| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
2025 01 16 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
Улсын яллагч Д.Энхбаяр,
Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 03587 3616 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дахь тал/,
Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дэх тал/,
Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
Гэрч М.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6863 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 дахь тал/,
Шүүгдэгч М.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 58-75 дахь тал/,
Яллагдагч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-86 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М.Цгаас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/ авсан нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоос шууд заасны дараа буюу гэмт хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч М.Цгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хүүгээ нуулаа гэх шалтгааны улмаас хохирогч Д.Нтэй маргалдаж, улмаар биед нь халдаж бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалганы шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Д.Нтэй “Г.Эыг нуулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалганы шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгаатай санал нэг байна. Шүүгдэгч М.Ц нь хохирогчийг хутгаар хутгалсан гэж хохирогч мэдүүлдэггүй. Харин сэрээгээр хатгасан гэж мэдүүлдэг. Дараа нь хутга авсан гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэг болсон үед байсан 2 гэрчийн мэдүүлгээр хутга барьсан нь нотлогддоггүй. Түүнчлэн М.Цгийн үйлдэлд бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад хохирогчийн эрхийг хуульчилж өгсөн. Уг заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах нь хохирогчид өөрт олгогдсон эрх юм. Энэ эрхийг эдлэх эсэх нь хохирогч өөрөө л шийдэх хэрэг юм. Хохирогч гомдол байхгүй гээд илэрхийлсэн учраас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх шаардлагагүй, энэ нь хохирогчийн хүсэл байсан юм байна гэж үзэж байна. Иймд бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Хохирогчид хохирол төлбөр болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас миний үйлчлүүлэгч М.Цг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ц нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Яллагдагч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сард Г.Э гэх хүнтэй анх facebook чатаар танилцсан. Энэ үеэс холбоотой байж байгаад 2015 оны 09 дүгээр сард Г.Э Турк улсад ирснээр хамтран амьдрах болсон. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сард анхныхаа хүүхдийг өлгийдөн авч байсан. Үүний дараа 2020 оны 07 дугаар сард удаах хүүгээ төрүүлж байсан. Одоо манай том хүү 7 настай, бага хүү маань 4 настай надтай хамт амьдардаг. Г.Э бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсаас Хятад улс руу цуг явж тэндээ 4 сар орчим хамт ажиллаж, амьдарсан бөгөөд энэ хугацаанд манай хоёр хүүхдийг дүү М.З харж хандаж байсан юм. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Э надаас түрүүлж Монгол улс руу буцсан. Миний бие 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр араас нь Монгол улсад ирсэн бөгөөд энэ хугацаанд бид хоёр араар тавилтаас болж салах сарних дээрээ тулсан байсан. Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хятад улс руу ажил руугаа буцаж явах болсон тул 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хоёр хүүгээ аваад хадмынхаа гэрт хүүхдүүдээ хүргэж өгөх гээд очсон. Намайг хадам ээжийн гэрт ороход манай хадам ээж Д.Н гэртээ ганцаараа байсан. Би ороод Г.Эыг асуухад гараад явчихсан. Гэртээ ирж хоноогүй гэж ярьж байсан. Би тухайн үедээ хадам ээжид хандаж Г.Э бид хоёр юунаас болж салж байгааг та мэдэж байгаа биз дээ гэж хэлэхэд манай хадам ээж надад хариулт хэлээгүй. Тэгээд би тэдний гэрт 2 хүүгээ үлдээгээд гараад явсан. Гэтэл араас манай бага хүү цонхон дээр намайг дагаад уйлаад байхаар нь дэлгүүр орж хоёр хүүхэддээ чихэр жимс худалдан авч бага хүүгээ аргадаж уйлахыг нь болиулаад явъя гэж бодоод буцаад хадмын гэр лүү орж авсан зүйлээ хүүхдүүддээ өгчихөөд гарахдаа ариун цэврийн өрөө ороод гаръя гэж бодоод ариун цэврийн өрөө рүү орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ээжээс ариун цэврийн өрөөний хаалга яаж онгойдог юм гэж асуутал ээж “за за Г.Эаа гар гар” гэж хэлсэн. Тэгтэл ариун цэврийн өрөөний хаалгыг Г.Э дотроос нь онгойлгож өгсөн. Ингэж анх маргаан эхэлсэн би Г.Этай маргалдаад байж байхад хадам ээж миний араас үснээс зулгаагаад татсан. Тэр үед би татагдаж хойшоо савж унахдаа хадам ээжийг дарж унасан. Тэгээд болиочээ гээд байж байхад манай дүү М.З гаднаас орж ирээд бид хоёрыг салгаад би хоёр хүүхдээ аваад дүү М.Зын хамт тэдний гэрээс гараад явсан. Тухайн үедээ хадам ээж миний үснээс 20-30 минут орчим зулгаасан. Хадам ээж миний үснээс зулгаагаад байхаар нь би тавиулах гээд ээжийг түлхсэн мөн миний үснээс зулгааж хойшоо татах үед би унахдаа дарж унаснаас болж хадам ээж Д.Нийн биед гэмтэл учирсан байж болно. Тийм болохоор Д.Нийн биед учирсан гэмтэлтэй маргах зүйл байхгүй. Ноцолдож байхдаа дарж унах зэргээр уг гэмтлийг би учруулсан байж болно. Би хадам ээжид 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сэтгэл санааны хохирол гэж 1.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Цаашид гарах хохирлыг боломжоороо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Ц хутга бариад Г.Эын хувцсыг урах гээд байсан. Би боль гэж хэлээд ойртох үед намайг гартаа барьж байсан сэрээгээр миний зүүн мөрний бугалга хэсэгт нэг удаа зоосон. Дахиад хутга барьж аваад намайг ална гэж хэлээд дайрахаар нь би М.Цгийн хутгатай гарыг бариад энгэрээс нь зуураад хутгыг нь хаяулсан, тэр үед миний зүүн гарын эрхий хурууны дотор талын нугалаас урагдсан. Тэгээд миний нүүр рүү дайраад хоолойноос боох гэж дайраад, намайг татаж чангаагаад байсан. Намайг М.Ц дийлээд миний хоолойноос барьж аваад миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөөд барилдаж байгаа юм шиг намайг авч шидээд байсан. Тухайн үед Г.Эыг М.З нь өшиглөж зодоод байх шиг байсан. Харин М.Ц нь миний үснээс зулгаагаад байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Намайг М.Цгийн үснээс нь зулгаах үед М.Ц үснээсээ тавиулах гээд миний цээж хэсэгт олон удаа өвдөглөсөн. Мөн миний нүүр хэсэгт олон удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дэх тал/,
Гэрч М.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үедээ эгч М.Цгийн хадам гэх Д.Нийн гэрийн гадна очоод би машин дотроо үлдээд эгч хоёр хүүхдээ дагуулаад хадам ээж болох Д.Нийн гэр лүү орсон. Би эгчийг орсны дараа хадмынх нь гадаа машин дотроо 1 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хадмынх нь гэр лүү яваад орсон. Намайг ороход тухайн айлын хаалга онгорхой байсан. Мөн гэр нь эмх замбараагүй, ундуй сундуй болсон, манай эгч М.Ц газар унасан байдалтай дээрээс нь хадам ээж болох Д.Н нь эгчийн үснээс зулгаасан байдалтай, эгчийн хацар болон гар нь цус болчихсон хоорондоо зодолдсон бололтой хэвтэж байсан. Тэр үед би гүйж очоод зодооныг нь салгаж Д.Н болон М.Ц нарыг бие биеэс нь холдуулсан. Тэгээд би эгчийгээ салгаж аваад Д.Нийн гэрээс гарсан. Тухайн үед би гарах гэж байхад эгчийн нөхөр Г.Э намайг гаргахгүй гээд хувцаснаас татаж чангаагаад байхаар нь би салаад эгч М.Цг аваад гарсан. Би Д.Н болон Г.Э нарын биед халдаж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6863 дугаартай: “...Д.Нийн биед бүсэлхийн 3-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн бугалгын хатгагдсан шарх, цээж, мөр, өвдөгт цус хуралт, зовхи, цээж, нуруу, мөр, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 дахь тал/-ээр шүүгдэгч М.Цгийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч М.Ц нь хохирогч Д.Нийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Нийн биед үүссэн гэмтэл нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6863 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “…Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 35-37 дахь тал/ гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүндэвтэр хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ц нь хохирогч Д.Нийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Д.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд “...Хүү Г.Эын хамтран амьдарч байсан М.Цг уучилж цаашид хохирол болон төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдол байхгүй...” гэх хүсэлтийг ирүүлсэн /хх-ийн 110 дахь тал/ байх тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч М.Цгийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Д.Н нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд уг хэрэгт тогтоогдоогүй гэж үзэн прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Мөн уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг байгаа. Хууль тогтоогч өөрөө энэ гэмт хэргийг хөнгөн гэж үзэж байгаа нь нийгмийн хор аюулыг бага юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэж ялыг эрэмбээр нь авч үзвэл торгох ял арай хөнгөж гэж ойлгож байна. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байгаа нь ялын хувьд хүнд ялыг санал болгож байна. Үүнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэдгийг Б.Буянхишиг өмгөөлөгч бас хэлж байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн өөрөөр хэлбэл яллагдагчаар татсан тогтоолтой өөрөө танилцаад хүлээн зөвшөөрч байна гээд сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаанд ч мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь бас мөрдөн шалгах ажиллагаанд үзүүлж байгаа бодитой дэмжлэг юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан түргэн явуулахад саад учруулаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байгаа гол шалтгаан нь юу вэ гэвэл М.Ц нь Турк улсад амьдардаг. Цагдаагийн байгууллагаас 2 удаа, прокурорын байгууллагаас 1 удаа, шүүх дээр өнөөдөр хуралдаа ирж байгаа, энэ бүхэнд тодорхой хэмжээнд зардал гарч байгаа. Энэ зардлуудыг төлөөд, онгоцны билетээ аваад хууль хяналтын байгууллагаа хүндэтгээд удаа дараа ирж байна. Эрүүгийн хариуцлагын эцсийн зорилго нь яг юу юм бэ? Цээрлэл хүлээлгэнэ, хүмүүжүүлнэ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлнэ гэж байгаа. Иймд шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эдийн засгийн цээрлэл хүлээсэн байна. Прокурор бас сая дурдаж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ийм нөхцөл байдал байна. Хохирол төлбөрийг арилгасан гэж үзэж байгаа. Хохирогч өөрөө хохирол, төлбөр нэхэмжлээгүй, дээр нь 1.000.000 төгрөгийг өгсөн байна. Хохирогч шүүгдэгч хоёрын хамгийн гол харилцаа юу вэ гэхээр энэ хоёр хүн энэ шүүхээр маргаан шийдэгдээд дуусдаг харилцаатай хоёр хүн биш, хадам ээж, бэр гэдэг харилцаатай, дундаас нь гарсан хоёр хүүхэдтэй. Өнөөдөр хүртэл хүүхдүүдийг нь хадам ээж нь аваад үлдэж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг нь шүүхээс харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох юм байна гэдэг энэ зохицуулалтын хүрээнд шийдэж өгөөч гэж хүсэж байна. Хэрэв шүүхээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд миний үйлчлүүлэгчийг торгох ялын хамгийн багаар нь торгож өгөөч гэж хүсэж байна. Яагаад гэхээр миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэг нь нийгмийн даатгалаар, ажлын газрын тодорхойлолтоор нотлогддог зүйл биш. Дансны хуулгаар тодорхой хэмжээнд ашиг олж байна гэдэг нь нотлогддог тул ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Миний үйлчлүүлэгч М.Ц нь бага насны 2 хүүхэдтэй. “Online shop” ажиллуулж өөрийн ажил амьдралаа залгуулдаг. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учирсан хохирол хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүй ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ц нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би хийсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. Учир нь түүний сүүлийн нэг жилийн хугацаанд орлого олсон тухай баримт нь их хэмжээнийх байх бөгөөд түүнд торгох ял оногдуулах нь цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм. Шүүгдэгч М.Ц нь бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх байх тул хүүхдийн эрхийг хөндөхгүй байх зорилгоор түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжгүй гэж үзэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч М.Ц нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сэрээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сэрээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ