| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0974/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,
хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403003760902 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар ******* ангийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******ны ******* *******ны од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УП/, ******* овогт *******гийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Чансаа дэлгүүрийн хойд замд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд “Toyota Aqua” маркийн УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Баянгол дүүргийн Чансаа их дэлгүүрийн зогсоолд энэ үйл явдал гарсан. Би машинаа асуугаад зогсоолоос ухарч гарах үед ар талаа харахад хүн яваагүй байсан. Ухарч байхад арагшаа харахад хүн байхгүй байсан. Тэгээд зогсоол хөдлөхөд ард юм мөргөх шиг болсон. Би шон мөргөчихлөө гэж бодоод гараад хартал хүн мөргөсөн байсан. Би буугаад уучлалт гуйсан. Машины сохор бүсэд юм харагдахгүй байсан. Би хохирогчид нийт 2.610.000 төгрөгийн төлбөр төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 145.562 төгрөгийг төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, тийм болохоор хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө. Би сар сардаа хохирлоо төлөх боломжтой.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Би хохирлын баримтын дагуу эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Нийт 10,681,132 төгрөг эм эмчилгээ, асаргаа сувилгаа, унааны зардал гарсан. Мөн би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Энэ ослоос хойш миний толгой байнга өвдөж, нойр хүрэхгүй байгаа. Машинд суух гэхээр айж байна. Сэтгэл санаа маш таагүй байна. Миний биед өвдөхгүй эрхтэн алга. Эмнэлгээр байнга явахад хэцүү байна. Байнгын өвчин намдаах хэрэглэж байгаа. Амьдралдаа үзээгүй зүйлээ үзэж байна. Хүн чанга дугарахад хүртэл маш их айдаг болсон. Тэр зогсоол дээр байхад хоёр хүүхэд ирээд намайг босгосон. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Энэ *******ын аав ээж, нөхөр нь ирсэн, миний дүү нар бас ирсэн. Гранд мед эмнэлэгт хэвтэж байсан чинь хуучин эсвэл шинэ хугарал юм уу гэж хэлээд яриад явсан талаар надад хэлсэн. Унааны хэрэгцээтэй үед такси барьж явсан. Нийт 10,681,132 төгрөг нэхэмжилнэ. Үүнд такси унаанд 2.250.000 төгрөг, П.Нарангэрэл гэдэг хүнээр асруулж, асаргааны хөлсөнд 3.600.000 төгрөг болсон бөгөөд төлбөрөө бэлнээр өгсөн. Эрүүл болох шаардлагатай байна. Иймд эмчилгээний зардлыг минь төлбөл би Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэнэ. Гомдолтой байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2403003760902 дугаартай хэргээс
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал)
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал)
4. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би 13 цаг 40 минутын үед “Элбэг” их дэлгүүрийн тэндээс нэг ундаа авч уучхаад Гандан орох гээд замын эсрэг тал руу хойноос урагшаа гараад Чансаа гутлын дэлгүүрийн харалдаа төв зам дээрээс такси барих гээд машинууд зогсчихсон байсны ард талд зогсож байсан. Тэгээд намайг зогсож байхад миний ар талаас нэг юм цохих шиг болоод би унасан. Тэгээд уначхаад машинд мөргүүлсэн гэдгээ ойлгосон. Би ойролцоогоор 2 орчим метр зайд машинаас хол унасан байсан. Тэгэхэд над дээр 2 эмэгтэй гүйж ирээд яав юу болов гэж байсан, ардаас нь машины жолооч эмэгтэй бууж ирсэн. Тэгээд намайг уначихсан байхад нэг эмэгтэй босгоод байж байтал жолооч эмэгтэй гараас хөтлөөд уйлаад Гэмтлийн эмнэлэг явъя гээд байсан. Тэгэхээр нь би машинд нь суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явах гэхээр нь би Гандан дээр хуралтай байгаа болохоор очиж мэдэгдэхгүй бол болохгүй гээд Гандангийн хашаа руу орж байхад над руу залгахаар нь би болсон явдлыг хэлэхэд Гэмтэлд очиж үзүүлчхээд ир гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд намайг бүх биеийн битүү гэмтэл, тархины доргилт гэмтэл, нурууны 1-р үений хугарал гэмтэл байна гэж хэлж байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр байхдаа цагдаад мэдэгдээд үзүүлж дуусаад ослын газар очиж хэмжилт хийлгэсэн юм. Би зогсоолд зогсож байсан машин болон төв замын захад зогсож байсан юм. Тэгэхэд зогсоолд зогсож байсан машин ухарч гарах үедээ намайг мөргөчихсөн юм. Дуут дохио өгсөн зүйл байхгүй шууд мөргөсөн юм. Ямар нэгэн байдлаар надад мэдэгдээгүй. Би машин ухарч байгааг нь хараагүй. Би тухайн үед такси барих гээд зогсож байсан юм. Би гомдолтой байна. Тухайн жолооч нь осол болсноос хойш хүний урманд нэг удаа ч холбогдоогүй миний биеийн байдлыг асуугаагүй, хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Ослын улмаас миний нойр хүрэхээ больсон, толгой маш их өвддөг болсон. зүрхээр хатгаж, сэтгэл санаа тавгүй, тайван байж чадахаа больсон, ганцаараа явж чадахаа больсон, өвдөгний зөөлөн эдийн гэмтэлтэй болоод өвдөөд байдаг болсон. Толгой эргэж даралт ихсээд байдаг болсон. Унтаж амрахдаа хар дарж зүүдлээд байдаг болсон, нойрны эм уухгүй бол унтахаа больсон сэтгэл санаа тавгүй байдаг болсон. Ямар нэгэн чанга дуу чимээ сонсох үед зүрх дэлсэж даралт ихсээд байгаа. Хүнтэй удаан ярьж чадахгүй цочоод байдаг болсон айдас хүйдэстэй болсон. Ослын дараагаас миний бөөр, давсаг муудаж ямар нэгэн байдлаар цочих сандрах үед шээс алдаад байгаа. Удаан явж зогсож чадахгүй байгаа. Юм мартдаг болчихсон зэрэг өвчин зовлон их үүсээд байна. Надаас болоод хүүхдүүд хүртэл ажил нь цалгардаг хэцүү байна. Эдийн засгийн хувьд бас маш хүндрэлтэй байна. Би оюунаараа хөдөлмөрлөж ажиллаж амьдарч байдаг хүн одоо энэ асуудлаас болоод би ажил хийж чадахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7950 дугаартай “*******ийн сээрний 1-р нугалмын хугарал, тархи доргилт, баруун шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс сээрний 1-р нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ч.Эрдэмболорын өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 11-ний 14 цаг 29 минутад ******* гэдэг хүний биед үзлэг хийсэн. Үзлэгээр баруун шуунд цус хуралттай, мэдрэлийн үзлэг болон зовууриас үзэхэд тархи доргилтын шинжтэй байсан. Хохирогчийн өөрийн авхуулсан томографи зургуудын хариутай танилцахад сээрний 1-р нугалмын шанагдсан хугарал гэсэн дүгнэлттэй. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэмтлийн мэдрэлийн эмчийн оношинд сээрний 1 дүгээр нугалмын шанагдсан хугарал гэсэн оноштой байсан ба уг нугаламын хугарлын бороолж үүссэн хуучин гэмтлийн шинжтэй гэж тодотгож бичээгүй байсан учир тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Дүрс оношилгооны эмч нар нь хэрэв хуучин гэмтэл байвал хугарлын ирмэг бороололтын талаар дүгнэлтэд тайлбарлаж бичдэг, тухайн хугаралд бороололтын талаар тусгасан зүйл байхгүй байсан учир шинэ гэмтэл гэж үзсэн. Нугалмын хугарал гэмтэл үүссэн үед их хэмжээний зовуурь илэрч болох бөгөөд хүн хөдлөх тусам зовуурь нэмэгддэг. ******* гэдэг хүний томографи зургийн хариунаас осол болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.-ийн өгсөн: “...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын улмаас хохирсон ******* нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд ГССҮТ болон Баяр эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 145.562 төгрөгийн зардал гарсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дахь тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.эзулын өгсөн: “Би Мед травма эмнэлэг дээрээ суудаггүй, зайнаас ажиллаж дүрс оношилгооны дүгнэлт гаргадаг учир ямар нэгэн хүнтэй биечлэн уулзаж оношилгооны хариуны талаар хэлдэггүй. Өвчний түүх нь хүний хувийн нууц мэдээлэл учир би өвчтөний мэдээллийг бусдад хэлдэггүй, эмч хүний ёс зүйд нийцэхгүй. Өвчтөн өөрөө дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл асуувал өвчтөнд өөрт нь болон ар гэрийн хүнд нь утсаар тайлбарлаж өгдөг. Мед травма эмнэлгийн зураг авдаг хүн нь техникч хүн юм. Техникч хүн зөвхөн зураг л авах үүрэгтэй. Зураг авдаг хүн шинэ хуучин хугарал эсэхийг тодорхойлох боломжгүй. Шохойжилттой хугарал гэдэг нь хуучин хугарлыг илтгэдэггүй. Мөн би шохойжилтын талаар дурьддаггүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дэх тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн өгсөн: “Тухайн өдөр ******* гэдэг хүн осолд орсон гээд үзүүлж байсан. Наранцэцэгийн биед бүтэн биеийн рентген зураг авч, хэвлийн эхо шинжилгээнд хамруулахад гэмтлийн талаас илт харагдах гэмтэл харагдаагүй ба рентген зурганд цууралт болон зөрүүгүй хугарлууд харагдахгүй, оношлогдохгүй байж болно. Сээрний ялимгүй хугарлууд нь рентген зургаар оношлогдохгүй байж болно. Үүнийг томограф шинжилгээгээр оношлох боломжтой. Рентген нь оношийг баталгаажуулдаг шинжилгээ биш юм. Рентген зургаар сээр нугалмын хугарлыг шинэ хуучныг ялгаж үнэлэх боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал)
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “Дүрс оношилгооны хариуг дүрс оношилгооны эмч болон гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар л зөвхөн хариуг тайлбарлах боломжтой, харин хариу хэвлэж өгдөг цахим бүртгэлийн ажилтан болон зураг авдаг техникч нар шинжилгээний талаар зөвлөгөө, тайлбар өгөх боломжгүй. Мөн шинэ хуучин гэмтлийг зөвхөн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч л үнэлэх боломжтой. Зураг авдаг техникч болон цахим бүртгэлийн ажилтан нар нь гэмтлийн шинэ хуучныг тайлбарладаггүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дахь тал)
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай нэмэлтээр хийсэн: “*******ийн сээрний 1-р нугалмын хугарал, тархи доргилт, баруун шууны дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс сээрний 1-р нугалмын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Хүний архаг хууч өвчин нь дээрх гэмтэл болон эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 146-148 дахь тал)
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1121 дугаартай дахин хийсэн: “*******ийн биед сээрний 1-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, баруун шууны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохигдох, дарагдах шахагдах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Сээрний 1-р нугалмын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. Гэмтлүүд цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 172-174 дэх тал)
14. Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-39 дэх тал)
15. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1512 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал)
16. Хохирогчийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 49, 52-55, 63-74, 81-102, 104-110, 175, 216-231 дэх тал)
17. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чансаа” дэлгүүрийн хойд замд “Toyota Aqua” маркийн УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч *******ийг мөргөж унагасан хэргийн үйл баримт авагджээ.
Энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд сээрний 1-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогч *******ийн өгсөн: “...намайг зогсож байхад миний ар талаас нэг юм цохих шиг болоод би унасан. Тэгээд уначхаад машинд мөргүүлсэн гэдгээ ойлгосон. Би ойролцоогоор 2 орчим метр зайд машинаас хол унасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7950 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), шинжээч Ч.Эрдэмболорын өгсөн: “...сээрний 1 дүгээр нугалмын шанагдсан хугарал гэсэн оноштой байсан ба уг нугаламын хугарлын бороолж үүссэн хуучин гэмтлийн шинжтэй гэж тодотгож бичээгүй байсан учир тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Дүрс оношилгооны эмч нар нь хэрэв хуучин гэмтэл байвал хугарлын ирмэг бороололтын талаар дүгнэлтэд тайлбарлаж бичдэг, тухайн хугаралд бороололтын талаар тусгасан зүйл байхгүй байсан учир шинэ гэмтэл гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний нэхэмжлэгч С.-ийн өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 145.562 төгрөгийн зардал гарсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар тогтоогдож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дахь тал), гэрчийн өгсөн: “...Наранцэцэгийн биед бүтэн биеийн рентген зураг авч, хэвлийн эхо шинжилгээнд хамруулахад гэмтлийн талаас илт харагдах гэмтэл харагдаагүй ба рентген зурганд цууралт болон зөрүүгүй хугарлууд харагдахгүй, оношлогдохгүй байж болно. Сээрний ялимгүй хугарлууд нь рентген зургаар оношлогдохгүй байж болно. Үүнийг томограф шинжилгээгээр оношлох боломжтой. Рентген нь оношийг баталгаажуулдаг шинжилгээ биш юм. Рентген зургаар сээр нугалмын хугарлыг шинэ хуучныг ялгаж үнэлэх боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал), гэрч гийн өгсөн: “...Мөн шинэ хуучин гэмтлийг зөвхөн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч л үнэлэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай нэмэлтээр хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 146-148 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1121 дугаартай дахин хийсэн: дүгнэлт (хавтаст хэргийн 172-174 дэх тал), Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-39 дэх тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1512 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд сээрний 1-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Иймд ******* тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, мөн дүрмийн 10.14 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч *******ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч *******ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 49, 52-55, 63-74, 81-102, 104-110, 175, 216-229 дэх талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардал, мөн хохирогчийн эмчилгээ сувилгаа хийлгэсэн автомашины бензиний зардлын баримтууд хэрэгт хавсаргуулжээ.
Эдгээр хохиролтой холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлаад нэгтгэн үзвэл нийт 7.759.650 төгрөгийн баримтуудаас шүүгдэгч талаас хохирогчид төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж тооцов. Үүнээс үлдэх 5.759.650 төгрөг буюу асаргаа сувилгааны 3.600.000 төгрөг, унааны зардалд 2.250.000 төгрөг нэхэмжилснийг хангалттай нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, эдгээртэй холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин хохирогч *******ийн “Гранд мед” эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээ, үйлчилгээний 2.525.029 төгрөг, эм тарианы 1.909.650 төгрөг нийт 4.434.679 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 145.562 төгрөг нөхөн төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул тухайн байгууллагад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.900.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******т олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн;
хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч оюутан хүүхэд байна, зам тээврийн осол болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг учир хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн;
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зургаан сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Улсын яллагчаас “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд:
Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзах учиртай.
Нөгөө талаас хязгаарлалт тогтоосон бүсчлэл нь чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлж чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоох үр дагавартай учир шүүхээс шүүгдэгчийг хичээл сургуульдаа явах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгын хүрээнд ажил эрхлэх, орлого олох боломжийг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг буюу 2.000.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа, оюутан зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2.800.000 төгрөгийн торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.
Долоо: Бусад асуудлын талаар.
Хэрэгт хураагдсан компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.900.000 төгрөг, эмчилгээний зардалд 4.434.679 төгрөг нийт 14.334.679 төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.
7. Хохирогч *******ийн нэхэмжлэлээс асаргааны 3.600.000 төгрөг, унааны зардал 2.250.000 төгрөг нийт 5.850.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эдгээртэй холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт хураагдсан бичлэг бүхий компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ