Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2019/00047/И |
Дугаар | 142/ШШ2019/00409 |
Огноо | 2019-04-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2019/00409
2019 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2019/00409 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, өөрийн байранд байрлах *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, Уртын гол 2-2 тоотод байрлах,*******/-д холбогдох
1,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Орхон аймгийн ******* ХХК-ийн барилгын үйлдвэрлэлд зориулж 2016 оны 08 дугаар сард өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн буталсан хайрга нийлүүлсэн болно. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ******* ХХК нь ******* ХХК-д тооцооны үлдэгдэл 1,315,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан зөвшилцөж хоёр талын гарын үсэг, тэмдэг бүхий тооцооны үлдэгдлийг баталгаа хийсэн болно. Тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас хойш одоог хүртэл уг тооцоог барагдуулаагүй бөгөөд захирал *******тай ярихад уг тооцоог барагдуулна гэсээр өдийг хүрсэн тул 1,315,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас нэхэмжлэгч байгууллага болох ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,315,000 төгрөгийг манай компани нь хоорондын өглөгийн тооцоогоор өгөхөөр бүртгэгдсэн тул өгөх болно. Уг төлбөрийг манай компани одоогоор өгөх боломжгүй байна. Иймд ******* ХХК-ийн үлдэгдэл төлбр болох 1,315,000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 06 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд 2019 оны 06 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохирох саналтай байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас хайрга нийлүүлсэн тооцооны үлдэгдэл 1,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг төлбөрийг 2019 оны 06 сарын 20-ны өдрийн дотор төлөх саналтай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бичгээр буталсан хайрга нийлүүлэх гэрээ байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 735 м2 хайрга нийлүүлэх, гэрээний эхэнд нийлүүлэгч талд 300,000 төгрөг олгож 10 хоногийн гүйцэтгэлээр тооцоогоо хийх, гэрээнд заасан нэг сарын хугацаанд төлбөр тооцоог дуусгах, нэг м2 хайрганы үнэ 21,000 /НӨАТ ороогүй/ төгрөг байхаар харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурсан байна.
Талууд гэрээ байгуулагдсан болон хайрга нийлүүлсэн эсэх дээр маргахгүй байгаа.
Ийнхүү 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж харилцан тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК-иас 1,315,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 1,315,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 35,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН