2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

   2025        01         14                                     2025/ШЦТ/173

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

Улсын яллагч М.Сумъяа /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 02989 3507 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Дын эрүүл мэндэд зүүн 7-р хавирганы хугарал, хоёр шуунд цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, зүүн бугалга, хоёр гуя цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Хохирогч Р.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 63-64 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6095 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/,

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 59 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Боос гэрчээр мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/ авсан нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоос шууд заасны дараа буюу хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Дтай хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн 7-р хавирганы хугарал, хоёр шуунд цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, зүүн бугалга, хоёр гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Дтай гадуур явлаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн 7-р хавирганы хугарал, хоёр шуунд цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, зүүн бугалга, хоёр гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, түүнд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт, мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би эхнэр Р.Дын бие махбодод гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Р.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Бтой гэр бүл болоод 20 жил болж байгаа. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *** гэрлэн дохионы уулзвараас бага зэрэг дээшээ өгсөөд Б.Бын ажлын байран дээр би түүний өөр хүнтэй харьцсан гэх мессежийг харуулахад уурлаж барьж аваад үстээд, ам дараад хойш нь дараад толгой руу их олон удаа цохисон, мөн миний хоёр гуя руу олон удаа өшиглөөд байсан. Өшиглүүлсний дараа миний хоёр гуя хөхөрсөн байсан. Тэгээд би гарч яваад гэртээ харьсан ба Б.Б нь тухайн өдрөө гэртээ ирээгүй, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өглөө гэртээ ирсэн ба тус өдөр би сургуулийн багш нартайгаа дуу хөгжмийн багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ба 05 дугаар сарын 04-ний 01 цаг 30 минутын орчимд гэр лүүгээ ортол Б.Б их согтолттой над дээр хүрч ирээд намайг мангастаад янхан минь чи хаагуур яваад ирэв, зайл гэж хэлээд намайг хөөсөн. Би юм хэлэлгүй буцаж гараад 12 давхрын шатан дээр 04 цаг 30 минут хүртэл байсан. Тэгээд би хаалга тогштол манай хүү Б.Э хаалга тайлсан, би гэртээ ороод унтсан. Өглөө 07 цагийн орчимд сэрээд манай нөхөр над руу уурлаж энэ янхныг хэн оруулж ирсэн юм, чи хаагуур янхандаж байгаад ирэв гэх мэтээр уурласан. Базсан байсан нойлын цаас харуулчхаад над руу уурлаад би энийг шинжилгээнд өгнө гэж хэлээд над руу шидсэн. Баруун, зүүн гарын шуу хэсэг рүү олон удаа цохиод байсан, мөн миний хоёр гарын шуу хэсэг рүү зуураад цохиод байсан. Тэгээд Б.Б бие засах өрөө рүү орчихоод гарч ирээд намайг түлхсэн ба би асгарсан ундаан дээр халтирч унасан. Намайг газар хэвтэж байх үед Б.Б хүрч ирээд миний хөхний дээд талд нэг удаа хүчтэй дэвссэн. Би намайг аллаа, туслаарай, цагдаа дуудаарай гэж чанга орилж гэрээсээ гартал 48 тоот айлын эгч манай гэр лүү орсон. Би тухайн үед гэрийнхээ гадна байсан ба манай нөхөр өөрөө өөрийгөө хутгалсан байсан. Би цочирдоод ороод хартал манай нөхөр өөрийгөө хутгалаад 48 тоот айлын эгч газар хэвтүүлж цусыг нь тогтоох арга хэмжээ авч байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 63-64 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд унтаж байхад хаалга тогшихоор нь би очоод онгойлгосон чинь ээж байсан тэгээд ээж, дүү бид гурав том өрөөнд унтаад аав жижиг өрөөнд унтсан. Өглөө 07 цагийн үед аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байж байгаад аав ээжийг түлхсэн чинь ээж газар унасан. Тэр үед аав ээжийн цээжин хэсэгт 1 удаа хөлөөрөө дээрээс нь дэвссэн, ээж босоод хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгсэн аав гал тогооноос хутга аваад өөрийн гэдэс рүү хутгалсан. Удалгүй хөрш айлын эгч орж ирээд аавыг аргадаад байж байтал цагдаа нар орж ирсэн. Ээж Р.Дыг нойлд байхад нь аав шал угаадаг савыг ээж рүү шидсэн. Тэгээд ээж нойлоос гарж ирэхэд нь түлхэж унагаагаад дээрээс нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6095 дугаартай: “...Р.Дын биед зүүн 7-р хавирганы хугарал, хоёр шуунд цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, зүүн бугалга, хоёр гуя цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн 7-р хавирганы хугарал, хоёр шууны цус хуралт, зулгаралт, зүүн тохойд зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, хоёр гуя цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2024.05.04-ний өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/-ээр шүүгдэгч Б.Бын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б болон хохирогч Р.Д нар нь гэр бүлийн харилцаатай болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 16.11 дэх хэсэгт “…гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй…”, мөн зүйлийн 16.13 дахь хэсэгт “…халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Дын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Р.Дын биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 9-10 дахь тал/ гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Дын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Р.Д нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар  хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Дад хохирол төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хохирогч Р.Д нь шүүхийн шатанд “...гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 92 дахь тал/ гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Р.Д нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчтой ямар нэгэн хохирлын маргаан байхгүй, хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал байгаа боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нөхцөл байдал, мөн хохирогчид учирсан олон тооны хохирол учирсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх үндэслэл байна. Мөн согтуугаар үйлдэж байгаа гэх хүндрүүлэх нөхцөл байдлууд ч байна. Иймд эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн орлого бага тул торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн учраас шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хохирогч Р.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж авсан зүйлгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчтой гэр бүлийн харилцаатай болох, бага насны хүүхдүүдийн дэргэд үйлдсэн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн эсхүл олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бод 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Р.Д нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ