| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/208 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/208
2025 01 17 2025/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
Улсын яллагч П.Итгэл /томилолтоор/,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 02813 1119 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 5 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2236 дугаар шийтгэвэр /хх-ийн 7-8 дахь тал/,
Яллагдагч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2236 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил үйлдсэний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байжээ. /хх-ийн 7-8 дахь тал/
Зөрчилд холбогдогч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Шонхор захын замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 1.93% согтолттой буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 1, 10 дахь тал/
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Шонхор захын замд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутын орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д заасан “...Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Мийн гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийв. Үүнд:
Яллагдагч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 04 цагийн орчимд найз Цогтбаяр, Ганбаа нарын хамт Хүчит Шонхор захын хойд талд гудамжинд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2 литрийн хэмжээтэй 3 сав пиво бид гурав хувааж уусан. Тэгээд пиво уугаад гадаа өглөө болж байтал манай эхнэр над руу утсаар залгаад “орноос хүүхэд унаад халуураад байна, чи хүрээд ир” гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэртээ харихаар хөдөлсөн. Тухайн үед цаг ойролцоогоор 08 цаг өнгөрч байсан байх, цагийг яг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд би тээврийн хэрэгслээ жолоодоод хүчит шонхор захын баруун талын замаар телевиз рүү явдаг зам руу орох гээд явж байтал цагдаа зогсоосон. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг согтуурал шалгагч багаж үлээлгэн шалгахад 1.93 хувийн согтолттой гарсан. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан учир эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан. Ойролцоогоор 200 орчим метр зам явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай: “...Эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ...Тээврийн хэрэгслийн марк: *** Улсын дугаар: *** Жолоочийн овог, нэр: Б.М ...драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан зураг /1.93%/...” гэх тэмдэглэл /хх-ийн 1, 10 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын “...Үнэмлэхийн төлөв: Эрх хасагдсан ...Эрх хасах: Баянзүрх, Зөрчлийн тухай хууль 14.7-5.1, 2024-05-28, 2025-05-28, 1 жил...” гэх Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 5 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2236 дугаар шийтгэвэр /хх-ийн 7-8 дахь тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдож байна.
Иймд Б.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба нийгэмд аюултай үйлдэл байна.
Шүүгдэгч Б.М нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг мэдэж байсан боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Б.М нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд зааснаар 400.000 төгрөгөөр торгуулсан. Тухайн зохицуулалт нь эдийн засгийн хувьд тухайн хүнийг тодорхой хэмжээнд энэ үйлдлийг гаргавал шийтгүүлэх юм байна гэдгийг ойлгуулах үндэслэлтэй байсан. Гэвч шүүгдэгч нь 400.000 төгрөгөөр торгуулаад энэ талаар ойлголт аваагүй гэж үзэж байна. Иймд түүнд 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж үзсэн. Учир нь шүүгдэгчийн ар гэрийн байдал нь бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нь ажил, хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Харин нэмэгдэл ялыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх зорилгоор ашигладаг. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж байгаа шалтгаан нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл үүсгэхгүй байх нөхцөл байдлыг хангах зорилготой. Торгуулийн ялыг өндрөөр тогтооход шүүгдэгчийн ард бага насны 3 хүүхэд байгаа зэрэг нөхцөл байдал гарч ирж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч Б.М нь бичиг, үсэг мэдэхгүй. 2024 оны 11 дүгээр 10-ний өдөр “***” маркийн *** тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явнсаас энэ хэрэгт холбогдсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д согтуурсан үедээ жолоо барихыг хориглосон заалт байдаг. Улсын яллагч нь шүүгдэгч Б.Мийг 3 бага насны хүүхэдтэй талаар дүгнэлтдээ дурдсан. Б.М нь хэсэг хугацаанд унтчихсан тул архиа гарсан гэж үзээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Шүүгдэгч нь энэ талаар ойлгож байгаа гэж найдаж байна. Б.М нь азаар хүн мөргөөгүй, эд зүйл мөргөөгүй, хүний бие, эд хөрөнгөд хохирол учруулаагүй тул улсын яллагчийн саналтай санал нэг байна. Б.М нь *** хийдэг. Сард 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг талаар эхнэр нь хэлсэн. Шүүгдэгчийн ар гэрийн байдал, өөрөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргаж байгаа 3.000.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Иймд шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ