| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1326/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1371 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1371
2024 12 10 2024/ШЦТ/1371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч У.О, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа,
насанд хүрээгүй гэрч Ц.М, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Т,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Г Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 02911 3630 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймаг ............ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, _........................ сургуулийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ..........................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Т овогт Г И /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... сургууль дээр 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед хохирогч У.Оын биед зүүн атгаал ясны мушгирсан, сэлтэрхийт ил хугарал, зүүн бугалга, шуу, сарвууны /n.radialis/ мэдрэлийн саажил, бугуйн үений үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүүхдийн их наадмын волейболын тэмцээнд орох гээд Баянзүрх дүүргийн шигшээд дуудагдаж бэлтгэл хийж байсан. Тухайн өдөр бэлтгэл хийж байсан чинь манай багийнхан маазраад, бэлтгэлээ чанартай хийхгүй байсан. Тухайн өдөр О нь М бөмбөг холбож өгсөн чинь нам холбосон. Тэгэхээр нь би “холболтоо өндөр холбооч” гэж хэлсэн. Тэгсэн О аман дотроо юм хэлээд, хараагаад байсан учраас би нь “хэлэх юм байвал чанга хэлээрэй” гэж хэлсэн. Үүний дараа бэлтгэл дуусаад М бид хоёр коридор руу гарахад О, Ц 2 ус уугаад зогсож байсан. Тэгээд тэнд очсон чинь О намайг “чи хүрээд ир, чамтай уулзах юм байна” гэж хэлэхээр нь би шинээр авсан байсан фудволкоо О руу шидсэн.Үүний дараа бид хоёр барьцалдаж авсан. Ц, М хоёр бид хоёрын дундуур орж салгасан. Дахиад барьцалдаж аваад тэгсэн шал нойтон байсан. Дахиад Ц, М хоёр бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд Ц, М хоёр бид хоёрын дундуур орж салгасны дараа О шалан дээр халтираад унасан. Халтирч унасныхаа дараа гар эвгүй болчихлоо гэж босож ирсэн. Тэгээд Ц нь Оыг дагуулаад эмчийн өрөө рүү орсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.О мэдүүлэхдээ: “2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4 жилд нэг болдог их наадмын шигшээд сонгогдсон байсан. Би багийн ахлагчаар сонгогдсон байсан. Тухайн үед 4 цагаас бэлтгэлтэй байсан. Би холбогчийн байрлалд тоглодог. Тэгсэн би бөмбөгийг Бд холбож өгсөн чинь намдаад оноо алдсан чинь намайг И аймар их хараагаад байсан. Тэгээд би “юу гээд байгаа юм бэ, чимээгүй тоглоорой” гэж хэлсэн. Тэгээд бэлтгэл дуусаад сунгалтаа хийгээд найзтайгаа хамт ус уух гээд баллонтой газар ус уух гээд очиход И, М хоёр араас ирснээ И над руу цамцаа шидсэнээ “чиний хэл ам чинь дэндэж байна шүү” гэж хэлсэн тэгэхээр нь би “би яасан юм” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа ярилцъя” гээд хэлсэн. Бид хоёр миний бугуй хэсгээс барьцалдаж авсан. Тэгсэн намайг “чи битгий ай, би чамайг цохихгүй, чамайг цохичихвол гай болно, чи бол ээжийн эрх хүүхэд” гэхээр нь “чи хэзээ ийм байсан юм, чамайг мэднэ шүү” гэсэн чинь “би анхнаасаа ийм байсан” гээд над руу дайрсан. Араас нь Ц, Б хоёр “болиоч” гэж хэлээд араас нь барьж авсан. Тэгэхэд “тавьж бай, би ална” гэж хэлээд тэр хоёрыг түлхсэн. Над руу хүчтэй гүйж ирээд нүүр рүү мангасдаж вакум цонхыг нь мөргүүлсэн. Тэгээд вакум цонх руу шахаад, баруун гараараа хүзүү хэсэг рүү шахаж, зүүн гараараа миний зүүн гар руу 2-3 удаа цохиод, хөлөөрөө хавираад байсан. Тэгээд миний зүүн гарыг арагшаа хөшиж мушгиад байсан. Миний гар “таг” гэж дугараад сөхөрч унасан. Тэгээд миний гар тухайн үед их өвдсөн. Шал тухайн үед нойтон биш, хурай байсан. Би Цэд “эмчийн өрөө рүү хүргээд өг” гэж хэлсэн. Эмчийн өрөө рүү арай хүрэлгүй, Цийг “эмчийг дуудаад ир” гэж хэлсэн. Эмч намайг үзэхэд миний гар хөдөлж чадахгүй байсан. Тэгээд би аав руугаа залгаж хэлсэн. Аав ирээд Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг рүү аваад явсан. Тэнд очоод эмчид үзүүлсэн” гэв.
Гэрч Ц.М: “Бэлтгэл дуусаад О, Ц хоёр гараад ус цэвэршүүлэгч дээр байсан. И гараад явсан. Би харин сунгалт хийгээд сууж байсан. Харин ямар нэгэн юм болж магадгүй гээд И-гийн араас нь гарсан. Намайг гараад очсон чинь И, О руу өмсгөлөө шидэж байсан. Тэгсэн О “хоёулаа ийш явж байгаад уулзъя” гэж байсан. И нэг алгадаад, мангасдаад. Энэ хоёр барилцалдаж авсан. Би дундуур нь орж салгасан. Энэ хоёр нэг нэгэн рүүгээ дайраад байсан. Тухайн үед шал нойтон байсан. Яагаад нойтон байсан гэхээр би Иг түлхэж байхад халтираад байсан. Тэгээд би Иг алдсан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 8 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Оын өгсөн: “... Тоглолт дуусаад багийнхаа Цтэй хамт сургуулийн 2 давхрын коридорт байдаг баллонтой уснаас ус уухаар явсан. Ус уух гээд зогсож байтал И араас багийн тамирчин Бтай гарч ирээд И над дээр ирээд хоёр гараараа миний мөр хэсэг рүү урдаас түлхээд “чиний наад хэл ам чинь дэндэж байгаа шүү, би чамайг тэвчээд байгаа шүү” гэхээр нь яагаад ингээд байгаа талаар асуухад “би чамайг дээрээс хойш тэвчээд байгаа шүү” гээд уурлаад байсан. И гартаа барьж байсан шинэ өмсгөл болох шорт, майк хоёроо над руу хүчтэй шидсэн. Миний баруун гар хэсгийг оносон. “Чи яагаад уурлаад байгаа юм, би чамайг яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна ярилцья” гэсэн чинь И ирээд миний 2 гарын бугуйнаас 2 гараараа бариад “би чамайг зодохгүй, би чамайг зодчихвол гай болно, чи ээжийн эрх хүүхэд” гэж хэлчхээд миний хоёр гарыг тавьсан. Би Иг “чи хэзээ ийм байсан юм бэ” гэсэн чинь “би угаасаа ийм байсан” гэж хэлээд баруун гараараа миний эрүүг хацартай хавсраад алгадаж түлхсэн. Ц, Б хоёр Иг “болиоч” гээд дундуур нь ороод салгасан. И хэлэхдээ Б, Ц хоёрыг “тавьж бай, наадахыг чинь ална” гээд тэр хоёрыг цааш нь түлхээд над дээр ирээд дахин гараараа нүүр хэсэгт алгадаад намайг вакум хаалт буюу анги тусгаарласан ханыг ар дагзаар мөргүүлсэн. Тэгээд миний шилэн хүзүүнээс гараараа бариад доош нь тонгойлгоод зүүн гараараа зүүн гарын булчин хэсэгт 2, 3 удаа хүчтэй цохисон. Гараараа цохиж байх үедээ хөлөөрөө миний хөлийг хавирсан. Би тухайн үед хавируулахдаа унаагүй. Тэгээд миний зүүн гарыг нэг гараараа хойш нь чигээр нь хөшиж татсан, би доош сөхөрч суусан. И миний гарыг тавьсны дараа би зүүн гараа өргөх гэсэн чинь өргөж чадахгүй даагдахгүй болсон байсан, миний амнаас цус гарсан байсан. Хаанаас нь цус гарсныг мэдэхгүй байна. Би босож ирээд “зүүн гар хөдлөхгүй байна ш дээ” гээд орилсон, намайг Ц аваад 1 давхарт байдаг эмчийн өрөөнд орсон. Эмч үзээд “хугарсан юм шиг байна, дотроо санжиганаад байна” гээд эм өгөөд орон дээр хэвтүүлсэн” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 15-17 дахь тал/
Гэрч Х.Уын өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим манай хүү У.О нь танихгүй дугаараас над руу залгаад “би сургуулийнхаа менежерийн дугаараас ярьж байна, надтай хамт тоглодог И миний гар луу цохиод хөдөлж чадахгүй болчихлоо, би одоо 21 дүгээр сургуулийнхаа эмчийн өрөөнд байна” гэж хэлсэн. Манай хүүгийн зүүн гарын тохойноос дээш мөрнөөс урагш хүртэл хавдаад хөхөрсөн байдалтай, булчин хэсгээс нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. ...Эмч нар хэлэхдээ “зүүн гарын булчин хэсгийн яс 4-5 хугаралтай хүнд хугарал байна, яаралтай хэвтүүл” гээд хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 22-23 дахь тал/
Гэрч А.Т-ийн өгсөн: “... Тухайн өдөр 4 цаг 45 минутад сургуулийн хүүхдүүд хичээлдээ ороход. 13 цаг 15 минутад үдийн анги ороход, 18 цаг 45 минутад хүүхдүүд тарсны дараа 19 цагийн орчим чийгтэй цэвэрлэгээг 1 цаг орчим хийгээд 20 цаг өнгөрөөгөөд буусан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 25 дахь тал/
Гэрч Э.Цийн өгсөн: “Бэлтгэл хийж байх үед нөгөө багаас бөмбөгийг тор луу оруулах үед манай багийн нэг хүн тосож авсан түүний дараа холбогч О аваад дээш холбосон, холбож дээш хөөргөсөн бөмбөг нь торноос бага зэрэг гадагш илүү гарсан. Тэр үед И “холболт чинь жоохон гараад байна, холболтоо зас” гэж Оад хэлэхэд “би холбогч учраас яаж холбохоо мэдэж байна” гэж дургүйцсэн байдалтай хэлсэн. Бэлтгэл дуусаад О бид хоёр ус уухаар заалнаас гараад коридорт байдаг ус цэвэршүүлэгч дээр очоод усаа усны төмөр саванд хийгээд ууж байсан чинь араас И, Б нар гараад ирсэн. И холоос “хэл ам чинь дэндээд байна шүү” гэж хэлсэн чинь О “наашаа хүрээд ир, хоёулаа ийшээ яваад уулзья” гээд тэр хоёр коридорын зүүн тийш явсан. Б бид хоёр юм бодоогүй, гайгүй байх гээд ус уугаад зогсож байсан чинь И барьж явсан өмсгөлөө О уруу шидсэн чинь хажуу талын шүүгээг нь оносон. Тэгээд И Одмандмандахыг гараараа алгадах гэж байгаад алгадаж чадаагүй зөрсөн. Б бид хоёр тэр хоёр дээр очиход О И уруу “чи хэзээ ийм байсан юм бэ” гэсэн, “угаасаа ийм байсан ш дээ” гээд тэр хоёр хувцаснаасаа зууралдаж байхад нь Б Оыг би Иг салгаад холдуулсан. Тэрний дараа И “чи нааш ир дээ” гээд О руу дайраад О бас өөдөөс нь хэрэлдээд дайраад байсан. Тэр хоёр нэг нэг рүүгээ дайраад коридорын урд буланд очицгоосон. Би Иг болиулах гэж байх үедээ халтираад тэнцвэр алдсан.Тухайн коридорын шал цэвэрлээд удаагүй бололтой нойтон чийгтэй байсан. Тэр үед И О дээр очоод гараараа нүүр хэсэгт нь нэг удаа мангасдсан. Тэр хоёр дахин зууралдаж байх явцдаа миний харсан өнцгөөс бол О халтираад зүүн талаараа тохойгоо тулаад уначих шиг харагдсан. Дээрээс нь И унаагүй, харин О босож ирээд “миний тохой эвгүй болчихлоо, би гараараа мэдрэхгүй, хөдөлгөж чадахгүй байна” гээд нулимс нь цийлгэнээд орилоод байсан. Би Оыг түшиж яваад эмчийн өрөө рүү дагуулж явсан. ...Оын гар болон бусад газарт нь И цохисон зүйл бол байхгүй, нэг удаа гараараа мангасдаад арагш нь түлхсэн. Дараа тэр хоёр хувцас болон биеэсээ зууралдаад байсан. Би бол сайн харж чадаагүй, салгах гэж л зөндөө үзсэн. ...Итай зууралдаж байх үедээ халтирч унах шиг болсон. Би Иг хорьж байх үедээ өөрөө тэр шалан дээр халтираад тэнцвэр алдсан болохоор мэдэж байна, шалыг харахад гялалзаад цэвэрлээд удаагүй бололтой байсан. Бид нар заалны пүүз буюу волейболын пүүзтэй байсан, тухайн пүүз нь бага халтирдаг зууралт сайтай пүүз байдаг. Нойтон зүйл дээр бол амархан халтирах магадлалтай, хуурай шалан дээр сайн зуурдаг” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 27-28 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Ц.Мын өгсөн: “Тоглож байх үед холбогч О нь ирсэн бөмбөгийг надад дээш дамжуулж хөөргөж өгөхдөө дутуу унагааж өгсөн. Би бөмбөгөө цохих үедээ эсрэг багийн хаалтад орчихсон. И “холболтоо өндөрлөө ч дээ” гэж Оад хэлсэн. О доошоо хараад амандаа үглээд цаашаа явсан. Эсрэг багаас дахин бөмбөг ирэх үед И бөмбөгийг дамжуулах О уруу хүчтэй доогуур дамжуулж өгсөн. Тэрнээс хойш бэлтгэл дуусаад О нь Ид хандан “гараад уулзья” гэх шиг болоод Цтэй хамт заалнаас гараад явсан. Араас нь И гарсан, түүний араас би заалнаас гарсан. Намайг заалнаас гарахад ус цэвэршүүлэгчийн хажууд Ц зогсож байсан, харин И гартаа барьж байсан ууттай өмсгөлөө О уруу шидэж байсан. Би очоод “боль” гээд хоёр тийш нь болгосон. “Би чамайг зөндөө олон удаа тэвчиж байгаа шүү, чи намайг зөндөө олон удаа үгээр хараасан шүү” гээд И хэлсэн. Би Оыг тэвэрч аваад цааш нь холдуулсан, харин Ц Иг аваад цааш нь холдуулсан. О эргэж хараад И уруу дөхөж очоод “чи яадаг болчихсон юм бэ” гэхэд “би чамайг цохичихвол ээж чинь сүүлд зөндөө юм болно” гээд И хэлсэн. “Тэгээд чи яах гээд байгаа юм” гэж О хэлээд нэг нэг рүүгээ дайрсаар байгаад барилцаад авсан. Тэр зууралдаад байхаар нь бид Ц бид хоёр салгаад байж байсан чинь И О дээр очоод гараараа нэг мангасдаж түлхээд, нэг удаа гараараа алгадсан. Тэр үед О, И хоёр дахиад барилцаад авахаар нь би Иг салгаж авч холдуулаад, харин Ц Оыг холдуулаад хаагаад зогсож байх үед О дайрч байгаад халтираад унах шиг болсон. Тэр үед би яг харж чадаагүй унаж байгаа нь хөлөөр нь мэдэгдсэн. Урд талд Ц над руу биеэ харуулаад хаагаад зогсож байсан болохоор сайн хараагүй. О босож ирээд “гар мэдээгүй болчихлоо” гээд зүүн гараа бариад босоод ирсэн. Тэгээд Ц нь Оыг сургуулийн эмчид үзүүлэхээр аваад явсан. Би унаж байхыг нь харсан, Ц над руу биеэрээ харчхаад гараа алдлаад ар талд нь О И уруу дайрч байх үедээ хөл нь урагшаа халтираад унахыг нь харсан. Баруун уу, зүүн үү аль хэсгээрээ унасныг нь санахгүй байна. Газар унаад босож ирэхдээ зүүн гараа бариад “миний гар эвгүй болчихлоо, юм мэдрэхгүй байна” гэж хэлж байсан. Унахаасаа өмнө нь гар нь зүгээр л байх шиг байсан, “гар эвгүй болчихлоо” гэж өмнө нь ямар нэгэн юм хэлээгүй” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 33-34 дэх тал/
Нийслэлийн ерөнхий боловсролын ................... сургуулийн 2023 оны 6 дугаар 06-ны өдрийн 03/204 дүгээр Г И нь тус сургуулийн 12-2 ангид суралцдаг нь үнэн болно” /1 хх-ийн 59 дэх тал/
Гэрч Ж.Бын өгсөн: “Би Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт сувилагч ажил хийдэг ба 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 20 цаг 50 минутын үед өндөр туранхай шар царайтай залуу, аав нь гэх бас нэг 40 гаран насны эрэгтэй тэгээд дунд зэргийн нуруутай шар царайтай залуу нар гаднаас орж ирсэн ба өндөр туранхай шар залуу нь зүүн гараа сойсон, зүүн гарын тохой орчмоор хавдсан, нэлээн зовуурьтай байдалтай орж ирсэн. Тэгээд би тухайн өндөр туранхай шар царайтай залуугийн амин үзүүлэлтийг үзээд зовуурийг нь асуухад “зүүн гарын бугалга, тохой хавдаж өвдөнө” гэж хэлсэн. Тэгээд би бүртгэл хийхэд гар нь гэмтсэн өндөр шар царайтай залуу нь өөрийнхөө нэрийг О гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан А.Б эмчийг дуудсан. А.Б эмч орж ирээд үзлэг хийгээд, асуумжаа аваад шинжилгээ, оношилгооны цаг өгөөд цахимаар эмийн эмчилгээ оруулсан. Тэгээд би А.Б эмчийн цахимаар оруулсан шинжилгээг О гэх залуугаас аваад тэргэнцэр дээр суулгаад рентгений өрөө рүү аваад явсан. Тэгээд Оын тохой үений зургийг 2 удаа 2 байрлалаар авсан. Тухайн үед тохой үений зургийг авахаар самбар дээр байрлуулах гэхэд зовуурь ихтэй гараа өргөж чадахгүй байсан. Тэгээд рентген зураг харахад Оын зүүн гарын тохойны ар бугалга хэсгээр яс хугаралтай, хавантай байсан. Тэгээд Оыг тэргэнцэр дээр суулгаад буцаад яаралтай тусламжийн тасаг руу авч ирээд тэр өдөр жижүүртэй байсан гэмтлийн П эмчийг дуудсан. П эмч ирээд Оын биед үзлэг хийгээд тасагт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орохыг зөвлөж байсан. Тэр үед О уйлаад, орилоод “би улсын аваргад орж чадахгүй юм байна, цаашид хэзээ волейбол дахин тоглох боломжтой вэ” гэж асуугаад байх шиг байсан. Би эмч юу гэж хариу хэлснийг сайн санахгүй байна, ямар ч байсан эмч, аав хоёр нь тайвшруулаад байх шиг байсан. Тэгээд гипсийн өрөө рүү оруулаад П эмч бид хоёр хамт гипс тавьсан. Тэгээд гарч ирээд Оын өгзөгний булчинд яс, булчингийн өвдөлт намдаах тариа хийсэн. Энэ хугацаанд анх гаднаас Отай цуг орж ирсэн дунд зэргийн нуруутай шар царайтай залуу гэмшсэн царай гаргасан байдалтай О болон аавтай нь хамт үг дугарахгүй дагаад яваад байсан. Тухайн үед би муудалцсан залуу нь юм байна гэж бодсон. Учир нь би анх бүртгэл хийж байхдаа яаж гэмтсэн талаар асуухад бэлтгэл дуусаад гарч явахдаа нэг хүүхэдтэй муудалцсан, тэгээд цохиулаад унах үедээ гэмтсэн гэж хэлж байсан. Тэгээд Оыг П гэмтлийн тасаг руу хэвтүүлэхээр болоод удалгүй манай туслах сувилагч Оыг тасаг руу нь аваад орсон. Энэ үед хамт ирсэн дунд зэргийн нуруутай шар царайтай залуу коридорт зогсож байсан ба бид нараас нэг ч зүйл асууж тодруулаагүй” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 241-242 дахь тал/
Гэрч А.Бгийн өгсөн: “... Тэгээд сургуулийн эмчид үзүүлээд гартаа сойлт хийлгээд наашаа ирсэн гэж хэлж байсан. Тэгээд дараа нь гэмтлийн талаар лавлаж асуухад “бэлтгэлийн үеэр хүүхэдтэй маргалдаж байгаад нэг нь түлхэх үед унахдаа зүүн гараа эвгүй дарж унасан” гэж хэлсэн ба тэрнээс өөр тодорхой зүйл хэлээгүй. ...Тухайн үед зүүн гараа гэмтээсэн залуу гэмтлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй, дуугүй байгаад байсан ба нэлээн шалгааж байж дээрх хариуг хэлж байсан. Харин аав нь яг болсон талаар сайн мэдэхгүй байх шиг байсан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 244-245 дахь тал/
Гэрч А.Пийн өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилтай буюу ээлжтэй байсан. Тухайн өдөр цагаа сайн санахгүй байна оройхон байсан санагдаж байна. Яаралтай тусламжийн тасгаас “хүн үзүүлье” гээд дуудахаар нь яваад очиход гар нь хугарсан өндөр туранхай залуу байсан. Би тухайн залууд анхны тусламж буюу гарт нь гөлтгөнөн боолт (гипс) тавьж өгөөд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн үед яагаад, ямар учраас гэмтсэн талаараа надад юу гэж хэлснийг би санахгүй байна. Тухайн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тасагт ороод өвчний түүхийг нээж эмчилгээг эхлүүлсэн. Эмчлүүлэгчийн өвчний түүхэнд өвчтөний өөрийнх нь хэлсэн зүйлийг бичиж тэмдэглэдэг. Тэгэхээр О гэх залуугийн хэлсэн зүйл өвчний түүхэнд тэмдэглэгдсэн байгаа. Оыг тасагт хэвтүүлэх үед өвчний түүхийг нээхдээ би өвчтөний өөрийнх болон ар гэрийнх нь хэлсэн зүйлийг бичиж тэмдэглэсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 247 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6627 дугаар
1. У.Оын биед зүүн атгаал ясны мушгирсан хугарал, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” дүгнэлт /1 хх-ийн 37-39 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын, шүүх анагаах ухааны шинжилгээний газрын тэргүүлэх зэрэгтэй шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Амартүвшин, Нийслэлийн шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Ч.Эрдэмболор, шинжээч эмч цагдаагийн ахмад Н.Энхцолмон нарын 2023 оны 7 дугаар сарын 07- ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 670 дугаар
1.У.Оын зүүн атгаал ясны мушгирсан, сэлтэрхийт ил хугарал, зүүн бугалга, шуу, сарвууны /n.radialis/ мэдрэлийн саажил, бугуйн үений үйл ажиллагааны алдагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Зүүн гарын бугалга, шуу, гарын сарвууны /n.radialis/ мэдрэлийн саажил, бугуйн үений үйл ажиллагааны алдагдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 4.14.76.1-д зааснаар 30% алдагдуулна. Мэргэжлийн хөдөлмөрийн чадвар алдалтыг шүүх эмнэлэг тогтоохгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 44-47 дахь тал/
Өвчний түүх, /1 хх-ийн 75-129 дэх тал/,
Хохирлын үнэлгээ, Эмчилгээний зардал /2 хх-ийн 20-25 дахь тал/
2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч У.О, гэрч Э.Ц нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, /2 хх-ийн 107-109 дэх тал/
Гэрч Д.Хийн өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш байсан санагдаж байна яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Би сургуулийн зүүн жигүүрийн шатаар 3 давхраас 2 давхар руу сургалтын менежерийн өрөө рүү очихоор явж байхад яг намайг шатаар 2 давхарт буугаад коридор руу эргэх үед надаас өндөр (170-175 см өндөр) туранхай 2 хүүхэд намайг хүчтэй мөрлөөд гүйгээд зөрсөн, тэгэхээр нь би араас нь “хөөе юу болоод байна аа та нар” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд би цаашаа яваад булан эргээд коридор руу ороход Алтантуяа багшийн ангийн нэг нэлээн өндөр, шар царайтай хүүхэд ар нуруугаараа менежерийн өрөөний вакум хана налаад нэг тал руугаа (аль тал руугаа гэдгийг санахгүй байна) хазайсан байдалтай газар унасан байсан. Тэгэхээр нь би очоод “та нар одоо зодолдоод байгаа юм уу, босоорой” гэж хэлэхэд тэр хүүхэд дугарахгүй байсан ба хажууд нь бас нэг хүүхэд байсан санагдаж байна тэр хүүхэд “үгүй” гэж хэлэхээр нь би менежерийн өрөө рүү орох гэхэд хаалга нь цоожтой, хүн байхгүй байхаар нь би эргээд явсан юм. Тэр үед тэр хоёр хүүхэд байсан газраа үлдсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 111-112 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Т.И нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуульд 18 цаг 00 минутын орчим хохирогч У.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн биед нь халдаж эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд 7.127.534 төгрөгийн баримтыг хохирогчоос гаргаж өгсөн. Үүнийг шинжлэн судлахад зарим хохирлын баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй баримтууд байсан учраас 1.999.000 төгрөгийн баримтыг хасаж үлдэгдэл хохирлын баримтыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл, мөн хуулийн 34.10 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Би нотлох баримт шинжлэн судлахдаа хохирогчид ямар гэмтэл учруулсан талаар хэлсэн. Тухайн гэмтлийг яаж авсан талаарх мэдүүлж байгааг шинжлэн судалсан. Шүүгдэгч И нь хувийн таарамжгүй харилцаанаас болж маргаан үүсэж хүний эрх чөлөөнд санаатайгаар халдаж хохирогчид хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл анги нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагч хэлсэн. Мөн сэтгэл санааны хохирол гаргуулах тал дээр мөрдөгчид хүсэлт гаргасан байгаа. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоож өгөөгүй тул үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Санаатайгаар биед нь хүрч барьцалдаж авсан. Хохирогч нь анхны өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой үнэн зөв өгсөн байгаа. М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан. Хишигдэлгэр багш нь 3 ангийн цаана байсан гэдэг талаар хэлж байна. Гар мушгисан үйлдлийн орчныг нь зөрүүтэй мэдүүлж байна. Шүүгдэгчийн гэм буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байна. Зүйлчлэл тохирсон байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат: “2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа 2-3 удаа явагдаж дууссан байгаа. Яагаад үүнийг тодотгож хэлж байна вэ? гэхээр эхний удаа мөрдөн байцаалт дуусаж хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах байдлаар тогтоож өгнө үү гэх хүсэлтийг шат шатны прокурорт гомдол гаргасан. Гэтэл нүүрэлдүүлэг мэдүүлэг авахад хэргийн бодит байдал тогтоогдоогүй. Энэ хэрэг нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж магадлал гарсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн тэмдэглэл болон магадлалд зааснаар хэргийн оролцогч нарыг оролцуулж гэм буруутайг тогтоох боломжтой байна гэж үзсэн. Үүний дагуу өмгөөлөгчийн зүгээс гэрч М, Ц нарыг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч Ц нь ирээгүй байна. Харин гэрч М нь өөрийн үзсэн харсан зүйлийн дагуу тодорхой мэдүүлэг өгсөн байна. Игийн холбогдсон хэрэг нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны үед энэ гэмтэл нь Игийн санаатай үйл ажиллагаанаас болж гэмтэл учирсан гэдгийг тогтоож чадаагүй байна. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч Мын мэдүүлгээр тогтоогдож байна. Ийм учраас манай үйлчлүүлэгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй байна. Иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг шинжлэн судлуулсан. Нийт 7,127,000 төгрөгийн баримт өгсөн байна. Үүнээс гэмтэлтэй ямар нэг холбоогүй хэд хэдэн баримт байгаа тул үүнийг хасаж өгнө үү. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж байна. Энэ хэрэг нь 2023 оны 5 дугаар сард гарсан гэмт хэрэг тул шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гарсан хэрэг дээр тогтоодог болсон байгаа. Тийм учраас дээрх сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй байна. Энэ гэмт хэрэг нь эхлээд хүндэвтэр гэмтэл гарсан дараа нь дахин шинжээч томилуулахад хүнд зэргийн гэмтэл гэсэн байгаа. Үүн дээр өмгөөлөгч яагаад гомдол гаргаагүй вэ гэхээр манай үйлчлүүлэгч нь гэмтлийг учруулаагүй учраас гэдэг үндэслэлээр гомдол гаргаагүй. Аливаа хүн эмнэлэгт очоод анхны өгүүлэмжээрээ тэмдэглэлд тусгуулах ёстой. Шинжлэн судлуулсан баримт нь дээр төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт ямар учраас энэ гэмтэл үүссэн талаараа хэлсэн байсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч О, гэрч Ц, М гэх 3 хүнийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах хэрэгтэй гэх хүсэлт гаргасан. Үүний дүүргийн прокурорт хүсэлт гаргасан гэтэл хүлээж аваагүй. Харин Нийслэлийн прокурор үүнийг хүлээж авч яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг цагдаа, прокурорын байгууллагаас үнэн зөв шийдвэрлэж өгөх болов уу гэсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед хохирогч У.Оын биед зүүн атгаал ясны мушгирсан, сэлтэрхийт ил хугарал, зүүн бугалга, шуу, сарвууны /n.radialis/ мэдрэлийн саажил, бугуйн үений үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч У.Оын биед зүүн атгаал ясны мушгирсан, сэлтэрхийт ил хугарал, зүүн бугалга, шуу, сарвууны /n.radialis/ мэдрэлийн саажил, бугуйн үений үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх 8/
Мөрдөн шалгах ажиллах ажиллагаанд хохирогч У.Оын өгсөн: “Тэгээд миний шилэн хүзүүнээс гараараа бариад доош нь тонгойлгоод зүүн гараараа зүүн гарын булчин хэсэгт 2, 3 удаа хүчтэй цохисон. Гараараа цохиж байх үедээ хөлөөрөө миний хөлийг хавирсан. ...Тэгээд миний зүүн гарыг нэг гараараа хойш нь чигээр нь хөшиж татсан, би доош сөхөрч суусан. И миний гарыг тавьсны дараа би зүүн гараа өргөх гэсэн чинь өргөж чадахгүй даагдахгүй болсон байсан” гэх мэдүүлэг, /1 хх 15-17/
Гэрч Х.Уын өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим манай хүү У.О нь танихгүй дугаараас над руу залгаад “...надтай хамт тоглодог И миний гар луу цохиод хөдөлж чадахгүй болчихлоо” гэх мэдүүлэг, /1 хх 22-23/
Гэрч Э.Цийн өгсөн: “Тэрний дараа И “чи нааш ир дээ” гээд О руу дайраад О бас өөдөөс нь хэрэлдээд дайраад байсан. Тэр хоёр нэг нэг рүүгээ дайраад коридорын урд буланд очицгоосон. Тэр хоёр дахин зууралдаж байх явцдаа миний харсан өнцгөөс бол О халтираад зүүн талаараа тохойгоо тулаад уначих шиг харагдсан. Дээрээс нь И унаагүй, харин О босож ирээд “миний тохой эвгүй болчихлоо, би гараараа мэдрэхгүй, хөдөлгөж чадахгүй байна” гээд нулимс нь цийлгэнээд орилоод байсан” гэх мэдүүлэг, /1 хх 27-28/
Насанд хүрээгүй гэрч Ц.Мын өгсөн: “И О дээр очоод гараараа нэг мангасдаж түлхээд, нэг удаа гараараа алгадсан. Тэр үед О, И хоёр дахиад барилцаад авахаар нь би Иг салгаж авч холдуулаад, харин Ц Оыг холдуулаад хаагаад зогсож байх үед О дайрч байгаад халтираад унах шиг болсон. Тэр үед би яг харж чадаагүй унаж байгаа нь хөлөөр нь мэдэгдсэн. Урд талд Ц над руу биеэ харуулаад хаагаад зогсож байсан болохоор сайн хараагүй. О босож ирээд “гар мэдээгүй болчихлоо” гээд зүүн гараа бариад босоод ирсэн” гэх мэдүүлэг, /1 хх 33-34/
Гэрч Ж.Бын өгсөн: “Тэгээд рентген зураг харахад Оын зүүн гарын тохойны ар бугалга хэсгээр яс хугаралтай, хавантай байсан. Энэ хугацаанд анх гаднаас Отай цуг орж ирсэн дунд зэргийн нуруутай шар царайтай залуу гэмшсэн царай гаргасан байдалтай О болон аавтай нь хамт үг дугарахгүй дагаад яваад байсан. Тухайн үед би муудалцсан залуу нь юм байна гэж бодсон. Учир нь би анх бүртгэл хийж байхдаа яаж гэмтсэн талаар асуухад бэлтгэл дуусаад гарч явахдаа нэг хүүхэдтэй муудалцсан, тэгээд цохиулаад унах үедээ гэмтсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /1 хх 241-242/
Гэрч А.Бгийн өгсөн: “Тэгээд дараа нь гэмтлийн талаар лавлаж асуухад “бэлтгэлийн үеэр хүүхэдтэй маргалдаж байгаад нэг нь түлхэх үед унахдаа зүүн гараа эвгүй дарж унасан” гэж хэлсэн ба тэрнээс өөр тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг, /1 хх 244-245/
Гэрч А.Пийн өгсөн: “Яаралтай тусламжийн тасгаас “хүн үзүүлье” гээд дуудахаар нь яваад очиход гар нь хугарсан өндөр туранхай залуу байсан. Би тухайн залууд анхны тусламж буюу гарт нь гөлтгөнөн боолт (гипс) тавьж өгөөд гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх 247/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6627 дугаар дүгнэлт /1 хх 37-39/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 07- ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 670 дугаар дүгнэлт /1 хх 44-47/
Өвчний түүх, /1 хх 75-129/,
2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч У.О, гэрч Э.Ц нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, /2 хх 107-109/
Гэрч Д.Хийн өгсөн: “намайг шатаар 2 давхарт буугаад коридор руу эргэх үед надаас өндөр (170-175 см өндөр) туранхай 2 хүүхэд намайг хүчтэй мөрлөөд гүйгээд зөрсөн, тэгэхээр нь би араас нь “хөөе юу болоод байна аа та нар” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд би цаашаа яваад булан эргээд коридор руу ороход А багшийн ангийн нэг нэлээн өндөр, шар царайтай хүүхэд ар нуруугаараа менежерийн өрөөний вакум хана налаад нэг тал руугаа (аль тал руугаа гэдгийг санахгүй байна) хазайсан байдалтай газар унасан байсан” гэх мэдүүлэг /2 хх 111-112/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хэлсэн. Тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч болон хохирогч нараас гадна гэрч Э.Ц, Ц.М нар байсан бөгөөд гэрч Э.Цийн мэдүүлэгт “...Тэр хоёр нэг нэг рүүгээ дайраад коридорын урд буланд очицгоосон. Тэр хоёр дахин зууралдаж байх явцдаа миний харсан өнцгөөс бол О халтираад зүүн талаараа тохойгоо тулаад уначих шиг харагдсан. Дээрээс нь И унаагүй, харин О босож ирээд “миний тохой эвгүй болчихлоо, би гараараа мэдрэхгүй, хөдөлгөж чадахгүй байна” гээд нулимс нь цийлгэнээд орилоод байсан гэх, гэрч Ц.Мын мэдүүлэгт “...би Иг салгаж авч холдуулаад, харин Ц Оыг холдуулаад хаагаад зогсож байх үед О дайрч байгаад халтираад унах шиг болсон. Тэр үед би яг харж чадаагүй унаж байгаа нь хөлөөр нь мэдэгдсэн. Урд талд Ц над руу биеэ харуулаад хаагаад зогсож байсан болохоор сайн хараагүй....” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлэгээр *******, О нар нь маргалдаж, бие биеэ цохих, хоолойг нь боох, нүүр рүү нь түлхэх зэрэг үйл явдлын дараа хохирогч Оын гар гэмтсэн талаар мэдүүлсэн байх бөгөөд мөн О халтираад зүүн талаараа тулаад уначих шиг харагдсан, унах шиг болсон гэх зэргээр тухайн үед болсон үйл явдлыг мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч Э.Цийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч гэрч Э.Цийг хохирогчтой нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байх тул түүнийг заавал оролцуулах шаардлагаггүй гэж үзлээ.
Шинжээчийн дүгнэлтэд “... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүгдэгч Игийн үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч У.Оад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.
Хохирогч У.О нь баримтаар нэхэмжилсэн 7,127,534 төгрөгөөс 1 хх-ийн 172 дахь талын 2 ширхэг баримт, 1хх-ийн 175-176, 178-195 179, 210 дахь талд байх хохирлын баримт нь хэрэгт хамааралгүй, 1 хх-ийн 174, 194, 203 дахь тал хоосон, 1 хх-ийн 204-209 дэх талд авагдсан баримт нь бензиний төлбөр байх бөгөөд хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөхөд зайлшгүй гарах зардалд тооцон шүүгдэгчээс нийт 3,606,272 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид 3,606,272 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа: “Шүүгдэгч Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хуулийн зарчмын дагуу шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хөнгөрүүлэн, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл өгдөг зарчимтай. Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр төлөх боломжтой байсан. Хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогчид бие мах бодь сэтгэл санааны шаналал, үлдэцтэй үлдсэн, сургуулиа төгсөж чадаагүй байна. Манай үйлчлүүлэгчийн гар нь энэ хэвээрээ үлдэнэ. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилготой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хэд хэдэн зүйлийг зааж өгсөн байдаг. И нь энэ гэмт хэрэг холбогдох үедээ ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Одоо ............................. сургуулийн 2 дугаар курсийн оюутан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд торгох болох хорих ялтай байдаг. Миний хувьд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө дансны хуулгыг гаргаж өгсөн, уг хуулганд 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул үүнийг харгалзан үзэж торгох ялыг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Өмгөөлөгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өөрөөс хамаарах боломжтой тусламж үзүүлсэн. Мөн хохирогчийн буруутай үйлдэл энэ гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна. Тийм учраас дээрх байдлыг харгалзан үзэж торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хэрэг үйлдэх үедээ ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь ........................ сургуульд суралцдаг байдлыг харгалзан торгох ял 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА