2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

   2025       01          23                                     2025/ШЦТ/269

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Гд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0061 дүгээр хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, *** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Г.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Г нь Т.Етай бүлэглэн согтуурсан байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Баян Монгол” хорооллын 10 дугаар байр, “Fresco” дэлгүүрийн үүдэнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагаас ажилтан П.Ат Apple брэндийн Macbook зөөврийн компьютерыг ажлынх нь хэрэгцээнд зориулж өгсөн. Манай банкны ажилтан П.А нь тухайн зөөврийн компьютерыг алдсан талаараа байгууллагадаа мэдэгдсэн. Манай байгууллага санхүүд тулгарсан хохирол төлбөрийнхөө талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг тайлбар өгсөн байгаа. Манай Х-д уг гэмт хэргийн улмаас нийт 8.754.440 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол, төлбөрөөс 1.500.000 төгрөг төлөгдсөн байгаа. Дээрх хохирлыг энэ хэрэгт хамтран оролцсон Т.Ен зүгээс төлсөн байх гэж миний зүгээс бодож байна. Учир нь хохирлыг данс руу шилжүүлэхдээ Т.Е гэсэн утгатай явуулсан байсан...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Аын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1хх-ийн 2 дахь тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-6 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-17 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18-22 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-31 дэх тал/,

Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 38-40, 43-44 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БЗ1-24-65 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-77 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 53-54 дэх тал/,

Яллагдагч Т.Ен мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 199-201 дэх тал/,

Яллагдагч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 204-205 дахь тал/,

“БЭ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Х ХХК-тай бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт /2хх-ийн 30 дахь тал/,

Х ХХК-ийн PO21-333/523-09 дугаартай захиалгын хуудас /2хх-ийн 31 дэх тал/,

Macbook Pro *** Хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 32 дахь тал/,

Эд хариуцагч П.Аын хөрөнгө тооллогын баримт /2хх-ийн 33 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-24-1603 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 70-76 дахь тал/,

“Х” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 29/4516 дугаартай албан бичиг /2хх-ийн 84 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь Т.Етай бүлэглэн согтуурсан байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Баян Монгол” хорооллын 10 дугаар байр, “Fresco” дэлгүүрийн үүдэнд хохирогч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүнд байгаа эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, хохирогчийг шатны дээд талын довжоон дээрээс шатны уруу доош түлхэж унагаан, улмаар хохирогч босож чадахгүй байхад нь түүний биедээ авч явсан “Х”ы  өмчлөлийн 8.754.440 төгрөгний үнэтэй Apple Macbook Pro 16-inch /***/ M2 Pro chip, 16GB RAM 512GB SSD storage загварын *** сериал бүхий зөөврийн компьютер 1 ширхэг, хохирогч П.Аын өмчлөлийн 475.680 төгрөгний эд хөрөнгө буюу нийт 9.230.120 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал”  шүүх эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн 2406 00000 0061 дугаартай хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.Г нь бусадтай бүлэглэж нэг удаагийн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хотхон 10 дугаар байранд байрлах “Fresco” хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч П.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байдалтай байхад нь түүний биедээ авч явж байсан эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж улмаар хохирогч П.Аын өмчлөлийн 475.680 төгрөгийг эд хөрөнгө болон хохирогч П.Аын биедээ авч явсан Х ХХК-ийн зөөврийн компьютер зэргийг авч бусдын нийт 9.230.120 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдэж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Б.Г нь Т.Етай хамтран үйлдсэн, гэвч хэрэг мөрдөн  шалгах ажиллагаанд шалгагдаж байх хугацаанд яллагдагч Т.Е нь таслан сэргийлэх арга хэмжээг санаатай зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж оргон зайлсан. Яллагдагч Т.Е нь хаана байгаа нь тодорхойгүй, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа тул тус хэргийн яллагдагч Т.Ег уг хэргээс тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, яллагдагч Т.Ед холбогдох хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг үндсэн хэргээс нь тусгаарлаж шүүх рүү шилжүүлсэн. Уг гэмт хэргийн улмаас хохирогч П.Ат учирсан хохирол, төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч нараас хураан авч хохирогч П.Ат буцааж олгосон тул шүүгдэгч Б.Гг хохирогч П.Ат төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин Х ХХК-д учирсан 8.754.440 төгрөгийн хохирол, төлбөрийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Б.Ггээс 4.377.220 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Яллагдагч Т.Ен мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Б.Г бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянмонгол хороололд явж байсан..., ...2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би Баянмонгол хорооллын байрны орцонд сэрсэн. Намайг сэрэхэд Б.Г миний хажууд унтаж байсан. Намайг сэрэхэд миний хажууд хар өнгийн цүнх байсан ба онгойлгож үзэхэд саарал өнгийн зөөврийн компьютер, цамц, чихэвч, бад, хутга халбагны ком байсан. Ингээд Б.Г бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төв ороод надад байсан мөнгөөр Өргөө нэртэй 0.5 литрийн архи авч уусан. Ингээд би ганцаараа Монтел худалдааны төв ороод үл таних эрэгтэй хүнд нөгөө зөөврийн компьютерыг 120.000 төгрөгөөр худалдсан. Тухайн мөнгөөрөө Бөхийн өргөөний хойд талын нэрийг нь мэдэхгүй гэх буудалд хонохдоо зарцуулсан. Мөн хараа нэртэй 0.5 литрийн архи авч уусан. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвд явж байхдаа цагдаад баригдсан. ...Би зөөврийн компьютерыг бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байгаа. ...Би цагдаад баригдсан үедээ өмсөж явсан хувцастайгаа явж байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-201 дэх тал/,

Яллагдагч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр..., ...22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын CU нэртэй дэлгүүрт дулаацах гээд орсон. Ингээд гарахдаа нэг согтуу эрэгтэйтэй таарсан. Тэгтэл нөгөө эрэгтэй та хоёр юм уух уу гэхээр нь тэгье гэсэн. Ингээд нөгөө залуу дэлгүүр ороод 0.75 литрийн хараа нэртай архи аваад гараад ирсэн. Тухайн эрэгтэйгийн авсан архийг Т.Е, нөгөө эрэгтэй бид гурав хувааж уусан. Тэгтэл нөгөө залуу дахиад архи авахаар дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тухайн архийг Т.Е бид гурав хувааж уусан. Ингээд би нилээд согтсон ба нэг санахад нөгөө залуутай би маргалдаад байснаа санаж байна. Ингээд цаашаа нэг санахад санахгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би Саруул хорооллын байрны орцонд ганцаараа унтаж байсан. Т.Е байхгүй байсан ба орцноос гараад хүнээс цаг асуухад 07 цаг 30 минут болж байна гэсэн. Би шууд Нарантуул олон улсын худалдааны төв явсан ба Нарантуул зах дээр Т.Етай таарсан. Т.Е 0.75 литрийн 7.000 төгрөгийн архи аваад бид хоёр хувааж уусан. Т.Е надад хулдаасны тэрэг түрээд мөнгөтэй болсон гэж хэлсэн. Ингээд архи ууж байхдаа Т.Е надад хар өнгийн цүнхнээс зөөврийн компьютер харуулж байсан ба энэ зөөврийн компьютерыг өчигдрийн хамт архи уусан хүнээс авсан гэж хэлж байсан. Энийг хамт яваад зарах уу гэхээр нь би явахгүй гээд үлдсэн. Би нарантуул олон улсын худалдааны төвд дахин архи ууж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Саруул хорооллын байрны орцонд орж унтаж байгаад цагдаад баригдсан. ...Би цагдаад баригдсан үедээ өмсөж явсан хувцастайгаа явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 204-205 дахь тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн: “...хар өнгийн “Викторинокс” загварын улаан өнгийн төмөр дээр + логотой 2 үүргэвчтэй цүнх байх ба цүнхний цахилгааныг нээхэд дээд хэсэгтээ хуванцар металл дотор цагаан өнгийн шигтгээ хийсэн цагаан өнгийн бал, “Викторинокс” загварын цагаан өнгийн хутга, “Мобиком” ХХК-ийн цагаан өнгийн интернэт дамжуулагч төхөөрөмж /модем/, хар өнгийн гэртэй “Huawei” загварын чихэвч, хар өнгийн малгайтай цамц байна. Өөр нэг савхин мэт нэг үүргэвчтэй хар өнгийн цүнх байх бөгөөд цүнхийг нээхэд цэнхэр өнгийн саравчтай малгай, ногоон эрээн өнгийн дулаалагч, шаргал өнгийн ноосон малгай, 2 ширхэг сойз, цэнхэр өнгийн нэг удаагийн сахлын татуурга, шаргал өнгийн хүрээтэй хуванцар автобусны карт, ариун гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн нойтон салфетка, ногоон өнгийн асаагуур, 2 ширхэг вазелин, гар утас цэнэглэгч, гар нүүрний шахмал саван, эмэгтэй хүний фудер, солонгос бичиглэлтэй наалт, зэрэг эд зүйл байсныг криминалистикийн мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 18-22 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-31 дэх тал/,

Хохирогч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нэлээд согтсон байсан учраас яг юу болсноо сайн санахгүй байна, ямар ч байсан замд явж байхад үл таних 2 залуу таарсныг л санаад байсан болохоор өглөө нь сэрээд ажлын notebook байхгүй болохоор нь хотхоны СӨХ-ны хяналтын камерын бичлэг шүүж үзсэн..., ...“Fresco” дэлгүүрийн үүдэнд 00:36 цагт тухайн 2 эрэгтэй намайг цохиж унагаагаад шатаар чирч буулгаад үүрчихсэн байсан хар цүнхийг эрээн хувцастай нь тайлж булаан аваад хар хувцастай эрэгтэйд үүрүүлж, нэхий хүрэмний халаасуудыг ухан тайлж авахыг оролдож ноолууран ороолтыг маань тайлаад аваад явж байгаа дүрс бичлэг байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан. “Macbook pro 2023 М2 сри, 17 инч”, “Huawei” загварын Bluetooth чихэвч, ажилдаа ашигладаг интернэт төхөөрөмж модем, тэмдэглэлийн дэвтэр, Swarovski бал, компьютерын хулгана, ажлаас бэлгэнд өгсөн малгайтай хар өнгийн цамц, “Викторинокс’ брэндийн хутга зэрэг зүйлүүд байсан. Хяналтын камер байсан бүх зүйл бичигдсэн байсан. Өмсөж явсан хувцсаар нь л танина. Хар хувцастай нь нүүрэндээ сорвитой юм шиг харагдаж байсан бас түрийтэй бакал маягийн гуталтай байсан санаж байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас сайн тод санахгүй байна. Нөүтбүүкийг 2023 оны 01 сард байгууллагаас ажилдаа ашигла гэж олгож байсан 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй, чихэвч 150.000 төгрөг, бал 150.000 төгрөг, модем 250.000 төгрөг, хулгана 30.000 төгрөг, хар “Voctorinox” брэндийн үүргэвч 350.000 төгрөг, “Victorinox” брэндийн хутга 100.000 төгрөг орчим гэж бодож байна. Цамцыг бол ажлын газраас бэлэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40, 43-44 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 53-54 дэх тал/,

“БЭ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хтай бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт /2хх-ийн 30 дахь тал/,

Хны PO21-333/523-09 дугаартай захиалгын хуудас /2хх-ийн 31 дэх тал/,

Macbook Pro ***/A *** Хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 32 дахь тал/,

Эд хариуцагч П.Аын хөрөнгө тооллогын баримт /2хх-ийн 33 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-24-1603 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 70-76 дахь тал/,

“Х”-ны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 29/4516 дугаартай албан бичиг /2хх-ийн 84 дэх тал/-ээр шүүгдэгч Б.Ггийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

Иймд Б.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ггийн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авч нийт 9.230.120 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд хохирол учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн яллагдагч тус бүрээр нөхөн төлүүлэх нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу  гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар зохицуулагдсан хэм хэмжээнд нийцэх юм.

Шүүгдэгч Б.Ггийн бусадтай бүлэглэсэн үйлдлийн улмаас хохирогч П.Ат 475.680 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БЗ1-24-65 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-77 дахь тал/-ээр, хохирогч Х ХХК-д 8.754.440 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-24-1603 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 70-76 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч П.Ат 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “...Хар өнгийн Victorinox загварын улаан өнгийн төмөр дээр + логотой цүнх, хуванцар металл дотор цагаан өнгийн шигтгээ хийсэн цагаан өнгийн бал, Victorinox загварын цагаан өнгийн хутга, Mobicom ХХК-ийн цагаан өнгийн интернэт дамжуулагч төхөөрөмж /модем/, хар өнгийн гэртэй Huawei загварын чихэвч, хар өнгийн малгайтай цамц...” зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн /1хх-ийн 24 дэх тал/ байх тул шүүгдэгч Б.Г нь хохирогч П.Ат төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл яллагдагч Т.Ен үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тусгаарласан нь түүний үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх заалтад “…гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах…”-аар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хохирогч Х ХХК-д нийт 8.754.440 төгрөгийн хохирол учирсныг хувь тэнцүүлэн гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “…Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй…” гэж заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Тодруулбал эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг агуулдаг билээ.

Иймд шүүгдэгч Б.Ггээс 4.377.220 төгрөгийг гаргуулж хохирогч Х ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г нь хохирол, төлбөр нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Ггийн уг хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах саналыг тус тус гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Г нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 154 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 93 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт 247 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ггийн урьд цагдан хоригдсон нийт 247 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ггээс 4.377.220 төгрөгийг гаргуулж хохирогч Х -д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ