| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/202 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/202
2025 01 17 2025/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны торйгийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 03436 2336 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто Плаза төвийн гадна машин дотор хохирогч Э.Мийн нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Баатархүүгийн тэмдэглэл /хх-ийн 9-10 дахь тал/,
Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7, 21-23 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3810 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/,
Яллагдагч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто Плаза төвийн гадна машин дотор “архи уусан” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Мтэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун болон зүүн шанаа, эрүү, хүзүү, баруун зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, дээд үүдэн голын 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто Плаза төвийн гадна машин дотор “архи уусан” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Мтэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун болон зүүн шанаа, эрүү, хүзүү, баруун зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, дээд үүдэн голын 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Б нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан яллагдагч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Авто плазагийн гадна байхад үеэл дүү Э.М намайг гэрт хүргэж өгөхөөр машинтай найзынхаа хамт ирсэн. Тэгсэн дүү Э.М нь над руу том, том дуугараад хүндлэлгүй харьцаад байхаар нь би ахын хувиар “чи ингэж болохгүй шүү” гэж хэлээд хоёр гурван удаа цохисон. Тэгээд би салаад гэр лүүгээ харьсан. Тэгсэн дүү шаралхаад цагдаагийн байгууллагад надад гомдол гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Иргэн Э.М гаргасан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто Плазагийн гадна машин дотор зодсон...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плазагийн гадаа машин дотор жолооч А бид гурав нэг шил архи хамт уугаад би ахыгаа хүргэж өгөх гээд бид хоёр хоорондоо маргаан үүссэн ах намайг нэг цохисон би уур хүрээд цагдаа дээр ирсэн. ...Би мэдүүлэг өгөхөөсөө өмнө буюу гомдлоо гаргаад, мөрдөгчөөс шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж өгсөн даруй Шүүх Шинжилгээний Ерөнхий газарт очиж биеэ үзүүлсэн байсан. Үүний маргааш нь үеэл ах болох М.Бтай учир зүйгээ олж, бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгагдахыг хүсээгүй юм. Ингээд мэдүүлэг өгөхдөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлсэн. Мөн цагдаад үеэл ах М.Бтай эвлэрсэн тул гомдлоо шалгуулахгүй тухай хүсэлтээ бичиж өгсөн нь үнэн. ...Мөрдөгч З.Энхбаяр нь намайг шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж бичихийг шаардаагүй мөн албадаагүй. ...Надаас гаргасан гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзана гэж амлан ямар нэг хэлбэрээр шан харамж хүсээгүй, шаардаагүй. Тийм зүйл огт болоогүй. ...Тухайн үед миний биед учирсан гэмтлүүдийг М.Б учруулсан. ...М. М.Б нь миний биед үүссэн гэмтлийг гараараа 3-4 удаа цохиж учруулсан. ...Бид 2 маргалдсан шалтгаан нь манай гэр бүл ахмад настай хүнээ хүндэлж, хажууд нь архи уух битгий хэл тамхи татдаггүй. Тухайн үед архи уусан байх үед М.Б ахтай таарч, манай найзын машин дотор орж хамт юм ярьж сууж байхад ах намайг архи уусан гэх шалтгаанаар хэдэн үг хэлсэн. Тэгэхлээр нь би хариуд нь та бас уусан явж байж яагаад намайг загнаад байгаа юм бэ гэж хэлснээр маргаан эхлээд ах М.Б надад гар хүрсэн. ...Би эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлгийн үйлчилгээ аваагүй. Учир нь 2-3 хоноод уг гэмтлүүд нь өөрөө зүгээр болчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 21-23 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3810 дугаартай: “...Э.Мийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун болон зүүн шанаа, эрүү, хүзүү, баруун зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, дээд үүдэн голын 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/-ээр шүүгдэгч М.Бын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч М.Б нь Э.Мийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Мийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3810 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч М.Бын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Э.Мийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэбаатар нь тогтоосон байх бөгөөд хохирогч Э.М нь уг сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй /хх-ийн 22, 75 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч М.Баас хохирогч Э.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулалгүйгээр шийдвэрлэв.
Хохирогч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “...Одоо ахтайгаа эвлэрч учир зүйгээ олсон тул миний гомдлыг буцааж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 12 дахь тал/-ийг гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлгийн үйлчилгээ аваагүй. Учир нь 2-3 хоноод уг гэмтлүүд нь өөрөө зүгээр болчихсон юм. ...Би архи ууж явснаас болж надад санаа зовнин хэдэн үг хэлсэн үеэл ахтайгаа маргалдснаас болж ийм асуудал үүссэн учраас би их санаа зовж байна. Иймд ах М.Бад холбогдох хэргийг аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн /хх-ийн 21-23 дахь тал/, мөн шүүхээс хохирогч Э.Мд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Би ахтайгаа эвлэрсэн тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас шүүх хуралдаанд оролцохгүй. Сэтгэл санааны хохирол, төлбөрийг бас нэхэмжлэхгүй гэж ойлгож болно...” гэх тайлбар гаргасан байх тул шүүгдэгч М.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч М.Бын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Э.М нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч М.Бад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хэрэгт хохирогч хохирлын талаар баримт ирүүлээгүй гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлүүлэх, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч М.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал, хохирогчоос гаргасан хүсэлт зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ