| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03792/И |
| Дугаар | 101/ШШ2017/03324 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2017/03324
| 2017 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/03324 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О холбогдох,
Норд шаланз автомашины үнэ 16,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Э миний бие нь өөрийн эзэмшлийн Норд шаланз машинаа ..... дугаарыг ... улсын дугаараар сольсон. Уг машинаа ........... чиргүүл толгойг 2016 оны 09 дүгээр сарын 05-нд Э.От бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй, рам гажиггүй, толгой сэвгүй аман гэрээгээр 35,000,000 төгрөгөөр авч өгөлцөхөөр тохиролцоод машныг зээлээр авсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-нд бүрэн төлбөр тооцоог дуусгаад машины бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр болсон боловч машины үнийн дүнгээс 19,000,000 төгрөгийг цувуулан өгөөд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг өгөлгүй машиныг минь аваад зугтаан алга болсон. 2016 оны 10 дугаар сарын эхээр Говь-Алтай аймаг руу ачаа ачиж яваад Өвөр-Хангай аймгийн Нарийн тээл суманд машин унагааж гэмтээсэн. Уг асуудлыг Өвөр-Хангай аймгийн Прокурорын газраас хэргийн материалыг татаж үзэх, уг шаланзыг Баянхонгор аймагт аваачиж засварлаад Говь-Алтай аймгийн цээл суманд хүдэр зөөсний дараа Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт баг дахь нүүрсний уурхайд Мөст цэвэрлэг булаг ХХК-д ачаа тээвэрлэсэн байна. Ховдод ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 14-нд Улаанбаатар хот руу орж ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Өмнө-Говь аймагт ажиллуулж байгаад гэрчилгээ бичиг баримтгүй саяхан зарж борлуулсан сураг байна. Уг тээврийн хэрэгслийг жилийн дөрвөн улиралд ажилд явуулчихаад үлдэгдэл мөнгөө авах гэж удаа дараа утсаар нь залгаж гэрт нь очиж уулзсан боловч би машинаар чинь мөнгө олоогүй, өгөхгүй. Шүүх цагдаагаараа учираа ол гэж хэл амаар басамжлан доромжлоод, машиныг задалж зарсан хүнийг чи яаж чадах юм бэ гэж хэл амаар сүрдүүлсэн. Говь-Алтай аймгаас 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирэхдээ ...... чиргүүлийг орхиж ирсэн ба уг чиргүүлийг Улаанбаатар хотод авчруулах, миний машин болох Норд шаланз ............. өөрийн толгой чиргүүл хоёрыг Улаанбаатар хотод төлбөртэй хяналтын камертай зогсоолд авчирч тавиулах, уг машиныг намайг харуулж байгаад шинэ рам, болон кабин явах эд ангиудыг сэтгэл санаанд нийцтэл нь засаж янзалвал машинаа эргүүлэн авах боломжтой эсвэл үлдэгдэл мөнгө болох 16,000,000 төгрөгөө гаргуулхаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь О.Эаас 2016 оны 09 дүгээр сард ....... улсын дугаартай Норд шаланз ачааны автомашиныг чиргүүлийн хамт 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 5,000,000 төгрөгийн урьдчилгааг бэлнээр өгч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр О.Эы Хаан банкны ...... тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Эы найз гэх Бын ......тоот Хаан банкны дансанд 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр О.Эы Хаан банкны ...........тоот дансанд 1,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр О.Эы Хаан банкны ........ тоот дансанд 1,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг О.Эд өгсөн. Ингээд үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийг машины бичиг баримтыг Э.Оын нэр дээр шилжүүлж өгсөний дараа өгөхөөр болж харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл машины бичиг баримтыг шилжүүлж өгөлгүй байж байгаад 2017 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Өнчин Цагааны цаад талын дугуй засварын газар машины дугуй нөхүүлж байх хооронд машины кабинд байсан машины бичиг баримт, машины улсын дугаарын хамт, бусад зүйлсийг хэлэлгүйгээр авч явсан.
Дараа нь О.Этай утсаар ярихад мөнгөө өгч байж бичиг баримтаа аваарай гэж хэлээд утсаа салгаад алга болсон, удаа дараа холбогдох гэсэн боловч түүнтэй холбогдож чадаагүй. Гэтэл хэрэгт хавсарган өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад машины дугаар өөрчилөгдсен байна. Энэ нь өмнөх хүний нэр дээрээс О.Э өөрийн нэр дээр 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан байна, надад энэ байдлаа хэлээд Э.Оын нэр дээр шилжүүлээд үлдэгдэл мөнгө болох 6,000,000 төгрөгөө авах боломж байсан шүү дээ. Анх машиныг чиргүүлийн хамт худалдан авахад эвдрэл гэмтэл ихтэй, засч сайжруулах зүйл ихтэй, 12 дугуй солих шаардлагатай байсан ба худалдан авсан өдрөөс хойш нийт 10,048,000 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Ийм төрлийн засвар үйлчилгээ хийгдэх байсныг О.Э өөрөө мэдэж байсан. Засвар үйлчилгээ хийсэн баримтыг хавсаргав. Тухайн үед машин, чиргүүлийн хамт 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсоныг гэрчлэх хүмүүс байгаа ба хамт ажилладаг О, Х, А нар мэдэж байгаа болно. Э.Оын тухайд худалдан авсан тээврийн хэрэгслийг өөр хүнд зарж, борлуулсан зүйл байхгүй. О.Э уг автомашины бичиг баримтыг Э.Оын нэр дээр шилжүүлээд өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. О.Э өөрөө машинаа авна гэж байгаа бол Э.Оаас авсан 19,000,000 төгрөгийг засвар үйлчилгээ хийсэн мөнгө болох 10,048,000 төгрөгийн хамт өгвөл машиныг нь чиргүүлийн хамт буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Э.От холбогдуулан Норд шаланз автомашины үнэ 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Beiben Норд шаланз маркийн ..... улсын дугаартай ачааны автомашин, ...... улсын дугаартай чиргүүлийг хариуцагчид 2016 онд худалдсан талаар зохигч маргаагүй бөгөөд тус автомашины үнийн талаар маргажээ.
Автомашиныг чиргүүлийн хамт 35,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагчид худалдсан тухай нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч 25,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж маргасан ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч автомашин, чиргүүлийн эзэмшлийг хариуцагчид шижлүүлсэн, хариуцагч автомашин, чиргүүлийн үнээс 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.
Хариуцагч тал автомашн, чиргүүлийг нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотолж шүүхэд Ц.О, Х.Б нарыг гэрчээр асуулгасан ба гэрч нар тус автомашиныг хариуцагч 25,000,000 төгрөгөөр худалдан авсан болохыг мэдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн.
Нэхэмжлэгч худалдсан автомашин, чиргүүлийн үнийг 35,000,000 төгрөгөөр худалдсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
Иймд хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар нэхэмжлэгч О.Э шүүх хуралдааны товыг мэдсэн буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн, товд гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Э.Оаас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Оаас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ