Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/86

 

 

 

 

 

 

  2021             1              19                                          2021/ДШМ/86

 

 

П.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

            шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Од холбогдох 2006035632594 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П-гийн О, 1992 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Талхны ... дугаар байрын ... дүгээр орцны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......../;

Шүүгдэгч П.О нь нь 2020 оны 8 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Энхцэцэгийг төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлэлийг нь ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч хуурч мэхлэн 1.776.610 төгрөгийг “Хаан” банкны 5059586512 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд иргэн Д.Дулмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1.185.600 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд иргэн Э.Боргилмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.205.000 төгрөг дансаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бор адуу овгийн Пүрэвсүрэнгийн Ог хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Од 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар П.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, П.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч Э.Боргилмаад 1.800.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Огаас 3.405.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Боргилмаад, 1.185.600 төгрөг гаргуулж хохирогч Д.Дулмаад, 1.776.610 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцэцэгт тус тус олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би онлайн шоп болон шууд худалдаагаар хүргэлт хийж бараа зардаг ажил хийдэг. Хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах боломжоор хангаж өгнө үү. Миний бие бусдад учруулсан 6.367.210 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, буруутайгаа ойлгож байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч П.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Ингэхдээ айж сандарч балмагдсаны улмаас хувийн байдлаа үнэн зөвөөр мэдүүлж чадаагүйгээс эрх зүйн байдлаа дордуулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг нь тогтоогоогүй байдаг. П.О нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр анх удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа бизнес эрхэлдэг гэж мэдүүлсэн байхад холбогдох баримтуудыг бүрдүүлэх талаар ажиллагаа хийлгүйгээр орхигдуулсан. Хэрэв шаардлагатай бол өмгөөлөгчөөр хангах эрхийг нь ойлгуулж эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх боломж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

            А.Цэрэнбадам, П.О нар нь гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа ба хүүхдүүд нь эцгээрээ овоглодог болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.

            П.О нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар 2 өрөө сууцыг түрээслэн онлайнаар бараа бүтээгдэхүүн борлуулдаг ажил үйлчилгээ эрхэлдэг.

            Шийтгэх тогтоолоор хохирогч Д.Дулмаад олгогдохоор заасан 1.185.600 төгрөг, хохирогч Д.Энхцэцэгт олгогдохоор заасан 1.766.610 төгрөг, хохирогч Э.Боргилмаад олгогдохоор заасан 3.405.000 төгрөгийн хохирлуудыг тус тус төлж барагдуулсан.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэр бүлтэй, бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол,  хор уршиг, хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад хэнтэйгээ амьдардаг талаар асуухад “би нэг хүүхэдтэй, нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа. Би Хан-Уул дүүрэгт байрлах гурилын үйлдвэрт ажиллаж байгаа” гэж хариулсан. Шүүгч “танай нөхөр хохирол төлбөрийг чинь төлөх боломжтой юу” гэхэд “боломжгүй” гэж хариулсан. Иймээс өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч П.О нь нь 2020 оны 8 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Энхцэцэгийг төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлэлийг нь ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч хуурч мэхлэн 1.776.610 төгрөгийг “Хаан” банкны 5059586512 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан,

2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд иргэн Д.Дулмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1.185.600 төгрөг дансаар шилжүүлж авсан,

2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд иргэн Э.Боргилмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.205.000 төгрөг дансаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Энхцэцэгийн “...би 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “Гранд Гүүр Транс” ХХК-ийн менежер ажилтай П.Огийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд, түүний дараа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 776.610 төгрөг шилжүүлэн өгсөн. Огийн гар утас руу залгаад асуухаар бараа ирж байна гэж хэлж байсан. ...” /хх 12-13/,

хохирогч Д.Дулмаагийн “...би 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын данс руу 1.110.600 төгрөг шилжүүлэн өгсөн байгаа. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн 75.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний захиалсан бараа нь мөнгө шилжүүлснээс хойш 6-9 хоногийн дотор ирдэг байсан ба барааныхаа захиалгыг асуухад “О ажилдаа ирэхгүй байгаа, таниас авсан мөнгийг хувийнхаа дансаар авсан байна” гэж хэлсэн. ...” /хх.81-82/,

хохирогч Э.Боргилмаагийн “...2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын дансанд 2.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн ба үүний дараа “бараа бэлэн боллоо, үлдэгдэл мөнгөө хий” гэж П.Огийн хэлсний дагуу 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2.705.000 төгрөг шилжүүлэн өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 1.800.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо надад 3.405.000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа. ...” /хх 86-87/,

гэрч Д.Пүрэвжавын “...О манай байгууллагад 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ажилд орсон, 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний 91911741 дугаарын утас руу манай үйлчлүүлэгч утсаар залгаад “танай байгууллагын ажилтан хувийн дансаар мөнгө авах гээд байна, ийм зүйл байдаг юм уу” гэхэд “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн, тэгээд би О руу утсаар залгахад “би завгүй байна” гэж хэлээд утсаа салгасан, тэрнээс хойш ажилдаа ирээгүй, ажлаас гарсан. Манай байгууллагад хувийн данс бол байхгүй харин захирал Мөнхчулууны дансаар захиалгын мөнгөө авдаг. ...” /хх 88-92/,

гэрч М.Мөнхчулууны “...О манай байгууллагад 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ажилд орсон, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлд чат бичсэн юм, тэрнээс хойш холбоо бариагүй тэгээд ажлаасаа гарсан. Манай байгууллага хувийн данс бол байхгүй миний ХААН банкны 5622531188 тоот дансыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байсан юм. О нь хувийн дансаар захиалга авах эрхгүй. О над руу 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 380.100 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн, өөр дахиж над руу мөнгө шилжүүлээгүй. ...” /хх 100-101/,

шүүгдэгч П.Огийн яллагдагчаар өгсөн “...өөрийн буруугаа маш сайн ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэх мэдүүлгүүд /хх 142-143/,

хохирогч Д.Энхцэцэгийн Худалдаа хөгжлийн банкин дахь эзэмшлийн 459023938 дугаартай дансны хуулга /хх 43/, хохирогч Э.Боргилмаагийн Хаан банкин дахь эзэмшлийн 5009600173 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 103-105/, хохирогч Д.Дулмаагийн Хаан банкин дахь эзэмшлийн 5037181089 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 107/, шүүгдэгч П.Огийн Хаан банкин дахь эзэмшлийн 5059526512 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 112-120/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч П.Огийн 2020 оны 8 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Энхцэцэгийг төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлэлийг нь ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч хуурч мэхлэн 1.776.610 төгрөгийг “Хаан” банкны 5059586512 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан,

2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд иргэн Д.Дулмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1.185.600 төгрөг дансаар шилжүүлж авсан,

2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд иргэн Э.Боргилмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.205.000 төгрөг дансаар тус тус шилжүүлж авч бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Огийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч П.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон боловч шүүгдэгч П.Огийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал нарын хамтран гаргасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт төлж барагдуулан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь,

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Огаас хохирогч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч Э.Боргилмаад 3.405.000 төгрөг, Д.Дулмаад 1.185.600 төгрөг, Д.Энхцэцэгт 1.776.610 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.О гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Ог зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогтоогүй шинжээр буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэх гэмт хэргийн шинжийг нэмж гэм буруутайд тооцож алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг зөвтгөж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын П.Ог гэм буруутайд тооцсон заалтад зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2027 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтыг “Бор адуу овгийн Пүрэвсүрэнгийн Ог зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай” гэж,

- 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Од 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Од хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. “Шүүгдэгч П.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч П.О нь 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч Э.Боргилмаад 3.405.000 төгрөг, Д.Дулмаад 1.185.600 төгрөг, Д.Энхцэцэгт 1.776.610 төгрөг, нийт 6.367.210 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Ог нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ