2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Д.Агар,  

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************, түүний өмгөөлөгч Д.Батбилэг,

иргэний хариуцагч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403006960970 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 2-10 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ************************оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/, *************.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

************* 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 47 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв буудлын арын замд “Infiniti Fx 35” маркийн ************* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж “Toyota RX 350” маркийн *************УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ************* хавсарч мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:         

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Уг хэрэг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр болсон. Миний нөхөр хүргэлтийн ажил хийдэг. Миний урд талын тээврийн хэрэгсэл хөдлөхөд миний хойд талын тээврийн хэрэгсэл сигналдаад байсан. Би дайвар өгөх гээд зогсож байсан чинь миний урд талын тээврийн хэрэгсэл хөдлөхөд хойд талд байсан тээврийн хэрэгсэл сигналдаад байсан ба тээврийн хэрэгслээ буцааж асаагаад хөдөлгөсөн. Тэр үед миний гар утасны цэнэглэгч хөлд тээглээд миний анхаарал суларсан. Миний буруу, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би жолооч болоод дөнгөж нэг жил болсон. Тухайн автомашин нь миний дүүгийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл. Автомашины нэрийг шилжүүлж амжаагүй байсан юм. Би бага насны 2-10 насны 4 хүүхэдтэй. Миний бага охин хоёр нас хүрсэн тул би ажилдаа 9 дүгээр сард орох байсан боловч чадаагүй. Уг ослын улмаас ажилдаа явж чадаагүй. Гурван  хүүхэд маань цэцэрлэгт нэг хүүхэд сургуульд явдаг. Манай нөхөр 1.200.000-1.500.000 төгрөгийн цалин авдаг. Би сар болгон хүүхдийн болон цалинтай ээжийн мөнгө авдаг. Ажил явдлын зардалд 6.200.000 төгрөг, тээврийн хэрэгслийн засварын хөлсөнд 600.000 төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын санд 3.754.000 төгрөг төлсөн. Нийтдээ 10.554.000 төгрөг төлсөн.  Осол гаргаж хүний амь нас хохирсонд маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч талаас уучлалт хүсэж байна. ” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Аав маань энэ ослын улмаас нас барсан. Ээжийн биеийн байдал тааруу байгаа тул энэ хэрэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр би тогтоогдсон юм.  Аавын оршуулгын зардалд нийт 31.216.332 төгрөг зарцуулсан. Үүнээс 6.200.000 төгрөгийг шүүгдэгч тал өгсөн. Одоо оршуулгын зардлаас үлдэгдэл 6.216.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгчид маш их гомдолтой байна.” гэв.

Иргэний хариуцагч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Infiniti Fx 35” маркийн ************* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл нь миний нэр дээр байдаг боловч миний эзэмшил өмчлөлийн автомашин биш учир би хариуцлага хүлээхгүй.” гэв. 

Хоёр: Эрүүгийн 2403006960970 дугаартай хэргээс.

1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал)

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-09 дэх тал)

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-16 дахь тал)

4. Өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, төгсгөлийн эпикриз, хяналтын хуудас, мэдээгүйжүүлэлтийн явц, зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэрэг баримтууд (хавтаст хэргийн 19-32 дахь тал)

5. “Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн “Infiniti FX35 маркийн автомашины эвдрэл нийт 560.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал)

6. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 94-98 дахь тал)

7. Автотээврийн Үндэсний төвийн “************* УБН улсын дугаартай Infiniti FX35 маркийн автомашины эзэмшигч *************” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************гийн өгсөн: “Тухайн өдөр би аавынхаа машин дотор урд суудал дээр нь сууж явсан. Тэгээд ээж болон эгч нар маань Эрдэнэт явах таксинд суух гэж байсан. Манай дүү аав ээж гурав ачаагаа машины хойд багажаас такси руу зөөж байсан бөгөөд талийгаач машины арын багажаас ачаагаа авах үеэр хойноос нь нэг машин ирж мөргөж хоёр машины дунд хавчуулагдсан. Тэгэнгүүт машинаас сандарч гараад аавыгаа тосож авахад аав газарт унасан. Яаралтай түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирж аав болон ээжийг хамт авч явсан. Би харин эгчийн хамт ослын газар үлдэж цагдаа ирэхийг хүлээсэн. Манай машин болон аавыг мөргөсөн машины жолооч нь залуухан эмэгтэй байсан. Тэрээр Замын-Үүд явах унаанд онлайнаар захиалсан бараагаа өгөх зорилготой манай машины ард түр зогссон гэж хэлсэн. Манай машин болон тэр машины хооронд нэг машин байсан ба тэр машин хөдлөөд явахад буруутай жолоочийн ар талын машин урагш яв гэж сигналдахад урагшаа хөдлөхдөө ирж мөргөсөн гэж хэлсэн. Мөн тэрээр хэлэхдээ утасны цэнэглэгч тээглэсэн гэж хэлсэн. Чухам юу болсныг би тодорхой ойлгоогүй. Ингээд тухайн үед зам зохицуулж байсан цагдаа ирсэн. Хэрэг болсноос хойш удалгүй цагдаа ирсэн. Тэгээд би тэр цагдааг энэ асуудлыг зохицуулах юм байх гэж бодож хүлээж байсан боловч замын цагдаа руу залгаж дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би өөрийн утаснаас 102 руу дуудлага өгсөн. Тэгээд замын цагдаагаас ирээд хэмжилт хийсэн. Нөгөө машины жолоочоос мэдүүлэг авсан. Хоёр машиныг тэндээ үлдээгээд яв гээд хоёр машины жолоочид хэлэхэд замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаад түлхүүр үлдээгээд явсан. Автомашиныг журмын хашаа руу ачаад явна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү явсан...Сэтгэл санааны хохирол болон учирсан хохирол нэхэмжилнэ. Хохирлын баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Миний эмээд аав маань сар болгон тогтмол баяр ёслолын үед хэрэглээний зардал болон эм тарианы төлбөр явуулдаг байсан учир энэ зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************гийн дахин өгсөн: “Осол болох үед ГССҮТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд ороход өмд, фудволкыг нь хайчлаад дараа бүх хувцсыг нь ар гэрийн хүмүүс буюу бид нарт торонд хийж өгсөн. Хэзээ хэнд өгснөө санахгүй байна. Хувцсыг нь авч яваад тухайн үед буяны ажлын үеэр шатаасан. Мөрдөгч буцааж тэр үед өгөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр *************ын өгсөн: “Би тухайн ослын талаар тэр өдөр мэдсэн. Манай нөхөр утсаар мэдэгдсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан. Арын хэсгээр эвдрэл үүссэн байсан. Миний эзэмшлийн Infiniti FX35 маркийн ************* УБН улсын дугаартай автомашинд даатгал байгаа, жолоочийн хариуцлагын даатгалтай. Надад одоогоор гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар *************ын өгсөн: “Тухайн ************* УБН улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Энэ машиныг гадаад хүнээс худалдаж авсан юм. Уг нь ах эгч хоёр худалдаж авсан. Тухайн үед ах эгч хоёр хөдөө явсан байсан учраас би нэр дээрээ шилжүүлж авсан юм...Нэрээ шилжүүлж амжаагүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр *************ийн өгсөн: “Миний эзэмшлийн Toyota RX350 маркийн *************УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд багажны арын хаалга зайтай болсон байсан. Буфер нь хонхойсон, будаг халцарсан байсан. Жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал байгаа. Машины хохирлыг үнэлгээн дээр тулгуурлаж нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр ************* өгсөн: “...гэмт хэргийн улмаас ************* мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт ************* ГССҮТ-д хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд 3.754.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *************аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************* дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр *************ын өгсөн: “Миний бие 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн өдөр гурван хүн нас барсан хэргийн дуудлага мэдээлэлд явсан ба Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв вокзалын арын замд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэх дуудлага мэдээлэл хүлээн авч материалжуулан шалгасан. Тэгээд шөнийн 23 цагийн орчим тухайн дуудлагын хохирогч нас барсан гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд дуудлагын мэдээллийн дагуу гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж амь хохирогчийн цогцост үзлэг хийгээд ГССҮТ-ийн 1 дүгээр давхарт явж байх үедээ ээлжинд гарч байсан сувилагчаас сая нас барсан хүний ар гэр хаана байна гэж асуухад цонхон дээр зогсож байна гэж хэлсэн. Амь хохирогчийн хувцсыг өөрсдөө авсан талаар надад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал)

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2950 дугаартай “Талийгаачийн цогцост цээжний хөндий, мөчдийн хавсарсан гэмтэл, цээжний зүүн, баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхний урд ханын цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт ба эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, /100мл/ зүүн шилбэний шаант ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, удаан дарагдлын хам шинж, зүүн шилбэний арын тараагуур судсыг бүрэн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач зүүн шилбэний шаант ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, удаан дарагдлын хам шинжийн улмаас уушгины артерийн бүлэнт бөглөөдсөөр хүндэрч, амьсгалын зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Талийгаачид 2024.08.26-ны өдрийн 04 цаг 30 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 4-5 цаг болсон байжээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-87 дахь тал)

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “Цээжний баруун зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал нь зам тээврийн ослын улмаас үүссэн шинэ гэмтэл байна. 5, 6, 7 хавирга нь суганы хажуугийн шугамаар шууд хугарал үүссэн мөн баруун зүүн уушгины уг хэсэг доод дэлбэн хажуу эрмэгээр эдийн няцрал цус хуралттай. 2 уушгины дээд дэлбэн нийлэхүүнтэй цус хуралт няцралтай байгаа нь зам тээврийн ослын улмаас буюу доргилтын үед үүсдэг шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн уушгины артерийн бүлэнт бөглөөдөсөөр хүндэрч нас барсан нь зам тээврийн осолтой шууд хамааралтай зүүн ба зүүн шилбэний шаант ясны хугарал нь чөмөгт ясны эд нь цусаар дамжиж уушгины артерийг бөглөж хүндэрч нас бардаг учир амьсгалын зүрх судасны дутагдлаар нас барсан байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал)

17. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1770 дугаартай магадалгаа  (хавтаст хэргийн 112-113 дахь тал)

18. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 127-145 дахь тал)

19. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 179 дэх тал), *************ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон тодорхойлолт (хавтаст хэргийн 161-165 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 169 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 160 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ************* нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 47 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Улаанбаатар төмөр замын төв буудлын арын замд “Infiniti Fx 35” маркийн ************* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин “Toyota RX 350” маркийн *************УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажнаас ачаа зөөж байсан ************* мөргөсний улмаас (уг автомашинтай хавсарч) амь насыг нь хохироосон болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал), Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-09 дэх тал), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-16 дахь тал), Өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, төгсгөлийн эпикриз, хяналтын хуудас, мэдээгүйжүүлэлтийн явц, зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэрэг баримтууд (хавтаст хэргийн 19-32 дахь тал), “Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн “Автомашины эвдрэл нийт 560.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************гийн өгсөн: “Тухайн өдөр би аавынхаа машин дотор урд суудал дээр нь сууж явсан. Тэгээд ээж болон эгч нар маань Эрдэнэт явах таксинд суух гэж байсан. Манай дүү, аав, ээж гурав ачаагаа машины хойд багажаас такси руу зөөж байсан бөгөөд аав машины арын багажаас ачаагаа авах үер хойноос нь нэг машин ирж мөргөж хоёр машины дунд хавчуулагдсан. Талийгаачийг мөргөмөгц би машинаас сандарч гараад тосож авсан. Тэгээд аав газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний нэхэмжлэгчээр *************ийн өгсөн: “Миний эзэмшлийн Toyota RX350 маркийн *************УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд багаажны арын хаалга зайтай болсон байсан. Буфер нь хонхойсон, будаг халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрчээр *************ын өгсөн: “...Улаанбаатар төмөр замын төв вокзалын арын замд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэх дуудлага мэдээлэл хүлээн авч материалжуулан шалгасан. Тэгээд шөнийн 23 цагийн орчим тухайн дуудлагын хохирогч нас барсан гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд дуудлагын мэдээллийн дагуу гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж амь хохирогчийн цогцост үзлэг хийгээд ГССҮТ-ийн 1 дүгээр давхарт явж байх үедээ ээлжид гарч байсан сувилагчаас сая нас барсан хүний ар гэр хаана байна гэж асуухад цонхон дээр зогсож байна гэж хэлсэн. Амь хохирогчийн хувцсыг өөрсдөө авсан талаар надад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2950 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-87 дахь тал), шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2 уушгины дээд дэлбэн нийлэхүүнтэй цус хуралт няцралтай байгаа нь зам тээврийн ослын улмаас буюу доргилтын үед үүсдэг шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн уушгины артерийн бүлэнт бөглөөдөсөөр хүндэрч нас барсан нь зам тээврийн осолтой шууд хамааралтай зүүн ба зүүн шилбэний шаант ясны хугарал нь чөмөгт ясны эд нь цусаар дамжиж уушгины артерийг бөглөж хүндэрч нас бардаг учир амьсгалын зүрх судасны дутагдлаар нас барсан байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1770 дугаартай магадалгаа  (хавтаст хэргийн 112-113 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч *************  зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас ************* мөргөж биед нь цээжний хөндий, мөчдийн хавсарсан гэмтэл, цээжний зүүн, баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхний урд ханын цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт ба эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, /100мл/ зүүн шилбэний шаант ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, удаан дарагдлын хам шинж, зүүн шилбэний арын тараагуур судсыг бүрэн тасарсан шарх гэмтэл учруулж, зүүн шилбэний шаант ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, удаан дарагдлын хам шинжийн улмаас уушгины артерийн бүлэнт бөглөөдсөөр хүндэрч, амьсгалын зүрх судасны дутагдлаар түүний амь нас хохирсон шалтгаант холбоотой байна.

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар тогтоосон бөгөөд зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч ************* нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас  Д.Даваажаргалын амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд  шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгчээс оршуулгын зардал болох 25,016,332 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зардал болох 99.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах...” гэсэн,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...оршуулгын зардал болох 25.016.332 төгрөгийг барагдуулна гэсэн боловч хавтас хэрэгт авагдсан баримттай танилцахад хуулийн дагуу гаргасан баримт нь шаардлага хангаагүй баримт байна... сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Иргэний хуулийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 31.216.332  төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгчээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6.216.332 төгрөг, автомашины засварын төлбөрт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 600.000 төгрөг, амь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 3.754.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тушаасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, түүнийг оршуулахтай холбогдсон зардалд  31.216.332 төгрөг нэхэмжилсэн  хохиролтой холбоотой баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул 31.216.332 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 6.216.332 төгрөгийг хасаж тооцон үлдэх 25.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон ************* нь “Infiniti Fx 35” маркийн ************* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаанаас үзэхэд  эзэмшигч байх хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн: “Тухайн ************* УБН улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Энэ машиныг гадаад хүнээс худалдаж авсан юм. Уг нь ах эгч хоёр худалдаж авсан. Тухайн үед ах эгч хоёр хөдөө явсан байсан учраас би нэр дээрээ шилжүүлж авсан юм...Нэрээ шилжүүлж амжаагүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)-д авагдсан мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...миний автомашин биш...” гэсэн мэдүүлсэн.  Эдгээрээс үзэхэд тухайн “Infiniti Fx 35” маркийн ************* УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *************ын нэр дээр бүртгэлтэй нөхцөл байдал тогтоогдсон боловч бодит байдалдаа уг автомашиныг ашиглах,  эзэмшил, өмчлөл, захиран зарцуулах эрх нь *************ад байхгүй байна. Иймээс тухайн автомашины зөвхөн хэний нэр дээр бүртгэлтэйгээс хамаарч тус тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээх этгээд гэж *************ыг үзэхгүй юм.

Иймд  шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *************аас хохирол, хор уршигтай холбогдох зардлыг гаргуулах нь хууль ёсны бөгөөд хохирогчийн өмгөөлөгчөөс “...иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилжээ.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзаж хохирогчид ашигтай байдлаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийн тухайд тухайлсан гэмт хэрэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь сэтгэцийн эмгэгийн зэрэглэл тогтоогдох гэмт хэргийн ангилалд хамаарахгүй учир шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүгдэгчид хорих ял эдлүүлэх санаа зорилго байгаагүй. Иймд эрүүгийн хариуцлагын тал дээр тусгайлан гаргах саналгүй байна...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...************* нь бага насны дөрвөн хүүхэдтэй, хамгийн бага нь 2 нас 6 сартай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн бага хэмжээгээр буюу 5 жилээр хасаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

Шүүгдэгч ************* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 160 дахь тал) тогтоогдсон ба энэ нь шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно. 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Шүүгдэгч ************* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болох юм.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч ************* нь 2 нас 6 сартай охин, 6 настай хүү, 4 настай хүү, 11 настай хүү буюу бага насны дөрвөн хүүхэдтэй болох нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *************д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                 ТОГТООХ нь:

1. *************ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *************д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар  хассан нэмэгдэл ялын хугацааг ял хойшлуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар *************аас оршуулгын зардалд 25.000.000 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зардалд 99.000.000 төгрөг, нийт 124.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************д олгосугай.

8. Хэрэгт ************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор (иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ