| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0307/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/415 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *************өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408047490097 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 25-нд Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянхонгор аймаг, ****************************** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ****************** тоотод түр оршин суудаг гэх, урьд нь:
2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 06 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан,
2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн, /РД:*************/, *************.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд, “Toyota Prius” маркийн ************* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2408047490097 дугаартай хэргээс.
1. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “*************ийг 2.12 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал)
2. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 07 дахь тал)
3. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн жолооны үнэмлэхийн төлөв хүчингүй, 2024.9.24-ний өдөр эрх хасагдсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал)
4. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1148 дугаартай шийтгэврээр *************ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 47-49 дэх тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *************ийн өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед манай найз ************* Баянхонгор аймгаас Тахилтад миний байгаа газар ирсэн. Тэгээд бид хоёр уулзсаных гээд 2,5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Ууж дуусчхаад тамхи дууссан байхаар нь дэлгүүрээс тамхи авах гээд би худалдаж авах гээд авч ирсэн байсан “Toyota Prius 11” маркийн ************* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон найз *************тай цуг 122 дугаар сургуулийн ардаас хөдлөөд “Эко” гэх дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс тамхи авчхаад буцаад явж байхад цагдаагийн машин миний урд талаар орж ирж зогсоод намайг шалгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд Замын цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Намайг драгер багажаар үлээлгэхэд 2,12% хувьтай гарсан байсан. Тухайн үед би жолоо барьж явсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 9 дүгээр сарын 24-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Toyota Prius” маркийн ************* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,12 хувийн согтолттойгоор Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн урд талын замд жолоодсон болох нь:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “*************ийг 2.12 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 07 дахь тал), 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн жолооны үнэмлэхийн төлөв хүчингүй, 2024.9.24-ний өдөр эрх хасагдсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал), 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1148 дугаартай шийтгэврээр *************ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 47-49 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч *************ийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,12 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гурван зуун цагийн хугацаагаар хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү..” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Хэрэгт ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *************ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар *************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ