| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00815/И |
| Дугаар | 142/ШШ2019/01075 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2019/01075
| 2019 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2019/01075 | Орхон аймаг | |||
|
|
|
|
| ||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/2019/00815/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлбөр авагч *******ны Орхон салбар болон төлбөр төлөгч Г.Эрхэмбаярт холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 142/ШШ2018/00180 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* 10.795.643,16 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 187.680 төгрөгийг гаргуулж *******ны Орхон салбарт олгож уг хэрэгт битүүмжлэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Чингэлийн 16-21 тоотод байрлах 37.8 м.кв талбай бүхий хувийн сууц, 721 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг уг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг Итгэлт Эстимэйт ХХК-р хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05-р сарын 15-ны өдөр ирүүлсэн 3/687 дугаар мэдэгдэлд төлбөрт тооцуулахаар дээрх эд хөрөнгө болох Ү-2101019186 дугаартай 37.8 мкв талбай бүхий хувийн сууц, Г-2101014570 дугаар бүхий 721 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 14.174.100 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч *******ны Орхон салбар хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой, уг үнэлгээгээр худалдан борлуулагдах боломжгүй байна. Уг эд хөрөнгийг Итгэлт Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 14.174.100 төгрөгөөр тус тус үнэлсэн нь илтэд үндэслэлгүй, тухайн орон нутгийн зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлж үнэлгээ хийгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байдаг. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Итгэлт Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээ буюу Ү-2101019186 дугаар бүхий 37.8 м.кв талбайтай хувийн сууц, Г-2101014570 дугаар бүхий 721 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 14,174,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******наас зээл авсан харилцагчийн зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж зээлдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Ингээд үнийн талаар тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэж Итгэлт Эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Гэвч тухайн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй байгаа тул банкны зүгээс үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. *******ны зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр байна гэж үзэж байгаа. Тухайн хувийн сууцыг барихад орсон барилгын материал, байршил зэргийг одоогийн зах зээлийн байдлаар тооцож үзэхэд 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэж банкны зүгээс үзэж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байрлалтай болон ижил төстэй байж болох өөр нэг үл хөдлөх эд хөрөнгийн зураг, зах зээлд зарагдах үнэ болон өртгөөр тооцсон материалын тооцооллыг хавтаст хэрэгт хавсаргасан. Хөрөнгийн үнэлгээ гаргасан компани үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг газар дээр нь очиж үзэж дүгнэлтээ гаргасан уу гэдэгт эргэлзээ төрж байгаа. Учир нь тухайн байшинд модоор багана хийж дээврийг тогтоосон, блокоор барьж оспа хавтангаар доторлосон байдалтай, бүрэн ашиглалтанд ороогүй, шууд хүн ороод амьдрах боломжгүй, байршил нь алслагдмал, газар нь маш налуу зэрэг нөхцөл байдалтай байдаг. Хэрвээ энэ бүхнийг тооцож үзсэн бол 10.500.000 төгрөгөөр үнэлэх эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Тэр байшинг дараагийн худалдан авагч авбал дээврийг дахин хийх шаардлага үүсэх байх. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлүүлэх хүсэлтэй байна. Ойролцоох байршилтай газруудын 2019 оны 07 сарын зах зээлийн үнэтэй харьцуулж *******ны зүгээс 5.000.000 төгрөг гэж үнэлсэн байгаа. Мөн нэмээд тухайн байшинг барихад орсон материалын үнийг нэг бүрчлэн тооцоолж уг үнийг гаргасан. Барилга бүрэн ашиглалтад ороогүй, шал цутгамал хэвээр, даацын хана байхгүй, оронд нь модон багана хийсэн зэргийг шүүх анхаарч үзнэ үү. Зар тавьж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 14.000.000 төгрөгөөр борлуулъя гэхэд хэн ч сонирхож авахааргүй байгаа. Тиймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангийг төлөөлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь Итгэлт Эстимэйт ХХКомпаний 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/03 дугаар үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаар Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангийг татсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Г.Эрхэмбаярт шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул хуульд заасны дагуу Г.Эрхэмбаярын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18140884/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 18140884/04 дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хураасан эд хөрөнгийн үнэлгээг тоггоохоор төлбөр төлөгч, төлбөр авагчийн саналыг бичгээр авахад санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. ******* дугаар нээлттэй хорих анги нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул нэхэмжлэлийн шаардлагыг тус байгууллага хариуцахгүй болно. Иймд *******ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.10.29-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019.04.04-ний өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байдаг. Хураах явцад төлбөр төлөгчид төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй учир хөрөнгийг албадан борлуулах ажиллагаа хийж талууд үнийн тал дээр тохиролцоогүй учир хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу манай байгууллага өөрсдөө хөрөнгийг үнэлэх боломжгүй учир хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Уг хөрөнгийн үнэлгээ нь хуулийн дагуу гарсан, бодит үнэлгээ учир үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үнэлгээг хэрхэн хийснийг мэдэхгүй учраас үнэлгээ гаргасан Итгэлт Эстимэйт ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Тиймээс үнэлгээний талаар гуравдагч этгээд илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх байх гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Итгэлт-Эстимэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад мөрдөж байгаа заавар, журмын дагуу буюу Барилга хот, байгуулалтын яамны сайдын 2016 оны 203 дугаар тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээг гаргасан. Хөрөнгийн үнэлгээг гаргах 3 арга байдаг. Тодруулбал: зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга гэж байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар ямар ч маргаангүй. Газрын үнийг тодорхойлохдоо зах зээлийн үнийг харьцуулан жиших аргыг хэрэглэсэн. Ингэхдээ 3 өөр газрын зах зээлд худалдан борлуулагдсан жишиг үнийг харьцуулан үзэж газрын үнэлгээг гаргасан. Харьцуулан жиших арга гэдэг нь зах зээл дээр зарагдсан бодит мэдээллийг олж түүнтэй харьцуулан жиших арга юм. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнийг тодорхойлох аргыг зохицуулсан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлах газрын суурь үнэ нь 3.400.000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар тооцоход үнэ нь 3.600.000 төгрөг гэж гарсан байна. Тиймээс харьцуулан жиших аргаар газрын үнийг тодорхойлсон байна. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу байшингийн тухайд зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглээгүй өртгийн хандлагын аргаар үнэлгээг гаргасан байна. Учир нь тухайн үед зах зээлийн харьцуулалт хийх ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулагдаж байгаа талаар мэдээлэл олдоогүй байна. Тиймээс өртгийн хандлагын аргаар тооцож үзэхэд мод болон тоосгоор барьсан байшингийн 1 м.кв-ын үнэ нь 420.000 төгрөг гэж үзсэн байна. Ингэхдээ өнөөгийн үнэ цэнийн итгэлцүүр, төхөөрөмжлөгдсөн байдлын итгэлцүүр, тээврийн зайн итгэлцүүр зэрэг хөрөнгийн үнэлгээг гаргах бүх л зүйлийг зохих журмын дагуу авсан байна. Орлогын хандлагын арга болон өртгийн хандлагын аргын аль багаар нь хөрөнгийн үнэлгээг бодсон байна. Ингээд өртгийн хандлагын аргаар тооцоход тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 10.500.000 төгрөг гэж үнэлсэн байна. *******ны хэлж байгаа 5 сая төгрөг гэдэг бол хэтэрхий бага үнэ байна гэж хэлмээр байна. Байшингийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн жишиг үнийг харьцуулж үзээгүй, шууд өртгийн хандлагын аргаар үнийг тодорхойлсон. Газрын үнэлгээг тогтоосон байдалд ямар ч маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Учир нь Эрдэнэ багт зарагдсан 3 тохиолдлыг харьцуулж үзэхэд 700 м.кв газрыг 3 сая төгрөгөөр, мөн 700 м.кв газрыг 5 сая төгрөгөөр, 800 м.кв газрыг 3.5 сая төгрөгөөр зарагдсан байна. Эдгээрийг харьцуулан үзэхэд тухайн газрыг 3.6 сая төгрөгөөр үнэлсэн нь ямар ч маргаангүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнийн харьцуулалт яагаад хийгээгүй вэ гэдгийг лавлахаар үнэлгээ гаргасан үнэлгээчинтэй холбогдох гэсэн боловч тэр хүн Алтай таван богдод ямар ч холбоо барих боломжгүй газар яваа учраас тодруулж чадсангүй. Гэхдээ зарын сайт дээрх үнэ, яг бодитоор авч өгөлцөх үнэ хоёр ялгаатай байдаг. Тиймээс энэ аргаар үнэлгээг гаргахад маш их цаг хугацаа шаарддаг учраас Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа заавар, журмын дагуу өртгийн хандлагын аргаар үнэлгээг гаргасан гэж үзэж байна. Байшинг үнэлэхдээ зах зээлийн үнийн харьцуулалт хийгээгүй шууд өртгөөр тооцсон байгааг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь хөрөнгийн үнэлгээнд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01681 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 294 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 05 сарын 01-ний өдрийн шинжээч томилох тухай 05/05 тоот тогтоолын дагуу гарсан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/03 дугаартай Эд хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ төлбөр төлөгч Г.Эрхэмбаяр биелүүлээгүй тул тойргийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Томилогдсон шинжээч болох Итгэлт-Эстимейт ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Чингэл 16 гудамж, 21 тоотод байрлах 37.8 м2 талбайтай хувийн сууцны үнийг 10.502.000 төгрөг, 721 м2 гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийг 3.672.100 төгрөг гэж тогтоон, дээрх эд хөрөнгийг газар дээр нь очиж үзэн, хэмжилт хийн, фото зураг авч баримтжуулан үнэлүүлж буй эд хөрөнгийн ашиглалт, одоо ба ирээдүйн байдлыг сонирхож, үнэлгээ хийх бусад мэдээллийг цуглуулан, хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргуудаар тооцож, газрын суурь үнийн арга, Барилга хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 203 дугаар тушаал зэргийг баримтлан хөрөнгийн үнэлгээг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрхи үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй байгаа... гэж тайлбарлаж маргаж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор дээрх хашаа, байшинг барихад гаргасан зардлын тооцоо гэсэн баримт, зарын лавлагаа гэх баримтыг гаргаж өгсөн боловч хувийн сууц болон газрын үнэлгээг өөр аргаар үнэлэх ёстой гэж үзэж байгаа эсэх, зах зээлийн үнээс бага байна гэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцуулан тэмдэглэл үйлдсэн байх ба нэхэмжлэгч тал үнэлгээтэй холбоотой гомдлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргах ёстой байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан ******* ХХК-ийн Орхон салбарын Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/03 дугаартай Эд хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ