Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,  

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч П.Отгон-Өлзий, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвбалжирын Отгон-Өлзийд холбогдох эрүүгийн 201725030246 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овгийн Пүрэвбалжирын Отгон-Өлзий, 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нийтийн байранд оршин суудаг гэх боловч тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

2001 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 74 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

2004 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 191 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 70 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг өршөөн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЙЮ83082737.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

  Шүүгдэгч П.Отгон-Өлзий нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-59/в тоотод оршин  суух иргэн М.Бямбацогтын эзэмшлийн монгол гэрээс эд зүйл хулгайлж 255.000 төгрөгийн,

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-37 тоотод оршин суух иргэн Р.Чингисийн эзэмшлийн монгол гэрээс Тошиба маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, МNВС-ийн суваг хүлээн авагч станц хулгайл 380.000 төгрөгийн буюу бусдад нийт 635.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Отгон-Өлзий мэдүүлэхдээ: “…Чингис гэдэг айлаас эд зүйл авсан нь үнэн. Иргэн Бямбацогтын гэрээс юу ч аваагүй. Байцаагч намайг даачих гэж өгсөн. Чи нэг үйлдэлтэй байсан ч хоёр үйлдэлтэй байсан ч ялгаагүй гэсэн. Надад ажил төрөл олдохгүй хэцүү байсан учраас дахин хулгай хийдэг...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.     

Хохирогч М.Бямбацогт мэдүүлэхдээ: “...Би гэртээ эхнэр, 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 18-нд манай эхнэр маань худаг дээрээ байсан ба хүүхдүүд гэртээ байгаагүй. Би өөрөө бас гадуур ажилтай байсан болохоор гэр хүнгүй байсан юм. 12-оос 18 цагийн хооронд манай гэр эзэнгүй байсан гэсэн үг. Тэгээд орой гэртээ ирэхэд манай гэрийн тамбарын хаалганы цоожийг эвдээд хулгайч ороод 32 инчийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ВОҮ нэртэй ЛСД зурагт, хятадын хар өнгийн Ди ви ди тоглуулагч, манай хүүхдийн хэрэглэж байсан хуучин хэвийн ажиллагаатай Самсунг маркийн гар утас, халбага сэрээний 20 ширхэгтэй набор, шинэ цагийн хийцийн цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, чулуун соруултай модон гаанс зэрэг хулгайд алдагдсан байна. Алдагдсан эд зүйлийг авсан хулгайчаас нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэжээ /хх-15-17/.

Хохирогч Р.Чингис мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед эхнэр бид хоёр 3 хүүхдээ цэцэрлэгээс авахаар яваад гэртээ 17 цаг 55 минутын үед орж ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр 19 цагийн киноноос өмнө оёдлын газар орж дээлээ үзчихээд ирье гээд эхнэр, 3 хүүхдийн хамт гэрээсээ гарсан. Хүү бид хоёр ижилхэн дээл хийлгэж цагаан сараар өмсөх гээд оёдлын газарт захиалга өгсөн байсан юм. Гэрээсээ гарахдаа би гэрийн хаалгаа түгжээд гарсан. Тэгээд ойролцоогоор 15-20 минутын дараа буцаад гэртээ иртэл гэрийн хаалга түгжээгүй байдалтай байхаар нь ороод хартал манай гэрийн зүүн хойд талд байх Тошиба брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт болон доод талд байх систем хөгжмийн дээд талд нь байсан МИВС хүлээн авагч станцын хамт алдагдсан байсан. 32 инчийн Тошиба брэндийн зурагтаа 3 жилийн өмнө 800.000 төгрөгөөр баруун 4 замын хойд талд байдаг Элба дэлгүүрээс худалдан авч байсан. Зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн МИВС хүлээн авагч станцыг 1 сарын өмнө 120.000 төгрөгөөр худалдан авсан, одоо уг үнээр нь үнэлнэ. ...Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна...” гэжээ /хх-41-42/.

Гэрч А.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед ... гэр бүлийн хамт гарсан. Би хүүхдүүдээ машинд суулгаад нөхөр маань гэрээ түгжээд гарч ирсэн. Тэгээд оёдлын газар ороод, замаараа хүнсний дэлгүүр орчихоод 15-20 минутын дараа буцаад гэртээ иртэл гэрийн хаалга түгжээгүй байдалтай байхаар нь нөхөр орж харчихаад гарч ирэхдээ зурагт, МИВС хүлээн авагч станц байхгүй байна, цагдаа дуудъя гэсэн. Тэгээд л шууд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэжээ /хх-43-44/. 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6, 27-29/. 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тухай тэмдэглэл /хх-36-40/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-11, 58/.

Хохирогч Р.Чингист эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34/.

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-98/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-76-91/, зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

Шүүгдэгч ч П.Отгон-Өлзий нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-59/в тоотод оршин  суух иргэн М.Бямбацогтын эзэмшлийн монгол гэрээс эд зүйл хулгайлж 255.000 төгрөгийн,

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-37 тоотод оршин суух иргэн Р.Чингисийн эзэмшлийн монгол гэрээс Тошиба маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, МNВС-ийн суваг хүлээн авагч станц хулгайл 380.000 төгрөгийн буюу бусдад нийт 635.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч М.Бямбацогт, Р.Чингис нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон сэжигтэн, яллагдагчаар А.Батболдын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Отгон-Өлзийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч П.Отгон-Өлзий нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгч П.Отгон-Өлзийд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78  дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн Пүрэвбалжирын Отгон-Өлзийг ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгон-Өлзийд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгон-Өлзийд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгон-Өлзийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 96 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН