| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 101/2016/07675/И |
| Дугаар | 182/ШШ2018/01995 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2018/01995
| 2018 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2018/01995 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу шилжүүлсэн 7.49 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 56,416,515 төгрөг, дутуу талбайн ашиглалтын зардалд төлсөн 350,500 төгрөг буюу нийт 56,767,015 төгрөг гаргуулах, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 528 тоот талбайг өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах төлбөр бүрэн барагдуулсан тухай албан бичиг болон талбайг шилжүүлсэн тухай ******* ХХК-ийн удирдлагын шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаягийн мэдээлэл зэргийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбат овогтой ******* миний бие 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК-тай №11/1108 дугаар Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын №1528 тоот 19.44 м.кв талбайг иж бүрэн, чанартай барьж 2012 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь нийтдээ 68,040 ам.долларыг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр тус тус тохиролцсон.
Гэрээний тохиролцооны дагуу захиалагч нь төлбөрийг дараах байдлаар төлж дуусгасан байна. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд 19,500 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сарын 21-нд үлдэгдэл 48,540 ам.доллар, нийтдээ 68,040 ам,долларыг гүйцэт төлж барагдуулсан. Улмаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны гэрээний талууд харилцан үүргээ гүйцэтгэсэн тухай гэрээ дүгнэсэн актыг байгуулсан. Тус гэрээ дүгнэсэн актаар гүйцэтгэгч тал нь Peace Tower оффис худалдаа үйлчилгээний төвийн 5 давхрын №528 тоот 19.44 м.кв оффис, худалдаа үйлчилгээний талбайг гэрээний дагуу иж бүрэн барьж өмчлөгчид хүлээлгэн өгсөн талаар дурджээ.
Гэтэл бодит байдал дээр захиалгаар худалдаж авсан талбай нь 11.95 м.кв буюу гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7.49 м.кв хэмжээгээр дутуу байгаа нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Уран үзэг хэмжилтийн компанийн дүгнэлтээр нотлогдсон. Энэ талаар гэрээний гүйцэтгэгч тал болох ******* ХХК-иас тодруулахад 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/1108 дугаар гэрээгээр нийт талбайд нийтийн эзэмшлийн талбай хамаарч байгаа гэсэн хариуг өгсөн. Иймд өөрт учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Талуудын хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний тохиролцооноос үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан. Үүнээс үзвэл гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд тухайн 19.44 м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн захиалагч нь нийтийн эзэмшлийн талбайг ашигтай талбай гэж үзэн бусдын өмчлөлд шилжүүлэх боломжгүй бөгөөд өмчлөгч Г.******* нь тухайн талбайг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Мөн ******* ХХК нь захиалагчийн өмчлөлд бодит байдал дээр 11.95 м.кв талбайг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасны дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байна. Түүнчлэн захиалсан оффис, худалдаа үйлчилгээний талбай ашиглалтад орсноос хойш 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ашиглалтын зардалд нэг м.кв-ын 3,900 төгрөг, нийт 19.44 м.кв-д сар бүр 75,820 төгрөгийг төлдөг. Ашиглалтын зардалд м.кв-ын зөрүүнд 350,500 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс 7.49 м.кв дутуу талбайг захиалагч Г.*******ьн өмчлөлд шилжүүлж түүнд хохирол учруулсан байх тул ******* ХХК-д илүү төлсөн Худалдаа үйлчилгээний зориулалтын 7.39 м.кв дутуу талбайн зөрүү /1 м.кв 3,500 ам.доллар/ буюу 56,416,515, төгрөг, ашиглалтын зардалд илүү төлсөн 350,500 төгрөг, нийт 56,767,015 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.*******, харицуагч ******* ХХК-д холбогдуулан талбайн зөрүү 56,767,015 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.******* нь ******* ХХК-тай №11/1108 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын №528 тоот 19.44 м.кв талбайг иж бүрэн, чанартай барьж 2012 оны 1 дүгээр улиралд багтаан Хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 68,0240 ам.долларыг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр тус тус тохиролцсон.
Захиалагч тал гэрээнд заасан хугацаа, графикийн дагуу төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан. 2014 онд Худалдаа үйлчилгээний барилга ашиглалтад орж 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр талууд харилцан үүрэг гүйцэтгэсэн тухай Гэрээ дүгнэсэн актыг хүлээлцсэн байдаг. Нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүднээс Peace Tower оффис, үйлчилгээний барилгын 5 дугаар давхрын №528 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг улсын бүртгэлийн газраас авах гэтэл уг талбай нь нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлд байдаггүй гэдгийг мэдсэн.
2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/1108 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 3.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч нь барилгын 5 дугаар давхрын №528, 19.44 м.кв талбайг иж бүрэн чанартай барьж 2012 оны 1 дүгээр улиралд багтаан Хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэж заасан хөрөнгө оруулагчийн өмчлөлд талбайг шилжүүлэх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна гэв.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.******* нь харицуагч ******* ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №11/1108 Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь тус барилгын 5 давхрын №528 тоот, 19.44 м.кв талбайг иж бүрэн чанар сайтай барьж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл ******* ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй байсаар өдийг хүрсэн тул бид өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК-иас албадан гаргуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Анхан шатны шүүгч дээрх хүсэлтийг хангаагүй тул бид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж шилжүүлэн талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлага гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээ шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.******* нь огт үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Уран үзэг ХХК-ийн хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэсэн гэх бөгөөд уг хэмжил нь өөрөө хууль зөрчиж хийгдсэн болно.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд маргаан бүхий талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг ******* ХХК-иас гаргуулахыг шаардсан ба үүний дагуу гэрээгээр 19.44 м.кв талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай албан бичиг хийж өгсөн. Тодруулж хэлэхэд Уран үзэг ХХК-ийн дүгнэлтээр 11.08 м.кв талбай гэж гаргасан ч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, анх гэрээнд тохиролцсон 19.44 м.кв талбайгаар өмчлөх эрхийг гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хувьд талуудын хороонд 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авалтын барилгын захиалагчийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Гэрээнд 2012 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх нөхцөл үнэн зөв юм. 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулагдахад Пийс тауэр барилга боссон байсан. Хариуцагчаас гаргаж өгсөн улсын комиссын актын 1.6-д энэ барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу 2008 оноос эхлэн барьж 2012 онд барьж дууссан гэсэн тэмдэглэл байдаг. Талуудын хороонд худалдан авалтын барилгын захиалагчийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Барилга байгууламж баригдаж дууссаны дараа нэхэмжлэгч барилгаас сонголт хийж 19.44 м.кв талбай худалдаж авсан. Гэрээний хавсралт план зургаас харахад 528 тоот нь 84 м.кв талбай байна, павильон доторх талбай буюу цэвэр талбай 11.8 м.кв талбай, дундын өмчлөл 7.6 м.кв талбайтай гэж, анхны гэрээний 1.1-т нийтийн эзэмшлийн талбайн хамт 19.44 м.кв талбай гэснийг 2014 онд гэрээний 1.1 дэх хэсгийг задалж бичсэн гэрээ байдаг. Үүнийг нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Энэ гэрээний асуудлыг тайлбарлахдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрсдөө гаргаж өгсөн гэдгээ илэрхийлдэг. Яагаад гарын үсэг зурагдаагүй юм бэ гэж шүүгчээс асуухад гэрээний 1.1 дэх хэсэг буюу талбайн хэмжээг тодруулж өгсөн юм байна лээ, гэхдээ манай зүгээс гарын үсэг зураагүй хадгалсан гэдгээ нэхэмжлэгч талаас илэрхийлдэг. Хэдийгээр гарын үсэг зураагүй байгаа ч гэрээний үргэлжлэл хүчин төгөлдөр харилцаа гэж үзэж байна. Удаа дараа шинжээчийн дүгнэлт гарсан. Анх Уран үзэг ХХК-иар нэхэмжлэгч өөрөө павильон дотор талбайгаа хэмжүүлээд үзэхэд 11.9 м.кв талбай гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хоёр дахь удаа дүгнэлт гаргуулж нийт талбайг хэмжүүлэх хүсэлт гаргаж байсан. Уран асар ХХК-иар павильоны доторх цэвэр талбайг хэмжээг хэмжсэн нь 11.8 м.кв талбай буюу анх гэрээгээр тохиролцсон хэмжээтэй таардаг. Үүдэнд байрлах хөлийн хэсэг 7.6 м.кв талбайг хэмжилгүй орхисон нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой байгаа. Энэ нь гэрээнд заагдсан хэмжээтэй таардаг учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь ашиглалтын зардалд илүү төлсөн төлбөрийг нэхэмжилдэг. Ашиглалтын зардлыг Пийс тауэр ХХК нь авдаг. Ашиглалтын зардлын төлбөр төлсөн баримтанд Пийс тауэр ХХК-ийн санхүү тэмдгээ дарсан байдаг. ******* ХХК нь ашиглалтын зардлын төлбөрийг авдаггүй. Ашиглалтын зардлыг Пийс тауэр ХХК нь авдаг. Үүнийг ******* ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дундын өмчлөлийн талбайг оруулж тооцож байгааг буруу гэсэн зүйл нэхэмжлэгч тал ярьдаг. 2011 онд талуудын хороонд гэрээ байгуулахдаа нийт эзэмшлийн талбайг план зурагт нийт 19.4 м.кв талбай байна гэж тохиролцсон байхад хожим нь мэдсэн юм шиг мэдэн будлиж зөвлөх павильон доторх талбайгаа хэмжүүлж байгаа явдал нь шударга биш юм гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан дутуу шилжүүлсэн 7.49 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 56,416,515 төгрөг, дутуу талбайн ашиглалтын зардалд төлсөн 350,500 төгрөг буюу нийт 56,767,015 төгрөг гаргуулах, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 528 тоот талбайг өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах төлбөр бүрэн барагдуулсан тухай албан бичиг болон талбайг шилжүүлсэн тухай ******* ХХК-ийн удирдлагын шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаягийн мэдээлэл зэргийг гаргуулахаар шаардаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 528 тоот талбайг өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах төлбөр бүрэн барагдуулсан тухай албан бичиг болон талбайг шилжүүлсэн тухай ******* ХХК-ийн удирдлагын шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаягийн мэдээлэл зэргийг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагыг биелүүлсэн, нэхэмжлэгч үүнд маргаагүй, харин нийт 56,767,015 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж хариуцагч маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн биелүүлсэн хэсэгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace tower оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 5 дугаар давхрын 528 тоотын нийт 19.44 м.кв талбайн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь талбайн үнэд нийт 68,040 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 4-7 дахь тал/
Гэрээний дагуу нэхэмжлэгч 68,040 ам.долларын төлбөрийг бүрэн төлж үйлчилгээний талбайг хүлээж авсан болох нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд үүнд маргаагүй болно. /хх-ийн 8 дахь тал/
Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний шинжээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул Иргэний хуулийн 243 дуаар зүйлийн 243.1-т заасан гэрээ гэж үзэв.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.******* нь гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсний дагуу 19.44 м.кв хэмжээтэй худалдаа үйлчилгээний талбайг хүлээн авч, түүний үнэ 68,040 ам.долларыг худалдагч ******* ХХК-д төлсөн байна. Харин хариуцагч ******* ХХК биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсний дагуу Peace tower оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 5 дугаар давхрын 528 тоот үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгсөн байдаг.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талууд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар Чингэлтэй дүүгийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Peace tower оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 5 дугаар давхрын 528 тоотын нийт 19.44 м.кв талбайг гэрээний дагуу иж бүрэн барьж өмчлөгчид хүлээлгэн өгсөн, өмчлөгч нь хүлээн зөвшөөрч талбайг хүлээн авсан талаар акт үйлдэж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Үүнээс хойш 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Уран үзэг ХХК-ийн хэмжилтээр худалдааны павильон нь 7.49 м.кв дутуу болохыг мэдсэн худалдан авагч нь дутуу 7.49 м.кв-ын үнэд илүү 56,416,515 төгрөг илүү төлсөн үндэслэлээр мөн төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд хэрэв худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч нь мөн хуулийн 254.1, 254.4-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах, мөн гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээснийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байдаг.
Гэхдээ эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-т зааснаар дээр дурдсан шаардлага гаргах эрхээ алддаг.
Нэхэмжлэгч Г.******* 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдэж үйлчилгээний зориулттай талбайг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн буюу үйлчилгээний талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэх боломжтой байхад шалгаж авах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр үйлчилгээний талбайг хүлээн авсан байна.
Тодруулбал, 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 1.1-т ...нийт 19.44 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/... гэж заажээ. Үүнээс үзвэл нийтийн эзэмшлийн талбай 19.44 м.кв дотор орсон гэж үзэх, мөн талбайг хүлээж авахад заасан талбайн хэмжээнд хүрж байгаа эсэхийг шалгах боломжтой байжээ.
Иймд шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүйгээс биет байдлын доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан нэхэмжлэгч Г.******* нь тухайн үйлчилгээний талбайн хэмжээг дутуу шилжүүлсэнтэй холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Ашиглалтын зардалд илүү төлсөн 350,500 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд ******* ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас 350,500 төгрөгийг ашиглалтын зардалд төлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шаардлага үндэслэлгүй байна.
Иймд ******* ХХК-иас дутуу шилжүүлсэн 7.49 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 56,416,515 төгрөг, дутуу талбайн ашиглалтын зардалд төлсөн 350,500 төгрөг буюу нийт 56,767,015 төгрөг гаргуулах тухай Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шинжээчээр ажилласан Уран-Асар ХХК-ийн шүүхийн зардал болох ажлын хөлс 100,000 төгрөг төлөгдөөгүй байх бөгөөд энэ талаар Уран-Асар ХХК-иас ирсэн нэхэмжлэхийг үндэслэн шинжээчийн зардлыг хуульд зааснаар зохигчдод хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасыг удирдага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар ******* ХХК-иас дутуу шилжүүлсэн 7.49 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 56,416,515 төгрөг, дутуу талбайн ашиглалтын зардалд төлсөн 350,500 төгрөг буюу нийт 56,767,015 төгрөг гаргуулах тухай Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Peace Tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 528 тоот талбайг өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах төлбөр бүрэн барагдуулсан тухай албан бичиг болон талбайг шилжүүлсэн тухай ******* ХХК-ийн удирдлагын шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаягийн мэдээлэл зэргийг гаргуулах Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******аас 100,000 төгрөгийг гаргуулж Уран-Асар ХХК-нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.НАРАНЦОГТ