2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/283

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408026501384 дугаартай хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ************* багт малчин ажилтай, ам бүл 4, эх, 12-13 насны хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *************од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:Д0*************/, *************.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь 2024 оны 7 дугаар сарын 06-ны 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй баарны үүдэнд “гар утсаараа яриулаач” гэж хэлж *************гийн “iPhone 12” загварын гар утсыг авч 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:       

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “Би *************гийн утсыг таксины төлбөрт өгчихсөн юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирлоо нөхөн төлнө.” гэв.

Гурав. Эрүүгийн 2408026501384 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************гийн өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад зүс мэдэх *************тэй таарсан. Тэгсэн ************* би утасгүй байна чиний утсаар хүнтэй ярих хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн гар утсыг өгч яриулсан юм. ************* залгасан дугаар нь буцаагаад залгахаар нь би *************д утсаа дахиж өгтөл ************* аваад булан тойроод яваад өгсөн. Миний утсыг буцаад өгөөгүй учир би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************* өгсөн:  “...Би тухайн үед гар утсаар ярих гээд караокены өрөөнөөс гарсан юм гэтэл миний зүс таних нэг газар ажиллаж байсан ************* гэх нэртэй залуутай караокены үүдэнд таарсан юм. *************тэй юм ярилцаж байхад араас манай бэр эгч буюу ************* гарч ирсэн. Тэгээд би *************д хандаж би энд дуулж байгаа юм, хамт орох уу гэж асуусан чинь тэгье тэгье гээд хамт өрөө рүү орсон юм. Тухайн үед би ************* болон ************* нарт танилцуулахдаа манай ажлын газрын таньдаг ах байгаа юм дуучин хүн гэж танилцуулж байсан. 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай ************* эгч миний өөрийн ************* дугаар руу залгасан юм тэгэхээр нь би аваад ярьсан чинь “уржигдар караоке дотор хамт дуулаад байсан ************* гээд ах чинь миний “iPhone 12”  маркийн гар утсыг миний гар утас цэнэггүй болчихлоо гар утсаараа яриулаач гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ************* рүү залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан ба ээж рүү нь залгаад асуухад манай хүүхэд ирээгүй 7 хонож байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.*************ын “...************* бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хойд талд уулзаад зогсож байгаад Саппоро тал руу алхаж байсан чинь *************гийн гар утсанд үл таних дугаараас дуудлага ирсэн. Тэгээд гар утсаар ярьж байгаад өчигдрийн караокед танилцсан ************* гэдэг залуу залгаж байна Цамбын автобусны буудал дээр байгаа гэнээ гэж хэлсэн юм. Бид хоёр үргэлжлүүлээд алхаж байсан чинь нээрээ өчигдөр хамт караокед танилцсан залуу сандал дээр сууж байсан. ************* бид хоёрт хандаж хамт караоке оръё гэхээр нь үгүй гэж хэлээд зогсож байсан ба ************* *************д хандаж гар утсаараа нэг удаа яриулаач гэж хэлсэн. Тэгсэн чинь ************* “iPhone 12” маркийн гар утас гаргаж ирээд *************д өгсөн. Тэгээд нэг хүнтэй гар утсаар яриад байсан энэ үед гэнэт би бие засахаар болоод ариун цэврийн өрөө ормоор санагдаад байхаар нь нөгөө караоке руугаа ороод ариун цэврийн өрөө өрөөний үүдэнд очсон чинь ************* эмэгтэй ариун цэврийн өрөө орж болохооргүй болоод ариун цэврийн өрөө хаалганы үүдэнд үлдсэн юм. Улмаар ************* бид хоёр ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь ************* байхгүй байсан. Тэгээд яасан юм бол гэж бодоод би өөрийнхөө гар утасны ************* тоот дугаараас *************гийн ************* тоот дугаар руу олон удаа залгасан гар утас нь тухайн үед дуудаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй болсон юм. Улмаар бид хоёр ************* *************гийн гар утсыг аваад явсныг ойлгосон ба хэсэг хугацаанд тухайн газруудаар хайж байгаад явцгаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал)

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-21 дэх тал)

5. “Тэнцвэр эстимейт” ХХК-ний 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ц-0690 дугаартай “..нийт дүн 1.020.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ************* өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” гэх нэртэй баарны хажууд байрладаг буудалд байсан юм. Би өчигдөр нь буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр танилцсан ************* гэх нэртэй эмэгтэй рүү 21 цагийн орчим залгаад хаана байгаа талаар асуусан чинь Хархорин захын хажууд явж байна гэхээр нь би *************д хандаж хоёулаа уулзах уу гэж асуутал тэгье гэхдээ би найз *************тай явж байна дагуулаад очъё гэж надад хэлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” гэх нэртэй баарны үүдэнд *************, ************* бид гурав уулзсан юм. Тэгээд би *************гийн гар утсаар нэг ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан чинь надад ************* цагаан өнгийн “iPhone 12” маркийн цагаан өнгийн гэртэй юнителийн симтэй гар утсыг өгсөн юм. Тэгээд би найзтайгаа гар утсаар ярьж байгаад гар утсаа таслаад *************д буцаагаад гар утсыг нь өгсөн юм. Тэгсэн чинь *************, ************* хоёр “Рич” гэх нэртэй баарны ариун цэврийн өрөө орох үед ************* чамтай хүн ярих гээд байх шиг байна саяны дугаар чинь залгаж байна гэхээр нь би гар утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд авсан юм. Улмаар ************* болон ************* хоёр нойл орохоор нь би *************гийн цагаан өнгийн “iPhone 12” маркийн цагаан өнгийн гэртэй юнителийн симтэй гар утсыг аваад шууд гараад эргэж ирэхгүй явчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн  лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ************* нь 2024 оны 7 дугаар сарын 06-ны орой  21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” баарны үүдэнд зүс таних *************д “гар утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж аваад  1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч *************гийн өгсөн: “...************* би утасгүй байна чиний утсаар хүнтэй ярих хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн гар утсыг өгч яриулсан юм. ************* залгасан дугаар нь буцаагаад залгахаар нь би *************д утсаа дахиж өгтөл ************* аваад булан тойроод яваад өгсөн. Миний утсыг буцаад өгөөгүй учир би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дэх тал), гэрч ************* өгсөн: “...************* гээд ах чинь миний “iPhone 12”  маркийн гар утсыг миний гар утас цэнэггүй болчихлоо гар утсаараа яриулаач гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ************* рүү залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан ба ээж рүү нь залгаад асуухад манай хүүхэд ирээгүй 7 хонож байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал), гэрч Б.*************ын “...************* *************д хандаж гар утсаараа нэг удаа яриулаач гэж хэлсэн тэгсэн чинь ************* “iPhone 12” маркийн гар утас гаргаж ирээд *************д өгсөн...Улмаар ************* бид хоёр нойл орчхоод гараад ирсэн чинь ************* байхгүй байсан. Тэгээд яасан юм бол гэж бодоод би өөрийнхөө гар утасны ************* тоот дугаараас *************гийн ************* тоот дугаар руу олон удаа залгасан гар утас нь тухайн үед дуудаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй болсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-21 дэх тал),  “Тэнцвэр эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************* үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*************, ************* хоёр “Рич” гэх нэртэй баарны ариун цэврийн өрөө орох үед ************* чамтай хүн ярих гээд байх шиг байна саяны дугаар чинь залгаж байна гэхээр нь би гар утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд авсан юм. Улмаар ************* болон ************* хоёр ариун цэврийн өрөө орохоор нь би *************гийн цагаан өнгийн “iPhone 12” маркийн цагаан өнгийн гэртэй юнителийн симтэй гар утсыг аваад шууд гараад эргэж ирэхгүй явчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ************* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор *************гийн эзэмшлийн “iPhone 12” загварын “гар утсаар  чинь яриад өгье” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 1.020.000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэрээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч ************* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

************* нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч *************д 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************эс 1.020.000 төгрөг гаргуулж хохирогч *************д олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *************д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. ************* “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************эс 1.020.000 төгрөг гаргуулж хохирогч *************д олгосугай.

6. Хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ