Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0002

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        01             23                                             02

 

                                                                             

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ц.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:. Миний бие 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажилд ороод 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад төвийн дарга Ц.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амралтын газарт ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б/13 дугаартай тушаал гаргасан байсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б/15 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг мөн гаргасан. Тухайн хоёр тушаалыг би 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Би 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр даргатай маргалдаж өндөр дуугаар харьцсан юм. Түүнийг маань архи уусан байна гэж бодсон байх. Би ийм зөрчил гаргаж байгаагүй, гаргасан тушаалууд нь үндэслэлгүй тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Аийн дарга Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн тогооч Баттуяатай хамт архи уусан байсан. Үүнийг яаж гэрчлэх вэ гэхээр сэтгэл зүйч Саранчимэг, жолооч Бямбадорж, Нямгэрэл, Баттуяа нар нь ажил хүлээлцэх гэж очтол согтуу байсан. Энэ хүмүүс Д.Аийг согтуу байсныг нотолдог юм. Д.А нь удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Би Д.Аийг ажлаас чөлөөлөхөөс өмнө 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Ахмадын асрамж үйлчилгээний төвийн байранд Д.А нь дараалан буюу 2018 оны 7 дугаар сарын 31, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд согтуу ирсэн. Үүнийг тус байгууллагын эмч Нямсүрэн, харуул хамгаалалтын ажилтан Мижиддорж нар гэрчлэх болно. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан Д.Аийн гарын үсэгтэй баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Би энэ хүнийг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Аийг Х.Аийн үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х.Аөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3642220 /гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х.Ад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Аөөс 143489 / нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо буруу тооцсон байна. Д.А нь нэг сард 436,012 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд нийт 62 /жаран хоёр/ хоног ажилгүй байсан хугацааны цалин нь 1,264,434 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг болж байхад шүүхийн шийдвэрт 2,377,786 /хоёр сая гурван зуун далан долоон мянга долоон зуун наян зургаа/ төгрөгөөр илүү тусгагдсан байна. Энэ мөнгө болон энэ мөнгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж төлөгдөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь Х.Аийн үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Х.Аийн даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д зааснаар “...сүүлийн 3 сарын дундаж”-аар тодорхойлох бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин 1,264,436 төгрөг байна. Үүнээс дундаж цалинг тооцоход сарынх нь 421,479 төгрөг, өдрийнх нь 19,604 төгрөг байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь 1,215,427 төгрөг байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олговол зохихоос илүү буюу 3,642,220 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 дүгээр шийдвэрт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн 2 дахь заалтын “3642220 /гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин/” гэснийг “1,215,427” /нэг сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун хорин долоо/ гэж,  4 дэх заалтын “143489 / нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян ес/” гэснийг “33,720 /гучин гурван мянга долоон зуун хорь/” гэж тус тус өөрчилсүгэй.

б/ Шийдвэрийн 3 дахь заалтын “хугацааны” гэсний дараа “цалин хөлстэй тэнцэх олговор 1,215,427 төгрөгөөс” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагч Ц.Бы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 000 /тавин гурван мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

 ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                        Б.СОСОРБАРАМ