм зам гаргаж байгаагүй шүү” гээд *******ыг заамдаж аваад тэр хоёр бие биеэ заамдалцаж байгаад , ******* хоёр хоорондоо ярилцаад “бууж учраа олъё” гээд машинаас гарсан. Машины гадаа ноцолдоод байх шиг байхаар нь би салгах гээд гарахад , ******* хоёр хоорондоо өвдгөн дээрээ хагас суугаа ноцолдсон бололтой хоёр биетэйгээ маргалдаад байж байсан. намайг харахад тэр хоёрыг салгаж байсан. ******* ******* руу хандан “чи миний толгой руу цохичихлоо” гэхэд “чи ч гэсэн миний хурууг хазаа биз дээ” гээд маргалдаж байсан. бид хоёр тэр хоёрыг салгаж аваад ажил руугаа очоод гэр гэртээ орж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 620, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 632 тоот дүгнэлтүүд /хх-ийн 52-53, 55-56/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, харилцан бие биедээ төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тусламж үйлчилгээний зардалд шүүгдэгч Ж.******* нь 35,400 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амгалан овогт ******* *******, Тайж овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 35,400 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА