| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 101/2015/07056/И |
| Дугаар | 181/ШШ2019/01201 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2019/01201
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2019/01201 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 142 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Тгийн хүсэлтээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200.000.000 \хоёр зуун сая\ төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай жилийн 21.6, сарын 1.8 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар Зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд Д.Т нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна.
Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Т нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлээ төлөх хугацаа нь дууссан ч өөр банкнаас зээл авах гэсэн чинь зээл удааширч байна гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд зээлдэгч Д.Тгээс зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 300.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Тд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үнийн дүнг багасгаад 142 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болсон байгаа. 2011.10.28-ны өдөр Б.М нь Д.Ттэй уулзаад ахдаа туслаад 150 000 000 төгрөг өгөөч гэхээр нь Б.М өөрийнхөө байрыг худалдсан 200 сая төгрөг орж ирсэн байхаар нь тэрийгээ доллар болгож аваад, тэр өдөртөө доллараа солиулаад Д.Тд 150 000 000 төгрөгийг өгсөн ба өмнө нь 50 000 000 төгрөг зээлсэн байсан ингээд нийтдээ 200 000 000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд явц дундаа зээлийн гэрээ байгуулъя гэж тохиролцож, зээлийн гэрээг Б.М өөрийнхөө компанийн нэр дээр хийсэн байдаг ба тухайн үед хууль мэдэхгүй, бас гадаадад явсан байсан гэж хэлдэг. Тэгээд зээлийн гэрээний барьцаанд хариуцагч Д.Т өөрийн байрныхаа 1, 2, 3 дугаар давхаруудыг барьцаанд тавьж зээлийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээндээ хүүг тодорхой заасан ба жилийн хүү нь 21,60 хувь байхаар тохиролцож, хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч зээлийн гэрээг байгуулахаар нотариат дээр очиж өөрөө гарын үсгээ зурсан байдаг ба гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээг хуулийн этгээдийн нэрээр байгуулсан мөн гарын үсэг биш гэдэг боловч хоорондоо тохиролцсон байдаг. 2011.10.28-2013.05.28-ны хооронд гэрээгээ байгуулъя. Эхлээд зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөөд явна гэсэн байдаг бөгөөд 40 000 000 төгрөгөөр таван удаа өгөөд зээлээ төлж дуусгана гэж амаар тохиролцсон байдаг. Үүнийгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Хариуцагч мөнгө аваагүй гэж огт ярихгүй байгаа. 200 000 000 төгрөгийг авсан, тодорхой хэмжээг нь өгсөн гэж ярьдаг. Нэхэмжлэгч болохоор 50 000 000 төгрөгийг авсан, 2 000 000 төгрөгийг эхнэр нь авсан, мөн өөрийн ажилтнаар дамжуулан 5 000 000 төгрөгийг авсан гээд нийт 58 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Д.Т, Б.М хоёрын хооронд цэвэр агаар төсөл, шалны халаалттай холбоотойгоор хөрөнгө оруулагч олж авъя гэсэн тиймэрхүү харьцаанууд байсныг би үгүйсгэхгүй. Эхэндээ тэгж явж байсан. Дараа нь мөнгө хэрэгтэй боллоо, би зээлээ чөлөөлмөөр байна гэхээр нь мөнгө зээлсэн байдаг. Мөнгөний эх үүсвэрийг түрүүн дурдсан. Нэхэмжлэгчийн эхнэр Л.Азжаргалыг гэрчээр асуусан, гэрч тодорхой хэлсэн. Мөн нэхэмжлэгчийн эхнэр энэ мөнгөө хариуцагчаас удаа дараа шаардаж байснаа, эмнэлэгт хэвтэж байхдаа банкинд Д.Ттэй тааралдаад 2 000 000 төгрөг авсан талаар хэлсэн. Улмаар цагдаад хандаж, гэрээгээр халхавчлан биднийг залилчихлаа гэхэд, энэ нь иргэд хоорондын асуудал байна, манайх шалгахгүй гэж хэлээд, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. 2015.07.20-ны өдөр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнд зээлийн гэрээг хавсаргасан. Би хариуцагчийг хоёр янзаар гарын үсэг зурдаг юм байна гэж бодсон. Б.М хамтран ажиллая гэж ярьж байсан ч ашгаа яаж хуваах талаар яриагүй байдаг. Нэхэмжлэгч хариуцагчид өгсөн мөнгөө зээлсэн гэж ярьдаг. Хариуцагч талаас санхүүгийн тайланг нь гаргуулсан, энэ тайланд 200 000 000 төгрөгийн орлого орсон бичилт харагдахгүй байна. Хэрэв хөрөнгө оруулалт авсан бол компанийн дансанд орох ёстой бөгөөд санхүүгийн бүртгэлд орлого, зарлага нь тусгагдсан байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчид 200 000 000 төгрөгийг зээлсэн, түүнээсээ 58 000 000 төгрөгийг нь буцаан авсан учраас хариуцагчаас одоо үлдсэн 142 000 000 төгрөгөө гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.М нь шүүхэд хандан Д.Т надаас 200.000.000 төгрөг нэхэмжилсэн байгааг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.М нь манай компанид хувь нийлүүлэн хамтран ажиллах санал тавьсан тул бид 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Т миний бие өөрийн 100 хувийн эзэмшлийн Их эрин илч ХХК-ны 50 хувийг эзэмших эрхийг Б.Мийн нэрлүү зохих журмын дагуу шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийнхаа 50 хувийг шилжүүлсэний дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Их эрин илч ХХК-ийн ерөнхий захирал Д.Т, хөрөнгө оруулагч Б.М, нарийн бичиг Б.У, орчуулагч Г.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хурал хийж тэмдэглэл хөтөлсөн. Энэ хурлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах зорилгоор БНСАУ-тай хамтран явуулж буй халдаг шал тавих төслийг хэрэгжүүлэхэд зориулан шаардагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтлоо. Зээлийн үндсэн хэмжээ 300.000 ам доллар болно гэж шийдвэр гаргасан. Ийнхүү халдаг шал тавих төслийн хүрээнд Их эрин элч ХХК бага хэмжээний үйлдвэр барихаар ажиллаж байсан бөгөөд Б.М нь 300.000 ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон боловч хийгээгүй. Төсөл хэрэгжих нь хөрөнгө оруулалт ороогүй шалтгаанаар манайх үйлдвэрээ барьж байгуулах боломжгүй болж төсөл амжилтгүй болсон. Компаний үйл ажиллагааг хүнд байдалд хүргэчихээд Б.М компанийг орхиод гарсан. Миний бие Мягмардоржтой эрчүүдийн нэгэн адил тохиролцон бизнес эрхэлж байсан боловч бидний ажил амжилтанд хүрээгүй. Гэтэл тэрээр надаас 200.000.000 төгрөг зээлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд миний бие нь Б.Моос мөнгө зээлээгүй, Зээлийн гэрээ байгуулаагүй.
Би 2007 онд Солонгос улс руу ОУ-ын эрчим хүчний форумд оролцоод халдаг шалны системийн талаар мэдээлэл авсан. Тэгээд Солонгосын компанитай нь гэрээ байгуулсан. Тэгээд төхөөрөмжийг нь оруулж ирээд айлуудад тавьсан. Энэ нь утааны эсрэг үр дүнтэй арга байсан. Энэ нь нэгдүгээрт цахилгаан зарцуулалт бага, хоёрдугаарт айлуудын шал нь цэвэрхэн, янз бүрийн дэвсгэр дэвсээд байхгүй давуу талтай байсан юм. Тэгээд хотын захиргаатай энэ талаар яриад телевиз, радиогоор сурталчлаад явж байтал Б.Мтой онгоцонд бил үү таараад, ийм ажил хийж байгаагаа хэлэхэд, тэгвэл бид нар бас уулзъя л даа гээд сумо барилддаг н.Дашнямтай хамт манай гэрт ирсэн. Тэгээд ерөөсөө танай компанийн 50 хувийг авъя, та ямар саналтай байна гэхээр нь манай компани тэр үед гурав, дөрвөн зуугаад сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө хийгээд, Солонгосын компанитайгаа хамтраад нийтдээ цагдаагийн байгууллага, бусад эмзэг бүлгийн хүмүүс, онцгой байдал гээд олон байгууллагаас судалгаа авч, гэрээ байгуулаад, эхний ээлжид зургаан сая долларын буцалтгүй тусламжийг Солонгосоос авна. Цаашдаа утаа арилгахад 84 000 000 ам.долларын гэрээ хийсэн. Тэрийгээ УИХ-ын байгаль орчны байнгын хороо, эрүүл мэндийн яам гээд бүх газар дэмжсэн. Ингээд байж байтал Б.М, н.Дашням хоёр танай компанийн 50 хувийг авъя гэсэн юм. Тэр үед манай компани 150 000 000 төгрөгийн зээлтэй байгаа, үлдэгдэл манай тоног төхөөрөмж энэ байна гэдгээ харуулсан. Тэгээд би 2011.07.31-ний өдөр компанийнхаа 50 хувийг шилжүүлж өгсөн. Тэгээд Б.М хөрөнгө оруулалтаа хийнэ, зээл төлнө гэж хэлчихээд удаад байсан юм. Тэгээд нэг өдөр яасан бэ? гэсэн чинь 2011.10.31-нд байхаа намайг та нэг цүнхтэй хүрээд ир зээлийн чинь асуудлыг шийдээд өгье гэхээр нь би эхнэртэйгээ хамт Найман шарга дээр очсон юм. Тэр үед нэхэмжлэгч бас эхнэртэйгээ явж байсан. Тэгээд би 150 000 000 төгрөгийг нь аваад гэртээ хоёр хонуулаад Капитал банкны зээлээ төлсөн. Тэгээд чимээгүй байж байгаад 2012 онд засаг төр солигдоод, сангийн сайд нь өөрчлөгдөөд н.Батбаяр болсон. Ингээд Солонгосоос мөнгө авах гээд бүх бичиг баримт нь бэлэн болсон байсан чинь энэ үед Чингис бонд гараад, тэгсэн чинь н.Батбаяр сайд Солонгосчуудаас мөнгө авахгүй гэсэн юм. Ингээд хөрөнгө оруулалт нь хойшлоод байж байсан чинь Б.М мөнгө байна уу, мөнгө хэрэг болчихлоо гэхээр нь хамт Чоно финанс дээр очоод байраа барьцаалаад мөнгө зээлэхэд танай байр 70 000 000 төгрөг л зээлэх боломжтой байна гэхээр нь 70 000 000 төгрөг зээлээд, 58 000 000 төгрөгийг нь Б.Мид өгсөн. Бас 5 000 000 төгрөг явуулаач, би Германд явж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд Б.М би таны Их эрин элч ХХК-ийн чинь 50 хувийг буцааж өгье гээд надад бэлэглэлээр буцааж өгсөн. Тэгээд надад би таны компанийн 50 хувийг буцаагаад өгсөн юм чинь хөрөнгө оруулсан мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад одоохондоо мөнгө алга нөхцөл байдал ийм байна шүү дээ гэж хэлсэн. ББСБ-аас 70 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй аваад, тэр нь явсаар байгаад 100 гаруй сая төгрөг болсон. Дараа нь 7 хувийн хүүтэй 120 000 000 төгрөг зээлээд энэ нь бас хүү нь нэмэгдээд, дахиж 250 000 000 төгрөг аваад, ингээд тэр зээл нь явсаар байгаад 372 000 000 төгрөгийн зээл болоод, одоо байр, орон сууц бүх юм хүнд байдалд байгаа. Нэхэмжлэгч талаас намайг цагдаад өгсөн боловч эрүүгийн хэрэг үүсээгүй, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 300 000 000 төгрөг нэхэмжилсэн, дараа энэ 300 000 000 төгрөг нь 200 000 000 төгрөг болсон. Одоо 142 000 000 төргөг нэхэмжилж байна. Гэрч нь болохоор 150 000 000 төгрөг авсан гэж хэлсэн байна лээ. 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар авсан, зээлж аваагүй. Би итгээд компанийнхаа 50 хувийг шилжүүлсэн, тэгээд хөрөнгө оруулалт юу болсон талаар асуухад хүлээж бай гэж байгаад, дараа нь намайг дуудаад эхний хөрөнгө оруулалт шүү гэж хэлээд 150 000 000 төгрөг өгсөн. Ийм л үйл явдал болсон юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэж хариуцагчаас 142 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан байдаг. Нэхэмжлэгч анх хариуцагч Д.Тд холбогдуулж 2015.07.20-ны өдөр 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс өмнө 2015.02.18-ны өдөр прокурорт хандсан байдаг. Энэ хүн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хандсан ч энэ бүгд хүчингүй болсон. Нэгдүгээрт прокурорын тогтоолоор залилангийн гэмт хэрэг биш гэдэг нь тогтоогдсон. Хоёрдугаарт 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь хуурамч гэрээ гэдэг нь тогтоогдсон. Ийм байхад дахин 142 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжилж байна гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд 2011.07.31-ний өдөр анх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ хамтран ажиллах гэрээний дагуу 2011.10.28-ны өдөр 150 000 000 төгрөгийг Д.Тд өгсөн байдаг. Энэ 150 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу Их эрин элч ХХК нь Капитал банканд 150 000 000 төгрөгийн өртэй гэдгээ хэлэхэд би та нартай хамтарч ажиллаж байгаа юм чинь энэ өрийг чинь дарчихъя, өртэй байгаа нь бидний цаашдын ажилд муу гэж хэлээд 150 000 000 төгрөг өгсөн байдаг. Энэ мөнгөөр Д.Т 150 000 000 төгрөгийн зээлийг төлсөн байдаг. Зээлийн гэрээг 2011.11.28-ны өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан гэж ярьдаг. Зээлийн гэрээг яагаад хоёр жилийн хугацаатай байгуулсан гэдгийг би тооцож үзлээ. 2011.10.28-ны өдөр мөнгө зээллээ гэхэд 2014.10.28-ны өдөр мөнгө нэхэмжлэх эрхээ алдсан байдаг. Энэ нэхэмжлэх эрх хэвээр байгаа гэж харагдуулахын тулд албаар хуурамч гэрээ байгуулаад, хоёр жилийн хугацаатай гэж тусгаад, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдал харагддаг. Энэ харилцаа нь анхнаасаа зээлийн гэрээний харилцаа байгаагүй, хамтран ажиллах гэрээтэй холбогдон гарсан харилцаа байсан учраас Иргэний хуулийн 476-482 дугаар зүйлд заасан харилцаа талуудын хооронд үүссэн байдаг. Тус хуулийн 478.1-д харилцан тохиролцож, хамтран ажиллах тухайгаа талууд тохирсон байдаг. Үүний дагуу компанийнхаа үйл ажиллагаа болгоныг зөвшилцөж байсан байдаг. Иргэний хуулийн 478.5-д заасны дагуу ноцтой зөрчил үүсчихлээ гэж үзвэл зөрчил гаргасан талаа нөгөө тал нь компаниасаа гаргах эрхтэй байдаг. Гэтэл энд Иргэний хуулийн 478.5-д хамаарах зөрчил үүсээгүй. Харин улс төрийн шинжтэй буюу 2016 оны сонгуулиар нам солигдсонтой холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ хоёр хүний төлөвлөж байсан цэвэр агаартай холбоотой төсөл хэрэгжих боломжгүй болсныг Б.М мэдээд, эндээс гаръя гэдэг байдлаар компанийнхаа 50 хувийг буцаагаад Д.Тд бэлэглээд өгчихсөн. Тухайн үед 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, энэ үед бидний хөрөнгө оруулсан мөнгө усанд хаясан чулуу шиг болчихлоо одоо яах вэ? гэж ярилцаж байсан. Д.Т гуай нэгэнт бид нар хамтран ажиллаж байсан, тэр мөнгийг компанидаа үлдээсэн учраас мөнгө өгье гээд ББСБ-аас мөнгө зээлээд 58 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч байсан. Энэ үйлдэл нь хариуцагчийн хүн чанарыг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч анх 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэж байсан, өнөөдөр огт зээлийн гэрээ байгуулагдаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгчийг анх нэхэмжлэл гаргахад нь 150 000 000 төгрөг зээлээгүй, энэ бол хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгө байсан гэдэг тайлбарыг одоо хүртэл хэлж байгаа. Мөн Иргэний хуулийн 479.2-т хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж болох талаар хуульчилсан байдаг. Тухайн хүндэтгэн үзэх шалтгаан нь тэднээс шалтгаалахгүй нөхцөл байдал байсан. Тус хуулийн 479.3-т нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч 2012.01.20-ны өдөр компанийнхаа 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн нь уг хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг илэрхийлнэ. Хариуцагч надад үнэхээр мөнгө алга гэж хэлээд өөрт байсан үнэтэй тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэж өгөөд, одоо бүх асуудал дууссан гэж бодож байтал гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ 7-8 жилийн хугацаанд Д.Т гуай үнэхээр хохирсон. Зээлийн гэрээ байгуулсан гэж гүтгээд байгаа. Мөн Д.Т гуай нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр авсан хэдий ч 58 000 000 төгрөгийг 2013.04.12-ны өдөр өгсөн байдаг. Мөн Эрдэнэбатын Үй-Олон гэдэг хүнд 2014.01.28-ны 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Дараа нь 2 000 000 төгрөгийг Төрийн банкаар шилжүүлсэн, бас эхнэрт нь 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Ингээд нийт 67 сая төгрөгийг өгсөн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад 2017.12.20-ны өдөр Д.Т гуайн данснаас 6,689,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэл татаж авсан байдаг. Мөн 2017.10.13-ны өдөр 3,928,000 шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс татаж авсан байдаг ба нийтдээ 10,617,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэл Д.Тгийн данснаас татаж аваад Б.Мид өгсөн байдаг. Ингээд нийтдээ Д.Т гуай энэ 150 000 000 төгрөгтэй холбоотой гэж үзвэл нийт 77,617,000 төгрөгийг Б.Мид бодитоор өгсөн байгаа. Үүнээс гадна 1500, 2000 долларыг ямар нэгэн хар буруу санаагүйгээр өгч байсан. Үүнийгээ өгч байсан гэдгээ санадаг боловч баримт нь байхгүй учраас шүүхэд баримтаа өгч чадаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлээд байгаа 142 000 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 142 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь анх 2015 оны 07 дугаар арын 20-ны өдөр хариуцагч Д.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2015/08354 дүгээртэй Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг 140 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашбай нь 140 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба улмаар шүүхийн гүйцэтгэх хуудас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг хийж эхэлсэн байна./хх-93-95, 98-100, 142/
Тус хэргийн хариуцагч Д.Т нь Чингэлтэй дүүргийн нотариатчид холбогдуулан, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Д.Тгээс С.Нагашыбайд олгосон итгэмжлэлийг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00934 дугаартай шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Тгээс С.Нагашыбайд олгосон итгэмжлэлийг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна./хх-108-109/
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2018/09213 дугаартай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2015/08354 дүгээртэй Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ./хх-129-130/
Улмаар нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Тд холбогдуулан 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хүсэлт, нэхэмжлэлээ гаргасан байна./хх-132-143/
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, Их эрин элч ХХК-ийн 50 хувийг Д.Мягмардоржид шилжүүлж, Хамтран ажиллах гэрээ байгуулсан, халдаг шал тавих төслийн хүрээнд тус компанид 300 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсны дагуу л 150 000 000 төгрөг өгсөн нь үнэн, тиймээс зээлийн маргаан биш төлөх үндэсгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.
Хариуцагч Д.Т нь 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Моос авсан үйл баримт нь хэрэгт авагдсан Суваргын дэл ББСБ ХХК-ийн гадаад валют худалдаж авах, худалдах баримт /2-р хх-ийн 132/ болон зохигч талуудын тайлбар, мэтгэлцээнээр тогтоогддог бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь энэхүү мөнгийг авсан үйл баримтыг тайлбарлахдаа мөнгө зээлээгүй, хамтран ажиллахаар тохиролцож, Б.М хөрөнгө оруулалт хийсэн, гэтэл төсөл хэрэгжээгүй учир алдагдлыг хамтран хариуцах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч тэдгээрийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хамтран ажиллах гэрээ /хх-37-38/ байгуулагдсан байх боловч тухайн гэрээнд хөрөнгө оруулалтыг Б.М хариуцах талаар тодорхой заасан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөө заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан.
Энэхүү гэрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, талууд ямар байдлаар оролцох ёстойг, хамтран ажиллахаар тохиролцсон бол хамтран ажиллах гэрээ нь санал болон саналыг хүлээн авах гэсэн хоёр хэсэгтэй байна. Хоёроос дээш этгээд хамтран ажиллахаар тохиролцсон бол дан гэрээний санал ба түүнийг хүлээн авсан байх нь хангалтгүй, хамтран ажиллах гэж байгаа бүх этгээд хамтран ажиллах тухай хүсэлтээ илэрхийлснээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсанд тооцогддог.
Гэтэл талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-нд талуудаас хамтын хөрөнгө оруулсан хураамж, зарцуулалт, хүлээх үүргийн талаар зааж тохиролцоогүй, зөвхөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын тайлбарласан нь талуудын хооронд гэрээний гол нөхцлийг тохирсон гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь: хариуцагч талын тайлбар нь өөрсдийн байр суурийг илэрхийлэхээс, нэхэмжлэгч Б.Мийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэх баримт болохгүй.
Хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзал нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр гэрчээр асуугдсан Л.А мэдүүлэгт ...Д.Т нь 2011 оны 10 сарын 28-ны өдөр мөнгө зээлсэн. Тэр өдөр манайх Жапен тауны 4 өрөө байраа зарсан байсан мөнгө 200 000 000 төгрөг орж ирсэн. Ченжийн зах дээр Т гэдэг хүн эхнэр Б зогсож байсан. Манай хүн их хэмжээний мөнгө гаргаж ирэхээр нь ийм их мөнгөөр яах гэж байгаа юм гэсэн чинь Түмэнхүүд хүүтэй зээлж байгаа юм гэж надад хэлсэн. Тухайн үед доллар 1300 төгрөгийн ханштай байсан. 115 000 орчим доллар солиулсан. Бид нар барьцаанд тавих эд хөрөнгөө үзүүлье гээд үзүүлсэн. Бид яваад Урлан бүтээх төвийн тэнд СБД-н 6 хороо, Ногоон алим нэртэй цэцэрлэг дээр очсон. Энэ манай барилга, дээр нь өөрсдөө амьдардаг. Энэ барилгынхаа бичиг баримтыг барьцаанд тавиад зээлийн гэрээ байгуулна санаа зоволтгүй гэж хэлсэн. Мөнгө өгснөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Түмэнхүүтэй таараад мөнгөө нэхсэн, тун удахгүй зээл хөөцөлдөж байгаа, мөнгийг нь өгнө гэсэн. Надад 2 000 000 төгрөг өгсөн. 2015 оны 2 сард цагдаад өргөдөл өгсөн. 2014 онд эхнэр Болороотой нь утсаар ярихад ...хохь нь гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбараар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Иймээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч Б.М хүлээж аваагүй тул тэдний хооронд мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй юм.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Тд эхлээд 50 000 000 төгрөгийг, дараа нь 150 000 000 төгрөгийг, нийтдээ 200 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нэхэмжилж байгаа боловч 50 000 000 төгрөгийг хэдийд зээлдүүлсэн болох талаархи үйл баримтаа нэхэмжлэгч бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин 150 00 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Тгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт маргаангүй нотлогдон тогтоогдож байх тул уг харилцааг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгт хамааруулж тайлбарласан нь илүү үндэслэл бүхий байна.
Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч тал зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, зээлдүүлэгч тал зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба мөнгөн хөрөнгийг хүлээн авсан хэмжээгээр хариуцагч Д.Т 150 000 000 төгрөгийг хариуцах ба талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хариуцагчийг нийтдээ 58 000 000 төгрөг төлсөн учир төлөгдөөгүй 142 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь 58 000 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр /хх-44 дүгээр талд/ 70 000 000 төгрөгийн зээл авч байгаад төлсөн, Д.Мягмардорж, Л.Азжаргал нарын өмнөөс 1 дүгээр сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөгийг Э.Үйолон хүлээж авсан /хх-79/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт /хх-201/-аар 6 689 000 төгрөгийг, мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар 3 928 000 төгрөг, нийт 10 617 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар, гэрчээр мэдүүлсэн С.Азжаргал 2 000 000 төгрөгийг хүлээж авсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-67/-аар Б.Мийн Хаан банкны 5123002322 тоот дансаар 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийтдээ 77 617 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон тул төлөгдөөгүй үлдсэн 72 383 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар суутгаж шилжүүлсэн гэх нийт 10 617 000 төгрөгийг Б.Мид олгоогүй гэж тайлбарласан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудсанд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримтаар Д.Тгийн харилцах данснаас 2017.10.13-ны өдөр 3 928 000 төгрөгийг суутган Б.Мийн Хаан банкны 51230002322 тоот дансанд, мөн 2017.12.20-ны өдөр 6 689 000 төгрөгийг суутган, Б.Мийн Хаан банкны 51230002322 тоот дансанд 2017.12.21-ний өдөр тус тус шилжүүлсэн талаар баримт үйлдэгдсэныг шүүх үнэлж, уг мөнгийг Б.Мид олгогдсон гэж дүгнэх үндэслэл болсон болно./хх-201/
Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох анх хариуцагчид зээлдүүлсэн гэх 50 000 000 төгрөгийг хэдийд зээлдүүлсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагын хэсгээ нотолсон баримтыг, мөн хариуцагчаас нийтдээ 58 000 000 төгрөгийг л авсан өөр мөнгө аваагүй гэсэн тайлбараа,
хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн учир зээлийн гэрээний маргаан биш учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч буй үндэслэлүүдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ нэхэмжлэгч, хариуцагч талууд тус тус хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.
Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг боловч хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн Зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээллийн баримтаар хариуцагч Д.Т нь 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 70 000 000 төгрөгийн зээл аваад тус мөнгөнөөс Б.Мид 58 000 000 төгрөгийг тухайн өдрөө төлсөн гэсэн тайлбар баримт, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мийн Хаан банкны 5123002322 тоот дансанд Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2 000 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч 200 000 000 төгрөгийг Д.Тгээс шаардаж байсан болох нь Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3471 дүгээртэй Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-4/ зэргээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс, нэхэмжлэгчийн нотлогдсон нэхэмжлэлийн шаардлага 150 000 000 төгрөгөөс, төлөгдсөн 77 617 000 төгрөгийг хасаж тооцон, төлөгдөөгүй үлдсэн 72 383 000 төгрөгийг хариуцагч Д.Тгээс гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 127 617 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тгээс 72 383 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 172 617 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Д.Тгээс улсын тэмдэгтийн хураамжийн 519 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ