| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/01588/И |
| Дугаар | 142/ШШ2020/00004 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2020/00004
| 2019 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2020/00004 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин 3-9-94 тоотод оршин суух Боржигин халх овогт П А /ФМ:№№ /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М
М-ийн Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш судлаачаар 1992 оноос 1996 онд суралцаж төгссөн болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нэ, гэрч Н.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь М-ийн Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуульд 1992 онд элсэн суралцаж Англи хэлний багш судлаач гэдэг мэргэжлээр 1996 онд төгссөн. 2018-2019 онд магистрын сургалтанд 2 жил суралцаж төгстөл миний дээрх 1992-1996 онд суралцаж төгссөн бакалаврын диплом боловсролын яаманд бүртгэлгүй байх тул магистрын диплом олгогдох боломжгүй болохыг мэдсэн. Ингээд бакалаврын дипломоо бүртгүүлэхээр Боловсролын яаманд очтол таны төгссөн сургуулиас төгсөлтийн тушаал ирээгүй учраас бүртгэх ямар ч боломжгүй гэсэн. Үүний дагуу И-ийн Орхон салбартай уулзтал төгссөн тушаал гаргаагүй орхигдсон байгаа бөгөөд сургуулиас бичиг баримтуудаа авч яаман дээр очтол уг асуудлыг шүүхээр тогтоолгож ирэхээс нааш бүртгэх боломжгүй гэсэн. Иймд намайг И-ийн Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш судлаачаар 1992-1996 онд суралцаж төгссөн болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчаас болон зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1992-1996 онд Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт багш судлаач мэргэжлээр англи орос хэлний багшийн бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоож өгнө үү гэж өөрчилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр П.А Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг И-ийн Эрдэнэт сургуульд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус сургуулиас И-ийн Эрдэнэт сургуулийг төлөөлж Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч О.Н Эрдэнийг томилсон. Энэ асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус сургуулийн захиргааны зөвлөл хуралдаж, И-ийн Эрдэнэт сургуулийн захирал Док.Проф.Т.Э , сургалт оюутны албаны дарга Б. Н , хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч О.Н , захирлын туслах Т.А нарын бүрэлдэхүүнтэй комисс томилох шийдвэр гаргасан бөгөөд комиссын хүрээнд хэлэлцэн захирал Т.Э , О.Н нарыг Улаанбаатар хотод тухайн асуудлаар холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж нөхцөл байдлыг тодруулан шийдвэрлэх ажлаар явуулсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр МУБИС-ийн архивын эрхлэгч Д.Отгонцэцэгтэй уулзаж сургуулиас явуулсан албан бичгийг танилцуулахад тухайн байгууллага нь 10 жилээр материалаа Архивын ерөнхий газар хүргүүлдэг учир 1996 оны баримт байхгүй гэсэн хариу өгсөн. Мөн өдрөө Архивын ерөнхий газар очсон. Архивын ерөнхий газарт Улсын багшийн их сургуулийн захирлын 1992 оноос 1996 оны тушаалыг шүүлгэхэд П А од холбогдох баримт гараагүй тул И-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар болон Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг нартай уулзаж нөхөн тушаал гаргахаар шийдвэрлэсэн боловч И-ийн хуулийн зөвлөх М.Нармандах 1996 оны хавар хуучнаар Улсын багшийн их сургуульд харьяалагдаж байсан тул И хариуцаж нөхөн тушаал гаргах эрх зүйн үндэс байхгүй бөгөөд тухайн үед албан ёсны харъяалалтай байсан УБИС (Одоогийн МУБИС) уг асуудалд албан ёсны хариу шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Иймд П.А ын асуудлыг МУБИС-д харьяалагдах асуудал гэж үзсэн болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигин халх овогт П А нь Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш судлаачаар 1992 оноос 1996 онд суралцаж төгссөн болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчаас болон зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1992-1996 онд Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт суралцаж багш судлаач мэргэжлээр англи орос хэлний багшийн бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрдэнэт хотод Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн салбарыг 1992-1993 оны хичээлийн жилээс нээн хичээллүүлэх тухай Монгол улсын Боловсролын сайдын тушаал, Эрдэнэт хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоол 1992 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гарч оюутан элсүүлсэн байна.
Нэхэмжлэгч П.А нь Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт 1992 оноос 1996 оны хичээлийн жилд багш судлаач мэргэжлээр суралцаж байсан болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, П.А ын Улсын багшийн их сургуулийн 32 дугаартай англи-орос хэлний багшийн бакалаврын дипломын хуулбар, хавсралтын хамт, Монгол Улсын их сургууль, Эрдэнэт сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай П.А нь 1992-1996 оны хичээлийн жилд тус сургуулийг 32 дугаарын дипломтой суралцаж төгссөн нь үнэн болохыг илэрхийлсэн тодорхойлолт, Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн салбарын захирлын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Оюутан элсүүлэн сургах тухай тушаалын хуулбар, Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай Сургалтын бага бүлгүүдийг зохион байгуулах тухай тушаалын хуулбар, Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн улсын шалгалтын комиссын тогтоолын хуулбар, П.А ын 1992 оноос 1996 оны хичээлийн жилд Англи хэл заах арга зүй, Сурган хүмүүжүүлэх, Орчин цагийн орос хэл, Монголын түүх, Гүн ухаан, Улс төр судлал, Компьютер, Ерөнхий хэл шинжлэл, Орос хэл, Монголын уран зохиол, Гадаадын уран зохиол, Англи-Америкийн уран зохиол, Орон судлал, Заах арга, Сэтгэл судлал, Боловсрол судлал, Англи хэлний яриа бичиг, Орчуулгын онол, дадлага, Заах арга зүй, Бизнесийн англи хэл зэрэг хичээлүүдээр шалгалт өгч байсныг нотлох шалгалтын тогтоолуудын хуулбар, Монгол Улсын их сургууль, Эрдэнэт сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай албан тоот, 1992-1996 онд суралцаж төгссөн нийт оюутнуудын хамт олноороо авахуулсан фото зургийн цомог, төгсөлтийн зураг,
Гэрч Н.Амаржаргал, Б.Даваасүрэн нарын ...тухайн үед багшаар ажиллаж байхад анхны төгсөгч П.А нь манай сургуульд суралцаж төгссөн нь үнэн гэсэн мэдүүлэг,
Б.Баттуул, Н.Гантөгс, А.Болдоо, Х.Батцэцэг нарын П.А той хамт суралцаж байсан болохыг нотолсон тодорхойлолт, гэрчүүдийн Улсын багшийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбараар давхар батлагдаж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
П.А ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь нотариатаар гэрчлэгдсэн болон Монгол Улсын их суруулийн Эрдэнэт сургуулийн хуулбар үнэн тэмдэгтэй байх тул нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Нэхэмжлэгч П.А нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохтой холбоотойгоор хариуцагчаас татгалзсан бөгөөд Монгол улсын Гэгээрлийн яамны сайдын 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай тушаалаар Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарыг 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс И-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болгон өөрчилсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн хэлэлцүүлэгт өөрчилж, зарим шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигин халх овогт П А /ФМ:№№ /-ыг 1992 оноос 1996 оны хичээлийн жилд Улсын багшийн их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт багш судлаач мэргэжлээр суралцаж, англи-орос хэлний багшийн бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Монгол улсын их сургуулийн Эрдэнэт сургуулиас болон зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар П.А ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ