2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/220

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Очгэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Энхбаяр,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

хохирогч *************, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302003480110 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 02 сартайгаас 6 насны хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ************* тоотод оршин суух хаягтай,

-2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  /РД: *************/, *************.

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*************” ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, дүү, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *************од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/, *************.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

************* нь 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд /зун/ *************ийг үл таних хүнд 1 удаа, 2022 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр *************, *************, ************* нарыг арван найман насанд хүрээгүйг мэдсээр байж биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний эдийн засаг, гэр бүлийн таагүй орчин түүнчлэн, амьдрал ахуйн бусад байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулж, “хүмүүстэй уулзъя, мөнгө өгье, эгчид нь машин байна, миний доор ажил” гэх зэргээр ятгаж, өөртөө элсүүлж, фейсбүүкт зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудад *************ын хамтаар *************УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээр хүргэж өгөхөөр тээвэрлэсэн буюу хүн худалдаалах;

************* нь *************ыг 2022 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр *************, *************, ************* нарыг арван найман насанд хүрээгүйг мэдсээр байж биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний эдийн засаг, гэр бүлийн таагүй орчин түүнчлэн, амьдрал ахуйн бусад байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулж, “хүмүүстэй уулзъя, мөнгө өгье, эгчид нь машин байна, миний доор ажил” гэх зэргээр ятгаж, өөртөө элсүүлж, фейсбүүкт зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудад бусдын биеийг үнэлэх зорилготойг мэдсээр байж, *************УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээр хүргэж өгөхөөр тээвэрлэсэн буюу хүн худалдаалах гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

1. ************* үргэлжилсэн үйлдлээр “биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлэн, тээвэрлэсэн, гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан” гэмт хэрэгт,

-************* үргэлжилсэн үйлдлээр “биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлэн, тээвэрлэсэн гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэрэгт тээвэрлэн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 /таван/  жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 /таван/  жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *************, ************* нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. *************, ************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.424.000 төгрөг, *************ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.760.000 төгрөг, *************ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 13.415.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч *************, ************* нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. *************ын  бага насны 4 хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ

                     

 

                                 ШҮҮГЧИД                                     Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                       Л.ОДОНЧИМЭГ