Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 201718010025 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам аавын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай 2 дугаар баг, 00-0-0 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

-2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн  дугаар 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 4 сар 8 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,

-2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овгийн ******* /ФЖ-/.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Дөмбөн хорооллын 5-6 тоотод оршин суух иргэн *******ыг хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн байшингийнх нь цонхыг санаатайгаар хагалж, гэмтээн 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/,

2.Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 9-10 хуудас/,

3.Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

4. Үнэлгээний комиссын акт /хх-ийн 17 хуудас/,

5. Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

6. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

7. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

7. Шүүгдэгч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

8. Хохирогч *******ын Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 40 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Дөмбөн хорооллын 5-6 тоотод оршин суух иргэн *******ын гэрт золгох гэж очоод  “хаалгаа тайлж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас байшингийнх нь цонхыг санаатайгаар хагалж, гэмтээн 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хохирогч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Билэгмаа бид 2 гэртээ унтаж байсан юм. Тэгтэл тас гэж дугараад цонхоор хувин ороод ирсэн юм. Тэгсэн чинь хагарчихсан босоод юу болов, яав гээд хартал Энх-Амгалан  согтуу зогсож байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 шууд Цагдаагийн байгууллагаруу залгаж Энх-Амгаланг Цагдаагийн байгууллагад өгсөн.

.... Би архи хэрэглэсэн байсан тэгэхдээ тасраагүй байсан. Эхнэр болох  Билэгмаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

2. Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би ажилгүй гэртээ байж байх үед манай ээж болох Билэгмаа над руу залгаад Энх-Амгалан цонх хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад хагалж байгаа юм бэ гэсэн чинь хаалга онгойлохгүй байсан чинь хагалчихлаа цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Удалгүй над руу дахиж залгаад цагдаа ирэхгүй байна чи дахиад залгаад хэлчих гэхээр нь би дахиж залгаж хэлсэн. Тэгээд би ээж аавын амьдардаг гэрт яваад очсон чинь манай гэрийн зүүн талын цонхыг хагалчихсан байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

3. Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сайхан сумын Цагдаагийн тасгийн жижүүр дээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хороололын 5-6 тоотод согтуу хүн агсан тавиад гэсэн дуудлага өгсөний дагуу жижүүрийн туслах цагдаагийн дэд ахлагч Булганаагийн хамт очиж шалгахад Энх-Амгалан гэгч нь дуудлага өгсөн айлын гэрээс гарчихсан гудамжинд нэг эмэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан юм. Очоод болсон явдлын талаар асуухад манай гэрийн цонхыг хагалчихсан наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд зохих журмын дагуу сатуулах байранд хүлээлгэж өгсөн  ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,    

4. Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн тасгийн мэдээлэл хүлээн авагчаар ажилд гарж байсан. 15 цагийн үед Анхцэцэг гэх хүн залгаж Энх-Амгалан гэгч нь  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хороололын 5-6 тоотод агсан согтуу агсан тавиад байна гэж дуудлага өгсөний дагуу цагдаагийн ахлах ахлагч Борбаатарын хамт очиж шалгахад Энх-Амгалан гэгч нь гадаа эмэгтэй хүнтэй хэрэлдээд зогсоод байсан. Тэгээд болсон явдлын талаар асуухад намайг гэртээ оруулахгүй болохоор нь цонхыг нь хагалчихсан гэж хэлсэн. Харин хохирогч наад хүнээ аваад яв манай гэрийн цонхыг хагалчихсан гэж хэлсэн. Зохих журмын дагуу Энх-Амгаланг саатуулах байранд хүлээлгэж өгсөн  ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, 

5. Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 03 сарын 01-ний өдөр шинийн гуравны өдөр хорооллоор золголт хийж явж байгаад ээжийнхээ төрсөн дүүтэй золгохоор Ганбаатар /ээжийн дүүгийн нөхөр/-д очтол өөрсдөө гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь уур хүрээд тэнд нэг хувин байхаар нь аваад шидсэн чинь цонхыг нь оноод хагалчихсан. Тэгээд Ганбаатар ах Билэгмаа эгч хоёр гарч ирээд яаж байгаа юм бэ? цонх хагалаад хаячихлаа гэхээр нь би яагаад хаалгаа тайлж өгөөгүй юм бэ? таньтай золгох гэж сайн санаж л ирсэн гээд байж байтал удалгүй цагдаа ирээд эрүүлжүүлэгдээд маргааш өглөө нь гараад очиж цонхыг нь шиллэж өгсөн. Өөр ямар нэгэн асуудал гаргаагүй... гэсэн мэдүүлэг                                                              

6. Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот актаар ...

Вакум цонхны шил 2 ширхэг, нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, нийт үнэ 180.000 төгрөг гэх үнэлгээ .../хх-ийн 17-р хуудас/,

7. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч *******, ******* нарын хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн ...гэх хүсэлт /хх-ийн 40-р хуудас/,

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

9. Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн: ...Нянтай овогтой Ганбаатар миний бие нь Долгорсүрэн овогтой Энх-Амгалантай ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирол бүрэн барагдуулсан тул миний зүгээс гомдол санал байхгүй ... гэх хүсэлт / хх-ийн 84-р хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудаар *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5 сар 9 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 8 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болох байсан боловч шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдөр дахин гэмт хэрэг  үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч *******гийн ялтай байдал арилсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Наянтай овогтой Ганбаатар миний бие нь Долгорсүрэн овогтой Энх-Амгаланд ямар нэгэн санал гомдол байхгүй. Хохирол бүрэн барагдуулсан тул миний зүгээс гомдол санал байхгүй болно. Наянтай овогтой Ганбаатар миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна...гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг заавал олон нийтээс тусгаарлан хорихгүйгээр цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******д сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн *******г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 01 жилийн /нэг/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч ******* нь *******гаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.