Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/87

 

 

 

 

 

 

  2021             1              19                                          2021/ДШМ/87

 

 

У.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

            шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2016 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор У.Эд холбогдох 2002004980315 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зэлэм овгийн Ууганбаярын Э, 2000 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Санхүү эдийн засгийн их сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ... хотхон ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч У.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ буюу үүргэвчиндээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 12.4958 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 24г байрны 21 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 104.1362 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: У.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Зэлэм овгийн Ууганбаярын Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Эийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 111.0 грамм жинтэй өвс мэт зүйл, хөзрийн хамт нийт 1.3 грамм жинтэй шавар мэт зүйл, 12.3 грамм жинтэй өвс мэт зүйл, 0.8 грамм жинтэй зиплок түгжээтэй гялгар ууттай тоосонцор мэт зүйл зэргийг тус тус устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, АН5407170 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус шилжүүлж, У.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Эд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч У.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн өвсийг түүж, хадгалсан байдаг. Уг өвснөөсөө өөрөө сонирхон сорж хэрэглэсэн ба бусдад өвснөөсөө өгч хэрэглүүлээгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн бодит хохирол, хор уршиг учраагүй. Шүүхээс шүүгдэгч У.Эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнээд харин “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”-ийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. У.Э нь байгальд ургадаг өвсийг түүж бэлтгэн хэсэг хугацаанд хадгалсан гэмт үйлдэл хийсэн ба химийн аргаар боловсруулсан хар тамхийг олж авч хадгалаагүй. “Хогийн олс” гэж нэрлэдэг каннабисын энэ ургамал нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, мөс, LCD, экстази гэх мэт хар тамхинуудаас хор чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамал нь 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтад героин, метамфетамин, морфин, опиум болоон кокайн тэрүүтэй хүний эрүүл мэндэд ноцтой хор уршигтай, сэтгэцэд нөлөөт, синтетик гаралтай мансууруулах бодисуудын хамтаар саяхныг хүртэл ангилагдаж байсан. НҮБ-ийн Хар тамхи, мансууруулах бодисын комисс нь 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис” ургамлыг хассан шийдвэрийг гаргасан. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна. У.Э нь удахгүй 20 нас хүрнэ, амьдралд хөлж тавьж, ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа хүний хувьд аль болох бага хугацаагаар ял шийтгэл эдэлж гарч ирээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж мэргэжил боловсролтой болох нь их чухал байна. Санамсар болгоомжгүй зангаасаа болж анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ У.Э илэрхийлсээр байгаа. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, У.Эийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2016 дугаартай шийтгэх тогтоолоор У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийг Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг талаар өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Шүүгдэгч хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэгдсэн боловч хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдах нөхцөл боломж байгаа. Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаар Санхүү эдийн засгийн дээд сургууль хичээллэхгүй байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг олон нийтийн эсрэг гэмт хэрэг учир 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй гэмт хэргийн шинж буюу У.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис буюу тэдгээрийн түүхий эдийг хадгалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн гэвч шүүх уг гэмт хэргийн шинжийг бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэх хэрэгт байхгүй гэмт хэргийн шинжийг оруулсанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч У.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ буюу үүргэвчиндээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 12.4958 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 24г байрны 21 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 104.1362 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч У.Эийн яллагдагчаар өгсөн “2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед байх гэрийнхээ балконыг цэвэрлэж байхдаа нөгөө түүсэн өвсөө үзэхэд хоорондоо наалдсан байхаар нь салгах үед гаранд шавар шиг зүйл наалдаад байхаар нь түүнийгээ гараараа бөөгнүүлээд хөзөр дээр наачихсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /хх 52-53/,

“Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөзөр дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 111 г, цэвэр жин нь 104 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөзөр дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0.1362 г байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5398 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/,

“Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн нунтаг зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабол илэрсэн. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 12.7209 г, цэвэр жин нь 11.9080 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0.9441 г, цэвэр жин нь 0.5878 г байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5397 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-46/,

“Э СД00322411 2020.09.30” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5399 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34-35/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-16/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч У.Эийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ буюу үүргэвчиндээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 12.4958 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 24г байрны 21 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нийт 104.1362 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч У.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогтын “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Харин Нийслэлийн прокурорын газраас У.Эийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй буюу  шүүгдэгч У.Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан шинжийг нэмж  гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж зөвтгөж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын У.Эийг гэм буруутайд тооцсон заалтад зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2016 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Зэлэм овгийн Ууганбаярын Эийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ