| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1315/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
2025 01 15 2025/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр,
Иргэний нэхэмжлэгч Ж.М,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00516 0651 дүгээр хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Оргил худалдааны төвийн зүүн уулзварт 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэнд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт ажилдаа явж байсан. Ботаникийн гэрлэн дохио өнгөрөөд цааш явж байтал Оргил худалдааны төвийн уулзвар дээр Coca Cola-ны ачааны машинтай зөрөөд *** маркийн авто машин орж ирсэн. Тэгээд осол болсон...” гэв.
Хохирогч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 07 цагийн үед жолооны сургалтдаа гарсан. Тойрог өнгөрөөд явж байсан. Оргил худалдааны төвд суудлаа сольж миний дараагийн хүүхэд жолоо барьсан. Би хойд талын голын суудал дээр нэлээн урагшаа байрлалтай сууж байсан. Цаанаас саарал машин ирж байгаа нь харагдсан. Тэгээд нэг мэдэхэд осол болж түс тас хийгээд явчихсан. Би амьсгалж чадахгүй байсан. Машины ард 3 хүн, урд хоёр хүн, нийт 5 хүн явж байсан. Өглөө эрт байсан учраас хөдөлгөөн сийрэг байсан. Төв зам руу орох гэж байтал цаанаас саарал машин ирж осол болсон. Жолооны багш гайгүй юм байна яв яв гэж хэлсэн. Тэгээд зүүн талын цонх тэр чигтээ хагарсан...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирлын баримтуудыг хавсаргаад өгсөн байгаа. Нийт хохирол 5.264.000 төгрөг болсон...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-6 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 7 дахь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-11 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 12-14 дэх тал/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 12087 дугаартай өвчний түүх /1хх-ийн 17-28 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх- ийн 33-35 дахь тал/,
Хохирогч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 38-40 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх-ийн 41 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 44 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 67 дахь тал/,
Гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 71 дэх тал/,
Гэрч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 75 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9140 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-83 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-90 дэх тал/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20759 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 97-99 дэх тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 654 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 108-115 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 499 дугаартай албан тоот /1хх-ийн 120 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 40662535 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 131-136 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2456 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 150-154 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1406 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх- ийн 159-160 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны тодорхойлолт /1хх-ийн 168 дахь тал/,
Хохирогч Ц.Ггаас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримт /1хх-ийн 173-175, 178-183 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Гаас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримт /1хх-ийн 185-186 дахь тал/,
Шүүгдэгч Б.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 239 дэх тал/,
“СББ Трейд” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0030 дугаартай албан тоот /1хх-ийн 243 дахь тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2хх-ийн 2-3 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Оргил худалдааны төвийн зүүн уулзварт 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ггийн эрүүл мэндэд нь элэгний эдийн няцрал, умдаг ясны хугарал, баруун бугалгад цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр, Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Оргил худалдааны төвийн зүүн уулзварт 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ггийн эрүүл мэндэд нь элэгний эдийн няцрал, умдаг ясны хугарал, баруун бугалгад цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр, Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь онцлогтой буюу бланкетны диспозецийг иш татсан, өөрөөр хэлбэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь хуульд заасан хохирол хор уршгийг учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байгаа. Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн талаар мөрдөгчийн магадлагаа гарсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бөгөөд уг заалтын утга агуулга нь жолооч аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох ёстой. Зам тээврийн осол гэмтэл гаргах нөхцөл байдлыг тооцоолж, урьдчилан арга хэмжээ авч, осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасан нь жолооч хурдны дээд хязгаарлалтыг хэтрүүлэхгүйгээр, тохирох хурдыг сонгож явах ёстой юм. Хөдөлгөөнтэй уулзвар ойртон ирж байгаа тохиолдолд жолооч хурдыг 60 километр цаг гэж хязгаарлахгүйгээр хурдыг багасгаж, зогсох боломжтой хурдыг сонгох ёстой. Мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж заасан. Хот дотор тээврийн хэрэгслийн дээд хурд 60 километр цаг байдаг. Бусад оролцогч нар зорчих хэсэг рүү орж ирдэг нөхцөл байдал үүсдэг учраас хот доторх хурдны хязгаарыг өөрөөр тогтоодог бөгөөд энэ нь олон улсад тогтсон асуудал. Хот доторх хурдны дээд хязгаарыг 60 километр цагаар тогтоож байгаа нь жолооч хариу арга хэмжээ авах буюу тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг тодорхойлж байгаа юм. 60 километр цагийн хурдтай явсан тээврийн хэрэгслийн зогсох зай нь 16.6 метр байдаг. Жолооч 16.6 метрийн цаана байгааг хараад осол гаргахгүйгээр зогсоох арга хэмжээ авч болно гэсэн үг юм. Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан. Энэ тохиолдолд автомашин урдуур нь орж ирж байгаа нөхцөлд жолооч аюул тулгарсан гэдгийг ухамсарлаж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой. Машин зогсож болохоор хэмжээнд хурдтай явах ёстой болохоос тулгаж очоод зогсох биш юм. Ийм учраас жолооч Б.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчсөн гэх Мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс *** маркийн тээврийн хэрэгсэл нь гол замаар зорчиж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан нөхцөл байдал байгаа гэж байна. Зам тээврийн осол гарах шалтгааныг тодорхойлохын тулд 2 үндсэн мэдлэг хэрэгтэй. Нэгдүгээрт, зам тээврийн осол гарахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалдаг хөдөлгөөний аюулгүй байдлын онол гэх шинжлэх ухааны онол бий. Оролцогчийн буруутай үйлдэл, осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл, хохирол, хор уршгийг нэмэгдүүлэх гэх ойлголтуудыг уг онолоор тайлбарладаг. Хоёрдугаарт, Эрүүгийн эрх зүй дэх гэмт хэргийн шалтгаант холбоо гэж бий. Шалтгаант холбоо нь бодитойгоор оршин байх ёстой, өөрөөр хэлбэл гэмт хэргийн субъектийн хүсэл зоригоос ангид байна. Энэхүү холбоо нь дурын үзэгдлийн хооронд бус Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон хор уршгийн хоорондын холбоо байна. Үйлдэл болон хор уршиг хоорондоо цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байна. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлдлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор учирсан бол шалтгаант холбоо үүсэхгүй. Тухайн нөхцөлд *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл гол замын тээврийн хэрэгсэл маш өндөр хурдтай явж байсан. Гол замын тээврийн хэрэгсэл 60 километр цагийн хурдтай явах ёстой байтал 97.7-102.5 километр цагийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчид ч мөн ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхөөр заасан байдаг. Ирж байгаа машиныг явган зорчигч хараад 150 метр орчим зайтай байна гэж хараад хөдөлгөөнд оролцож байхад гол замын тээврийн хэрэгсэл өндөр хурдтай явснаас хэдхэн секундын дотор орж ирээд мөргөчихдөг. Хэрэгт авагдсан бичлэг дээрээс үзэхэд цагаан машин гялс гэж орж ирээд л мөргөчихсөн үйл баримт байна. Жолооч зохих хурдтай явсан бөгөөд тоормосны ажиллагаа хэвийн бол 16.6 метр орчим яваад зогсоно. Шүүгдэгч уг машиныг 200-300 метрийн зайд байгааг харж байсан болохоо мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч хурдыг хэтрүүлэн явсан нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Нөгөө жолоочийн хувьд дүрмийн заалтыг хэлбэрийн хувьд зөрчиж байгаа гэх боловч ямар ч жолооч 150 метрийн зайд байгаа машин 6 секундын дотор ороод ирнэ буюу 100 километр цагийн хурдтай явж байна гэх тооцоолол хийхгүй. Хурд гэдэг нь тодорхой зайг тодорхой хугацаанд туулж байгааг илэрхийлдэг. Өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг хүмүүс тооцоолж чаддаггүй. Харин тээврийн хэрэгслийг хажуу талаас нь харж байгаа тохиолдолд хэр хурдан явж байгааг хэлж чадна. Иймд өөдөөс ирж байгаа машиныг хурд хэмжигч ашиглахгүй л бол төдий хэмжээний хурдтай байна гэж тооцоолох боломжгүй байдаг. Нөгөө машины жолооч 150 метр орчим зайд түрүүлээд туулна гэж тооцоолсныг буруутгах үндэслэлгүй байна. *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч дүрэм зөрчсөн хэдий ч зам тээврийн осол гарсан шалтгаан нь болоогүй байна. Зам тээврийн ослын гэмт хэрэг нь ихэвчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасанчлан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Зарим тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгчийн хувьд хурд хэтрүүлэн явж байгаа нь санаатай үйлдэл гэж харахаар байна. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа хянаж явах ёстой бөгөөд 60 километр цагийн хурдтай явах ёстой жолооч 100 километр цагийн хурдтай явахдаа өөрийн харааны түвшинд байгаа хурд хэмжигч дээрх хурдаа хараагүй гэх нь боломжгүй зүйл. Шүүгдэгч нь 67 километр цагийн хурдтай байсан гэдэг нь 100 километр цагийн хурдтай байсан учраас хурд хасах үед 67 километр цаг болж осол гарч байгааг харуулж байна. Иймд энэ тохиолдолд эсрэг машины жолоочийг буруутгах үндэслэл болохгүй байх тул шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн тухайд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцож байгаа тул тооцоог гаргаж өгөх байх. Мөн хохирогч Ц.Ггийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлд хамаарна гэж заасан. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэж өгнө үү…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж заасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлт гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Анхнаасаа шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байхад прокурор өнөөдөр 97-105 километр цагийн хурдтай явсан гээд зогсож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэсэн эрх нь байгаа. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна гэж үзэж байна. Шинжээчид магадгүй камерын бичлэгийг үзүүлсэн байх. Тухайн камерын бичлэгт үндэслэн дүгнэлтээ гаргасан байх гэж үзэж байна. Мөн хол зөрүүтэй харагдахгүй байна. Камерын бичлэг дээр тодорхой харагдахгүй байна. Миний үйлчлүүлэгч өөрөө ямар хурдтай явж байснаа мэдэж байгаа учраас дахин шинжээч томилоод шалгаад өгнө үү гэж хүсэж байгаа. Гэмт хэргийн обьектив тал юу вэ гэдгийг магадлагаа дээр тодорхой заасан байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд жолооч гэж хэнийг хэлэхийг зааж өгсөн. Мөн дадлагын багш жолооч мөн гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектэд дадлагын багш ороод явж байгаа. Туслах замаас орж ирж байгаа машин гол замаар явж байгаа машинд зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч машин мөргөснөө хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч 97 километр цагийн хурдтай явж байснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирол хор уршгийг нотлох баримтын хэмжээнд тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр тооцох нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ гэж заасан. Магадгүй жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн хэдий ч осол гараагүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь заалтад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, мөн зүйлийн 6.14 дэх заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гэж заасан. Эдгээр нөхцөл байдал байвал шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд магадлагаа гарсан байхад нэгийг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж байна. 2 хүн хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гээд магадлагаа гарсан байхад гэмт хэрэг болох шалтгаант холбоо биш гэж байна. Шалтгаант холбоо нь *** маркийн автомашин нь гол замын машинд зам тавьж өгөөгүй байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Сиди бичлэгээс харахад шүүгдэгчийн машин маш хурдтай орж ирж байна. Осол болох хугацаанд хурдыг бага зэрэг хассан уу үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн хувьд хөнгөмсгөөр найдсан байна гэж харагдаж байна. Хурдаа хасах эсэх дээр ухамсарлаагүй байна. Мөн шүүгдэгч талаас ямар байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр нөгөө талын автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хоёр жолооч татагдаж орж ирэх ёстой байсан агуулгаар байр сууриа илэрхийлж байсан. Хохирлын хувьд 1.158.250 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж байгаа. Мөн сахиурын хөлсний мөнгө 660.000 төгрөг болсон байгаа. Хохирогчийн хувьд босож сууж чадахгүй, нөхөр нь ээлжийн ажилтай байсан тул дүү нь сахидаг байсан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон байгаа. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгч жолооны сургалтад явж байсан. Одоо машинд ойртоход л айсан байдалтай байгаа. Мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна...” гэв.
Хохирогч Ц.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.М нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Тодруулбал тухайн гэмт хэргийн диспозецийг иш татсан буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн буюу тусгай субьект байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нь урьдач нөхцөл байхаар тогтоож өгчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэжээ.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Тээврийн цагдаагийн албаны Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-6 дахь тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 7 дахь тал/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-11 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 12 дахь тал/, яллагдагч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 233 дахь тал/-ээр *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Үүнд:
Хохирогч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оргил худалдааны төвийн зогсоол дээр зогсож сурагчаа солиод нөгөө сурагч нь уг тээврийн хэрэгслийг жолоодож төв зам руу орох гээд явж байтал цаанаас буюу зүүн талаас саарал машин нэлээн цаанаас ирж явсан. Тэгсэн багш ор ор гээд тэгээд машин хөдлөөд явж байтал түс тас гээд явчихсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхэд туслах замаас төв зам руу ороод л мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44 дэх тал/,
Гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар Оргил дэлгүүрийн зогсоол дээрээс гараад туслах зам руу ороод тэгээд гол зам болох нэгдүгээр эгнээгээ өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү машины хамар хэсгээр орсон байсан. Нэгдүгээр эгнээ өнгөрөхөд машин байхгүй байсан учраас 2 дугаар эгнээ руу шилжих гэж байсан чинь хоёрдугаар эгнээнээс нэг машин хурдтай ороод ирсэн. Тэгээд манай машины зөв талын арын хэсгийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дэх тал/,
Гэрч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар Оргил дэлгүүрийн зогсоол дээрээс гараад туслах зам руу ороод тэгээд гол зам болох нэгдүгээр эгнээгээ өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү машины хамар хэсгээр орсон байсан. Нэгдүгээр эгнээ өнгөрөхөд машин байхгүй байсан учраас 2 дугаар эгнээ рүү шилжих гэж байсан чинь хоёрдугаар эгнээнээс нэг машин хурдтай ороод ирсэн. Тэгээд манай машины зөв талын арын хэсгийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-Техникийн шинжилгээний шинжээч Д.Мөнхбаатарын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2456 дугаартай “Ch02-20240707-083401.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 19:55:48 секундэд дүрслэгдэх автомашин нь “А”-“1” гэсэн цэгийн хоорондох 15.2 метр зайг ойролцоогоор ~ (97.7-105.2) км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 150-154 дэх тал/ авагджээ.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9140 дугаартай Дүгнэлтэд: “Г.Гын биед тархи доргилт, гадна чихний гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-83 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9148 дугаартай Дүгнэлтэд: “Ц.Ггийн биед элэгний эдийн няцрал, умдаг ясны хугарал, баруун бугалгад цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /1хх-ийн 89-90 дэх тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Б.Аийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1406 дугаартай Магадлагаанд /1хх-ийн 159-160 дахь тал/ нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс жолооны дадлагын багш О.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна...” гэж дүгнэсэн нь уг хэрэгт хамт шалгагдах ёстой бөгөөд шүүгдэгч Б.А нь хурдыг хэт хэтрүүлээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж маргаж байх боловч шүүхээс тус дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь зам тээврийн осол болоход хавтаст хэрэг авагдсан дүрс бичлэгт *** улсын дугаартай хар өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэл туслах замаас төв зам руу орохдоо төв замын эсрэг урсгалаас туслах зам руу орж буй улаан өнгөтэй ачааны тээврийн хэрэгслийг орсны дараа зөрж төв зам руу орж байгаа нь харагдах бөгөөд ердийн хурдаар ирж тээврийн хэрэгсэлд саад учруулахгүйгээр орж болох хангалттай зайтай байгаа нь харагдаж байна. Түүнчлэн *** маркийн тээврийн хэрэгсэл төв замын нэгдүгээр эгнээг өнгөрч хоёрдугаар эгнээ рүү орох үед төв замын хоёрдугаар эгнээгээр явж буй *** дугаартай тээврийн хэрэгсэл уулзварт ойртон ирэхдээ тээврийн хэрэгслийн хурдыг огт хасалгүйгээр шууд мөргөж байгаа нь харагдаж байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж шүүхээс дүгнэж, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа.
Шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.3, 12.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.3, 12.4-т тус тус заасныг мэдэж байсан боловч осол гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж хохирол, хор уршиг учруулсан байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г, иргэний нэхэмжлэгч Г.Г нарт учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9140 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 82-83 дахь тал/-ээр иргэний нэхэмжлэгч Г.Гын эрүүл мэндэн хөнгөн,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 89-90 дэх тал/-ээр хохирогч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох…” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-т “…Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хуний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно…” гэж,
мөн аргачлалын 3.8-д “…Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ…” гэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар хамтран баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т “…Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ...” гэж,
мөн зүйлийн 2.1.5 дахь заалтад “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)...” гэж тус тус заажээ.
Хохирогч Ц.Ггийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав тогтоосон байх ба хохирогч нь уг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн /1хх-ийн 41 дэх тал/ байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Гуравдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тооцохоор заасан байна.
Шүүх гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч Ц.Ггийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Иймд хохирогч Ц.Ггийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660.000х20=13.200.000/ хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн 13.200.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хохирогч Ц.Ггийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 234.920 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байх бөгөөд уг зардлын төлбөрийг төлж барагдуулсан /1хх-ийн 168 дахь тал/ байна.
Мөн шүүгдэгч Б.Аийн үйлдлийн улмаас “Toyota ***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.264.000 төгрөгийн хохирол учирсан болохыг “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20759 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 97-99 дэх тал/-аар тогтоосон байна.
Мөн хохирогч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд баримтаар 1.477.357 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 518.570 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ггаас нэхэмжилсэн хохирлыг /1хх-ийн 176 дахь тал/ гаргаж өгсөн баримттай тулгаж харахад 362.000 төгрөгийн баримт /1хх-ийн 173 дахь тал/ нь Монос эмийн сангаар үйлчлүүлэгчийн цуглуулсан Лояалти оноо байх бөгөөд худалдан авалт хийсэн дүн нь 12.100 төгрөгийн баримт байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Ааас хохирогч Ц.Гд 14.677.357 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Мт 5.264.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Гд 518.570 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 234.920 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, тус хугацаанд хохирогч Ц.Гд 10.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Гд 518.570 төгрөгийн хохирол, төлбөрийг тус тус төлж барагдуулсан байна.
Мөн хохирогч Ц.Г, иргэний нэхэмжлэгч Г.Г нар нь гэмт хэргийн улмаас цаашид учирч болох гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгч Ж.Мт учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлбөрөөс барагдуулсан байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хасахаар заасан байгаа. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс бага хугацаагаар тогтоож өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Б.А нь 6 дүүрэгт явж, түгээлтийн ажил хийдэг. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Хохирогчийн хувьд хохирол төлбөрөө барагдуулж авах нь чухал байгаа. Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрөө төлөөд явж байгаа. Түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэвэл хохирол төлбөр төлүүлэх эрхийн асуудал давхар хөндөгдөж байна. Иймд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Ц.Г нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.М нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Зорчих эрхийг хязгаарлавал ажлаа хийж чадахгүй байгаа. Өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 239 дэх тал/,
“***” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0030 дугаартай албан тоот /1хх-ийн 243 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 244 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Иймд шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас нийт 9.941.357 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Гд 4.677.357 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Мт 5.264.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ц.Г, иргэний нэхэмжлэгч Г.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ