| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0034/э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
2025 02 26 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000037 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* 23 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт ******* ******* (РД:*******).
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* 23 дугаар гудамжны замд “Тоёота Приус-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,41 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед найзуудтайгаа уулзаад Багануур дүүрэг 3 дугаар хороо 37 дугаар байранд нэг найзындаа очиж бүгдээрээ 3 том савтай пиво уусан. Тэгээд ууж дуусчихаад шөнийн 03 цагийн үед би харих гээд машинаа бариад Хархорин дэлгүүрээс жижиг дундын үйлдвэр явах замд явж байхад цагдаа зогсож байсан. Тэгээд нэг машин зогсоочихсон байхаар нь би хажуугаар нь гараад цаашаа яваад гэрийнхээ гадаа ирэхэд цагдаа хойноос ирээд журамласан. Согтуугаар жолоо барьсан нь үнэн. Дахиж машин барихгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 2-р хуудас/,
- 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хуудас/,
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/4164 дугаартай шийтгэвэр /хх-ийн 16-р хуудас/,
- жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 22-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промил (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промил (%) илэрснийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/4164 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* 23 дугаар гудамжны замд “Тоёота Приус-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,41 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт нь:
- Цагдаагийн албан хаагчийн “...Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаа жолооч д/а Э.Ганбаяр би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* 23 дугаар гудамжны замд ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* нь 2,41 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх илтгэх хуудас /хх-ийн 2-р хуудас/,
- 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...******* /РД:*******/ нь ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2,41 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 22 цагийн орчимд Багануур дүүрэгт ирээд 47 дугаар байранд Пүрэв-******* гэх найзынд очсон. Манай найзууд цугларсан байсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад дэлгүүрээс 3 ширхэг 2 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад найзуудаараа ууж суусан. 3 пиво ууж дуусаад нэмэх үү гэхэд ******* харих шаардлагатай боллоо гэж хэлээд гараад явсан. Чухам хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. ...Х.Эрдэнийг машин тэрэгтэй ирснийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/4164 дугаартай “...******* регистрийн дугаартай ******* ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /хх-ийн 16-р хуудас/,
- жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Баянзүрх дүүрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 22-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Х.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******эс: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба учрах хор уршигт болгоомжгүй ханддагаар тодорхойлогдоно.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд *******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирол, хор уршигийн талаар баримт ирүүлээгүй байх тул Х.Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв,
Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн тайлбарыг гаргав.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн төлбөргүй, шүүгдэгчийн “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан гэх хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс хүлээлгэсэн 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс хүлээлгэсэн 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс оногдуулсан албадлагын арга хэмжээг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******д тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН