2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,

улсын яллагч Н.Халиунаа /томилолтоор/

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000841 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 19-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварын мэргэжилтэй, “************” ХХК-д механикийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ************ оршин суух хаягтай боловч одоогоор Баянхонгор аймгийн ********************  багт түр оршин сууж байгаа гэх, урьд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:*******************/, ************.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян Уулын 31 дүгээр гудамжны ************ гэртээ хойд эцэг ************ гараараа цохиж зодон түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ “Миний буруу. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Гурав: Эрүүгийн 2408000000841 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ийн өгсөн: “Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян Уулын 31 дүгээр хорооны ************ гэртээ ганцаараа гэрийн гадаа юм хийгээд байж байтал дагавар хүүхэд болох ************ согтуу орж ирээд над руу шууд утас өг пизда минь гээд дайрсан ба миний цамцнаас татаад газар мөргүүлээд дээрээс өөрийнхөө гар утсаар толгойн орой хэсгээр олон удаа цохисон юм. Мөн миний хамрын үзүүр болон уруул, нуруу хэсгүүдэд хазсан. Тухайн үед намайг өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ийн дахин өгсөн: “Миний биед учирсан тархи доргилт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх гэмтлүүдийг гар утсаараа олон удаа цохиж гэмтээсэн, хамар, уруул, баруун дал, хоёр далны хооронд хазагдсан шарх гэмтлүүдийг ******* хазаж учруулсан юм. Хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг утсаараа нүүрэн тус газар бас олон удаа цохиж учруулсан, хамар, сарвууны алганд зулгаралт гэмтлүүдийг намайг газар чирч учруулсан... Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй...Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************ өгсөн: “2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед ажлаасаа буугаад 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян Уулын 31 дүгээр гудамжны ************ гэртээ ирэхэд хамтран амьдрагч ************ гэртээ ганцаараа байсан ба гэрийн гадаа цаашаа хараад хэвтэж байсан...Тэгэхээр нь очоод хартал нүүр, толгой хэсэг нь нэлээн цус гарчихсан байдалтай, яасан юу болсон талаар асуухад хүү ******* согтуу ирээд зодчихлоо гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5878 дугаартай “************ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, хамар, уруул, баруун дал, хоёр далны хооронд хазагдсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ************ өгсөн: “...************ нь гэмт хэргийн улмаас 2024 оны 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 49.920 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ************гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ************гийн өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гадуур найзтайгаа хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд орой Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян уулын 31 дүгээр гудамж ************ гэртээ ирэхэд хойд аав Хүрэлсүрэн ганцаараа гэрийн гадаа юм хийгээд сууж байсан юм. Тэгээд намайг архи уучихсан байна гэж загнасан юм, үүнээсээ болж бид хоёр хэрүүл маргаан болоод байж байхдаа хойд аав Хүрэлсүрэн намайг цохиод авахаар нь би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон юм, бид хоёр нэлээн зодолдож маргалдаад салаад би гэрээсээ гараад явчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян Уулын 31 дүгээр гудамжны ************ гэртээ хойд эцэг ************ тодорхой шалтаг шалтгаангүйгээр  газар мөргүүлж, чирч зодон биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, хамар, уруул, баруун дал, хоёр далны хооронд хазагдсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр сарвууны алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч ************ийн өгсөн: “...************ согтуу орж ирээд над руу шууд утас өг пизда минь гээд дайрсан ба миний цамцнаас татаад газар мөргүүлээд дээрээс өөрийнхөө гар утсаар толгойн орой хэсгээр олон удаа цохисон юм. Мөн миний хамрын үзүүр болон уруул, нуруу хэсгүүдэд хазсан. Тухайн үед намайг өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), хохирогч ************ийн дахин өгсөн: “Миний биед учирсан тархи доргилт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх гэмтлүүдийг гар утсаараа олон удаа цохиж гэмтээсэн, хамар, уруул, баруун дал, хоёр далны хооронд хазагдсан шарх гэмтлүүдийг ******* хазаж учруулсан юм. Хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг утсаараа нүүрэн тус газар бас олон удаа цохиж учруулсан, хамар сарвууны алганд зулгаралт гэмтлүүдийг намайг газар чирч учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч ************ өгсөн: “...хамтран амьдрагч ************ гэртээ ганцаараа байсан ба гэрийн гадаа цаашаа хараад хэвтэж байсан...Тэгэхээр нь очоод хартал нүүр, толгой хэсэг нь нэлээн цус гарчихсан байдалтай, яасан юу болсон талаар асуухад хүү ******* согтуу ирээд зодчихлоо гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5878 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 дахь тал), иргэний нэхэмжлэгч ************ мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ************гийн яллагдагчаар өгсөн: “...хойд аав Хүрэлсүрэн ганцаараа гэрийн гадаа юм хийгээд сууж байсан юм. Тэгээд намайг архи уучихсан байна гэж загнасан юм, үүнээсээ болж бид хоёр хэрүүл маргаан болоод байж байхдаа хойд аав Хүрэлсүрэн намайг цохиод авахаар нь би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон юм, бид хоёр нэлээн зодолдож маргалдаад салаад би гэрээсээ гараад явчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ************ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************ нь хохирогчийн толгой хэсгээр газар мөргүүлж, хазаж, гар утсаараа цохиж, чирсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч ************ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй...Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал) мэдүүлсэн байх ба шүүгчийн туслахад шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн, хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хохирогчийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 49.920 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 78 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************гаас 49.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэв.

Энэ хэрэгт ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:     

1. ************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************гаас 49.920 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Хэрэгт ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ