2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/502

 

  2025         02          13                                   2025/ШЦТ/502

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 
нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Б.Мөнхтулга,
Хохирогч ***
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2406000003522 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр *** төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-***** хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

*** /РД:******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:  

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч ***ын нүүр хэсэгт гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ангийнхаа *** утсаар дуудаж пийшин гэрт маань аваачаад өгөөч гэж гуйсан. Тэгээд чулуун овооноос хужир булан руу аваачиж өгсөн. Багаасаа нэг анги байсан, ойрд уулзаагүй учир хамт 2 шил архи хувааж уусан. Архи уугаад жоохон согтсон. Тэр хооронд дэлгүүр гарч ирэхдээ Галбадрах ахтай хамт ирсэн. Тэгээд маргаан үүссэн гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *** гэх залуутай орой таарсан. ***гийнд орж 1 шил архи уусан. Би ухаан алдсан байсан. Сэрэхэд 3 залуу миний цусыг угааж байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 23 цагийн орчим *** гэрээсээ гараад ар талын хамар хашааны хөрш болох *** орж ***гийнд буяны зэд өгсөн. ***гийнд ээж нь байхгүй *** ганцаараа байсан. Тэгэхээр би хувцасны энгэрийн халаасандаа хийж явсан 33 литр Хараа нэртэй архи гаргаж ирээд хоёулаа уух уу? гээд *** бид хоёр хувааж уусан тэгээд тэр 0.33 литр Хараа нэртэй архиа ууж дуусаад дахиж нэг 1 шил архи авъя гэж яриад манай гудамжны төв зам дагуу байрладаг Ариун супер маркет орсон. Тэгсэн Ариун супер маркетын үүдний хажууд *** гэх манай гудамжны хөрш залуу зогсож байсан ***той цуг танихгүй 2 залуу байсан. *** бид хэдэд манайх руу цуг явъя гэж хэлсэн тэгээд *** бид хоёр, *** ***гийн найз болох 2 үл таних залуутай цуг ***гийн гэр лүү явсан *** 2 найзынхаа хамт  Ариун супер маркет ороод гарч ирэхдээ 1 шил 0.75 литр Хараа нэртэй архи авсан байсан. Тэгээд *** бид хоёр, *** болон ***гийн 2 найзын хамт ***гийн хашааны залгаа хашаанд байх ***гийн гэрт очсон. Очоод 1 шил 0.75 литр Хараа архийг хувааж уусан 30 минут орчмын дараа *** бид нартай сууж байгаад ***гийн гэрээс гарч явсан. Тэгээд *** болон ***гийн найз гэх танихгүй хоёр залуу бид дөрөв үлдсэн. Удалгүй ***гийн найз гэх үл таних залуу надруу агсам тавиад миний толгой хэсэг рүү баруун гараараа сандал бариад цохиод байсан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй ухаан алдсан хэр удсаныг би мэдэхгүй нэг сэрсэн чинь *** болон түүний хоёр найз нь намайг ***гийн гэрлүү хүргэж өгсөн. Тэгээд тэр оройноо би ***гийн гэрт хоноод өглөө нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13293 дугаартай шинжээчийн “..***ын биед эрүү ясны хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, баруун 3, 4-р хуруу, шуу, сарвуу, алганд шарх, зүүн сарвуу, шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх эрүү ясны хугарал шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн сарвуу, шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн, бусад баруун 3, 4-р хуруу, шуу, сарвуу, алгаданд шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх эрүү ясны хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 
     
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч ***ын нүүр хэсэгт гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13293 дугаартай шинжээчийн “..***ын биед эрүү ясны хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, баруун 3, 4-р хуруу, шуу, сарвуу, алганд шарх, зүүн сарвуу, шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх эрүү ясны хугарал шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн сарвуу, шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн, бусад баруун 3, 4-р хуруу, шуу, сарвуу, алгаданд шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх эрүү ясны хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч *** нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай   учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нийт 1.047.300 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч  ***гэм буруутай эсэх дүгнэлтдээ: ***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байсан. Өнөөдөр шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Тийм учраас гэм буруутайд тооцуулах прокурорын дүгнэлтээс татгалзах зүйл байхгүй. Хавтаст хэргийн хүрээнд нотолбол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид гарсан зардлыг төлсөн. Цаашид үүссэн зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, 
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.   

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч ***ийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж байна гэв.  
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Улсын яллагчаас  600.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Ялын саналыг дэмжиж байна гэв.
Шүүх шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирлоо төлсөн  байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв. 

Бусад асуудал:  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч баримтаар 1.047.300 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна. 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 
Шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

    1.  Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
    7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.АЮУШЖАВ