| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1193/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
2025 01 15 2025/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
Улсын яллагч Б.Цэцэгмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 05178 1751 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 8, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, С.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн ажилладаг байгууллагын худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4.239.623 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч К.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...С.Б нь манай байгууллагад түгээгчээр ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаасаа халагдсан. Яг хэзээ ажлаас халагдсан талаар тодорхой огноог нь сайн санахгүй байна. С.Б ажлаасаа халагдсан шалтгаан нь хуурамч цэг үүсгүүлж гэрээ байгуулаад, тэр цэг дээрээ захиалга үүсгүүлэн бараа гаргаж, тэр барааг өөрөө авсан юм шиг байгаа юм. Үүнээс гадна өөр хоёр харилцагчаас компанийн данс руу орох ёстой байсан тооцоог өөрийн хувийн данс руугаа шилжүүлэн авсан. Энэ үйлдлүүдийг мэдсэний дараа С.Бтэй уг мөнгийг төлөх хугацааг тохирчихсон байсан. Гэвч тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоогийн байдлаар С.Б нь бүх төлбөрийг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/,
Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/,
Сэжигтэн С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57, 58-59 дэх тал/,
“***” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 13 дахь тал/,
“***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23/82 дугаартай тушаал /хх-ийн 15 дахь тал/,
2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/13 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 17-23 дахь тал/,
“***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.В-оос 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Р.Ат олгосон итгэмжлэл /хх-ийн 167 дахь тал/,
Яллагдагч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4.239.623 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч С.Бг Эрүүгийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч С.Б нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч С.Б нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Сэжигтэн С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-д 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа найз охин М.Стай Бүтээгдэхүүн бэлэн тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж 4.739.000 төгрөгийг бараа материал нийлүүлсэн. М.Стай гэрээ хийхдээ *** тоот лангуу гэж гэрээ хийсэн. Уг лангуу нь бодит байдаггүй лангуу бөгөөд байгууллагаасаа захиалсан бараагаа М.Сийн өмнөөс гарын үсэг зурж хүлээж авдаг байсан. Би хүлээж авсан бараагаа М.Ст хүлээлгэж өгөөд М.С *** байдаг хамаатныхаа дэлгүүр лүү явуулдаг байсан. *** байдаг дэлгүүр нь мөнгөө өгч чадахгүй удсанаас болоод би байгууллагадаа мөнгөө өгч чадаагүй. Мөн найз охин М.Стай маргалдсанаас болоод найз охин байгууллага руу залгаад үнэнээ хэлснээс болоод манай байгууллага мэдсэн. Би байгууллагадаа 2.600.000 төгрөг өгсөн байгаа бөгөөд одоо 2.139.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ... Би өмнөх мэдүүлэг дээр найз охин М.Ст бараагаа өгч М.С нь цааш нь ***руу явуулсан гэж мэдүүлсэн. Үнэндээ тийм зүйл болоогүй. Би *** ХХК-аас авсан бараагаа өөрөө зарсан бөгөөд хамгийн сүүлд Хэнтий аймаг руу авч яваад зарсан. Би барааныхаа талыг нь зараад талыг нь хүнд өгөөд дууссан. Би найз охиндоо 5.000.000 орчим төгрөгийн бараа авч зарах гэж байгаа гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Би одоо бүх тооцоог төлж барагдуулж дууссан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 58-59 дэх тал/,
Яллагдагч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ны хооронд Баянзүрх дүүргийн *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж баих хугацаандаа М.С гэх хүний нэр дээр чихэр авч өөрөө хувьдаа борлуулж олсон мөнгөө өөртөө зарцуулсан. Миний бие тухайн зарцуулсан 4.239.623 төгрөгийн хохирлоо 2024 оны 05 дугаар сард “***” ХХК-ийн харилцах дансанд барагдуулж дууссан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүгдэгч Б.С.Бгийн “***” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 23/13 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 17-23 дахь тал/,
Гэрч М.С болон “***” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1411 дугаартай Бүтээгдэхүүн бэлэн тооцоогоор худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 24-27 дахь тал/
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би *** ХХК-ийн тээврийн хэлтсийн дарга ажилтай. Манай компанид 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С.Б гэх эрэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдааны зөвлөхөөр ажилд орсон. С.Б нь манай компанид 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэл ажилласан, ажиллах хугацаандаа компанийн хөрөнгөөс завшсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Б нь хуурамчаар захиалга үүсгэж авсан бараагаа цааш өөрийн үзэмжээр захиран зарцуулж худалдан борлуулсан, ...С.Б ажлаасаа гарахаасаа өмнө компанид өгөх ёстой байсан 4.739.623 төгрөгийн 1.700.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр компанийн данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3.039.623 төгрөгийг өгөөгүй байгаа. С.Б нь сүүлд компани дээр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирэхдээ тухайн үлдэгдэл мөнгөө 14 хоногийн хугацаанд өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй байгаа. Бас С.Б манай компанид ажиллаж байх хугацаандаа болон ажлаас гарсны дараа манай компани нэрийг ашиглан харилцагч 2 байгууллагаас 800.000 төгрөгөөр 1 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа мөнгө шилжүүлэн авсан байсан, энийг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/,
Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний найз залуу С.Б нь “***” ХХК-д ажилладаг байсан. С.Б нь байгууллагаасаа бараа материал аваад өөр газарт зарж ашиг олох санаатай байгаагаа хэлж байсан. Бараа авсан үнийн дүн нь 5.000.000 төгрөг болж байгаа талаар хэлж байсан. Авсан бараагаа хаана, хэрхэн зарсан талаар нь мэдэхгүй байна. Эхний хэсэг барааг нь С.Бгийн эцэг, эх нь зарсан байх. Ажлаасаа гарсны дараа мөн үлдэгдэл бараа буюу 3.000.000 төгрөгийн бараа материал өөрөө аваад Хэнтий аймаг Дадал сум руу явсан гэж байсан. Тэнд бараагаа зарсан байх. Ирэхдээ бараагүй ирсэн. Хэнтий аймагт бараагаа зарсан үгүйг мэдэхгүй байна. Ирэхдээ ямар нэгэн бараагүй, мөнгөгүй эргэж ирсэн. Эргээд *** ХХК-д өр төлбөрөө төлсөн бөгөөд надаас 4.000.000 төгрөг аваад, аав, ээжээсээ 1.000.000 төгрөг өгсөн гэж байсан. Би тооцоо дууссан гэж бодож байсан. ...Би *** ХХК-тай бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Надад гэрээ байгуулсан талаараа хэлээгүй, бараа авсан талаараа хэлж байсан. Нийт 5.000.000 төгрөгийн бараа авсан гэж байсан. ...Надад ***д дэлгүүртэй таньдаг хүн байхгүй. Би бараа авч ***руу явуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/-ээр шүүгдэгч С.Бийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч С.Бгийн бусдын эд хөрөнгийг завшин, 4.239.623 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч С.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Бгийн үйлдлийн улмаас хохирогч “***” ХХК-д 4.239.623 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын хураангуй болон ***, ***, *** дугаартай зарлагын баримтуудаар /хх-ийн 150-155 дахь тал/-аар тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б нь хохирогч “***” ХХК-д учирсан 4.239.623 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.Б нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч С.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/,
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бд 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ