Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

    2025         02          25                                            2025/ШЦТ/24

                                   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт М-ийн Г-т холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд .... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ...., .... боловсролтой, ....... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., .... хамт амьдардаг, Д аймгийн З сумын ............ дугаар баг, Т-ийн гудамж ..... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар

-Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 11 сарын хорих ялаар,

- -Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар,

-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт М-ийн Г /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын ... дугаар баг С-ын .... тоотод 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг орчимд хохирогч Л.Э-ийг гэрээсээ хөөлөө гэсэн шалтгаанаар зодож биед нь зүүн тойг ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байхад Э намайг дуудсан. Миний мэдүүлэг Э-ийн мэдүүлгээс зөрж магадгүй. Би хамт байсан хүнийг танихгүй, мэдэхгүй хүн байсан. Надад хүнтэй байна гэж хэлээгүй ганцаараа байна гэж we chat-аар залгаад ганц шил архи аваад ир гээд байсан. Би өөрөө архи уусан байна гэсэн чинь хамаагүй хүрээд ир гээд байсан. Эмэгтэй хүнийг цохиж байгаа нь миний маш их буруу. Архины жоохон халуун байсан. Бусдаар тэр хүнтэй маргалдсан зүйл байгаагүй. Намайг гэрт нь ороход Э-ийг орон дээр нь тэврээд хэвтэж байсан. Намайг архи аваад ороход цуг босож ирээд архи уучхаад архи уусны дараа чи зайлаач ээ гэсэн. Би сая хэд хоног мөнгөний хэрэг гараад самарт яваад ирсэн. Миний энд ирсэн гол шалтгаан бол хэргээ нэг мөр шийдүүлэх бодолтой байсан. Мөн миний эгчийн бие муу байгаа. Би ганц ах, эгчтэй, ээжээс минь хойш ганц харж байгаа хүн маань миний эгч байгаа юм. Миний эгч урагшаа жаран естэй гардаг байсан. Одоо эгчийн маань бие муу байгаа учраас би эгчийгээ хардаг. Би Э-ийн хэлсэн зүйлд гомдоод байгаа зүйл байхгүй. Э юу гэж мэдүүлэх нь надад хамаагүй, миний ганц санаа зовж байгаа зүйл гэвэл би ганц эгчтэй, эцэг, эхгүй. Би эхнэртэй байсан. Эхнэр маань салаад явсан. Би Эрээнд их дүрсгүй байсан, 10 жилийн хар даруулчхаад Эрээн гарч чадахаа байсан. Мөнгө олж байгаа үед хүний хань сайхан байдаг юм байна лээ. Мөнгө олохоо болиод ирэхээр гэр орныг минь зараад хаяад явдаг юм байна лээ. Би Э-т гомдоод байгаа зүйл байхгүй, би зохих хэмжээний ялаа эдэлнэ” гэв.

Шүүгдэгч М.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 19-20 цагийн орчим байх миний танил найз Э нь над руу видео чатаар залгаад нэг шил архи аваад хүрээд ирээч гээд дуудсан. Тухайн үед би нэг шил архи ганцаараа уугаад дуусаж байсан жоохон согтуу байсан. Тэгээд би дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи аваад 20-21 цагийн орчим Э-ийн гэрт нь очсон. Тэгээд гэрт нь ортол Эрдэнэцэцэг нэг ахимаг насны эрэгтэй хүний хамт байсан. Тэгээд миний авч ирсэн архийг  бид гурав ууж дуусгаад би нэлээн согтож байсан тул Э-т хандаж тухайн ахимаг насны залууг    явуулаач гэхэд явуулна чи өөрөө явуул гэх мэтээр өмөөрөх янзтай болохоор нь Э-тэй маргалдаж байгаад ганжин аваад хөл рүү нь 1-2 удаа цохисон байх. Тэгээд би гараад явчихсан. Тэгээд цааш би их согтуу байсан тул санахгүй байна. .... Би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/64 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Э-ийн биед учирсан зүүн тойг ясны хугарал гэмтлийг би 1-2 удаа гурилын ганжингаар цохиж учруулсан. ....Эрдэнэцэцэг нэг ахимаг насны залууг өмөөрөөд тэгээд би их согтуу байсан тул ганжингаар цохичихсон. ....Би хохирогчид төлсөн төлбөр байхгүй байгаа. Надаас мөнгө нэхэмжлэх юм бол би өгнө. ...” гэжээ.

Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....2024 оны 03 дугаар 14-ний орой 19 цаг нэлээн өнгөрч байх үед зүс таних Г гэх хүн манай гэрт орж ирээд хаашаа ч юм явна гээд хэл амаар доромжлоод байхаар нь би унтаж амармаар байна чи одоо яв гээд хөөтөл чи муу хүн хөөдөг хэн бэ гээд муу янхан банзал гэж доромжлоод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гээд айлгах санаатай хэлтэл дуудаж л байхгүй юу чи гээд байсан. Би барьж байсан гурилын элдүүр модоороо цээж хэсэг рүү нь түлхтэл өөдөөс булааж аваад ганжин барьсан 2 гараараа  миний цээж хэсэг рүү түлхээд би буйдан дээрээ дээшээ  хараад унасан. Би босож чадахгүй байж байтал нөгөө гартаа барьж байсан ганжин модоороо миний баруун болон зүүн хөлийн шилбэ хэсэг рүү олон удаа цохисон. ...5-6 удаа цохисон байх. ...М гээд залуу манайд байсан юм эсэргүүцтэл өөдөөс нь унагаагаад дараад авсан байсан. ...Тэгээд би цагдаа дуудлаа гэтэл гараад зугтаачихсан. ...Миний баруун хөлийн шилбэ хэсэг хөхөрч хавдсан, зүүн өвдөгний тойг бяцарч 2 хуваагдсан, зүүн хөлийн чигчий хуруу мултарч бүтэн эргэсэн байсныг оруулсан. ...Г ганжингаар цохиж учруулсан гэжээ./хх-ийн 14-16/,

            Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э ганцаараа байсан, би гэрт нь очоод хоол идээд байж байтал гаднаас үл таних залуу орж ирээд Эрдэнэцэцэгийг буйдан руу түлхээд барьж байсан модыг нь аваад зүүн талын хөлийн өвдөгний тойг хэсэг рүү 5-6 удаа цохисон. Ингээд баруун гартаа элдүүрээ бариад байж байсан. ... Би тоглоод байна гэж бодож байтал олон удаа цохихоор нь араас нь таттал намайг араас хоолойноос боогоод гурилын  элдүүрээ бариад гараад гүйчихсэн. ... Би М.Г гэх хүнийг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. Г нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Эрдэнэцэцэгийг зодуулсны дараа л вокзал дээр байдаг хүн гэж л сонссон” гэжээ. /хх-ийн 28-29/,

            Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би  Г гэх хүнийг танихгүй. Манай ээж Г гэх хүн гэрт нь согтуу ирээд яв гээд хөөсөн чинь явахгүй гээд манай ээжийг түлхэж унагаагаад модоор зүүн өвдөг рүү олон удаа цохисон гэсэн. ...Зүүн өвдөгний тойгны яс хугарсан. ...нарийн харилцааг нь бол мэдэхгүй байна” гэжээ /хх-ийн 32/,

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Л.Э нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч /холбогдох тусламж үзүүлсэн эмнэлгийн байгууллагыг бичих/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,670,774 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............ дугаартай дансанд төлүүлж өгнө үү /хх-ийн 26/,

  -Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эмнэлгийн хуудас бүхий баримт /хх-ийн 51-70/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/64 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний "Л.Э-ийн биед зүүн тойг ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ..."Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана" гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72/,

- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хохирогч Л.Э-ийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан лавлагаа, хавсралт баримт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг орчимд согтуурсан үедээ Д аймгийн З сумын ... дугаар баг С-ын .... тоотод хохирогч Л.Э-ийг гэрээсээ хөөлөө гэсэн шалтгаанаар ганжин модоор баруун болон зүүн хөлийн шилбэ хэсэг рүү олон удаа цохиж, зодон биед нь зүүн тойг ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

            Шүүгдэгч М.Г-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч М-гийн Г нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг орчимд согтуурсан үедээ Д аймгийн З сумын ... дугаар баг С-ын .... тоотод хохирогч Л.Э-ийг гэрээсээ хөөлөө гэсэн шалтгаанаар ганжин модоор баруун болон зүүн хөлийн шилбэ хэсэг рүү олон удаа цохиж, зодон биед нь зүүн тойг ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гээд айлгах санаатай хэлтэл дуудаж л байхгүй юу чи гээд байсан би барьж байсан гурилын элдүүр модоороо цээж хэсэг рүү нь түлхтэл өөдөөс булааж аваад ганжин барьсан 2 гараараа  миний цээж хэсэг рүү түлхээд би буйдан дээрээ дээшээ  хараад унасан. Би босож чадахгүй байж байтал нөгөө гартаа барьж байсан ганжин модоороо миний баруун болон зүүн хөлийн шилбэ хэсэг рүү олон удаа цохисон. ... 5-6 удаа цохисон байх. Тэгээд би цагдаа дуудлаа гэтэл гараад зугтаачихсан. ...Миний баруун хөлийн шилбэ хэсэг хөхөрч хавдсан, зүүн өвдөгний тойг бяцарч 2 хуваагдсан, зүүн хөлийн чигчий хуруу мултарч бүтэн эргэсэн байсныг оруулсан. ...Ган-Очир ганжингаар цохиж учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ганцаараа байсан, би гэрт нь очоод хоол идээд байж байтал гаднаас үл таних залуу орж ирээд Э-ийг буйдан руу түлхээд барьж байсан модыг нь аваад зүүн талын хөлийн өвдөгний тойг хэсэг рүү 5-6 удаа цохисон. Ингээд баруун гартаа элдүүрээ бариад байж байсан. ... би тоглоод байна гэж бодож байтал олон удаа цохихоор нь араас нь таттал намайг араас хоолойноос боогоод гурилын элдүүрээ бариад гараад гүйчихсэн. ... Би М.Г гэх хүнийг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. Г нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Г гэх хүнийг танихгүй. Манай ээж Г гэх хүн гэрт нь согтуу ирээд яв гээд хөөсөн чинь явахгүй гээд манай ээжийг түлхэж унагаагаад модоор зүүн өвдөг рүү олон удаа цохисон гэсэн. ...Зүүн өвдөгний тойгийн яс хугарсан. ...Нарийн харилцааг нь бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Л. нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч  Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,670,774 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Г-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эмнэлгийн хуудас бүхий баримт /хх-ийн 51-70/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хохирогч Л.Э-ийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан лавлагаа, хавсралт баримт /хх-ийн 20-21/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч М.Г-ын үйлдсэн хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

             Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч М.Г болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Л.Э нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.Э-ийн эмчилгээний зардалд  1,670,774 /нэг сая зургаан зуун далан мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчээс 1,670,774 /нэг сая зургаан зуун далан мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкны .......... оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Г-ыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг орчимд согтуурсан үедээ Д аймгийн З сумын ... дугаар баг С-ын .... тоотод хохирогч Л.Э-ийг гэрээсээ хөөлөө гэсэн шалтгаанаар ганжин модоор баруун болон зүүн хөлийн шилбэ хэсэг рүү олон удаа цохиж, зодон биед нь зүүн тойг ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             

  Шүүгдэгч М.Г нь хэдийгээр ял шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар арилаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Г нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч санхүүгийн ямар эх сурвалжаар төлөх талаар нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Г/РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Г-ыг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь оногдуулсан 600 /зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагаар тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Г-оос хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,670,774 /нэг сая, зургаан зуун далан мянга, долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны .......тоот дансанд оруулж, хохирогч Л.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ