Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/66

 

 

 

 

 

 

  2021             1              12                                          2021/ДШМ/66

 

 

Н.Г, Ч.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

яллагдагч Н.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

яллагдагч Ч.Шийн өмгөөлөгч Б.Баасандорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2129 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бямбадагвын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Н.Г, Ч.Ш нарт холбогдох 2002003640244 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Н-ын Г, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 29 дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД:/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар цагдан хоригдсон 77 хоногийг эдэлсэн хугацаанд оруулан тооцож, биечлэн эдлэх торгох ялыг 4.416.000 төгрөгөөр тогтоосон;

2. А овгийн Ч-гийн Ш, 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмчилгээ, арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны ... дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “" хорооллын ... тоотод оршин суух, /РД: /;

1. Яллагдагч Н.Г нь Ч.Штэй бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 25-аас 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, Г.Ууганзаяад өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- мөн яллагдагч Н.Г нь ганцаараа 2020 оны 6 дугаар сарын 10-ны үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны хажуу талын цэцэрлэгийн хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан;

- улмаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 19.827 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх.

2. Яллагдагч Ч.Ш нь ганцаараа 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан;

- улмаар Н.Гтай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины” бодисын агууламжтай "мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, Г.Ууганзаяад өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Г, Ч.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахад, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн эрүүгийн 2002 00364 0244 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Нэгдүгээрт, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн товч утга буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасанчлан “гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйпдсэн” гэсэн асуултад бүрэн хариулт өгөх боломжтойгоор тусгасан байх учиртай. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг хуульд заасан арга хэрэгслээр эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Прокурор, яллагдагч Н.Г, Ч.Ш нарыг бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 25-аас 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод ... “мөс” гэх нэршилтэй ... 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, Г.Ууганзаяад өгч, дээрх ... бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн тус бүрт нь ял сонсгож яллагдагчаар татжээ. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан ...гурван талыг нь хайлуулж наасан байдалтай 0.04 грамм жинтэй мөс гэх бодис ... Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “мөс” гэсэн нэршилтэй 0.04 грамм бодис нь яллагдагч Н.Г, Ч.Ш нарын бүлэглэж үйлдсэн гэх хэргийн 0.0357 грамм “мөс” гэсэн нэршилтэй бодисоос 0.0043 граммаар илүү байгаа нь ойлгомжгүй болжээ.

Яллагдагч Ч.Ш нь мөн ганцаараа 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байх боловч уг бодис нь ямар хэмжээтэй болохыг огт тусгаагүйн дээр эд мөрийн баримтаар тооцож хураагдсан хоёр тусдаа савлагаа бүхий “мөс” гэсэн нэршилтэй бодис алга. Эсхүл, яллагдагч Н.Г, Ч.Ш нарын бүлэглэж үйлдсэн гэх хэргийн үйл баримтад дурдсан 0.0357 грамм болон яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан 0.04 грамм “мөс” гэсэн нэршилтэй бодисын жингийн зөрүү болох 0.0043 грамм нь яллагдагч Ч.Шийн ганцаараа үйлдсэн гэх хэрэгт хамаарах эсэх нь тодорхой бус байх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.

Хоёрдугаарт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон 18 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд тусгаснаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотоос хар өнгийн цахилгаан жин хурааж авсан байх боловч хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаар “Хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоолд тусгагдаагүй, мөн хураан авсан хэмээн хэрэгт тусгагдсан бусдын өмч хөрөнгийг хэрхсэн нь тодорхойгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд нэг талаас, хувь хүний хураагдсан өмч хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх, нөгөө талаас, энэ хэргийн онцлогоос хамааран хар өнгийн цахилгаан жин нь энэ хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай бол ямар зориулалтаар ашиглаж байсныг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэл болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, ...-ийг хориглоно. ...Иргэний хувийн ба ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл (Хүний халдашгүй байх эрхийг хангах)-ийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, ...-ийг хориглоно.” гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйл (Орон байрны халдашгүй байдлыг хангах)-ийн 1, 2 дахь хэсэгт “Орон байр халдашгүй байна. Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.” гэж тус тус хуульчлан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан атал энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдын орон байранд прокурорын зөвшөөрөлгүй нэвтэрч “хар тамхи мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй” гэсэн үндэслэлээр хэргийн газрын үзлэг хийсэн байх бөгөөд уг ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол гараагүй нь мөрдөгч нар хүний эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдсан гэж үзэх үндэслэл болно.

Хүний биед үзлэг хийсэн ажиллагааг прокурор хянаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, хэрэгт ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг даруй хийгээгүй бол нотлох баримтыг устгах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэлтэй байсан тул хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж дүгнэн тогтоол гарган шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ." гэж заасан бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис (бусад ул мөр)-ыг хайх зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэгжлэг хийх ёстой байтал мөрдөгч бусдын орон байр болон хүний биед үзлэг хийх хэлбэрээр ажиллагаа явуулсан нь хүний эрхийн зөрчил болохыг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, яллагдагч Н.Г, Ч.Ш нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн 2002 00364 0244 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна” гэжээ.

Прокурор Б.Бямбадагва бичсэн эсэргүүцэлдээ: “2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины" бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 3590 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн дээрх жижиг гялгар ууттай мөс мэт зүйлээс метамфетамин бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь тогтоогдсон бөгөөд шинжилгээнд ирүүлсэн дээрх “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй болохыг тодорхойлсон. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжэзчийн дүгнэлт гаргасан гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст буцаан хүргүүлж, мөрдөгчөөс уг бодисыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах зорилгоор үзлэг хийж, шинжилгээний байгууллагаас ирүүлсэн гялгар уутны хамт жинлэж үзэхэд 3 талыг нь хайлуулж наасан байдалтай гялгар ууттай 0.04 грамм жинтэй мөс мэт бодис болохыг тэмдэглэлд тусгаж эд мөрийн баримтаар тооцсон байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “мөс” гэсэн нэршилтэй 0.04 грамм бодис нь яллагдагч Н.Г, Ч.Ш нарын бүлэглэж үйлдсэн гэх хэргийн 0.0357 грамм “мөс” гэсэн нэршилтэй бодис мөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ч.Ш нь ганцаараа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гялгар уутны хамт 0.0357 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч улмаар Н.Гтай бүлэглэн дээрх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, Г.Ууганзаяад өгч, дээрх “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогддог.

2. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 48 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан цахилгаан жин нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, дээрх цахилгаан жинг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар шинжлэн судлуулж шийдвэрлүүлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх... ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна", 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж хуульчилсан. Мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөрдөгчөөс гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа, хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор бие даан хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулаагүй, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол гараагүй нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөгчөөс бие даан хэргийн газарт үзлэг хийж, уг үзлэгээр хураан авсан эд зүйлсийг мөн яллагдагч нарын биед үзлэг хийж, тэдгээрийн биеэс биологийн дээж болох шээс авч шалгасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд хийгээгүй бол нотлох баримт гэмтэх, устах, нуун далдлах зэрэг бодит эрсдэлтэй байсан гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал гаргаж, прокуророос дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэхгүй. 2129 дугаартай шүүгчийн захирамж Тодорхойлох нь, Тодорхойлох нь. Үндэслэх нь, Захирамжлах нь гэсэн хэсгээс бүрдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрсөн гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийн эхний заалт дахь шинжээчийн дүгнэлтээр 0.0357 грамм гэсэн байхад яллах дүгнэлт болон эд мөрийн баримтаар тооцсон тогтоолд 0.04 грамм гэсэн нь “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай бодис хоёр өөр төрлийн мөс байх боломжтой тул үүнийг шалгаж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл яллах дүгнэлтэд тухайн хадгалсан “мөс” гэх нэршилтэй бодис нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар цэвэр жин нь 0.0357 грамм байсан. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргаж гялгар уутанд боож цагдаагийн байгууллагад ирүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас мөрдөгч тухайн эд мөрийн баримтад үзлэг хийж, ирүүлсэн гялгар уутны хамт жигнэхэд 0.04 грамм байсан. Үүнийг эд мөрийн баримтаар тодорхойлсон. Үүнээс харахад Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт тодорхойлсон 0.04 грамм бодис яллах дүгнэлтэд тусгагдсан 0.0357 грамм “мөс” гэх нэршилтэй бодит мөн, энэ хоёр нэг бодис болох нь тогтоогдоно. Мөн хэргийн газрын үзлэг хийж цахилгаан жинг яллагдагч Н.Гад хүлээлгэж өгөөгүй нь өмчлөх эрхэд нь халдсан гэж шүүх дүгнэсэн. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж, цахилгаан жинг хураан авч яллагдагч Н.Гад буцаан өгсөн. Улмаар цахилгаан жингийн хүлээлгэж өгсөн тэмдэглэлийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Цахилгаан жин хэргийн зүйлчлэл, үйл баримт, гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Гол эд мөрийн баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон. Мөн шүүх нэгжлэг хийхгүйгээр хэргийн газрын үзлэг хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Мөрдөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бодит үндэслэл болох  хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газрын үзлэг хийж, үзлэгээр хойшлуулшгүй тохиолдолд 0.0357 грамм цэвэр жинтэй “мөс” гэх бодисыг Н.Гын гутлын улавчнаас олж илрүүлсэн. Улмаар 24 цагийн дотор прокурорт танилцуулж, тухайн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн шүүгчийн захирамж тодорхойлох нь, тодорхойлох нь, үндэслэх нь, захирамжлах нь гэсэн тодорхойгүй хэсгээс бүрдсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Н.Гын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээч, мөрдөгч нар Засгийн газрын ажилтнууд бөгөөд хар тамхины хэргийг урьдчилан өөрсдөө шийдвэрлэх гэж оролддог боллоо гэж үзэж байна. Учир нь, яллах дүгнэлтийн тогтоох хэсгээс үзвэл жин нь тодорхойгүй нэг өвс, жин нь тодорхой нэг өвсийг гэртээ хадгалж байсан гээд хоёр үйлдлээр тодорхойлсон. Шүүх үүнийг эд мөрийн баримтаас зөрүүтэй байна, жин нь тодорхойгүй өвс оруулсан, жин нь тодорхой өвсийг гэртээ хадгалж байсан нь баригдсан байна. Үүнийг яллагдагч ойлгоогүй байгаа нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын асуудлын талаар Ч.Ш ганцаараа олсон гэж яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1.2-т дурдсан байдаг. Гэтэл тухайн өдрөө мөн Н.Гтай бүлэглэн хууль бусаар олж авсан гэдэг агуулга яригддаг. Өөрөөр хэлбэл, Ч.Шийн ганцаараа олсон гэж тогтоох хэсгийн 1.2-т заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ байхгүй, яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-т заасан Н.Гын Ч.Штэй бүлэглэсэн гэж заасан “мөс” гэх нэршилтэй бодисын хэмжээ 0.0357 грамм байсан. Тэгэхээр энд өөр өөр “мөс” гэх нэршилтэй бодис яригдах юм уу, эсхүл нэг бодис байсан гэж үзвэл нэг хүн хууль бусаар олж авсан гэсэн хэрнээ дараа нь яагаад хүнтэй бүлэглэж дахин олж авсан мэтээр дүгнэсэн юм бэ гэх асуудал яригдсан. Хууль бусаар бэлтгэж, олж авч, бусдад өгсөн гэх асуудлуудын талаар шүүх хуралдаанд мэтгэлцэхэд бусдад өгсөн бол нөгөө талдаа авсан буюу хууль бусаар олж авсан хүний үйлдлийг яагаад орхигдуулсан талаар асуухад зөрчлийн асуудал ярьж байсан. Иймээс шүүгчийн захирамжийн 1 дэх заалт буюу яллах дүгнэлтэд мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад прокурор хууль зүйн дүгнэлт өгөхдөө хуульд заасан шаардлагын хүрээнд бичээгүй гэж үзсэнийг дэмжиж байна. Шинжилгээний дараа хоёр “өвс” гэх нэршилтэй бодисын нийлбэр 19.827 грамм биш 6.5620 грамм, 19.4024 грамм гэсэн жинтэй байхад дүгнэсэн, эд мөрийн баримт шүүхэд ирсэн эсэхийг асуухаар цагдаагийн байгууллагад байгаа гэдэг. Эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлж шинжлэн судлах ёстой гэх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн үеэр хурааж авсан цахилгаан жинг миний үйлчлүүлэгч 400.000 орчим төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Гэвч үүнийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хүний өмчлөх эрхтэй холбоотой хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч өмчийг дайчлан хураан авч болохгүй гэсэн агуулгыг шүүх дурдсан нь үндэслэлтэй. Прокурор цахилгаан жинг хүлээлгэн өгсөн тэмдэглэл байна гэж байгаа боловч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2129 дугаартай шүүгчийн захирамж гарснаас хойш мөрдөгч миний үйлчлүүлэгчийг дуудаж “жингээ буцааж ав” гэсэн. Түүнээс биш шүүхийн хэлэлцүүлгээс өмнө жинг буцааж өгч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл прокурорт байсан, түүнийг өөр прокурор томилолтоор оролцохдоо гаргаж өгөөгүй мэт асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг хаана байгаа, хэрэг шалгах ажиллагаа хаана явж байгаа юм бэ, мөрдөгч шүүхтэй зэрэгцэж шүүхэд байгаа хэрэг дээр ажиллагаа явуулж болох эсэхэд анхаарал хандуулах ёстой. Миний үйлчлүүлэгч надаас зөвшөөрөл авалгүйгээр мөрдөгч дээр очсон байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн тодорхой ажиллагаа явуулахдаа хүний Монгол Улсын Үндсэн Хуульд заасан эрхийг зөрчсөн талаар дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Ч.Шийн өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй санал нэг байна. Өөр ярих зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Н.Г, Ч.Ш нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч  Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны үед  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

мөн яллагдагч Ч.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамины” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн боловч “өвс” гэх ургамал, “мөс” гэх бодисын хэмжээг тусгаагүй байх тул энэ талаар дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/-д яллагдагч Н.Гын гэрээс цахилгаан жин хураан авсан талаар дурдсан байх боловч цахилгаан жинг яллагдагч Н.Г буцаан өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй хаана байгаа нь тодорхойгүй байх тул энэ талаар бичсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн яллагдагч нарын өмгөөлөгчид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтэд ойлгомжгүй байдлаар давхардуулан бичсэн гэсэн асуудлыг тодруулах шаардлагатай.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-16/-д яллагдагч Н.Гын гэрээс цаастай “өвс” мэт ургамлын жин 6.79 гр, цагаан савтай ургамлын жин 28.97 гр, 0.04 гр “мөс” мэт бодис зэргийг эд мөрийн баримтаар тооцуулахаар хураан авч шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжилгээний байгууллагад хүргүүлжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 3590 дугаартай шинжээчийн дүгнэлтэд цаасан ууттай 6.79 гр өвс бүхий ургамал нь 6.5620 гр, 28.97 гр бүхий цагаан савтай ургамлын жин 19.4024 гр, 0.04 гр мөс бүхий бодисын жин 0.0357 гр болох нь тогтоогдож байна. Энэ талаарх шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг дахин шалгах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2129 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Бямбадагвын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

                    ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ