Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2019/02483/И |
Дугаар | 181/ШШ2019/02479 |
Огноо | 2019-12-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2019/02479
2019 оны12сарын 02 өдөр | 181/ШШ2019/02479 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Ц /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.М гуравдагч этгээд О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.Оюуны нэхэмжлэлтэй, Т.Ц, А.Янсанмаа нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 80,909,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байх ба Т.Цгийн өмчлөлийн Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага буюу шинжээчээр үнэлүүлж 795,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ талаар төлбөр төлөгч Т.Цд болон төлөөлөгч Э.Түвшинбаяр нарт хуульд заасан арга хэлбэрээр мэдэгдээгүй болно. Төлбөр төлөгч Т.Цн зүгээс хуульд заасан эрхийн дагуу өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэхээр Э.Түвшинбаярт 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлийг мөн өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Наранчимэгт хүлээлгэн өгсөн бөгөөд уг итгэмжлэл шийдвэр гүйцэтгэлийн материалд байхгүй гэх ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс гээгдүүлсэн гэж үзэж байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгоны зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Т.Цд Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчээр үнэлсэн үнэлгээ болох 795,000,000 төгрөгийн 70 хувиар тооцож 556,500,000 төгрөгийн үнийн дүнгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг утсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Т.Цн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн үнэлгээг гаргаж өгөөгүй, мөн Т.Цн өмчлөлийн Ү-2203027433 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 8 тоот, Ү-2203026998 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 13, Автозамчдын гудамж 40-р байр 14 тоот, Ү-2202009578 2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Гүнт билгүүн гудамж 151 тоот хөрөнгүүдийг битүүмжилсэн атлаа Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах объектыг сонгон авч үнэлгээ гаргуулан, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг туйлын ихээр гайхаж байгаагийн зэрэгцээ гомдолтой байна. Т.Ц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 795,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа болно. Мөн НШ болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасан ажиллагааг хийгээгүй буюу огт тайлбарлаж өгөөгүй. Мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүйн улмаас иргэн Т.Цн хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Т.Ц дээрх үнэлгээг эс зөвшөөрч мэдсэн даруй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана, 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдаж иргэн Т.Цн хуулиар олгогдсон эрх, ашгийг хохироож байх тул Т.Цн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж 5 дугаар байр 3 давхар хаягт байршилтай орон сууцыг 795,000,000 төгрөгөөр тооцсон үнэлгээг хүчингүй болгож, мөн үнэлгээний 70 хувь болох 556,500,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 2641 дугаар захирамжаар Т.Цгээс 75,532,950 төгрөгийг гаргуулж О.Оюунд олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 11 сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Т.Цн эд хөрөнгийн талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009578 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Гүнт-Билгүүн 151 хаягт байрлах 228.8 м.кв талбайтай хувийн сууц хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хурааж төлбөр төлөгч Т.Цгээс үнийн санал авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 800,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр 3 давхарт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 795,925,800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Цибүүдэйгийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2019 онь 08 дугаар сарын 20-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол-оор шинжээчийн үнэлсэн үнэ болох 795,925,800 төгрөгийн 70 хувиар тооцон 557,148,060 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц намайг хууран мэхэлж 2015 оны 01 дүгээр сарын 17-нд надаас мөнгө зээлдэж, Чоно финанс ББСБ-д төлөх ёстой ээж А.Янсанмаагийн зээлийг хаалгачихаад, миний мөнгийг өнөө маргаашийн дотор өгнө гэж хуурч зальдсаар гурван жил орчим болсны эцэст арга буюу анхан шатны шүүхэд хандсан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Т.Цгээс 75 сая төгрөгийг гаргуулж, надад төлөх шийдвэр гарсан юм. Шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 11 сарын 15-нд миний бие өгсөн. Хариуцагч Т.Ц, А.Янсанмаа нар Удахгүй хятадаас мөнгө орж ирнэ. Таныг мөнгийг төлнө гэж хэлээд энэ онд дуудлага худалдаанд орсон байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг надад хадгалуулсан юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд төлбөрийг барагдуулах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй алгуурлаад байхаар нь хариуцагч Т.Ц, түүний ээж А.Янсанмаа нараас төлбөрөө төлөхийг олон удаа гуйсан. Хариуцагч Т.Ц мөнгийг төлөх талаар өчүүхэн санаа тавих нь бүү хэл өөрийнх нь шүүхэд гаргасан өргөдөлдөө бичсэн олон үл хөдлөх хөрөнгийнхөө аль нэгийг нь зарж борлуулаад тус болсон хүнийхээ өрийг төлчих сэтгэл байсангүй. Т.Цгийн хөрөнгийг ганц сонинд нэг удаа зарлах төдийгөөр шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн 9 дүгээр сард дуудлага худалдаанд оруулсан боловч нэг ч хүн ирээгүй гэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд бараг хоёр жилийн хугацаанд ямар ч гүйцэтгэл явуулахгүй байж байгаад нэг удаа дуудлага худалдаа явуулахдаа хариуцагчид мэдэгдэж хууль номынх нь дагуу хийхгүй, мэргэжлийн хуульчид мөртлөө асуудалд хэт гоомой хандсан эсвэл хариуцагч талтай илт үгсэн хуйвалдсан байж болзошгүй шинж харагдаж байна. Ийнхүү зориуд юм шиг алдаа гаргаж зальт этгээдэд таатай боломж олгосонд нэн харамсаж байна. Ийм байдлаар сунжруулаад байвал хэдий хугацааны дараа мөнгөө олж авч чадахыг хэлэхэд хэцүү байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүх асуудалд нухацтай хандаж, төлбөрийг төлөхгүй таван жил болж иргэн миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг харгалзан үзэж, миний мөнгийг төлүүлэх талаар хуулийн байгууллага шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч НШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02641 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-7 тал/-аар хариуцагч Т.Ц нь 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Оюунд төлж барагдуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Оюунд олгохоор шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 01220 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-24 тал/ бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй, улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 5 дугаар байр, 3 дугаар давхар хаягт байрлах 130.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17281184/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-34 тал/-оор хураасан байна.
Улмаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Т.Цгээс үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 800,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-26 тал/-ыг төлбөр төлөгч Т.Ц өгсөн, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай "Шинжээч томилох тухай тогтоол" /хх-27 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, Хөрөнгө эстимэйт ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-28 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 795,925,800 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдэл /хх-29 тал/-ээр Т.Цд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэхээр мэдэгдлийг Монгол шуудан ХК-аар дамжуулан хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээний талаар Т.Ц болон түүний төлөөлөгч Э.Түвшинбаяр нарт мэдэгдээгүй, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс алга болгосон, Т.Цн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн үнэлгээг гаргаж өгөөгүй, үнэлгээний талаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр утсаар мэдэгдсэн, өөр бусад үл хөдлөх эд хөрөнгө байсаар байхад дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч үнэлгээ гаргуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлсэн гэсэн үндэслэлүүдийг дурдсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үнэлгээний байгууллагын үнэлгээчинд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, зөвхөн үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Эрдэнэбатад эрх үүрэг тайлбарласнаас бус бусад н.Бат-Энх, н.Батзаяа гэх хүмүүст нь эрх үүрэг тайлбарлаагүй, үнэлгээчин н.Эрдэнэбат нь тусгай зөвшөөрөлтэй байснаас н.Бат-Энх, н.Батзаяа нарын тусгай зөвшөөрөл байхгүй байсан зэрэг үндэслэлүүдийг гаргасан.
НШ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Т.Цгээс хөрөнгийн үнэлгээний саналыг авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 800,000,000 төгрөгөөр үнэлсэн Т.Цн гараар бичсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэгэн үнэлгээг гаргаж өгөөгүй байсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас илтэд доогуур үнэлсэн гэж маргасан боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн бодит үнээс илтэд доогуур хийгдсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй байна.
Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний ахлах мэргэжилтэн Б.Батзаяа нар гаргасан байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний ахлах мэргэжилтэн Б.Батзаяад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг танилцуулахдаа эрх үүрэг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байх тул үнэлгээчинд эрх үүрэг тайлбарлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
НШ хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/8970 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Цд Монгол шуудан ХК-аар дамжуулан хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтад заасан зохицуулалтад нийсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтад Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас хаягаар мэдэгдлийг хүргүүлэхэд уг хаягт эзэнгүй байсны улмаас мэдэгдэл буцаж ирсэн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа уг үнэлгээний дагуу явагдах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг мөн гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй байсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс илтэд доогуур хийгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Цн НШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэл гаргах үеийн байдлаар явагдаагүй байсан ажиллагааг шүүх хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дагуу явагдах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид эрх үүрэг тайлбарлаагүй, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байхад нэг үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс алга болгосон гэх зэрэг үнэлгээтэй холбогдолгүй бусад үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дахь заалтад Энэ хуулийн 55.7...-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоогүй асуудлаар гаргасан нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбарууд нь шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Цн хариуцагч НШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Цн хариуцагч НШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, уг үнэлгээний дагуу явагдах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 181/ШЗ2019/10552 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР