| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025 01 15 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 4012 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорьж шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлийн 1, 2-д заасныг журамлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн *** дугаартай, Г.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цусны хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11-12, 14-15 дахь тал/,
Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
Сэжигтэн Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14187 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 62 дахь тал/,
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 22 дахь тал/,
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 дахь тал/,
Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нн нүүрэн тус газар нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цусны хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь түүний гэм бурууг нотолсон нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Сэжигтэн Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өмнөх шөнө нь манай дүү надад архи оруулж ирсэн юм би эхнэртэйгээ цуг пиво, архи уугаад шөнө эхнэрийн утсыг үзсэн чинь өөр хүнтэй мессеж биччихсэн байсан. Тэгээд уурлаад нөгөөх чинь босож ирээд “би ингэж бичээгүй, би ер нь ингэж амьдрахгүй би сална эсвэл үхнэ” гээд жижиг хайч барьчхаад гар луугаа зоогоод “би үхнэ эсвэл ингэж амьдрахгүй” гээд байсан заазуур барьчихсан байхаар нь би тэрийг аваад тавиултал манай эхнэр болох Б.Н нь ширээн дээр байсан аягыг аваад өөрийгөө дух хэсэгтээ нэг удаа нүднийхээ доод хэсэгт нэг удаа цохисон тэгэхээр нь би гялс очоод аягыг нь аваад угаалгын өрөөнөөс очиж алчуур авч ирээд арчиж өгөхөд цус нь тогтохгүй болохоор нь очиж толгойг нь угааж өгсөн. Би тэр мессежийг нь уншчихаад таблетаар нь дагз хэсэгт нь нэг удаа цохиод, хацар хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан. Толгойг нь угааж өгчхөөд байж байтал манай эхнэр наашаа суучих хоёулаа ярилцъя гээд надад нэг хундага архи хийж өгөөд би тайвширсан. Манай эхнэр “би ингээд чамтай амьдрахгүй би үхнэ, эсвэл чамтай амьдрахгүй” гэхээр нь “чи гурван хүүхдээ бод л доо, чи яг яагаад ингээд байгаа юм бэ?” гэхэд урдаас нэлээн согтуу байсан болохоор орилоод л байсан. Тэр үед манай хадам ээж болох Ц.С гаднаас ороод ирсэн. Тэгээд манай эхнэр, хадам ээж хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/,
Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өглөө 05:30 цагийн үед ам цангаад сэрсэн чинь дээр хоёр давхарт гэрэл асаад байхаар нь гараад хартал манай эхнэр хажуудаа 3 лааз пиво тавьчихсан хажууд нь таблет нь асаалттай байсан, харсан чинь нэг эрэгтэй хүнтэй мессеж биччихсэн байсан, 20-оод хоног мессежээр харилцсан байсан. Тэр үед би уурлаад “хөөе сэр” гээд эхнэрээ дуудсан чинь босоод суучихсан намайг “яасан” гэхээр нь би “май энийгээ унш” гээд таблетийг нь шидсэн чинь эхнэр болох Б.Нийн тархи хэсэгт нь оночихсон. Манай эхнэр би бичээгүй, би наадхыг чинь бичиж мэдэхгүй гэж байснаа сүүлдээ “би чамд хардуулах гэж бичсэн юм аа” гэхээр нь “битгий худлаа яриад бай зөндөө бичсэн байна” гэсэн чинь “би чамаас сална эсвэл үхнэ, чамтай амьдрах сонирхол байхгүй, хоёулаа ярилцъя доошоо бууя” гээд доошоо буусан чинь “энэ олон жил би хүүхдүүдээ бодож амьдарч байна, би чамд хэлсэн биз дээ одоо бол би чамтай амьдрахгүй, эсвэл үхнэ” гээд цаана байсан хайчийг аваад зүүн гарын шуу хэсэгт хурдан 4, 5 удаа хатгаад гэдэс рүүгээ бас 5 удаа хатгасан. Тэр үед би хайчийг нь булааж аваад гар хүрэхгүй газар луу шидчихээд “сэргээчээ чи” гээд баруун гараараа зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан, тэр үед ширээн дээр байсан шилэн аягыг аваад хөмсөгний дээд хэсэгт өөрийгөө цохиод дахиад цохих гэж байхад нь би гарыг нь бариад аягыг нь булааж авчхаад ариун цэврийн өрөөнөөс алчуур авч гарч ирээд толгойг нь боож өгсөн. Манай эхнэр “би нэг залуутай мессеж бичээд 21 хонож байна, гэхдээ би уулзаж үзээгүй зүгээр мессеж бичсэн юм, миний буруу” гээд аягаа угааж байхдаа ээж рүүгээ залгаад манай хадам ээж ирээд Б.Нг аваад явсан. ...Зүүн зулайд шарх нь би таблет шидсэнээс болж үүссэн, оочинд цус хуралт болон оочинд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь би алгадсанаас болж үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нөхрийн хамаатны дүү Т, эхнэр А, найз Н нартай хамт уусан. Тэгээд нөгөө хүмүүс үүрээр гараад явсан чинь манай нөхөр намайг хардаад хэл амаар доромжлоод намайг нүүр нүд хэсэгт гараараа олон удаа цохисон. Миний нүүр, нүд хөхөрч хавдсан. Би уурандаа шилэн аяга аваад өөрийнхөө толгойг цохиод хагалсан. Би өөрөө гараа хутгаар зүссэн. ...2024 оны 07 дугаар сарын 01-нд айл руу хүргээд өг гээд байхаар нь би хүргэж өгчихөөд “айл руугаа ор оо, би гэртээ харилаа” гэхэд шууд миний нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохиод, үсдээд, хувцаснаас зуураад байсан. Тэгээд арай гэж би тэндээс зугтаад машинаас нь буугаад явсан. Хамар өвдөөд байхаар нь 07 дугаар сарын 02-ны орой би гэмтэлд очиж үзүүлсэн. Тэр үеэс одоог хүртэл зодож, цохисон. Ер нь бол ихэнхдээ эрүү рүү цохидог. Эрүү байнга л хөхөрчихсөн явдаг. 2019 оны 09 сард манай том хүү нэгдүгээр ангид ороод би хүүхдээ орой нь авах болохоор 16 цагийн үед хоолоо хийчхээд хүүхдээ авчхаад гэртээ ирээд унтаж байсан чинь шууд толгойн дээр дэвслээд хоол ундаа хийгээгүй юм уу гээд дэвсэж байсан. Тэр үед нь би удахгүй төрөх гээд том гэдэстэй болчихсон байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11-12, 14-15 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 62 дахь тал/,
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 22 дахь тал/,
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 дахь тал/
Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрт нь ороход манай охин болох Б.Нн хувцас битүү цус болчихсон, аймар болчихсон байсан. Нөхөр нь орилоод байж байсан. Би уурлаад нөхөртэй нь хэрэлдээд хүүхдээ аваад гарна гэхэд над руу нөхөр нь үсчээд “намайг тэгвэл чи ал, чи тэгээд шорондоо яв” гэхэд манай охин дээрээс уйлж бууж ирээд нөхрөөсөө уучлалт гуйж байгаад заазуурыг нь авсан. ...Зодуулчихсан байдалтай байсан. Энгэр ам, өмд нь цус үсэрчихсэн байдалтай, духнаас нь цус урсчихсан, духан дээрээ сантиметр орчим язарчихсан байдалтай байсан. Манай охиноос болсон гээд л яаж ийгээд шалтаг шалтгаан гаргаж ирээд зодчихдог хүн. ...Суугаад удаагүй байхдаа л нүүр ам нь хөхөрчихсөн байдаг байсан. Нодлин байхаа Г.Г нэг газар уучихсан байж байгаад Б.Нг ирээд ав гэсэн юм байна лээ. Очоод авсан чинь манай охиныг зодоод манай охин зодуулж байгаад машинаасаа буугаад хаана байгаагаа ч мэдэхгүй байсан гэсэн. Ер нь л их ууртай хүн. Манай охиныг яг л гарын дороо байлгаж байж санаа нь амардаг. Бие дээр нь жижиг, жижиг хөхрөлтүүд бол байнга л байж байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14187 дугаартай: “...Б.Нн биед дух, зүүн зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, эрүү, хүзүү, зүүн бугалга, шуунд цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, оочинд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Б.Нн биед дух, зүүн зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ хохирлын хөнгөн зэрэгт, бусад эрүү, хүзүү, зүүн бугалга, шууны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирын зэрэг тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/-ээр шүүгдэгч Г.Гийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Хүндрүүлэх шинжийн хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Г болон хохирогч Б.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамт амьдраад 14 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй...” /хх-ийн 8 дахь тал/, сэжигтэн Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...13 жил болж байна, гэрлэлтийн баталгаагүй, дундаас гарсан 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 16.11 дэх хэсэгт “…гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй…”, мөн зүйлийн 16.13 дахь хэсэгт “…халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Нн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Нн биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14187 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх-ийн 19-20 дахь тал/ гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Нн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Нд хохирол төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б.Н миний бие өөрийн гаргасан гомдол мэдээлэлдээ нөхөр Галсанжамц овогтой Г.Гт гомдол нэхэмжлэхгүй...” /хх-ийн 68 дахь тал/ гэх хүсэлтийг гаргасан байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Гийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Б.Н нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Мөн иргэний нэхэмжлэлийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Г.Г нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би бие муутай, байнгын тариатай, сахар унахаар ухаан алдаад уначихдаг тул ажил хийж чадахгүй. Харин надад торгуулийн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчтой гэр бүлийн харилцаатай болох, бага насны хүүхдүүдийн дэргэд үйлдсэн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн эсхүл олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн нөхцөл байдал зэрэг нөцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах; оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах; оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ