2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,   

шүүгдэгч *************,

хохирогч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408005621070 дугаартай нэг хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, (8 настай) хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **************************** тоотод оршин суух хаягтай, урьд  2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:****************/, *************.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махын ************* дугаар байрны *************од байхдаа “Өврийн бичиг” гэсэн фейсбүүк хаягаар байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж хохирогч *************ээс 2.400.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан,

2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *************тэй фейсбүүк чатаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны махын ************* дугаар байрыг түрээслүүлнэ гэж итгүүлэн Хаан банкны ************* дугаарын дансаар 250.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан,

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махын *************  дугаар байрны гадна хохирогч *************д  “гал тогоо тусдаа хуучны 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж худал хэлж хуурч хохирогч *************гаас 200.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “ Би өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа. Хохирлыг төлнө.” гэв.

Хохирогч  ************* шүүхийн хэлэлцүүлэгт “************* надад энэ түрээслүүлэх байр нь миний аавын байр байгаа юм, энэ орчмын эргэн тойронд миний ах дүү нар амьдардаг гэж хэлэхээр нь би маш их итгэсэн. Би *************гаас 2.400.000 төгрөгийн хохирлоо авмаар байна.” гэв. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Нэг. Шүүгдэгч ************* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Өврийн бичиг” гэсэн хаягаар байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон *************ээс 2.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк ороод байж байтал “Өврийн бичиг” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “байр түрээслүүлнэ” гэсэн зар байсан ба би тухайн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон бөгөөд “би энэ байрны эзэн байгаа юмаа байраа түрээслэх юм би 2023 оны 12 дугаар сарын 30-нд зээлээ төлөх юм түүнээс өмнө та ирээд байраа үзээдхээч” гэсэн бөгөөд байр нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ************* дугаар байрны *************од байрлах байр байсан юм. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байраа зарах гэж байгаа хүн буюу ************* /*************/ дугаарын утастай хүнтэй тухайн байран дээр нь очиж уулзсан ба би байрыг хараад болохоор юм байна гээд тохиролцсон. ************* “би өнөөдөр таныг хүлээгээд юу ч идэж уугаагүй мөн ажлаа алдаад баларсан. Та надад таксины мөнгө өг гэж хэлэхээр нь би 100.000 төгрөг бэлнээр өгөөд дараа нь 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ************* дугаартай данснаас *************гийн ************* дугаартай данс руу нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-48 байрны *************од байхдаа шилжүүлсэн юм. Мөнгөө авсны дараа ************* “би өнөөдөр байраа хараад усанд ороод хоноё маргааш та ирээд байраа аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байр руугаа яваад очиход ************* гэртээ байсан ба “за эгчээ үлдэгдэл 1.900.000 төгрөг авчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Хаан банкны ************* дугаартай данснаас *************гийн ************* дугаартай данс руу нь 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би мөнгөө шилжүүлсний дараа ************* яваад өгсөн бөгөөд бид нар гэртээ байж байтал шинэ он гараад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны жинхэнэ эзэн ************* /*************/ гэх хүн эхнэрийн хамт орж ирсэн бөгөөд “эхнэр бид хоёр *************д энэ байрыг түрээсэлсэн юм. Бид хоёр энэ байрны эзэн бөгөөд ************* сүүлийн үед түрээс төлөхгүй утсаа авахгүй байгаа юм” гээд ороод ирсэн. Тэгээд тухайн байрны эзэн ************* нь “2-3 хоногоос манай байрыг чөлөөлж өгөөрэй бид нар өөр хүнд түрээслэх гэж байгаа” гэж хэлэхээр нь би гуйгаад “одоо өвөл болж байна нүүхэд хэцүү болсон би мөнгөө өгөөд танай байранд байж байя” гэж хэлээд байрны мөнгө болох 1.600.000 төгрөгийг одоо түрээслээд сууж байгаа юм. Болсон үйл явдлын дараа би *************гийн гар утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Би нийт 2.400.000 төгрөгийг *************д өгсөн. Би хаан банкны ************* дугаартай данснаас *************гийн ************* дугаартай данс руу 2.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн ба 100.000 төгрөгийг *************д бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

1.3 *************гийн эзэмшлийн Хаан банкны ************* дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 41-43 дахь тал)

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн сэжигтнээр өгсөн: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овоогийн *************тоот хаягт түр хугацаанд байшин түрээсэлж амьдарч байгаа юм. Би өөрийн төрсөн эх, хүүхэд дээрээ 2023 оны 11 дүгээр сараас хойш очоогүй явна. Би 2023 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* дугаар байрны ************* хаягт байр түрээсэлж амьдарч байгаад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тоотоос гарахаар болж улмаар фейсбүүк цахим орчинд “Өврийн бичвэр” гэх хаягаас гал тогоо тусдаа 2 өрөө байр түрээсэлнэ гэсэн утгатай зар байршуулсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ****************** гэх эмэгтэй надтай утсаар холбогдож ирж уулзаж тэр байранд орохоор болж бэлэн 500,000 төгрөг өгч улмаар үлдсэн мөнгийг миний өөрийн Хаан банкны ************* дугаарын данс руу Хаан банкны ************* дугаарын данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгч ************* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Цээгий Цээгий” гэсэн хаягаар байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон ******************* 250.000 төгрөг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлж авч залилсан болох нь:

2.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 166 дахь тал)

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********************* хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байгаад фейсбүүк ухаж байгаад “1 өрөө байр түрээсэлнэ” гэсэн групп руу орж 1 өрөө байр түрээсэлж сууна гээд зар тавьтал “Цээгий Цээгий” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас над руу чат бичиж “2 өрөө байр байна сарын түрээс нь 750.000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр суларна” гэсэн. Би холбогдох **************** гэсэн дугаарыг авсан юм. Түүний дараа би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас “Цээгий Цээгий” гэх хаяг руу өдөр 11 цагийн үед чат бичиж “Байр чинь суларсан уу” гэж асуухад тухайн хаягаас “Байр байгаа” гэж хэлсэн. Тухайн “Цээгий Цээгий” гэсэн хаягаас надад чат ирэхдээ “би өөрөө хөдөө байна” гэсэн ба орой 18 цагийн үед мессенжерийн дуу хоолойны бичлэгээр над руу “байр бэлэн байгаа хэдүүлээ амьдрах хэдэн настай вэ” гэх зэргээр асуусан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад “Цээгий Цээгий” гэх хаягийн эзэмшигчийн дүү нь орой 21 цагийн үед байран дээр очно гэсэн ба би уулзахаар болсон юм. Тухайн байр нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Махын ************* дугаар байр байсан ба би орой 20 цаг 30 минутын үед тухайн байран дээр явж очсон ба 30 орчим насны эмэгтэй  өөрийгөө ************* гэж танилцуулсан. ************* бид хоёр уулзаад цаасан гэрээ хийсэн ба байраа үзэх гэхэд ************* “Түлхүүр нь надад байхгүй байгаа манай нөхөр архи уугаад алга болсон маргааш өдөр манай нөхрийн ажил дээр очоод түлхүүрээ авчхаарай” гэж хэлсэн. Тухайн үед орой болсон байсан учир гэрээгээ нотариатаар орж батлуулж чадаагүй бөгөөд Махын ************* дугаар байрны гадаа байхдаа *************гийн ************* дугаартай данс руу би өөрийн ************** гэсэн данснаас 250.000 төгрөгийг “Байр түрээс” гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би *************гаас салсан ба ************* надад нөхрийнхөө ************ гэсэн дугаарыг өгсөн ба “Чи маргааш манай нөхөртэй холбогдоод байрны түлхүүрээ аваарай” гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ************** дугаар руу залгахад “тэжээлээс салсан байна” гэсэн ба тухайн дугаар ерөөсөө холбогдоогүй. Би тэгэхээр нь *************гийн ************* дугаар руу зөндөө залгасан боловч дуудаад авахгүй байсан ба 17 цаг 12 минутад над руу фейсбүүк хаягаас “************* эгч нь байна эгч нь ажил дээрээ хуралтай байна манай нөхөр 7 буудалд архи уугаад сууж байгаа сурагтай байна” гэсэн чат бичсэн бөгөөд би “Би танай нөхрийг очоод авчихъя” гэхэд тухайн хаягаас “Чи очоод хэрэггүй ээ очиход байхгүй байвал чамд ажил удна” гэж хэлсэн. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад Махын ************* дугаар байрны *************од *************гийн гэр рүү очиж хаалгыг тогшиход нэг хүүхэд “байхгүй байна” гэж хэлээд байсан ба цаанаас нь нэг хүн “байхгүй” гэж хэл гэж ярьж байгаа нь сонсогдож байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171 дэх тал)

2.3 *************гийн эзэмшлийн Хаан банкны ************* дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 183 дахь тал)

2.4 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 196-197 дахь тал)

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн яллагдагчаар өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ************* дугаар байрны *************ыг түрээслэн амьдардаг байсан. Тухайн түрээсийн байр нь гал тогоо тусдаа 2 өрөө бөгөөд би хамтран амьдрагчийн хамт 1 өрөөнд нь амьдардаг байсан. Нөгөө өрөөндөө хүн авна гэж “Цээгий Цээгий” гэх өөрийнхөө фейсбүүк хаягаас зар тавьсан. Зарын дагуу ************* гэх эрэгтэй надтай холбогдоод 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой над дээр ирж уулзсан. Тухайн үед манай гэрт хүмүүс ирчихсэн ****************оруулах боломжгүй байсан болохоор *************тэй гэрийнхээ гадаа уулзаад бичгээр гэрээ байгуулж урьдчилгаа 250.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ************* дугаартай дансаар шилжүүлэн авч ***************маргааш хүрээд ирээрэй гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш би ***********-тэй дахин холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гурав. Шүүгдэгч ************* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Алзахгүй Цэ” гэсэн хаягаар байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон *************гаас 200.000 өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлж авсан болох нь:

3.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 74 дэх тал)

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн хохирогчоор өгсөн: “ Манай нөхөр хөдөө ажилладаг болохоор өвөл хоёр охинтойгоо байр түрээсэлье гэж бодоод фейсбүүкээр зар харж байгаад 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Алзахгүй Цэ” гэсэн фейсбүүк хаягаас гал тогоо тусдаа хуучны 2 өрөө байр түрээслүүлнэ гэж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нийтэлсэн зар оруулсан байхаар нь би өөрийнхөө фейсбүүк чатаар харьцаад 1 сарын 650,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод мөнгөө шилжүүлчих тэгэхгүй бол өөр зөндөө хүн түрээслэх гээд байна гээд байхаар нь би итгэхгүй очиж үзье гэж бодоод 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байраа үзэхээр болоод Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 дугаар байрны үүдэнд нэг эмэгтэй хүн гарч ирээд чамд түрээслүүлэх гээд ярьж байсан байрны түлхүүрийг нь манай нөхөр машиндаа аваад явчихсан байна. Би энд бас байр түрээсэлдэг юм аа чи итгэхгүй бол энд ороод түрээслэх гэж байгаа байраа харчих гэхээр нь 2 давхарт шатаар зүүн гар тийшээ эргээд эхний бор өнгөтэй хаалгыг уг эмэгтэй түлхүүрээрээ онгойлгож орсон. Балкон дээр нь гараад тэр урд харагдаж байгаа 5 давхар бор байрны 2 давхарт түрээслүүлэх гэж байгаа байр маань байгаа гэж хэлсэн. Одоо урьдчилгаа 200,000 төгрөг өгөөд захиалгаа баталгаажуулчих тэгэхгүй бол өөр хүмүүст түрээслүүлэх гээд байна гэхээр нь би барьцаанд нь нөхрийнхөө иргэний үнэмлэхийг өгье гээд “EMongolia” ороод хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг харуулахад ************* гэж байсан. Нөхрийнх нь иргэний үнэмлэх нь ************* ************* гэж байсан. Би тэгэхээр нь итгээд өөрийнхөө эзэмшлийн Хас банкны ************* дугаарын данснаас 200,000 төгрөгийг Хаан банкны ************* дугаартай ************* ************* буюу тухайн эмэгтэйн өөрийнх нь эзэмшлийн данс руу нь шилжүүлээд явсан. Тухайн өдрөөс хойш фейсбүүк чатаар надад баахан зовлон, шалтаг тоочоод би түрээснийхээ байранд орж чадаагүй. Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би өөр фейсбүүк ашиглаад нөгөө үл таних эмэгтэй рүү фейсбүүк чат бичээд түрээсийн байр байна уу гэж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* төвийн урд барьж авсан. Утасны дугаар нь *************, нөхрийнх нь дугаар нь ************* Би 200,000 төгрөгөө авчихвал гомдолгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал)

3.3 *************гийн эзэмшлийн Хаан банкны ************* дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 127-133 дахь тал)

3.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түрээслэн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо ************* дугаар байрны ************* байрнаас гарахаар болж өөрийн ашигладаг фейсбүүкийн “Алзахгүй Цэ” гэсэн хаягаас 1-ээс 2 өрөө байр түрээслүүлэх зарын групп дээр “Байр түрээслүүлнэ” гэсэн зар оруулсан чинь ************* гэдэг хүн над руу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чатаар холбогдож миний утасны дугаарыг авч над руу гар утсаар залгаж миний амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 48-р байрны гадна талд уулзаж хамт байр руу орж байрыг үзсэн. Тэгээд 650.000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийхээр болсон. Тэр өдөр амралтын өдөр байсан учраас гэрээ хийж чадалгүй миний Хаан банкны ************* дугаартай данс руу 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би барьцаанд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хамтран амьдрагч ************* иргэний үнэмлэхийг өгсөн. Тэрнээс хэд хоногийн дараа нөхөр бид хоёр хоорондоо маргалдаж хүн хүнтэй уулзаж чадахгүй байсан. Тэгэхэд ************* над руу чатаар холбогдоход нь би энэ байдлаа хэлж өөрийн зургийг явуулсан. Тэгээд хорондоо чатаар холбогдож 10-аад хоносон. Тэгсэн чинь ************* намайг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Тэрнээс хойш би *************гийн мөнгийг өгч чадаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн дүгнэлт.

Шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ************* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд “фейсбүүк” олон нийтийн харилцаа холбоо, цахим сүлжээг ашиглаж “Өврийн бичиг” мөн “ Цээгий Цээгий” мөн “Alzahgvi Tse” гэсэн хаягаас “...байр түрээслүүлнэ...” гэсэн хуурамч зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч нарын байр түрээсэлж амьдрах хүсэл сонирхлыг ашиглан өөрийн түрээслэн сууж байсан байрыг өөрийн эзэмшил өмчлөлийн байр мэтээр бусдад сэтгэгдэл төрүүлэн худал хэлж хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны *************, ************* дугаарын дансуудаар мөнгө шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий гурван хохирогчид нийт 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ************* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа залилах гэмт хэргийн шинж хангагддаг. 

Шүүгдэгч *************гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *************г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

************* нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч *************т 2.400.000 төгрөг, *************д 250.000 төгрөг, *************д 200.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************гаас нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч *************т 2.400.000 төгрөг, *************д 250.000 төгрөг, *************д 200.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ам бүл хоёр /найман настай/ хүүгийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хоёр зуун жар/ 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт ************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                        ТОГТООХ нь:

1. *************г “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************гаас нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч *************т 2.400.000 төгрөг, *************д 250.000 төгрөг, *************д 200.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ